Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 41

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /№1242/, А.Кадербек /№2531/,

өсвөр насны шүүгдэгч Я.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Энхтуул, өмгөөлөгч Д.Отгонбат /№0936/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Я-гийн Э, Ш овогт Э-лын Т нарт холбогдох 1711000000216 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эм Ай Юу сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн оюутан, ам бүл 2, эхийн хамт ................. тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Я-гийн Э- /РД- .........................../

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000-42-619 тоотод түр оршин суух, ...................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Э-ын Т /РД- .................../

 

Холбогдсон хэргийн талаар: Я.Э, Э.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Я.Э мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө Дэнжийн 1000-н хавьд явж байхад Э.Т ах утсаар залгаад Түмэнхишигтэй яриад байсан. Бид хоёр тухайн үед өлсөж байсан учраас Э.Т ахын гэрт нь очсон. Тэгээд гэрт очиход тэр ах байрныхаа өрөөг танилцуулсан. Өрөөнд нь морин хуур, төгөлдөр хуур байсан. Э.Т ах женко Баттулгад мөнгө зээлж байсан талаар ярьсан. Тухайн үед миний гар утсыг Түмэнхишиг ломбардад тавьсан байсан учраас утсаа авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Түмэнхишиг морин хуурны хажууд байсан зөөврийн компьютерийг аваад цүнхэлсэн. Гаднаас Э.Т ах идэж уух зүйл авч ирэхээр нь идсэн. Тэгээд бид хоёрыг Монгол 3 сургуулийн өмнө хүргэж өгсөн. Бид хоёр компьютерийг хулгайлах сэдэл санаа байгаагүй. Э.Т ахын 3 өрөө байр гэж бодсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Энхбаяр над руу залгаад хаана явж байна гэж асуусан. Би Энхбаярт гадуур явж байгаагаа хэлсэн. Тухайн үед Я.Э гар утсыг ломбарданд тавьсан учраас мөнгөний хэрэгцээ гараад Я.Э надаас утас авч өг гэж хэлээд байсан. Тэгээд Я.Этай цуг Энхбаяр ахын гэрт очсон. Тэгээд Энхбаяр ахын гэрт очиход Энхбаяр ах бид хоёрт ийм байранд амьдарч байгаа гэж байраа танилцуулсан. Тухай байрны өрөөнд морин хуур, янз бүрийн хөгжмийн зэмсэг байсан. Энхбаяр ах бид хоёрт идэж уух зүйл авахаар хүнсний дэлгүүр орсон. Тэгэх хооронд морин хуурны хажууд байсан зөөврийн компьютерийг бид хоёр авсан. Тэгээд хулгай хийсэн компьютерээ ломбарданд тавьж Я.Э гар утсыг авсан гэв.

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 8 цагийн үед гарч яваад ахындаа хоноод 24-ний өдөр гэртээ ирэхэд миний "Dell" /Делл/ загварын зөөврийн компьютер алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний амьдардаг өрөөний хаалганы цоож эвдэрсэн байсан учраас би онгорхой үлдээгээд явсан юм. Би 2012 онд зөөврийн компьютерийг принтерийн хамт 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зөөврийн компьютер бол 1.000.000 төгрөгийн үнэтэй байсан санагдаж байна. 5 жил хэрэглэсэн учир 290.000 төгрөгөөр үнэлж байна. Намайг гэрт байхгүй үед Энхбаяр гээд манай түрээсийн байрны эзэн ахын гэрт 2 охин ирсэн гэсэн. Энхбаяр ах тэр 2-той хамт манай өрөөний хажуу өрөөнд орж сандал авсан гэсэн. Тэр 2 охиныг авсан гэж бодож байна. Манай өрөөний хаалганы цоож эвдэрсэн учир би өрөөгөө онгорхой үлдээсэн, би Энхбаяр ахаас өрөөг нь түрээслэн амьдардаг болохоор илүү түлхүүр нь Энхбаяр ахад байдаг.

...Миний амьдарч буй дулаан дамжуулах төвийн 47 дугаар байр бол 5 давхар орон сууцны зориулалттай байр бөгөөд 1 давхартаа 2 хаалгатай. 1 давхар нь л ашиглагддаг. Дээд талын 4 давхар нь дотоод засал нь дуусаагүй байгаа юм. Би уг байрны 2 тоот 3 өрөө байрны 1 өрөөнд нь амьдардаг бөгөөд үлдсэн 2 өрөө нь офиссийн зориулалттай Эрдэнэцогт гэж хүний ажлын өрөө юм. Энхбаяр ахын гэр бол 1 тоот бөгөөд 1,2 тоот нь хоёулаа бор өнгийн бүргэд хаалгатай өөд өөдөөсөө харсан 2 хаалга байдаг. Миний нөүтбүүк 47 дугаар байрны 2 тоотод байх миний өрөөний төгөлдөр хууран дээр байсан юм. Би Я.Э гэдэг охиноос нөүтбүүкээ буцаан авсан байгаа, учирсан хохиролгүй, гомдол саналгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12х,/

Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…1 давхрын 1 тоотод би ганцаараа амьдардаг бөгөөд 2 тоотод найзынхаа оюутан хүүхдийг түр байлгаж байгаа юм. Манайх 1 давхартаа 2 айлтай. Пүрэвсүрэн 2 тоотод амьдардаг ба бор өнгийн бүргэд хаалгатай, дотроо 3 өрөөтэй. Пүрэвсүрэнгийн амьдардаг өрөө тусдаа хаалгатай цоожтой байхаа. Манай гэрт 2 хүүхэд ирсэн ба манайх 1 сандалтай учир нөгөө хүүхдийг нь суулгах гээд 2 тоот өрөөг цоожтой байхаар нь онгойлгоод Эрдэнэцогтын офиссийн өрөөнөөс сандал авсан юм. Тэгээд буцаад гарахдаа хаалгаа цоожлоогүй байна лээ. Би тэр 2-ыг ороод ир гэж огт хэлээгүй, тэр 2 Пүрэвсүрэнгийн өрөө рүү шагайгаад байхаар нь би "боль" гээд гаргасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/

Өсвөр насны яллагдагч Я.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим СУИС-ийн хажуу талд Э.Т аавын найз ахын гэрт Түмэнхишигтэй цуг очсон бөгөөд урд өдөр нь Түмэнхишиг бид 2 миний Самсунг галакси эс-6 маркийн гар утсыг 60.000 төгрөгөөр ломбаданд тавиад хэрэглэчихсэн байсан тул тэр ахаас мөнгө авна гээд очсон юм. Тэр ахыг дэлгүүр явсан хойгуур бид 2 тэр ахын эсрэг талын өрөө рүү нь орж үзье, сонирхоё гээд орсон чинь төгөлдөр хууран дээр нь Делл маркийн зөөврийн компьютер байсан. Түмэнхишиг энийг нь аваад чиний утсыг авчихъя гэхээр нь "мэдэхгүй өөрөө мэд хурдан утас авч өг" гэсэн чинь Түмэнхишиг нөүтбүүкийг аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд тэр айлаас гараад Э.Т ахтай нь уулзаж авчирсан талх ундааг нь идэж, уугаад гарч Сансар орж нэрийг нь мэдэхгүй ломбарданд 130.000 төгрөгөөр тавиад 70.000 төгрөгөөр миний гар утсыг авсан, хоол идэж, интернэтэд суугаад мөнгийг дуусгасан. Ээжээсээ 140.000 төгрөг авч ломбарднаас нөүтбүүкийг авч цагдаа дээр авчирч өгсөн байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 31х/   

яллагдагч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Я.Э 2-уулаа мөнгөгүй юм чинь миний гар утсыг ломбаданд тавьчихъя гээд 60.000 төгрөгөөр ломбарданд тавиад хоол унд идэж уугаад буудал, караоке орж идэж уугаад дуусгасан. Маргааш нь таньдаг Энхээ гэдэг ахтай өлсөөд байна гэж яриад гэрт нь очсон чинь гэрт нь хоол унд байхгүй байсан ба амьдарч байгаа нийтийн байрныхаа яг эсрэг талын хаалганд ороод сандал авсан ба Я.Э бид 2 дагаж орсон. Тэгээд Энхээ ах бид 3 буцаж гараад Энхээ ахын амьдардаг өрөөнд орсон. Энхээ ах дэлгүүр ороод ирье гээд гарсан хойгуур Я.Э надад хандан энэ өрөөнд нэг нөүтбүүк байна, хоёулаа аваад ломбарданд тавиад эхний ээлжинд утсаа авчихъя, би утсаа авсан байхад маргаашнаас ээжийг аргалж мөнгө аваад буцаагаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 нөгөө эсрэг талын өрөө рүү нь ороод нөүтбүүкийг цүнхэндээ хийсэн. Тэр хаалга эхэндээ цоожтой байсан.Энхээ ах сандал авахаар орохдоо онгойлгочихоод тэр чигт нь онгорхой орхичихсон юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19х/, өсвөр насны шүүгдэгч Я.Эгийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 21х/, өсвөр насны шүүгдэгч Я.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулах баримтууд /хх-ийн 46-57х/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хэргийн талаар шүүхээс дүгнэлт

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Я.Э, шүүгдэгч Э.Т нарыг 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 47-2 тоотод оршин суух иргэн Ц.Пүрэвсүрэнгийн эд хөрөнгийг бүлэглэн, орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн баримтууд болох: хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Миний амьдардаг өрөөний хаалганы цоож эвдэрсэн байсан учраас би онгорхой үлдээгээд явсан юм. ...Намайг гэрт байхгүй үед Энхбаяр гээд манай түрээсийн байрны эзэн ахын гэрт 2 охин ирсэн гэсэн. Энхбаяр ах тэр 2-той хамт манай өрөөний хажуу өрөөнд орж сандал авсан гэсэн. Тэр 2 охиныг авсан гэж бодож байна. Манай өрөөний хаалганы цоож эвдэрсэн учир би өрөөгөө онгорхой үлдээсэн, би Энхбаяр ахаас өрөөг нь түрээслэн амьдардаг болохоор илүү түлхүүр нь Энхбаяр ахад байдаг.

...Миний амьдарч буй дулаан дамжуулах төвийн 47 дугаар байр бол 5 давхар орон сууцны зориулалттай байр бөгөөд 1 давхартаа 2 хаалгатай. 1 давхар нь л ашиглагддаг. Дээд талын 4 давхар нь дотоод засал нь дуусаагүй байгаа юм. Би уг байрны 2 тоот 3 өрөө байрны 1 өрөөнд нь амьдардаг бөгөөд үлдсэн 2 өрөө нь офиссийн зориулалттай Эрдэнэцогт гэж хүний ажлын өрөө юм. Энхбаяр ахын гэр бол 1 тоот бөгөөд 1,2 тоот нь хоёулаа бор өнгийн бүргэд хаалгатай өөд өөдөөсөө харсан 2 хаалга байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…1 давхрын 1 тоотод би ганцаараа амьдардаг бөгөөд 2 тоотод найзынхаа оюутан хүүхдийг түр байлгаж байгаа юм. Манайх 1 давхартаа 2 айлтай. Пүрэвсүрэн 2 тоотод амьдардаг ба бор өнгийн бүргэд хаалгатай, дотроо 3 өрөөтэй. Пүрэвсүрэнгийн амьдардаг өрөө тусдаа хаалгатай цоожтой байхаа. Манай гэрт 2 хүүхэд ирсэн ба манайх 1 сандалтай учир нөгөө хүүхдийг нь суулгах гээд 2 тоот өрөөг цоожтой байхаар нь онгойлгоод Эрдэнэцогтын офиссийн өрөөнөөс сандал авсан юм. Тэгээд буцаад гарахдаа хаалгаа цоожлоогүй байна лээ.  ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

өсвөр насны яллагдагч Я.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр ахыг дэлгүүр явсан хойгуур бид 2 тэр ахын эсрэг талын өрөө рүү нь орж үзье, сонирхоё гээд орсон чинь төгөлдөр хууран дээр нь Делл маркийн зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,  

яллагдагч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэр хаалга эхэндээ цоожтой байсан.Энхээ ах сандал авахаар орохдоо онгойлгочихоод тэр чигт нь онгорхой орхичихсон юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/ зэрэгт шүүх тулгуурлан доорх дүгнэлтийг хийв.

Өсвөр насны шүүгдэгч Я.Э, Э.Т нар нь 2017 оны өдөр 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 47 дугаар байрны 1 тоотод оршин суух гэрч С.Энхбаярын гэрт хоол идэж, түүнээс мөнгө зээлэх зорилгоор очсон байна. (гэрч С.Энхбаяр нь тус байрыг бүхэлд нь бариулж буй этгээд бөгөөд өөрөө тус байрныхаа 1 тоотод оршин сууж 2 тоотыг бусдад түээслүүлдэг.)  Шүүгдэгч нарыг гэрч С.Энхбаярын гэрт очих үед гэрийн эзэн өөрөө хаалгаа онгойлгож оруулан,  хажуу талынхаа 2 тоот өрөөг онгойлгон суух сандал авч гарахдаа тус хаалгыг түгжилгүй онгорхой орхисон байх ба улмаар гэртээ Я.Э, Э.Т нарыг орхиж дэлгүүр явсан байна. С.Энхбаярыг дэлгүүр явсан хойгуур Я.Э, Э.Т нар нь онгорхой байсан 2 тоот өрөөрүү  орж Ц.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 290.000 төгрөгийн үнэлгээтэй  “Dell” маркийн зөөврийн компютерийг нуцаар авсан үйлдэл болжээ.

Дээрхээс үзэхэд Я.Э, Э.Т нар нь иргэн Ц.Пүрэвсүрэнгийн түр оршин сууж байсан 2 тоот өрөөрүү түлхүүр тааруулж, эсхүл цоожтой байсан хаалгыг хүчээр онгойлгож орох зэргээр хууль бусаар нэвтрээгүй байна гэж шүүх үзэв. Хэдийгээр шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлж авсан байх боловч тэдгээрийн хулгайлан авсан эд зүйл нь 290.000 төгрөгийн үнэлгээтэй /хх-ийн 19х/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээний хохиролд тооцохоор байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэсэн байна.

Иймд  өсвөр насны шүүгдэгч Я.Э, Э.Т нарыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй, харин зөрчилийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Пүрэвсүрэн нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.9 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж овогт Я.Э, шүүгдэгч Ш овогт Э.Т нарт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатган, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.  

 

2. Өсвөр насны шүүгдэгч Я.Э, Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ