| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2024/0052/З |
| Дугаар | 118/ШШ2024/0060 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 118/ШШ2024/0060
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... үнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн "...Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Оргих багийн нутагт байрлах "Шохойн толгой" гэх газарт ногооны талбайд мал орсон..." гэх зөрчлийн 2424000249 дугаартай хэрэгт шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг бүртгэлээр авч хянахад, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э.*******ад "Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э.*******ад 20000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хохирогч Р.******* нь “Би яг хэний мал болохыг сайн мэдэхгүй. 3, 4 айлын нийлсэн ******* гэх хүний мал гэж мотоциклтой ирсэн 2 залуу хэлсэн”... гэх, холбогдогч Ө.******* нь “Тухайн өдөр би болсон зүйлийг мэдээгүй аймгийн төвд морь уралдуулах гээд гэр бүлээрээ явж байсан, малаа дүү нартаа үлдээсэн, 3, 4 айлын нийлсэн мал байдаг” гэх, гэрч С.******* нь ...2024 оны 07 сарын 10-ны өдөр малыг нь харахаар болсон, ер нь малаа гэрээсээ доош байнга малаа бэлчээдэг юм тэр өдөр түр эзэнгүй орхисон байх хойгуур дээшээ өгссөн байсан...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан М.******* нь Э.*******ын "...мал бэлчээсэн" зөрчил үйлдсэнийг хангалттай шалган тогтоолгүйгээр түүнд шийтгэл оногдуулсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоосон байна гэснийг зөрчсөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А-136, А-158, А-210 дугаартай тушаалын хавсралтаар "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг баталжээ. Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д "... мал бэлчээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан атал эрх бүхий албан тушаалтан нь дээрх аргачлалд заасны дагуу зохих албан тушаалтнаар хохирол тооцох ажиллагааг хийлгүүлж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгох хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох" гэснийг зөрчсөн байна. Мөн хохирогч, холбогдогч нарт хэргийн материал танилцуулах ажиллагааг хийгээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Зөрчлийн хэрэгтэй танилцах" эрхтэй гэснийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэснийг тус тус зөрчиж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тосонцэнгэл сумын цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн гэх зөрчлийн хэргийн материалтай танилцаад иргэн Р.*******гийн ногооны талбайд Э.******* малаа оруулсан зөрчил гаргасныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Э.*******ад 20 000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан. Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ээс Зөрчлийн тухай хуулийн 13.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д “...мал бэлчээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг үндэслэн иргэн Э.*******ыг “тариалангийн талбайд малаа бэлчээсэн” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...зөрчил үйлдсэнийг хангалттай шалгаж тогтоогоогүй, хохирол тооцох, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчилд холбогдогчид хэргийн материал танилцуулаагүй зэргээр хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн...” хэмээн тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.******* нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдэд ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр бөгөөд хариуцагч нэгэнт прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөрчилд холбогдогч Э.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай тус аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч М.*******ээс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ