Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2025/00009

 

 

 

  

 

            2024      12         25   

                            181/ШШ2025/00009

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, 0 тоотод байрлах, А ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 0 тоотод оршин суух З овогт Ж-ын Д /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,889,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7107352487 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,884,667 төгрөг, нотариатын 5,000 төгрөг, нийт 4,889,667 төгрөгийг хариуцагч Ж-ын Д-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А ХХК-д 4,889,667 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу 2025.01.01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,889,667 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д нь А ХХК-ийн нэхэмжилсэн 4,889,667 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.Д нь А ХХК-ийн нэхэмжилсэн 4,889,667 /дөрвөн сая найман зуун наян есөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,185 төгрөгөөс 46,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 46,593 төгрөгийг, хариуцагч Ж.Д-с 46,592 /дөчин зургаан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА