| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02848/И |
| Дугаар | 181/ШШ2024/05109 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/05109
2024 12 05 181/ШШ2024/05109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороолол,0 тоотод байрлах, О ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 120,760,759 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа: "Б" ХХК нь манай О ХХК-тай 2021 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 тоот Зээлийн шугамын гэрээ байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай жилийн 22 хувийн хүүтэй (сарын 1.83%)-гээр авсан. Зээлийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусах байсан хэдий ч Зээлдэгч болох Б ХХК нь зээлийн гэрээний 3.2-т заасан "энэхүү гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөрийг төлж барагдуулах" 3.2.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг биелүүлээгүй.
Зээлийг хариуцагч Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан олгосон бөгөөд гэрээний 4.1-д зааснаар зээлдэгч нь энэхүү гэрээний үүргийг компанийн ирээдүйн орлогоор төлж барагдуулахаар тохирсон. Зээлийн гэрээ байгуулсны дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт хөрөнгө барьцаалах шаардлага зээлдэгчид тавьсны дагуу тээврийн хэрэгсэл болох 0000УНГ улсын дугаартай автокраныг манай өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн.
Зээлдэгчээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 11 удаагийн төлөлтөөр нийт 44,416,394 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний 2.16-д зээлдэгчээс төлсөн төлбөрийг 1 нэмэгдүүлсэн хүү, 2. Хүү, 3. Үндсэн төлбөр гэсэн дарааллаар барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу дээрх төлсөн мөнгийг зээлийн нийт төлбөрөөс хасаж тооцсон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс шаардаж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус албан бичгээр мэдэгдэл, 2023 оны 6 дугаар сарын 14, 2023 оны 6 дугаар сарын 21, 2023 оны 8 дугаар сарын 16, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд и-мэйлээр тус тус зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлийг барагдуулах тухай мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгээгүй.
Иймд, Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа нийт үндсэн зээлийн төлбөр болох 100,000,000.00 төгрөг; хүүний төлбөрт 19,828,760.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 914,498.63 төгрөг, нийт 120,743,259.28 төгрөг болон зээлийн гэрээний хуулбарыг шүүхэд нотлох баримт болгон өгөхтэй холбоотойгоор нотариатын зардалд гарсан 17,500 төгрөг, нийт 120,760,759.28 /нэг зуун хорин сая долоон зуун жаран мянга долоон зуун тавин өсөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч "Б" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.
Хэрэв хариуцагч нь сайн дураараа дээрх төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд УМ-20210319-03 тоот фидуцийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр төлбөрийн үүргийг албадан журмаар гүйцэтгүүлж өгнө үү гэсэн хэсгээс татгалзаж, зээлийн төлбөрийг мөнгөөр гаргуулна гэжээ.
Хариуцагч Б ХХК хариу тайлбар татгалзалдаа: О ХХК нь Б ХХК-тай 2021 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 тоот Зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээ байгуулж, LXGBPA261CA04264 арлын дугаартай, 0000УНГ улсын дугаартай, 0 маркийн Автокраныг Орда финанс ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.
Манай Б ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 120,760,759.28 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу О ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө буюу Автокраныг бодитойгоор шилжүүлэн өгч, ШЗ-20210816-14 тоот Зээлийн гэрээ болон УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 2024.05.07-ны өдрийн Хуулийн этгээдийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, 2021 оны 08 дүгээр сарын 16-ны өдрийн ШЗ-20210816-14 тоот Зээлийн шугамын гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны хуулга нийт-15ш, 2024.05.07-ны өдрийн Нотариатын төлбөрийн баримт зэргийг гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас: Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,760,759 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд хариуцагч Блүүм технологи ХХК нь фидуцийн гэрээний дагуу О ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Автокраныг бодитойгоор шилжүүлэн өгч, ШЗ-20210816-14 тоот Зээлийн гэрээ болон УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээг дуусгавар болгохоор маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. О ХХК нь Б ХХК-тай 2021 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 тоот Зээлийн шугамын гэрээ-г байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 22 хувийн хүүтэй (сарын 1.83%) зээлдүүлсэн. Блүүм технологи ХХК нь Орда финанс ББСБ ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээ байгуулж, 0 арлын дугаартай, 00000УНГ улсын дугаартай, XCMG.XZJ5260JQZ20G маркийн Автокраныг О ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 10-13 хуудас/
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
а/ О ХХК нь Зээлийн шугамын гэрээ-ний дагуу 2021.09.01-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021.10.29-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021.11.09-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус Б ХХК-ийн эзэмшдэг ХААН банкны 0 тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр 100,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 24-26 хуудас/
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.
Талууд Зээлийн шугамын гэрээ-ний 2.1.1, 2.1.3-д зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоож, 2.5, 2.6, 2.7-д заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
Зээлдэгч Б ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байсан боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 11 удаагийн төлөлтөөр нийт 44,416,394 төгрөгийг төлж, үүнээс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 22-23, 27-38 хуудас/
3. ШЗ-20210816-14 тоот Зээлийн шугамын гэрээ-ний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан, зээлдэгч Б ХХК нь зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч О ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 2-т тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О ХХК нь 2024. 05.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 100,000,000 төгрөг, үндсэн хүүний төлбөр 19,828,760.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 914,498.63 төгрөг, нийт 120,743,259.28 төгрөг шаардсаныг хариуцагч Б ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
4. Нэхэмжлэгч О ХХК нь зээлийн гэрээний хуулбарыг шүүхэд нотлох баримт болгон өгөхтэй холбоотойгоор нотариатын зардалд гарсан 17,500 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч О ХХК нь Зээлийн шугамын гэрээ, Фидуцийн гэрээ-г эх хувиар нь нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд өгсөн, харин нэхэмжлэлд хавсаргасан О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг нотариатаар гэрчлүүлжээ. /хавтаст хэргийн 4-8 хуудас/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлаа тодорхойлсон баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гаргасан зардлыг хариуцагч зээлийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлээс нотариатын зардал 17,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаас татгалзах эрхтэй эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Автокраныг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн төлбөрийн үүргийг дуусгавар болгох боломжтой эсэх талаар,
5.1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Фидуцийн харилцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд зохицуулагдсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох хууль зүйн үр дагаврын хувьд бодит бус хийсвэрээр тодорхойлогдоно. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.2, 235.3 дахь хэсэгт зааснаар Фидуцийн гэрээ байгуулагдан, өмчлөлд шилжсэн ч түүнийг ашиглах эрхгүй байх, захиран зарцуулах эрхгүй байх үр дагаврууд нь уг хөрөнгийн өмчлөх эрх хийсвэр байх агуулгыг илэрхийлж байна.
Иймээс фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид уг эд хөрөнгийг өмчлөлдөө авах үүргийг үүсгэхгүй тул нэхэмжлэгч О ХХК нь үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй байна.
5.2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт фидуцийн гэрээний агуулгыг тодорхойлсон боловч үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хэрхэхийг шууд зохицуулаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээний 1.7-д Мэдэгдэх хуудас хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор үүрэг хүлээгч зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь Монгол Улсын Иргэний хуулийн 453.2-д заасны дагуу хөрөнгийг бусдад худалдах болон бусад хэлбэрээр борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
Ийнхүү шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хэрхэхийг гэрээндээ тусгасан нь уг гэрээ агуулгын хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохгүй юм.
Гэрээгээр талууд фидуцийн зүйлийг бусдад худалдах болон бусад хэлбэрээр борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх тул хариуцагч Б ХХК-ийн Автокраныг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн төлбөрийн үүргийг дуусгавар болгуулах тайлбарыг хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг батлах үндэслэлтэй байна.
7. Дээрхи үндэслэлээр хариуцагч Б ХХК-иас зээлийн төлбөрт 120,743,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзсныг батлах үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 120,743,259 /нэг зуун хорин мянга долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулж О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээний зүйл болох LXGBPA261CA04264 арлын дугаартай, 0000УНГ улсын дугаартай, Автокранаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831,954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 761,666 /долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж Орда финанс ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА