Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/05166

 

 

 



 

  2024     12        10                                      181/ШШ2024/05166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, 0 тоотод оршин суух, И овогт Э-ын Н /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Г.Д

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 14,400,000 төгрөг, алданги 1,123,200 төгрөг, нийт 15,532,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч Э.Н би хариуцагч Г.Д-тай 2023 оны 02 дугааp сараас эхлэн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 1-3/14230/ Олимп гудамж, 0 тоот хаягт байрлах, 80.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 сарын 2,800,000 төгрөгөөр Г.Д-д хөлслүүлж байсан.

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Г.Д нь орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, үргэлжлүүлэн түрээслэсэн. Улмаар, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Г.Д бид харилцан тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх гэрээг нөхөн байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Д нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсийг нэг сарын 2,800,000 төгрөгөөр, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсийг нэг сарын 3,000,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагч Г.Д нь нийт төлбөр болох 14,400,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Э.Н-ийн Хаан банк дахь 0 тоот дансанд бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Г.Д-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 14,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн талууд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан "Орон сууц хөлслөх гэрээ"-ний 3.6-д "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө." гэж тохиролцсон.

Хариуцагч Г.Д нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой байсан 14,400,000 төгрөгөө төлөөгүй 26 хоног хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, "Орон сууц хөлслөх гэрээ"-ний 3.6-д зааснаар алдангид 1,123,200 /14,400,000x0.3%x26 хоног/ төгрөг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Г.Д-с орон сууц хөлслөх гэрээний төлбөр 14,400,000 төгрөг, алданги 1,123,200 төгрөг, нийт 15,532,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2024.06.12-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2023.02,04-ний өдрийн Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас, Э.Н-н орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Г.Д-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 15,532,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлсийг төлөөгүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөр, алданги нэхэмжилсэн боловч хариуцагч тайлбар гаргаагүй.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Н нь улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 хороо, 13 хороолол, 1-3 /14230/, 0 тоот, 80.19 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 001064679 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-8 хуудас/

 

2. Э.Нэ нь Г.Д-тай 2024 оны 06 дугаар сарын 12ы өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо, 0 тоот, 80.19 мкв талбайтай, 3 өрөө, тавилгатай орон сууцыг 2024.02.04-ны өдрөөс 2024.07.04-ний өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч Г.Д нь эхний 4 сарын хугацаанд нэг сарын 2,800,000 төгрөг, сүүлийн 1 сарын хугацаанд сарын 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-6 хуудас/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

3. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Г.Д-д тавилгатай 3 өрөө орон сууцаа 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн болох нь Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас-аар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Г.Д нь орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан талаар маргаагүй. /хавтаст хэргийн 4 хуудас/

 

3.2. Хариуцагч Г.Днь нийт төлбөрийг 2024.07.05-ны өдрийн дотор Э.Н-н Хаан банк дахь дансанд төлж дуусгахаар тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3.1, 3.2 дахь заалтын дагуу түрээсийн төлбөр 14,200,000 төгрөг /2,800,000 х 4 сар = 11,200,000 төгрөг + 1 сарын 3,000,000 төгрөг = 14,200,000 төгрөг/ болж байна.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч Г.Д нь гэрээний 3.2.1-д заасны дагуу түрээсийн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор дансаар төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу хариуцагч Г.Д нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул гэрээний 3.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцох үндэслэлтэй байна.

Алдангийг нэхэмжлэгч нь 2024.07.05-ны өдрөөс хойш 26 хоногоор тооцож нэхэмжилсэн тул алдангийг тооцоолбол, 14,200,000 х 0,3% = 42,600 х 26 хоног = 1,107,600 төгрөг байна.

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Г.Д-с алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалт болон гэрээний 3.6 дахь заалтад тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Г.Д-с алданги 1,107,600 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

5. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Г.Д-с орон сууцны хөлс 14,200,000 төгрөг, алданги 1,107,600 төгрөг, нийт 15,307,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгож, нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн 224,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 235,611 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Д-с 15,307,600 /арван таван сая гурван зуун долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Э.Н-д олгож, нэхэмжлэлээс 224,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,611 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-с 234,488 /хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг гаргуулж Э.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА