Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/550

 

   

 

 

 

   2023           5               25                                      2023/ДШМ/550

 

Н.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

            шүүгдэгч Н.П,  түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

            нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 2303000510096 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Жагтува овгийн Н.П, 1994 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, ............. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /......................./;

Шүүгдэгч Н.П нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний баруун замд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим “Тоёота приус-11” маркийн 41-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Гжолоочтой “Лексус-570” маркийн 00-32 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Лексус-570” маркийн 00-32 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44.880.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жагтува овогт Н.Пг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Жагтува овогт Н.Пг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн, эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Эд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Пгээс 57.308.000 төгрөг (тавин долоон сая гурван зуун найман мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ганболдод шууд зардал 44.880.000 (дөчин дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөг, шууд бус зардал 6.720.000 (зургаан сая долоон зуун хорин мянга) төгрөгийг, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг баримтлан 5.708.000 (таван сая долоон зуун найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд намайг буруутгаж буй гэмт хэрэг, үйл баримтын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан. Мөн хохирогч Б.Эд эмнэлгийн зардал болох 2.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Д.Ганболдод учирсан хохирол болох 48.880.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн 5.708.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршин гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заажээ. Миний бие Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30-13 тоотод түр оршин суудаг. 2013 онд ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60% алдсан. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цаашид зөв хүн болж төлөвших зэрэг хувийн байдлыг минь тал бүрээс нь харж үзнэ үү. Мөн надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч Н.Пгийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлоо төлөхөө бодитой илэрхийлсэн байдал зэргийг бүрэн харгалзаж үзэлгүй 2 жилийн хорих ял оногдуулсан нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Н.Пгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаагүй, гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, түүний эдгээр мэдүүлгүүдээр үндэслэж мөрдөгчийн магадалгаа гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирогч Б.Эгийн хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.854.780 төгрөгийг баримтгүй ч гэсэн гэм буруугаа ухамсарлаж төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, иргэний нэхэмжлэгчдийн хохирлыг төлөөгүй гэх үндэслэлээр улсын яллагчийн гаргасан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялын саналыг хүлээн авалгүй, шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь тохиромжгүй, хэт хатуу байна. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, 1 жилээс 3 жил хүртэл хорих ялтай тус зүйл ангид 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан үзэлгүй, мөн нөгөө талаас хохирогч болоод иргэний нэхэмжлэгчдийн хохирлыг төлөх боломжийг 2 жилээр хааж шийдвэрлэсэн. Н.Пгийн баруун гарын тохойноос доошоо ямар ч ажиллагаагүй хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-иар тогтоосон хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, өөрт тохирох ажил хөдөлмөр эрхэлж, архи тамхи хэрэглэдэггүй, аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, даруу төлөв зантай сахилга баттай хүн. Анх удаа буюу нэг удаагийн болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харж үзэж, Төрийн төмөр нүүр үзүүлэхийг урьтал болголгүй, 28 настай залуу хүнд итгэл хүлээлгэж, ажиллаж амьдрах, цалин орлогоороо хохирол төлөх боломж олгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулсныг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Пгийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөрөө бүрэн төлсөн эсэхийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гарган өгсөн хохирол төлбөр төлсөн талаар баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Пд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.П нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний баруун замд 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим “Тоёота приус-11” загварын 41-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Гжолоочтой “Лексус-570” маркийн 00-32УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийн автомашинд зорчиж байсан зорчигч Б.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Лексус-570” загварын 00-32УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44.880.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан болох нь:

            хохирогч Б.Эгийн “...Уулын замд ороод явж байтал такси гулгаад хоёр тийш бөгсөө хаяад байсан. Тэнцвэржээд ирсэн чинь жолооч гэнэт хажуу тийш буюу зүүн тийш жолооны хүрдээ дарчихсан. Машин ертөнцийн зүгээр урагшаагаа эргээд баруун талаараа эсрэг урсгалаас ирж явсан автомашины урд хэсгээр мөргүүлээд зогссон. Би машины жолоочийн ард буюу баруун гар талын хойд суудал дээр сууж явсан. Миний сууж явсан хэсгээр машин мөргөсөн. Осол болсны дараа би арай гэж өндийгөөд өөрөө түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний машинтай эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Очоод үзүүлэхэд нуруу хугарсан байсан. Хагалгааны заалттай гээд шууд хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт нуруу нугасны тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд нурууны нугас чөлөөлөх, үе тэгшлэх хагалгаанд орсон. Одоо эмнэлгээс гарсан. Удахгүй сувилалд явж эмчилгээ хийлгэнэ. Такси барьж байгаад нуруу нугасандаа гэмтэл авсандаа маш их гомдолтой байна. ...” /хх 17-19/,

           иргэний нэхэмжлэгч Д.Г“...Тоёота приус маркийн саарал өнгийн жижиг суудлын автомашин хөндөлдөж гулгаж ирээд эсрэг урсгалд ороод миний машины урд хэсгийг баруун талын хажуу талаараа мөргөсөн. Уг мөргөсөн автомашин дотор хоёр хүн байсан. Жолоочоос гадна хойд суудал дээр баруун талын хаалганы ойролцоо 20 орчим насны эмэгтэй сууж явж байсан. Приус машины жолооч түргэн дуудаад удалгүй түргэний машин ирж хойно сууж явсан эмэгтэйг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байх. Осол гарсны улмаас миний унаж явсан тээврийн хэрэгсэлд 51.600.000 төгрөгийн хохирол учирсан. Миний тухайд гэмтэж бэртсэн зүйл байхгүй ч эд хөрөнгөд хохирол учруулсан. ...” /хх 23/,

           иргэний хариуцагч Б.А“...Тоёота приус” маркийн 41-21УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч Н.Пгийн автомашин юм. Жолооны эрхийн үнэмлэхтэй, миний хаяг Улаанбаатар хотод байдаг болохоор нэр дээр машинаа авхуулсан. Өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. ...”/хх 26/,

иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд “Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.708.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Пгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...”/хх 32/,

                   Шүүгдэгч Н.Пгийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргийнхээ талаар анх мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь тодорхой мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Тухайн цаг хугацаанд цас орсон халтиргаатай зам байсан. Би хурдаа тохируулж яваагүйн улмаас ийм осол гаргачихлаа. Миний хувьд үйлдсэн гэмт хэргээ ойлгож мэдэж байгаа. Бусдад учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. ...” /хх 105/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1040 дугаартай: “...Б.Эгийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан бяцарсан хугарал, хоёр талын ламин, арын сэртэн рүү үргэлжилсэн зөрөөгүй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нугалмын арын холбоосны урагдал, булчингийн няцрал, нугас дарагдал, доод мөчдийн саажилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 39-41/,

            Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 700 дугаартай “...Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тоёота приус 11 маркийн 41-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1.820.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. ...” /хх 55-56/,

                   Арвижих Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн N021938/ ДД№25495501 дугаартай “...Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр  Lexus-570 загварын 00-32УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал (бодит хохирол) 44.880.000 төгрөг, шууд бус зардал 6.720.000 төгрөг нийт 51.600.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. ...” /хх 59-60/ гэсэн дүгнэлтүүд,

                   Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаартай “...Тоёота приус маркийн 41-21 УБЧ улсын дугаартай авто машины жолооч Н.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэж заасныг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна. “Lexus 570” загварын 00-32УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн магадалгаа /хх 79-80/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-7/, хэргийн газрын гэрэл зураг /хх 8-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Пийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх Н.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Н.П нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 3.031.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганболдод 842.000 төгрөг, хохирогч Б.Эд 3 000 000 төграг төлсөн болохыг магадлалд дурдаж байна.

Шүүгдэгч Н.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хувийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан эхэлхээс өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт зохих байдлаар хохирлыг төлсөн, хохирогч Б.Э гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.П 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Жагтува овогт Н.Пг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Жагтува овогт Н.Пг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Пд сануулсугай. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.П нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

  

  ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

 

  ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ