Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01174

 

Т.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02645 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1369 дүгээр магадлалтай,

Т.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

М.Цэрмаад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25 935 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баттөмөр, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цэвэлмаа нь 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Цэрмаад 13 300 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. М.Цэрмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зугтааж байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 13 300 000 төгрөг, хүү 3 990 000 төгрөг, алдангид 8 645 000, нийт 25 935 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээ нь 2012 оны зээлтэй холбоотой. 2012 оны 9 дүгээр сард 5 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сард 8 300 000 төгрөг зээлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цэвэлмаагаас 2012 оны 9 дүгээр сарын үед 5 000 000 төгрөг зээлж авахаар тохиролцож хүү 500 000 төгрөг хасаад 4 500 000 төгрөг хүлээж авсан. Сарын дараа дахин 4 500 000 төгрөгийг зээлж нийт 9 000 000 төгрөг болсон. Хоёр зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон. Би зээлээ боломжоороо төлөөд одоо санаж байгаагаар 600 000 төгрөгөөр хоёр удаа дансаар нь хийж, нэг үхрийн мах 600 000 төгрөгт бодож өгсөн. Мөн 2 000 000 төгрөгийг төлөх гэхэд н.Чулуун гэдэг хүнд өгчих гэж байсан ч Т.Цэвэлмаагийн данс руу нь хийсэн шиг санагдаж байна. Би мөнгө өгөхдөө байнга Т.Цэвэлмаагийн данс руу нь өөрийнхөө нэрээр хийдэг байсан. Түүний дансыг шүүж үзэхэд хэдэн төгрөг төлсөн нь гарч ирнэ. Миний тооцож байгаагаар 3 600 000 орчим төгрөг өгсөн. Гэхдээ дансыг нь шүүж үзэхээр үүнээс илүү төлөгдсөн байх ч боломжтой. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл байгаагүй. Эхэндээ мөнгө төгрөгийн боломж болохгүй яваад байсан юм. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т.Цэвэлмаа нь над руу нэг хүн явуулж нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед тэр хүн нь манай ажил дээр ирээд хүмүүсийн дэргэд гарын үсэг зур гээд байхаар нь би санаа зовоод мөнгө өгөх ёстой юм чинь мөнгөө хурдан авна гэсэн утгатай юман дээр л гарын үсэг зурж байна гэж бодоод уг цаасан дээр гарын үсэг зурсан. Тэрнээс биш нотариатаар ороогүй, Т.Цэвэлмаа зээлийн гэрээ байгуулж байна гэдгээ хэлээгүй. Гэтэл надтай 13 300 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бэлнээр өгсөн мэтээр гэрээнд тусгаж мөн нотариатаар батлуулсан байна. Би тухайн үед нотариатаар ороогүй учир уг нотариатын газрын баримтыг үзвэл миний гарын үсэг байх ёсгүй бөгөөд эсхүл Т.Цэвэлмаа нь миний гарын үсгийг нотариатын бүртгэлийн дэвтэрт хуурамчаар зурсан байх магадлалтай. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т.Цэвэлмаагаас 13 300 000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй, миний хувьд юун дээр гарын үсэг зурж байгаагаа ч сайн анзаараагүй. Т.Цэвэлмаа нь тухайн үед өөрөө ирээгүй, би нотариатаар ороогүй зэрэг байдлуудаас уг зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх. Харин Т.Цэвэлмаагаас 2012 оны 9 дүгээр сард зээлж авсан 9 000 000 төгрөгөөс буцааж төлсөн 3 600 000 төгрөгийг хасаад үлдсэн 5 400 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа цувуулж төлөх саналтай байна. Миний хувьд махны жижиглэн худалдаа хийдэг байсан ч сүүлдээ өндөр хүүтэй мөнгөний хүүнд олсон мөнгөө өгч маш их хэмжээний өрөнд орж, одоо ажлын байргүй, тогтсон орлогогүй болсон учир энэ хүний нэхэмжилж байгаа мөнгийг төлөх ямар ч боломжгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02645 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Цэрмаагаас 13 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Цэвэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 635 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 287 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цэрмаагаас 224 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Цэвэлмаад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1369 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.4., 232 дугаар зүйлийн 232.6...” гэж нэмж, “...13 300 000...” гэснийг “...15 600 000...” гэж, “...12 635 000...” гэснийг “...10 335 000...” гэж, 2 дахь заалтын “...224 450...” гэснийг “...235 950...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3., 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч М.Цэрмаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 500 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд гомдол гаргаж байна. М.Цэрмаа нь Т.Цэвэлмаагаас нийт 9 000 000 төгрөг зээлж авахдаа зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул Т.Цэвэлмаад хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлж авсан мөнгөнөөсөө нийт 3 600 000 төгрөг буцааж төлсөн. Сүүлд буюу 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан ч гэрээ байгуулдаг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө бэлнээр шилжигдээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн шаардлага хангаагүй тул уг зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч М.Цэрмаад нийт 9 000 000 төгрөг зээлдүүлсэн мөртлөө 13 300 000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт сүүлд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн атлаа 13 300 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг агуулгын хувьд зөрөөтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн боловч шүүх өөрийн дураар зээлийн хүү, алдангийг ямар ч баримтгүйгээр тооцож хариуцагчаас 15 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадал нь хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд буруу дүгнэлт өгч шийдвэрлэсэн тул өөрчлөлт оруулж, төлөгдөх ёстой төлбөрийг хуулийн дагуу тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг нэмэгдүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа хариуцагч М.Цэрмаагаас зээлийн гэрээний үүрэгт 25 935 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу  13 300 000 төгрөгийг хүлээж аваагүй, харин өмнө нь буюу 2012 оны 9 дүгээр сард зээлж авсан 9 000 000 төгрөгөөс буцааж төлсөн 3 600 000 төгрөгийг хасаж, үлдэх 5 400 000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Зохигчид 2013  оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13 300 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013  оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ өмнөх 2012 оны зээлтэй холбоотой, гэрээний дагуу 13 300 000 төгрөгийг  шилжүүлээгүй, өмнө нь 2012 оны 9 дүгээр сард 5 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сард 8 300 000 төгрөгийг шилжүүлсэн байсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой байдаг тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтанд үндэслэн зээлдүүлэгч буюу Т.Цэвэлмаагаас зээлд 13 300 000 төгрөг бус харин 9 000 000 төгрөгийг М.Цэрмаад шилжүүлсэн гэж үзэж, талууд зээлийн хүү, алдангийн талаар бичгээр тохиролцсон тул М.Цэрмаа нь гэрээний нөхцөлөөр үүргээ биелүүлэх ёстой гэж дүгнэснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4., 232 дугаар зүйлийн 232.6., 186 дугаар зүйлийн 186.1.-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хяналтын гомдол нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлийн хүрээнд байдаг ба хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гомдолд дээрх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1369 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА