| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0020/Э |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
иргэдийн төлөөлөгч Д.Бямбажаргал,
хохирогч О.Б, М.О,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч улсын ахлах өмгөөлөгч М.Найдан, өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэхь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 1715001660070 дугаартай 163/2018/0020/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр суманд оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж М.Оийн биед хөнгөн хохирол учруулсан, мөн зэвсэг хэрэглэн О.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нгийн өгсөн: Тухайн өдөр миний төрсөн өдөр, би найз болон нэг ахтайгаа хоёр шил архи, 2.5 летрийн пиво нэгийг хувааж уусан байсан. Тэгээд би Хишиг-Өндөр сумын төвийн 5 дугаар багийн нутагт гудамжинд явж байгаад Б, О нартай таарсан. Би нилээд согтуу байснаас тэнд яг юу болсныг санахгүй байна. Б намайг “ална”, “шулна” гээд, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Бийн эмчилгээний зардалд 1200000 төгрөг, Оийн эмчилгээнд 280000 төгрөг өгсөн. О бид хоёр хамт амьдарч байсан, дундаасаа 2 хүүхэдтэй. Бид хоёр салаад 2 жил болж байна, хүүхдүүд надтай байдаг гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Бийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би хөдөө бой хийсэн, хутга бол түрийнд байсан. Хөдөөнөөс сумын төв орж ирээд гэртээ пиво уугаад байж байтал О утсаар яриад Хишиг-Өндөр сумын төвд гэрийн урд гудамжинд Отэй уулзсан, бид хоёр үерхдэг. Бид хоёрыг уулзаад байж байхад Н гарч ирсэн. Тэр үед манай дүү надтай хамт ирээд дөрвүүлээ байсан юм. Н надруу чулуу бариад дайрахад бид хоёр ноцолдсон, О бид хоёрыг салгах гэж оролдож байхдаа “хутга барьчихлаа” гээд хашгирсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Орой 10 цагийн үед болсон, би эмнэлэгт 7 хоносон. Намайг эмнэлэгт байхад Н 1200000 төгрөг өгсөн, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөнгө төгрөг байхгүйгээс одоо үзүүлж чадахгүй байгаа гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Оийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Б надруу утсаар яриад бид хоёр уулзах болоод гэрээсээ 21.30 цагийн үед гарч Бтой уулзсан. Үүнээс хойш хориод минутын дараа Н ирсэн бөгөөд гартаа том чулуу барьчихсан элдвээр хэлээд хараагаад байсан. Тэгээд Б, Н хоёр маргалдаж, хоорондоо барьцалдаад ноцолдох үед хутга унасан. Би хутгыг хуйнаас нь авах гэтэл Н булаагаад авсан. Тэр үед нь би “хутга авчихлаа” гэж хашгирсан. Тэгээд эргэтэл намайг хатгасан, би унахдаа “чи яаж байгаа юм бэ” гэтэл намайг өшиглөсөн. Би эмнэлэг дээр ирээд Бийг хутгалуулсаныг мэдсэн. Надад эмчилгээний зардалд 250000 төгрөг өгсөн, одоо 1000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
1715001660070 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах шатанд:
Хохирогч М.Оийн өгсөн: Намайг ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй байна. Бтой үерхдэг байсан болохоор Б намайг дуудахаар нь гэрээсээ гараад уулзаж байхад Н ирээд “юу хийж байгаан пизда гичий минь биеэ үнэлэх гэж байна уу” гэж хэлсэн. Б Нг “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамааралгүй” гээд Бийн баруун шанаа руу нь цохисон. Хоорондоо барилцаад авахад би дундуур нь ороод салгах гэсэн боловч дийлээгүй. Н Бийг гараараа 2 удаа цохиход Б арагшаагаа унасан. Тэр үед би салгах гэж байгаад Д.Нд толгой руугаа цохиулсан. Бийн түрүүнээс хутга газар унахаар нь авах гэсэн чинь Н надаас түрүүлж хутгыг аваад Б руу далайх шиг болсон. Би тухайн үедээ хутгалсан гэдгийг нь мэдээгүй. Нг “боль” гэж хэлээд зүүн гараас нь татаад эргүүлсэн чинь миний өөдөөс Н хутгаар хэвлийн зүүн тал руу хутгалсан. Би доошоо болоод өвдөглөөд суух гэсэн чинь толгой руу өшиглөхөд нь хойшоогоо саваад унасан. Толгой дээр дахин өшиглөхийг мэдээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Уг хутга бол Бийн гутлын түрүүнээс гарсан. ...Б, Н бид нараас гадна Бийн төрсөн дүү /нэрийг нь мэдэхгүй/ байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 хуудас/,
Хохирогч О.Бийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд байж багаад хөдөө Баярбат гэх айлд очиж бой хийгээд орой 20 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд ганцаараа 2,5 литрийн "Боргио" нэртэй пивыг ууж дуусгаад Отэй утсаар яриад уулзахаар болж төрсөн дүү Ганцоожийн хамт Оийн гэр рүү явсан. О гарч ирээд уулзаад зогсож байтал түүний хуучин нөхөр Н арааас нь гарч ирсэн. Гартаа барьсан байсан чулуугаараа намайг цохих гэхээр нь би барьцалдаж аваад ноцолдсон. О бид хоёрын дундуур орж салгахад Н хутга бариад босоод ирсэн. Тэгээд зугтаах гэсэн чинь араас хатгачихсан. Цус гарч байна гэж хэлээд ухаан алдсан. Сэрэхэд эмнэлэгт ирсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуудас/,
Гэрч О.Хонгорзулын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед манайд Н, Батбаяр, Ганцогт нар гаднаас 1 шил Ерөөл нэртэй архи, 2.5 летрийн боргио нэртэй пиво авч орж ирээд Нгийн төрсөн өдөр гээд уусан. Манайд нөхрийн төрсөн дүү О болон 3 хүүхэд маань байсан. Архиа ууж дуусах гэж байхад О утсаар ярьж байгаад хүнтэй уулзана гээд гэрээс гараад явсан. Түүнээс хойш 30 минутын дараа Н гараад явсан. Түүнээс хойш цагийн дараа манайд байсан хүмүүс гарч яваад нээх удалгүй Батбаяр орж ирээд “дүү чинь гудамжны үзүүрт ухаангүй хэвтэж байна” гэж хэлсэн ба хамт яваад очиход О манай ард талын гудамжны үзүүрт гэдсээ гараараа дарсан, хурууных нь завсраар цус урсчихсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд гэртээ авчраад сэргээгээд юу болсон талаар асуухад Н Бтой маргалдаад салгах гээд дундуур нь ортол гэдэс руу нь юмаар хатгачихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Э.Ганцогтын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед Хонгорзулынд ороход Н, Батбаяр нар 1 шил “Ерөөл” нэртэй архи, 2.5 лиртийн “Боргио” нэртэй пиво ууж байхаар нь хамт уусан. Н гадагшаа гарч яваад орж ирээгүй. Архиа ууж дуусаад Батбаяр бид 2 харихаар явж байтал гудамжны үзүүрээс нэг хүн гарч ирээд газар унасан. Очоод хартал О хэвтэж байсан. Тэгээд Хонгорзулд ирж хэлчихээд Батбаяр бид 2 буцаж очоод Оийг өргөөд гэрт нь оруулчихаад харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Б.Батбаярын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай найз Нгийн төрсөн өдөр болоод орой 19 цагийн үед Хонгорзулынд орж 1 шил “Ерөөл” нэртэй архи, 2.5 лиртийн “Боргио” нэртэй пиво ууж байгаад би машины дорцов олохоор гарч яваад 2 цагийн дараа ирэхэд Хонгорзул, Ганцогт ах 2 байсан. Тэгээд Ганцогт ах бид 2 тэднийхээс гараад явж байтал гудамжны үзүүрээс нэг хүн гарч ирээд газар унасан. Очоод хартал О хэвтэж байсан. Тэгээд Хонгорзул эгчийг дуудаад өгөөч гэхээр нь дуудчихаад буцаж ирж Ганцогт ах бид 2 хамт Оийг өргөөд гэрт нь оруулчихаад харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Ганцоожийн өгсөн: 2017 оны 10 сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд гэртээ байж байтал ах Б хөдөө айлд мал гаргачихаад ирлээ гээд орж ирсэн. Тэгээд гэртээ байж байхдаа нэг том пиво уучихаад ахтайгаа нэг айлд очоод ирье гэсэн. Бид хоёрыг хамт явж байтал О эгч гараад ирсэн. Тэгээд тэр 2 уулзаад, ах намайг “хол очоод байж бай” гэсэн. Тэгээд би тэр хоёроос барагцаагаар 50 метрийн зайд нэг том чулуун дээр сууж байтал Н ах ардаас нь гарч ирээд ахыг маань шууд цохиод авсан. О эгч салгах гээд тэр 3 ноцолдож эхэлсэн. Тэгээд ах “холдооро, холдоорой” гээд хашгираад байсан. Тэгээд дахиад ноцолдоод удаагүй ах “хутгалчихлаа” гээд хойшоо болсон. Би гүйж очиход Н “чи яах гээд байна” гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би тойрч байгаад ах руугаа очиход зүүн талын далаа барьчихсан “энд өвдөөд байна” гэсэн. Н ах Оийг үнэнээ хэлээд гарахгүй яасан юм гээд цохиод авсан. О эгч газар унасан чинь гэдэс рүү нь өшиглөөд, толгой дээр нь дэвсээд байсан. Тэгээд би ахыг өргөөд явах гэтэл явж чадахгүй байсан. Тэгээд “өвдөөд байна” гэх газарт нь гараараа хүрэхэд цус болчихсон халуу оргиод байсан. Би ахыгаа авч явах гэж тэнд барагцаагаар 4 минут болсон байх. Тэгээд болохгүй болохоор нь орхиод сумын эмнэлэг рүү гүйгээд эмнэлэгт хэлчихээд цагдаа дээр очоод цагдаа нарыг дагуулаад ахын байгаа газар очиход ах тэр газраа хэвтэж байсан. Цагдаагийн машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод эмч, цагдаа, сувилагч нар нийлээд ахыг эмнэлэг рүү өргөж оруулсан. Тэгээд эмч нар эмчилгээ хийсэн. Ахыг эмнэлэгт хүргэж өгчихөөд эргээд зодоон болсон газарт очиход хутганы гэр нь тэр гурвын маргалдаж байсан газар, хутга нь Оийг зодож байсан газарт байсан. Тэр хутга нь манай гэрт байдаг хутга мөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад хүн хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд эмнэлэгт ирж түргэн тусламжийн машин аваад гарах гэж байтал цагдаагийн машинтай ирсэн. Б гэх хүнийг түүний дүү, цагдаа, сувилагч, асрагч, эмнэлгийн жолооч нартай өргөж эмнэлэг рүү оруулсан. Маш их хэмжээний цус алдалттай, ухаангүй байсан.Тэгээд шингэн сэлбэж, зүрх судасны дэмжих эмчилгээ хийчихээд Аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдсэн. Аймгаас 04 цагийн үед 2 эмч, 2 сувилагч ирж хяналт тавьж байгаад өглөө 8 цагт авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Шүүгдэгч Д.Нн яллагдагчаар өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тухайн өдрийн 16 цаг өнгөрч байхад Ганцогт, Батбаяр нартай нэг шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архийг хувааж уучихаад Хонгорзулын гэрт нэг шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи, нэг сав 2.5 литрийн "Боргио" нэртэй пивотой очсон. Тэр пиво, архинаас Хонгорзул, О нар бага зэрэг амссан. Ганцогт, Батбаяр бид гурав хувааж уусан. Архи ууж байгаад дуусах үед Батбаяр гараад явахаар нь Цогоо ахын гэрт очсон юм болов уу гэж бодоод араас нь Цогоо ахын гэр рүү явж байхад замд Б, О нар тэврэлдээд зогсож байхаар нь очоод Б бид хоёр хоорондоо хэрэлдсэнээ санаж байна. Нэг мэдсэн Б түрүүнээс том хутга /хутгыг сайн анзаараагүй/ гаргаж ирэхээр нь би хутгыг нь булаагаад авснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг тухайн үедээ сайн санахгүй байна. О бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарч байгаад 2015 онд салсан. Тэрнээс хойш тусдаа амьдарч хааяа нэг би тэдний гэрээр ордог. Б нутгийн танил юм, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 311 дугаартай
1. М.Оийн биед хэвлийд шарх, эрүү, зүүн бугалга, баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи цус хуралт бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 41 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай
1. О.Бийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус алдалтын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 47 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаартай
1. Шинжилгээнд ирүүлсэн дээлэнд урд талд хажуугийн залгаас оёдолоос зүүн тийш 18см зайд 1.4х1см хэмжээтэй, дээлний ард талд зүүн суганы залгаас оёдлоос баруун тийш 5 см, дээлний зах хэсгээс доош 14см зайд 2.5х1см хэмжээтэй уранхай тус тус үүссэн байна.
2. 1.4х1см хэмжээтэй уранхай нь зах ирмэгээрээ хэсэгчилэн шарлаж хатуурсан, утаснууд нь суналт болон хөврөлтгүй байх түлэгдэлтийн улмаас үүссэн цоорсон уранхай, 2.5x1см хэмжээтэй уранхай нь зах ирмэг нэгэн жигд тасарсан, утаснууд нь хөврөлт, суналт байхгүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдсэн уранхай байна.
3. 2.5x1см хэмжээтэй уранхай нь шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутганаас үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 52 хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 хуудас/, гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 63 хуудас/, хохирогч О.Бийн өвчний түүх /хх-ийн 68-88 хуудас/, хохирлын баримт /хх-ийн 92-93 хуудас/, хавтас хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 94-96 хуудас/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 26 см, ажлын хэсэг 15 см, бариулын хэсэг 11 см, шар эрээн өнгийн хуванцар бариултай, 3 хадаасаар тогтоосон хутга, 25.5 см урттай, хүрэн өнгөтэй хутганы гэрийг тус тус таниулж судалсан болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв тав дугаар багийн нутагт өөрийн хамтран амьдарч байсан М.Оийг “О.Бтой уулзлаа” гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, О.Бтой маргаан үүсгэн ноцолдох явцдаа хутга хэрэглэж О.Бийн эрүүл мэндэд цээжний хөндийг нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол, М.Оийн эрүүл мэндэд хэвлийн шарх, эрүү, зүүн бугалга, баруун хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч О.Б, М.О, гэрч Ц.Ганчимэг, Б.Батбаяр, О.Хонгорзул, насанд хүрээгүй гэрч О.Ганцоож нар нь өгсөн мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой заасан, мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байна.
Түүнчлэн хохирогч О.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хохирогч М.Оийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын цус хуралт бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр, шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 311, 312 дугаартай, дээлний ар талд зүүн суганы залгаа оёдлоос баруун тийш 5 см, дээлний зах хэсгээс 14 см зайд үүссэн зах ирмэг нэгэн жигд тасарсан, утаснууд нь хөврөлт суналтгүй 2.5х1см хэмжээтэй уранхай нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шинжилгээнд илгээсэн шар өнгийн бариултай хутганаас үүссэн байх боломжтойг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Бийн “...хөдөө айлд бой хийгээд хутга миний түрийнд явж байсан..., Н бол Оийн хуучин нөхөр, тэгээд бид хоёрыг хардаж зодоон хийсэн байх...” гэх, хохирогч М.Оийн “...Бтой уулзаж байхад Н ирээд “юу хийж байгаа пиздаа гичий минь, биеэ үнэлэх гэж байна уу” гэж хэлсэн. Одоогоос 2 жилийн өмнө надтай хамтран амьдарч байсан. Бид хоёр салаад хоёр жил болж байна, ...хааяа гэрт орж ирж агсам тавьдаг байсан. Өчигдрийн хувьд юунаас болсныг мэдэхгүй. ...тэр хоёрыг хоорондоо барьцалдаад ноцолдож байх үед Бийн түрүүнээс хутга газар унахаар нь авах гэсэн чинь Н надаас булаагаад авсан...,” гэх, гэрч О.Хонгорзулын “...М.О, Б хоёр салаад 2 жил болж байна, гэр бүлийн хэрүүл, маргаанаас болж салсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Нн үйлдэл нь бусдын халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байгаа төдийгүй гэмт хэрэг үйлдэхдээ “бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтай хэрэгсэл” буюу хутгыг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, өөрийн хамтран амьдарч байсан М.От бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Нн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.О нэг сая төгрөгийг, хохирогч С.Б цашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилж байна.
Хэргийн 67 дугаар талд хохирогч О.Бийн Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэний ор хоногийн төлбөр 312420 төгрөгийн, 92 дугаар талд эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан зардал 123836 төгрөгийн, 92 дугаар талд хохирогч О.Б ээжийн хамт ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой зардал 77000 төгрөгийн буюу нийт 513256 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Д.Н нь иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 1200000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Харин хохирогч М.О нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Д.Н түүний эмчилгээний зардалд 250000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч М.О, С.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Д.Нн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэж биеийн байцаалтыг өгсөн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нн өгсөн "өөрийн нэг хүүхэд, Отэй хамтын амьдралтай байх хугацаанд гарсан 2 хүүхэд буюу 4-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг" гэх, хохирогч Оийн өгсөн "бид хоёр гэр бүлээ бүртгүүлээгүйн улмаас 2 хүүхэд надаар овоглодог, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна" гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Нн асрамжинд бага насны 3 хүүхэд байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул хүүхдүүдийг хараа хяналтдаа авч тэдний асран хамгаалагчийг тогтоон хүлээлгзн өгч, хяналт тавихыг Булгэн аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 26 см, ажлын хэсэг 15 см, бариулын хэсэг 11 см, шар эрээн өнгийн хуванцар бариултай, 3 хадаасаар тогтоосон хутга, 25.5 см урттай хүрэн өнгөтэй хутганы гэр тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д. Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тус ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тус ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3/гурав/ жил, 7 /долоо/ -= сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Нн эдлэх 3 /гурав/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч М.О, С.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Нн асрамжинд байгаа бага насны гурван хүүхдийг хараа хяналтдаа авч тэдний асран хамгаалагчийг тогтоон хүлээлгэн өгч, хяналт тавихыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 26 см, ажлын хэсэг 15 см, бариулын хэсэг 11 см, шар эрээн өнгийн хуванцар бариултай, 3 хадаасаар тогтоосон хутга, 25.5 см урттай хүрэн өнгөтэй хутганы гэр тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС