| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00983/И |
| Дугаар | 303/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 303/ШШ2025/00094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 12 дугаар сарыг 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөө аж ахуйн яамны Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаар тушаалын Түр хугацаагаар ажилд томилох тухай тушаал, ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар Ажилд авах, цалингүй чөлөө олгох ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал, Батлах хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/226 дугаар хугацаат цэргийн албан хаасан лавлагаа, гэрэл зураг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 294 дүгээр Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ургамал, газар тариалангийн хүрээлэнд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаар албан бичиг, Хөдөө аж ахуй их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 01/251 дүгээр албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийгмийн даатгалын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 681 дүгээр албан бичиг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/1188 дугаар албан бичгээр ирүүлсэн 03-01/6602, 03-01/6603 дугаар хүн амын тооллогын лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ч.*******ийн 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990-1994 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Ч.******* нь 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан болох нь түүнийг селекцийн секторт нормчноор хөдөө аж ахуйн яамны Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаар тушаалын Түр хугацаагаар ажилд томилох тухай тушаал, 1989 онд Дархан хотын Найрамдал хороонд бүртгүүлсэн тухай Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-01/6603 дугаар хүн амын тооллогын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч Ч.*******ийн 1990-1994 онуудад тус газарт ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч Ч.*******ийн 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990-1994 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ийн 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 ны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990-1994 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА