Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/05282

 

2024 оны 12 сарын 04 өдөр                                Дугаар 183/ШШ2024/05282                             Улаанбаатар хот

 

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух, Б  овогт Э-ы М  /РД:.........../,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, Б  овогт М-ийн Н /РД:......./ нарын нэхэмжлэлтэй,

 Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, М.Н, М.А, М.А, М.Ү нарын эцэг нь Y болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Намайг Э-ны М гэдэг. 2000 онд Бүгд найрамдах Хятад улсын иргэн Я-тай танилцаж, 2001 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2002 оны 05 сарын 19-ны өдөр охин М.Н, 2013 оны 04 сарын 17-ны өдөр охин М.А, 2013 оны 04 сарын 17-ны өдөр хүү М.А, 2020 оны 08 сарын 17-ны өдөр охин М.Ү нар төрсөн. Нөхөр Я  нь 1983 оны 03 сарын 23-ны өдөр 3 дугаар амаржих газарт төрсөн болохоор цагаач иргэн гэж явдаг. Я 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс уушигний хорт хавдар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийж байгаад 2023 оны 06 сарын 02-ны өдөр нас барсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдүүдээ төрсөн эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авч байгаагүй миний овгоор овоглож төрсний гэрчилгээ авч байсан. Иймд Я-тай 2001 оноос 2023 оны 06 сарын 01-нийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, мөн М-гийн А, М-ийн А, -ийн Ү нарын төрсөн эцэг нь Я  мөн болохыг тогтоож өгнө үү. Манай том охин М.Н  Австрали улсад байгаа тул М.Н-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдүүдийн эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Логарифм бүрэн дунд сургуулийн 2023.08.30-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт, итгэмжлэл зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Z нараас гэрчийн мэдүүлэгч авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.М, М.Н нар нь тай хамтын амьдралтай байсныг болон М.Н, М.А, М.А, М.Ү нарын эцэг болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.М нь Y хамтын амьдралтай байсан болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт, 2019 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар болон гэрч Z Б.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, мөн гэр бүлийн гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал, гэрч Х Z  Б.Б нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Э.М талийгаач нар нь 2000 онд танилцсан. 2001 онд Э.М  Ян В-тай хамт амьдарсан. 2002 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин М.Н, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр охин М.А, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүү М.А, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин М.Ү нар төрсөн. Хүүхдүүдийн талаарх бүхнийг мэднэ, хүүхдүүдийн эцэг талийгаач Ян Вэй Зун мөн болохыг баталж байна” гэжээ.

 

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр охин М.Н, М.А М.Ү, хүү М.Анар нарын эцэг нь мөн эсэхийг тогтоохоор Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба тус байгууллагаас 2024.04.29-ний өдрийн 2113 дугаар, 2024.10.15-ны өдрийн 5093 дугаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн.

 

Тус байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2113 дугаар шинжээчийн дүгнэлтэд “…Ү хромосомын шинжилгээний үр дүнгээр М.А, Я нарын ДНХ-ийн тогтоц нь ижил байгаа учир М.А, Я нар нь удам төрлийн холбоотой байна…”, мөн тус байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5093 дугаар шинжээчийн дүгнэлтэд “…1. Ю , Э.М, М.Амирлан, М.Ү  нарын Х хромосомын ДНХ-н тогтцыг тогтоов. 2. Юан Мяо Жень нь М.А, М.Ү нартай удам төрлийн холбоотой байх боломжтой” гэжээ.

 

Хэрэгт Я ны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тухай нас барсны гэрчилгээний хуулбар авагдсан болно.

 

Иймд дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Э.М-ийг 2001 оноос 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд талийгаач  хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Э.М, Yang W  нарын хамтын амьдралын хугацаанд 0000 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин М.Н, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин М.А, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү М.А, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Ү нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч нарын мэдүүлэг, гэрэл зураг, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул талийгаач Yang Weizhong /Ян Вэй Зун/ асрамжид охин М.А , М.Ү  хүү М.А нар байсан нь тогтоов.

Түүнчлэн нэхэмжлэгч Э.М  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Ю , М.Б  нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдаанын явцад уг хүсэлтээсээ татгалзсан, М.Номулан Австрали улсад байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Э.М нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Э  М-ийг 2001 оноос 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд /талийгаач/  Y-тай   хамтын амьдралтай байсныг, Yang Weizhong /Ян Вэй Зун/ -ны асрамжид охин М.А, М.Ү , хүү М.А  нар байсныг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                   Г.СОЛОНГО