Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/04922

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

181/ШШ2024/04922

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 0 тоотод оршин суух, Б овогт Б-н Л /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, П-н Н /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 7,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л би 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21:30 цагийн үед Prius 41 маркийн 0000 ДАУ дугаартай суудлын авто машинаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дархан-Уул аймгийн чиглэлд явж байх үед Prius 20 маркийн 0000 УНБ дугаартай суудлын автомашин жолоодон явсан жолооч П.Н нь Сэлэнгэ аймаг Түшиг сумын чиглэлд явж байхдаа урдаа явж байсан чиргүүлтэй ачааны хово болон ард нь явж байсан суудлын жижиг тэргийг гүйцэт түрүүлэхийг хориглосон замын тэмдэглэгээтэй, үзэгдэх орчин хязгаартай давааны орой дээр, гүйцэд түрүүлэн эсрэг урсгал руу орж ирэн миний унаж явсан 0000 ДАУ дугаартай машины урдаас мөргөж зам тээврийн осол гаргасан.

Түүний буруутай үйлдлийн улмаас миний болон бусдын бие махбод, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирсан. П.Н-н буруутай үйлдэл нь Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн газар хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ их ч хүний амь нас эрсдээгүй, тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Миний машин А ХХК-ийн үнэлгээгээр 11,750,000 төгрөгийн хохирол үүссэнийг үнэлэн тогтоосон. П.Н нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот яваад эргэх холбоогүй алга болсон. Утас руу нь залгахад утсаа авахгүй, холбогдохгүй 3 хоносон. Дахин залгахад согтуу ярьсан. Согтуу ярихдаа Чиний хохирлыг бүрэн барагдуулна шүү дээ гэж өндөр дуугаар ярьж утсаа тасалсан.

Түүнээс хойш facebook chat хаягаар блок хийж утасны дугаарууд нь холбогдохоо больж холбоо тасарсан. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс одоог хүртэл хохирол барагдуулаагүй тул гомдолтой байна.

П.Н-н Улаанбаатар хотын даатгалд даатгалтай. Даатгалын газарт холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөгүй. Би өөрөө Улаанбаатар хотын даатгалын ажилтантай цахимаар холбогдож холбогдох материалыг явуулж өгсөн. Нийт хохирлын хэмжээ тус бүрээр

- автомашины үнэлгээ 11,750,000 төгрөг

- улсын эмнэлгийн төлбөр, үзлэг 300,000 төгрөг

- хувийн эмнэлгийн үзлэг төлбөр 200,000 төгрөг

- 2024.09.30 өдрөөс одоог хүртэлх унаа, автобусны төлбөр 200,000 төгрөг

- Дархан-Уул аймагаас Улаанбаатар хот орох, ирж очих зардал 100,000 төгрөг бүхий нийт хохиролын мөнгөн дүн 12,550,000 төгрөг үүнээс Улаанбаатар хотын даатгалаас 4,500,000 төгрөг, улсын эмнэлгээр үзүүлсэн төлбөр 300,000 төгрөгийг хасаад 7,750,000 төгрөгийн хохирлыг П.Н-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Н-с 7,750,000 төгрөгийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр П.Н нь нэхэмжилсэн мөнгөн дүн 7,550,000 төгрөгийг Хаан банкны 0 Б овогтой Б-н дансанд шилжүүлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь П.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 7,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н нэхэмжлэлийн шаардлага болох 7,750,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, П.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.Н нь нэхэмжлэгч Б.Л-н гэм хорын хохиролд 7,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, П.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,950 төгрөгөөс 69,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 69,475 /жаран есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч П.Н-с 69,475 төгрөгийг тус тус гаргуулж Б.Л-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА