| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0026/Э |
| Дугаар | 00026 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбагэлэн овогт Буянтэгшийн Гд холбогдох 163/2018/0026/Э индекстэй, эрүүгийн 1715000530011 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, группт байдаг, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Б. Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Гнь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн 4 дүгээр багийн нутагт байрлах “Оросын булаг” гэх амралтын газарт хамтран амьдрагч Б.Эрдэнэтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1715000530011 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Хохирогч Ч.Эрдэнэтуяагийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байтал манай нөхөр гаднаас орж ирээд “Оросын булаг” амралтын газар шоу болж байгаа юм байна гэхээр нь “өө тийм үү явах уу” гэсэн чинь “би найз нартаа хэлсэн байгаа, хоёулаа явъя” гэсэн. Тэгээд 5-11 дүгээр байр орж Наран-Эрдэнэ гэдэг найзыг нь эхнэртэй нь авч, мөн дахиад нэг найзыг нь эхнэр, хүүхэдтэй нь аваад Оросын булагийн амралтын газарт 23 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан пиво, архи зэргээ хээр зогсож байгаад уусан юм. Тухайн үед Гнь машин барьж байсан учраас архи уугаагүй. Удалгүй шоу болж байсан газар руу орох гэсэн чинь хүүхэд оруулахгүй гээд Наран-Эрдэнэ, Даваа, Баярмаа нар нь хүүхдээ гэртээ аваачих гээд буцсан. Гурван-Эрдэнэ, Цэлмэг бид гурав шоу руу орсон юм. Тухайн үед Гхуурай дүүгийн төрсөн өдөр болж байсан тэгээд Гнь архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Шоу руу орох үед Баярмаа, Наран-Эрдэнэ, Даваа нар нь араас ирсэн. Бид нар ширээнд суугаад хоёр шил архи уусан. Би бүжиглэж байгаад 00 орчихоод ирсэн чинь Гнь надад хандаж “чи хэнтэй банзалдаж байгаад ирэв” гэж хэлээд дуугүй болсон. Тухайн үед чанга хөгжим явж байсан болохоор хэн ч сонсоогүй гэж бодож байна. Тэгээд нэг хэсэг бүжиглэж байгаад Цэлмэг, Гбид гурав сандал дээр суугаад амарч байтал Гнамайг “хоёулаа доошилчихоод ирье” гэхээр нь шоунаас гараад нэлээн доошлоод хүнгүй газар ирэхэд шууд л алгадаж унагаагаад дээр гарч суугаад нүүр нүдгүй гараараа балбаж зодсон. Тэгээд миний дээрээс босоод явахаар нь явчихлаа гэж бодоод нүүрээ бариад уйлаад бостол хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэгээд намайг зодож байгаад шоу руу яваад өгөхөөр нь цагдаад хэлье гэж бодоод машин зогсоох гэтэл машинууд зогссон хэрнээ миний царайнаас айгаад авч яваагүй. Тэгээд би 20-30 минут машин хайж байгаад өөрийнхөө машин руу очоод байж байтал хажууд байсан хоёр залуу “чамайг төв дөхүүлээд өгөх үү” гэхээр нь “манай нөхөр одоо ирнэ” гэж хэлээд байж байтал Гхүрч ирээд “чиний банзалдсан хоёр залуу мөн үү” гэж хэлээд тэр хоёр залуу руу дайрч давшилсан. Тэгээд бид хоёрыг машиндаа сууж байтал найзууд нь ирчихээд маргаан болж байгааг мэдсэнээ буцаад яваад өгсөн юм. Тэгээд би Гд хандаж “би явмаар байна” гэсэн чинь “Нараа энд эхнэртэйгээ байгаа дөрвүүлээ явъя” гэхээр нь би “ийм нүүртэй байж яаж хүний царай харах юм бэ” гэсэн чинь “за за” гэж хэлээд машинаа асаагаад хөдлөөд явж байтал машины дугуй хагарсан, бид хоёрыг дугуйгаа сольж байтал Нараа, Цэлмэг хоёр хүрч ирсэн. Тэгээд Цэлмэг нь миний нүүрийг харчихаад нөхөртэйгөө маргалдаад байсан. Тэгээд бид дөрөв Орхон аймгийн төв рүү орж ирээд гэрийн гадаа машинаа зогсоогоод манай нөхөр гэрээс хүүгээ дагуулж гарч ирсэн, тухайн үед 05 цаг болж байсан. Тэгээд 5-11 дүгээр байрны гадаа очоод зогссон чинь Нараа, Цэлмэг хоёр гэр рүүгээ ороод хоёр хүүхдээ, дүүтэйгээ цуг дагуулаад гараад ирсэн. Тухайн үед Нараа нь одоо манай хүүхдүүдийн сэрдэг цаг нь болж байна, одоо амралтанд явахын бол болно гэж хэлсэн. Тэгээд би 5-11 дүгээр байрны гадаа машин дотроо сууж байгаад унтсан байсан, нэг сэрээд харсан чинь Ингэтэд ирсэн байхаар нь “энд яах гэж ирсэн юм бэ” гэсэн чинь “салхинд гарах гэж ирсэн юм, энд хэд хончихоод буцъя” гэхээр нь би эмнэлэг орох шаардлагатай байна гэж хэлээд хэрүүл маргаан гаргаад Орхон аймагт ирээд 1-4 дүгээр байр руу хүүхдээ аваад буусан юм. Тэгээд би Грүү залгаад “хүүхдээ ирж ав” гэж хэлэхэд ирж авсан. Тэрнээс хойш огт холбоогүй байгаа. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хадам ээж рүү залгаад “хүрч ирээд уулзчих” гэж хэлсэн. Ээжтэй нь уулзсан чинь намайг харчихаад тодорхой юм ярихгүй гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд маргааш нь сэрэхэд миний баруун талын нүд бүрэлзээд юм харахгүй байхаар нь хадам ээж рүү залгаад “хүрч ирээд намайг эмнэлэг рүү аваад яв” гэж хэлээд байж байтал манай эгч хүрч ирээд хадам ээж, эгч бид гурав эмнэлэг орж үзүүлсэн. Эмнэлэг орж үзүүлчихээд гэртээ ирээд байж байтал хадам ээж миний утас руу залгаад толгой, сав хоёроо бариулахгүй юм уу гэж асуухаар нь “за одоо гарлаа” гэж хэлээд 4 дүгээр 10 жилийн сургуулийн хажуу талын эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлчихээд тэндээсээ гарсан юм. Гнь байнга л хардалтаас болж намайг зоддог. Би Г-д хардуулаад байх зүйл огт хийгээгүй ээ. Хий хардаж зоддог. Гминий гар утсыг үзье гэхээр нь би огт үзүүлдэггүй юм. Намайг гар утсаа үзүүлдэггүй болохоор хий харддаг юм. Би бодохдоо хувийн нууц бол хувийн нууц гэж ойлгодог. Би гомдолтой байна, энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-12-16 тал/,
Гэрч Д.Болорцэцэгийн өгсөн: Б.Эрдэнэтуяа нь манай аавын төрсөн дүү Баялаг-Эрдэнэ эгчийн охин байгаа юм. Би түүнийг хамтран амьдрагч Гд зодуулсан гэдгийг өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. Өчигдөр намайг ажил дээрээ байж байтал Эрдэнэтуяа нь миний гар утас руу залгаад “та надад зураг угаагаагаад өгөөч” гэхээр нь “чатаар явуулчих” гэсэн чинь бусдад зодуулсан юм шиг зураг ирсэн. Тэгээд би Эрдэнэтуяа руу залгаад “юу болсон юм бэ” гэсэн чинь “Гнамайг Оросын булагийн амралтын шоун дээр бусадтай хардаж зодсон” гэхээр нь бид хоёр ярилцаж байгаад цагдаад хандсан юм. Миний сонсож байснаар Ггэх залуу урьд өмнө хоёр удаа зодсон гэж өөрөө надад хэлсэн. Би Ггэх залууг танихгүй, нэр зүсийг нь мэднэ. Надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй ээ. Миний дүүг аймаар зодсон байна лээ гэх мэдүүлэг /хх-17 тал/,
Гэрч Б.Даваабаярын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 30-ны орой Наран-Эрдэнэ түүний эхнэр Мөнхцэнгэл, Гурван-Эрдэнэ, түүний эхнэр Эрдэнэтуяа нар болон манай эхнэр Баярмаа бид нар Оросын булагийн амралтанд болсон шоун дээр очсон. Тэгээд бид нар пиво авч ууцгаасан. Тэнд манай хуурай дүүгийн төрсөн өдөр болж байсан учраас хамт архи уусан. Удалгүй дүү нар яваад бид нар бүжиглэсэн. Эрдэнэтуяа хүн болгонтой бүжиглээд байхаар нь Гявъя гэтэл үгүй гээд рестораны урд уначихсан. Тэгтэл цагдаа нар түүнийг аваад яв гэтэл Эрдэнэтуяа хүн ойртуулахгүй хашиграад байсан. Бид нар бүжиглэж байгаад эргээд иртэл Г“эхнэр байхгүй байна” гэхээр нь хайгаад машин дээр нь очтол гадаа сууж байсан. Тэгээд би өөрийнхөө машинаар эхнэрээ аваад явсан. Нөгөө дөрөв Гмашинтай авсан. Тухайн үед Ггэхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн эсэхийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Ц.Наран-Эрдэний өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Даваабаяр түүний эхнэр Баярмаа, Гурван-Эрдэнэ, түүний эхнэр Эрдэнэтуяа нар болон манай эхнэр бид нар Оросын булагийн амралтанд болсон шоу руу хамт очсон. Тэгээд бид нар гадаа нь 1 шил архи хувааж уучихаад шоу руу орсон. Тэнд таньдаг хүмүүс тааралдаад хамт архи ууцгааж байхад бидний эхнэрүүд бүжиглэж байсан. Эрдэнэтуяа согтсон байсан учраас Гавч явах гэсэн боловч Эрдэнэтуяа газар уначихаад босохгүй байсан. Тэгээд тэр 2 гэрийн хажууд сууж байсан, удалгүй дахиад харахад алга байсан. Тэгээд Грүү залгахад Эрдэнэтуяа алга болчихлоо гэхээр нь хамт хайсан. Машин дээр нь очиход сууж байсан бөгөөд түүний нүүр нь хавдаж улаан хүрэнтсэн байсан. Манай эхнэр “ийм балай газарт ирлээ” гэж уурлаад бид дөрөв Эрдэнэт хамт буцсан. Замд явж байтал Эрдэнэтуяа “салхинд гаръя гэхээр нь эхнэр бид хоёр “тэгье” гэсэн. Тэгээд Эрдэнэтэд гэрээрээ орж хүүхдээ аваад Сэлэнгэ сум руу явсан. Эрдэнэтуяа машины ард унтаад явсан. Амралтанд очоод байж байтал Эрдэнэтуяа, Гхоёр маргалдаж байгаад тэдний гэр бүл буцаад явчихсан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэрч Э.Баярмаагийн өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний үед байх Булган аймгийн Оросын булаг гэх газарт шоу болсон. Тэр шоунд Орхон аймгаас би өөрийн нөхөр Даваабаяр, манай найз Гэхнэр Эрдэнэтуяатай, Нараа гэх манай нөхрийн найз эхнэр Цэлмэгийн хамт 3 гэр бүлээрээ нийт зургуулаа Гийн Алпард маркийн машинтай явцгаасан. Шоу руу явж байхдаа замдаа дэлгүүр дээр зогсоод архи, пиво авсан. Тэгээд шоун дээр очоод шоуны гадаа авсан архи пивоо ууцгаагаад шоу руу орцгоосон. Би тухайн үед архи уугаагүй. Шоу руу ороод эрчүүд суугаад архи ууцгааж, эмэгтэйчүүд нь бүжиглэсэн. Гэхнэр Эрдэнэтуяаг бүжиглэж байхад хажууд нь танихгүй хоёр залуу ирээд бүжиглээд байсан. Тэгэхээр нь Эрдэнэтуяаг аваад Цэлмэг бид 3 дотогшоо орсон. Дотогшоо ороод би тоглоом болгоод бид гуравтай танихгүй залуучууд ирээд бүжиглээд байхаар нь ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал Цэлмэг “намайг гарч бүжиглэе” гэж хэлэхээр нь хамт бүжиглэж байсан чинь араас Эрдэнэтуяа гарч ирсэн. Тэгээд бид 3 хамт бүжиглэж байхад Эрдэнэтуяа бүжиглэж байгаад бүжгийн талбай дээр хойшоогоо саваад унасан. Тухайн үед Эрдэнэтуяа нэлээн согтсон байсан. Тэгээд дотроос Ггарч ирээд эхнэр Эрдэнэтуяаг газарт унасан байхад нь аваад явсан. Цэлмэг бид хоёр тухайн үед бүжиглээд үлдсэн. Тэгээд тэнд бүжиглэж байхад манай нөхөр Даваабаяр намайг “явъя” гэхээр нь “за тэгэе” гээд Гмашин руу ороод суухад Эрдэнэтуяа нөхрийнхөө хажууд урд талын суудал дээр тонгойгоод сууж байхаар нь би “зүгээр үү” гээд асуусан чинь гараа саваад миний хамрыг цохьсон. Тухайн үед миний хамрын яс өвдөөд нүдний нулимс гарсан. Тэгээд байж байтал манай нөхөр намайг “яасан бэ” гэхээр нь “Гэхнэр намайг цохьчихлоо, би энэ машинтай явахгүй” гэж хэлээд машинаас нь буусан. Тэгээд өөр машинтай Орхон аймаг руу яваад шууд гэртээ очоод амарсан. Түүнээс хойш би Гэхнэртэй дахиж уулзаагүй гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,
Гэрч Л.Цэлмэгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 30-ны орой Даваабаяр түүний эхнэр Баярмаа, Гурван-Эрдэнэ, түүний эхнэр Эрдэнэтуяа нар болон манай нөхөр Наран-Эрдэнэ бид нар Оросын булагийн амралтанд болсон шоу руу хамт очсон. Тэгээд бид нар замын дэлгүүрээс орж 1 шил архи, пиво аваад амралтын газрын хажууд уулан дээр гарч хувааж уучихаад шоу руу орсон. Ресторанд ороод архи ууцгааж байгаад Баярмаа, Эрдэнэтуяа бид 3 бүжиглэсэн. Эрдэнэтуяа 00 орчихоод ирье гэж яваад иргэж ирээгүй. Удалгүй манай нөхөр ирээд “намайг явъя гэхээр нь бид хоёр хамт Гмашин руу очиж суухад Эрдэнэтуяа хар нүдний шил зүүчихсэн, уруул нь хавдсан уйлаад сууж байсан. Тэгээд “хэнтэй маргалдсан юм бэ гэхэд Грүү толгойгоороо тохиход нөхөр нь “дугуй байгаарай пизда минь” гэсэн. Тэгэхээр нь би нөхөртөө “танай найз яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ” гэж уурлсан. Удалгүй бид дөрөв Эрдэнэт явж хүүхдүүдээ аваад Ингэт явсан. Эрдэнэтуяа машины ард унтаад явсан. Ингэтэд айлд очоод байж байтал Эрдэнэтуяа, Гнар маргалдаж байгаад тэдний гэр бүл буцаад явчихсан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх-48-50 тал/,
Гэрч М.Оюунцэцэгийн өгсөн: Манай бэр Эрдэнэтуяа миний дугаар руу залгаад “Гнамайг зодчихсон” гэхээр нь хаана байгааг нь асуугаад эмээгийнд нь очиход нүүр нь хавдаад халцарчихсан байсан. Тэгээд Г “чи зодсон юм уу” гэхэд “үгүй өөрөө согтоод явахгүй гэж чирэгдээд ийм болчихсон” гэж хэлсэн. Би Эрдэнэтуяаг дагуулж эмнэлэгээр үзүүлж харуулж явсан гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,
Шүүгдэгч Б.Гяллагдагчаар өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр …би өөрийн найз Наран-Эрдэнийг эхнэр Цэлмэгийнх нь хамт, найз Даваабаярыг эхнэр Баярмаагийнх нь хамт авч явахаар болоод 3 гэрээрээ нийтдээ зургуулаа миний машинаар 20 цагийн үед Орхон аймгаас Оросын булаг гэх газар луу явсан. Амралт явах замдаа дэлгүүрээс орж 1 шил 0.75 литрийн архи, 10 ширхэг лаазтай пиво болон ундаа авсан. Амралтан дээр очоод авсан пиво, архиа гадаа нь уучихаад шоу болж байгаа газар руу такс төлөөд орсон. Амралтын газар руу ороод байж байхад таньдаг хуурай дүүгийн маань төрсөн өдөр болж байхаар нь тэнд байсан ресторан руу орж 1 шил архи авч өгч найз Наран-Эрдэнэ, Даваабаяр, тэгээд манай хуурай дүүгийн найзууд бөөнөөрөө сууж ууцгаасан. Тэр үед манай эхнэр Эрдэнэтуяа, Даваабаярын эхнэр Баярмаа, Наран-Эрдэний эхнэр Цэлмэг нар гадаа бүжиглэж байсан ба ойролцоогоор 30-40 минут бүжиглэж байгаад гаднаас Баярмаа, Цэлмэг нар ороод ирээд Баярмаа надад “танай эхнэр чинь согтчихож, залуучууд танай эхнэрийг татаж чангаагаад бүжиглүүлэхгүй юм байна. Чи гарч эхнэрээ оруул” гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад манай эхнэр тайзны урд нэлээн согтсон байдалтай бүжиглэж байсан. Тэгэхээр нь би эхнэр дээрээ очоод “чи согтсон байна дотогшоо оръё” гээд дагуулаад орсон. Дагуулж ороод сууж байтал Баярмаа, Цэлмэг 2 бүжиглэнэ гээд гараад явсан чинь манай эхнэр би бас бүжиглэмээр байна гээд араас нь гарсан. Тэгээд сууж байтал Баярмаа дахиж орж ирээд “эхнэрийг чинь согтуу залуучууд энд тэндээс нь татаж чангаагаад байна гарч ав” гэж хэлсэн. Тэгээд би гараад очтол манай эхнэр бүжиглэж байгаад хойшоо саваад уначихаар нь би очиж эхнэрийгээ босгож аваад рестораны урд тал руу явсан. Эхнэр орилоод согтуурхаад байхаар нь би “хүний нүдэн дээр унаж тусаад онигоо болоод байна, гэртээ харъя” гэхэд “би ингэж шоуддаг” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед 2 цагдаа ирээд юу болоод байгаа юм бэ” гэж асуухаар нь “манай эхнэр байгаа юм” гэж хэлсэн чинь “танай эхнэр согтсон байна, одоо эхнэрийгээ аваад яв” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, эхнэр тухайн үед газар суучихаад босохгүй өөрийнхөө үсийг зулгаагаад байсан. Тэгэхээр нь би уур хүрээд ресторан руу архи уух гээд ороход хамт сууж байсан хүмүүс маань байхгүй болчихсон байсан. ...Тэгээд цаашаа ганцаараа хайж байгаад машин дээрээ ирэхэд манай эхнэр машиныхаа хажууд танихгүй 2 залуутай зогсож байсан. ...Тэгээд эхнэртэйгээ машинд сууж байхад над руу манай эхнэр дайраад орилоод байсан. Тэнд зогсоол дээр баахан машин байсан учраас би жаахан зайдуу гараад зогсох гээд хөдлөхөд машины урд талын дугуй хагарсан байхаар нь зогсоод эхнэртэйгээ учраа олоод сууж байтал гаднаас Даваабаяр, Баярмаа хоёр орж ирсэн. Баярмаа манай эхнэрийг урд суудал дээр уйлаад сууж байхаар нь “гайгүй юу” гээд хойноос нь хүрсэн чинь гараа саваад Баярмаагийн нүүр хэсэгт санамсаргүй цохьсон. Тэгсэн Баярмаа уурлаад өөр машинаар явна гээд нөхөр Даваабаярыг дагуулаад яваад өгсөн. Тэр үед би “чи Баярмааг цохьчихлоо битгий далжигнаад бай” гээд хэрүүл хийгээд байж байхад гаднаас Наран-Эрдэнэ эхнэр Цэлмэгийн хамт ирсэн. Тэгсэн Цэлмэг ирээд манай эхнэрийг хараад “чи одоо яагаад эмэгтэй хүн зодож нүдэж уйлуулаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн Наран-Эрдэнэ эхнэрийгээ “чи дуугуй бай эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Битгий хүмүүсийн хэрүүл дундуур ороод бай” гээд Цэлмэгийг аваад машинаас 100 метр орчим зайд хоорондоо хэрүүл хийж байгаа бололтой зогсож байсан. Тэгээд би хагарсан дугуйгаа солих гээд буухад эхнэр хамт буугаад цуг дугуй сольсон. Тухайн үед гадаа гэгээ орж байсан ба манай эхнэрийн нүүр уйлсаар байгаад 2 нүд нь бүлцийсэн байсан. Тухайн үед гэртээ харъя гэхэд манай эхнэр би яаж ийм нүүртэй харих юм өөр амралтын газар руу очиж хонъё гэж хэлсэн. ...Би урд өмнө нь өөрийн эхнэрийг зодож цохиж байгаагүй. Хэрүүл хийж байгаад л больчихдог. Бид мөнгөнөөс болж хэрүүл хийдэг гэх мэдүүлэг /хх-33-36 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 620 тоот:
1. Б.Эрдэнэтуяагийн биед зүүн нүдний алимны салст, нүүр, эрүү, 2 гарын шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.
3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрхи гэмтэл нь бүгд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 26 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39-40 тал/, хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг “Оросын булаг” гэх амралтын газарт болсон шоуны үед хамтран амьдрагч Б.Эрдэнэтуяаг “согтуурч биеэ зөв авч явсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Эрдэнэтуяа, гэрч Д.Болорцэцэг, Ц.Наран-Эрдэнэ, Э.Баярмаа, А.Цэлмэг, М.Оюунцэцэг, Ц.Наран-Эрдэнэ нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 620 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Ггхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ггэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, шүүгдэгч Б.Гхөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж группт байдаг, сарын 120000 төгрөгийн орлоготой зэрэг хувийн байдал болон торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай санал хүсэлтийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Гг600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Б.Эрдэнэтуяа нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД