| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2024/0053/З |
| Дугаар | 118/ШШ2024/0059 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 118/ШШ2024/0059
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн "... Завхан аймгийн Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн нутагт байрлах Б.*******ын ногооны талбайд мал орсон ..." гэх бүртгэлийн дугаартай гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг бүртгэлээр авч хянахад, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар У.*******д "Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар У.*******д 20000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны А-136, А-158, А-210 дугаартай тушаалын хавсралтаар "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг баталжээ. Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д "... мал бэлчээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан атал эрх бүхий албан тушаалтан нь дээрх аргачлалд заасны дагуу зохих албан тушаалтнаар хохирол тооцох ажиллагааг хийлгүүлж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгох хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох" гэснийг зөрчсөн байна. Мөн зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, холбогдогч нараас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг аваагүй атлаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэснийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэснийг тус тус зөрчиж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй ноцтой зөрчлүүдийг гаргасан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар У.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тосонцэнгэл сумын цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн гэх зөрчлийн хэргийн материалтай танилцаад иргэн Б.*******ын ногооны талбайд У.******* малаа оруулсан зөрчил гаргасныг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6.6-1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар У.*******д 20 000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан. Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ээс Зөрчлийн тухай хуулийн 13.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасныг үндэслэн “...мал бэлчээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ж.*******ыг 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...зохих албан тушаалтнаар хохирол тооцох ажиллагааг хийлгүүлж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгох хэрэг бүртгэлтийн ажиллагааг тогтоох шалгах ажиллагаа хийгээгүй, зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, холбогдогч нараас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг аваагүй ...” хэмээн тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөргүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч У.*******ыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ээс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА