| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2203007190036 |
| Дугаар | 2023/ДШМ/557 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ДШМ/557
2023 5 25 2023/ДШМ/557
Ц.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ц.А,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Ад холбогдох эрүүгийн 2203007190036 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гэгээн овгийн Ц.А, 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Блюбус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.................../;
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 117 дугаар сургуулийн баруун талын автобусны буудлын зам дээр, “Hyundai aero city-540” маркnйн 42-13УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй У.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гэгээн овогт Ц.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ууганбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агаас 1.853.000 /нэг сая найман зуун тавин гурван мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг гэм буруутай гэж тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр автобусны буудал руу /№117 дугаар сургуулийн баруун тал/ ойртон ирж явахад явган хүний гарц дээр 2 охин ирж зогсоод зам хөндлөн гарах шинжгүй цаанаас ирж яваа хоёр хүүхдийг хүлээж байгаа бололтой зогсож байсан. Энэ үед мөн явган хүний замаар хоёр хүүхэд гүйж ирсэн ба зам гарахгүй зогсохоор нь би яваад өнгөртөл хүүхэд унасан. Шүүхийн шийтгэх тогтоолд миний гэм бурууг зөв дүгнэсэн. Гэхдээ тухайн хүүхдийг мөргөж унагасан гэж бичсэн нь буруу болсон гэж үзэж байна. Осолд орсон хүүхэд миний автобусанд мөргүүлээгүй ба автобусны баруун хэсэг буюу жолоочийн баруун гар талын зорчигч буух хэсгийн хаалганы орчим шүргэгдэж унасан гэж би бодож байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд осолд орсон хүүхдийг гарцан дээр гарч явахад мөргөж унагасан гэж ойлгогдохоор бичсэн нь надад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах нөхцөл үүссэн гэж бодож байна. Би одоо 28 настай, бага насны 2 хүүхэд эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн байранд бартераар амьдардаг болно. Би тухайн бартераар амьдарч байгаа байрны эзэнд машин засаж өгч хөлсөнд нь байранд нь амьдардаг. Ажлынхаа чөлөө заваар хаана очиж “машин зас” гэсэн тэр газарт нь хотын аль дүүрэгт ч хамаагүй очиж явах боломжгүй машиныг засч өгдөг болно. Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассаныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар ажил хийх, оршин сууж байгаа байрны хөлсийг төлөх боломжгүй болж амьдрах нөхцөл маш их хязгаарлагдаж байна. Би бага насны 2 хүүхэд, гэр бүлээ тэжээхийн тулд зуны цагт барилга дээр ажиллах, эвдрэлтэй машин засах гэх мэт орлого олох шаардлагатай байдаг. Миний бие хүний машин засах боломжгүй болж Сонгинохайрхан дүүргээс гарч чадахгүй бол одоо амьдарч байгаа хөлсний байраа чөлөөлж өгөх үүрэг хүлээж байна. Би Алтанжигүүр компанид ачигч, борлуулагч, машины засварчаар ажиллахаар өргөдөл өгөхөд хүлээж авсан. Мөн хугацаа хэтэрсэн 2.000.000 төгрөгийн өндөр хүүтэй зээл авсан байгаа болно. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтад заасан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарласныг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэж өөрчилж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатай болгож өгнө үү. Би эвдрэл гэмтэлтэй, хөдлөхөө байсан тээврийн хэрэгслийг хаа байгаа газарт нь очиж засаж өгч амьдралаа тэтгэх нэг хэсэгт орлогоо олдог болно. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд цахимаар оролцсон боловч сүлжээ тасалдаж тайлбар хэлээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 117 дугаар сургуулийн баруун талын автобусны буудлын зам дээр, “Hyundai aero city-540” маркийн 42-13УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй У.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч У.Дын “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хичээлээ тараад гэртээ харьчихсан байж байгаад 2-р ангийн дүү Наранхүүг сургуулиас нь авахаар гэрээсээ 17 цагийн үед ганцаараа явган алхаж яваад 117 дугаар сургууль орчхоод дүүгээ авчхаад түүнтэй хамт гэртээ харихаар явсан. Сургуулийн баруун талд байдаг автобусны буудлын явган хүний гарцтай хэсгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарах гэж явахдаа автобусанд мөргүүлсэн байсан. Бусад зүйлийг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд л гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Дүү надаас нэлээн зайтай ард явж байсан болохоор автобусанд мөргүүлээгүй. Би гарцаар гарахдаа гүйж гарсан бөгөөд автобус яг аль хэсгээр мөргөснийг мэдэхгүй байна. Гэрлэн дохиогүй гарц байсан. ...”/хх 25/,
шүүгдэгч Ц.Агийн яллагдагчаар өгсөн: “...ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 85/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15631 дугаартай “...У.Дын биед дух, суурь яс, зүүн нүдний дээд, дотор, доод хана, зүүн хоншоор ясны нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, хатуу хальсан дээрх голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 59-61/, техникийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 999 дугаартай “... ...” /хх 68-73/ гэсэн дүгнэлтүүд,
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 49 дугаартай “42-13УБЗ улсын дугаартай “Hyundai aero city” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч У.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадалгаа” /хх 75/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.А “...шийтгэх тогтоолын 3 дахь заалтад заасан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарласныг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэж өөрчилж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатай болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн хүнийг чөлөөтэй зорчуулахгүй байх эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, шүүх эрх хэмжээнийхээ дагуу шийдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болно.” гэж, 174.2 дахь хэсэгт “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ц.А зорчих эрх хязгаарлах ялыг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэж өөрчилж” өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргажээ. Хэрэв шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй гарах тохиолдол гарвал шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа газар луу зорчиж болох бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар хязгаарласан заалт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ