| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0242/З |
| Дугаар | 128/ШШ2024/0813 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК /РД:*********/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******** /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “******* *******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ********** 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ******** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр олгожээ.[1]
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай нэхэмжлэгч “******* *******” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******** дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гуравласан гэрээг байгуулжээ.[2]
2.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн А/634 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалаар “******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.[3]
2.4 Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол[4], 2023 оны 03 дугаар тогтоолыг[5] тус тус үндэслэжээ.
2.5 Маргаан бүхий актын 1 дэх заалтад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн[6] хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054[7], Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр[8] ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ************ болон ********** хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “… Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус үйлдэл гаргаагүй бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хилийн цэст залруулга орсон нөхцөл байдал нь газар ашиглагчаас үл хамаарах буюу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн газар ашиглахтай холбогдуулан гарсан зардал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдлуудыг шалган тогтоолгүйгээр шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэст өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулах бүрэн боломжтой байхад шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрх хариуцагчид байхгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “… Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарахгүй болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчөөгүй болно. Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинээр тогтоож, мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий актын үндэслэсэн шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хуульд тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул уг тушаал нь эрхийн зөрчилгүй захиргааны акт юм ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгч компани нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш тухайн газрын төлбөрт нийтдээ 97,715,000 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй. Маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгч компани холбогдох хууль журамд заасны дагуу тухайн газар ашиглах эрхийг авсан. Газар ашиглах эрхээ авснаас хойш Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд заасан газар ашиглагчаас зөрчил гаргаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан газар ашиглах эрхийг хүчингүй хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Маргаан бүхий актад дурдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан уулзалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын цэс алдаатай байсан гэдгийг харилцан зөвшилцсөн гэдэг агуулгыг дурддаг. Үүнтэй холбоотой баримтыг шүүхээс холбогдох байгууллагуудаас шаардахад уулзалтын тэмдэглэл байхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт дурдсан баримт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий актыг гарахаас өмнө тухайн газар дээр газар ашиглах эрх авсан байгаа хуулийн этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрөө төлөөд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх санхүүгийн асуудлуудыг харгалзаж үзэхгүйгээр шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар үгүйсгэж байна. Улсын их хурлын Байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явцад хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг байгуулсны дараа маргаан бүхий актаар аж ахуй нэгжүүдийн ********** болон ********** хилийн цэсэд залруулга орсонтой холбоотойгоор нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газар ашиглах эрхийг хариуцагч захиргааны байгууллага хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “дархан цаазат газрын байгалийн хэв шинж төлөв байдал, хөрс, ус, ургамал амьтны амь бие онцлог хүний үйл ажиллагаанд өртөх зэргийг харгалзаад дараах бүсүүдэд хуваана” гээд хуваагдсан бүсүүдийн хязгаарлалтын бүсэд нь Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газар орж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйл болон 25.2 дахь хэсэгт заасан “тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг батлах, өөрчлөлт оруулах эрх” нь зөвхөн Улсын их хуралд байна. Улсын их хурал нь яаж өөрчлөлт оруулах вэ гэхээр Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д нь Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, ашиглах журам, уг газарт байрлах малын төрөл тоог тогтоох, мөн хулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт нь төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сумын засаг даргын саналыг үндэслэж гаргана гэж тус тус хуульчилсан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга гээд гурван төрийн байгууллагын шийдэх асуудал биш.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой зориулалтаар ашиглаж болох газар түүний ашиглах журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тогтоох ёстой. Хилийн цэстэй холбоотой асуудлыг зөвхөн Улсын их хурал тогтоох ёстой. Хуулиар Улсын их хуралд эрх хэмжээ нь олгогдсон бөгөөд Богдхан уулын хилийн цэсийг тогтоосон Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Тухайн тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон. Тухайн тогтоол болон тогтоолын хавсралтад ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй гэж үзэж байна.
Хил заагт нь өөрчлөлт орсон гээд ажлын хэсгийн хяналт шалгалт явахаас өмнө газар ашиглах эрх авсан хуулийн этгээдүүдийн хувьд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлын асуудал яригдана. Нэгэнт газар ашиглах эрх олгочхоод цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” яригдана. Анхнаасаа нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохгүй гэсэн бол газрын төлбөр болон бусад зардал гарахгүй байсан. Энэ нөхцөл байдлуудыг хариуцагч байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа харгалзаж үзээгүй.” гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Маргаан бүхий актад дурдсан хамтарсан уулзалтын тэмдэглэл хамтарсан уулзалт хийсэн байгууллагуудын алинд нь ч байгаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бол Улсын их хурал хилийн цэсийг өөрчлөх бүрэн эрхтэй. Маргаан бүхий актын гол үндэслэл нь Улсын их хурлын 1995 оны 26 тогтоолоор баталсан тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоосон байдаг. Энэ хил заагаар 1995 оноос хойш 2022 он хүртэл явсан. Гэхдээ Улсын их хурлын тогтоолын нэг асуудал нь 1995 оны байдлаар шон, засмал замын уулзвар гэх байдлаар явчихсан. Гэтэл энэ тоот шон аль нь юм бэ гэдэг асуудал үүссэн. Тусгай хамгаалалттай газрыг тогтоогоогүйгээс болж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын тусгай хамгаалалттай газруудын хил зааг нь энэ гээд мэдээллийн сан дээр биччихдэг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тусгай хамгаалалттай газрын асуудал хариуцаж байгаа нэгж нь манайхаар бол тусгай хамгаалалттай газрын хил нь Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан хил зааг нь энэ гээд мэдээллийн сандаа бас оруулчихдаг. Үүнээс шалтгаалан 2 эрх бүхий байгууллагаас өөр өөр хилийн заагийг барьснаас болж хилийн маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн. Тиймээс Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын хил заагийг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн.
2 газрын алинд нь хамаарч байгаагаа мэдэхгүй газар ашиглагч, газар эзэмшигч нар гарч ирсэн. Шүүх дээр энэ маргаан явахаар нэг бол тусгай хамгаалалттай газар эсвэл Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар байна гэдэг асуудал үүссэн учраас энэ хилийн заагийг кадастрын мэдээллийн санд солбилцолжуулаад шилжүүлээд, бодит байдал дээр тэмдэглэгээг нь хийгээд нэг мөр тогтоод үүнээс хойш бүх байгууллагууд тохирсон хил заагаар явах ёстой гэдэг шийдэлд хүрсэн.
Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт газар ашиглах гэрээ, гэрчилгээг цаашид эрх бүхий газартаа байгуулах гэдэг үүрэг чиглэл өгчихсөн байдаг. Барилга, хот байгуулалтын яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ирүүлсэн албан бичигтээ “… хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан уулзалт хийе” гэдэг байдлаар хандсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 дугаар сарын 02-ны 01/3458 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандахдаа “… Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс тогтоосон хилийн заагийн дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг Барилга, хот байгуулалтын яамны албан бичгийг хүргүүлж байна, энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байдаг. Маргаан бүхий акт гарахаас өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэд хэдэн удаа Нийслэлийн Засаг даргад хандаж бичиг явуулсан байдаг. Эцсийн байдлаар тохирсон хилийн заагаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газарт хамаарчихсан газарт манайх 80 иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгочихсон байна. Энэ асуудлаар цаашид Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудалд хамаарч байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахтай холбоотой харилцаа үүсэх юм байна гэдэг байдлаар 3 удаа хандсан байдаг. Нийслэлийн Засаг дарга тодорхой хариу өгөөгүй байж байгаад 01/5353 дугаар албан бичгээр “… цуцлах буюу хүчингүй болгох арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүсье” гэсэн.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт өөрийн эрх хэмжээний газар дээр газар ашиглах гэрчилгээ олгоод гэрээ байгуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. Хилийн заагаар “******* *******” ХХК-ийн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагдахаа больсон буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хязгаарлалтын бүсэд орохоо больсон гэсэн үг. Хэрвээ газар ашиглах эрхийг буцаагаад сэргээнэ гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний асуудал биш болчихсон гэсэн үг. Нийслэлийн хилийн цэс дотор орчихсон газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгох ямар ч боломжгүй болчихсон. Маргаан бүхий актын үндэслэл болсон баримт бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгчид газар ашиглах, эзэмших эрх олгох, цаашлаад гэрээ байгуулах үүргийг хүлээх ёстой захиргааны байгууллага нь Нийслэлийн Засаг дарга байна.
Хэрвээ шүүхээс газар ашиглах эрхийг нь үргэлжлүүлээд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар одоо тусгай хамгаалалттай газар байхаа больчихсон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага шүүхийн шийдвэрээр биелэгдэх боломжгүй юм. Нэхэмжлэгч ч гэсэн Нийслэлийн Засаг дарга руу “…газар ашиглах эрхтэй байсан газарт эзэмших эрх олгож өгнө үү” гэдэг байдлаар хандсан байсан. Нийслэлийн Засаг даргаас “…газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотойгоор төлөвлөгөөнд ороогүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй байна” гэдэг хариуг өгсөн. Маргаан бүхий акт, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Нийслэлийн Засаг дарга болчихсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалын үндэслэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрлийг сонгож маргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд, энэхүү маргааны гол үйл баримт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгчид олгосон ашиглах эрх бүхий газар нь энэхүү маргааныг шийдвэрлэх цаг мөчид Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэст хамаарах уу, эсхүл Нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах уу гэдэгт оршиж байна.
1.3. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ********** 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ******** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр олгожээ.
1.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай нэхэмжлэгч “******* *******” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******** дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гуравласан гэрээг байгуулсан байна.
1.5. Харин маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн А/634 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалаар “******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
1.6. Дээрх тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол[9], 2023 оны 03 дугаар тогтоол[10] байна.
1.7. Маргаан бүхий актын бодит үндэслэлд буюу 1 дэх заалтад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн[11] хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054[12], Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр[13] ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ******** болон ********** хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч компани багтжээ.
1.8. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх зарчимтай тул дараах агуулгаар эрх зүйн тухайлсан дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
1.9. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг үндэслэснийг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
1.10. Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн хэсгийн 3 дахь заалтад “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон.” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;” гэж тус тус заасан зохицуулалтууд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг /эзэмших эрхтэй газрын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээг/ хүчингүй болгосон тохиолдолд хэрэглэгдэх учиртай.
1.11. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй, харин Богдхан уулын дархан цаазат газрын ******* болон ********** хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь захиргааны актын бодит үндэслэлд нийцээгүй байна.
1.12. Иймд эдгээр хуулиудын дурдсан заалтуудыг үндэслэсэн нь хууль бус гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
1.13. Харин маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэснийг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэлээ. Тайлбарлахад:
1.14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж заажээ.
1.15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохынхоо хувьд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хүлээжээ.
1.16. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй.
1.17. Харин Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[14] “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулж, улмаар Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол тус тус гарч, түүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054[15], Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/5353 дугаартай[16] албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын ********** болон ********** хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 53-т[17] нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ********** дахь ашиглах эрх бүхий 3.0 га газар орсон байна.
1.18. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар “Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх” гэж заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг анх тогтоохдоо арга зүйн хувьд уулын өндөрлөгөөр баримжаалан хилийн заагийг тогтоосон байсныг арга зүйн хувьд координацийн утгаар нь Газрын мэдээллийн нэгдсэн санд зөвтгөж буюу залруулан бүртгэсэн байна.
1.19. Дээрх агуулгаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь энэ агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна.
1.20. Ийнхүү Газрын мэдээллийн нэгдсэн санд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг зөвтгөн /залруулан/ бүртгэсний дараах байдлаар үзэхэд урьд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгож байсан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн газар нь Нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах болсон нь Газрын мэдээллийн нэгдсэн санд хийсэн үзлэгээр[18] тогтоогдсон болно.
1.21. Иймээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Хэрвээ шүүхээс газар ашиглах эрхийг нь үргэлжлүүлээд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх боломжгүй ...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1.22. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд энэ талаар шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, зайлшгүй Улсын Их Хурлаас шийдвэр гаргах ёстой ...” гэх агуулга бүхий тайлбарыг хэлснийг шүүхээс дүгнэх боломжгүй.
1.23. Учир нь, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолуудын эрх зүйн үндэслэлд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 дахь хэсгүүдийг[19] тус тус үндэслэсэн байгаагаас үзвэл, Монгол Улсын Их Хурлын байнгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль тогтоох байгууллагаас өөрийн тогтоосон хууль, тогтоолын хэрэгжилтийг хянан шалгах[20] онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр буюу үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарах асуудал байх тул энэ талаарх Улсын Их Хурлын байнгын хорооны эрх хэмжээний талаар Захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй.
1.24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэх хууль зүйн боломжийн тухайд:
2.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах.
Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж заасан.
2.2. Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэжээ.
2.3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичигт “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье ...” гэсэн байна.
2.4. Дээр дурдсан Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол, албан бичигт “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын агуулгыг хангаж, энэ хүрээнд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Нийслэлийн Засаг даргад хандан газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах буюу газар эзэмших, ашиглах эрх олж авах талаар хүсэлт гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх тул эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг тухайлан тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалын “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 9 дэх тал
[2] Хх 14-16 дахь тал
[3] Хх 18-19 дэх тал
[4] Хх 110-111 дэх тал
[5] Хх 112-113 дахь тал
[6] Хх 198-200 дахь тал
[7] Хх 114-115 дахь тал
[8] Хх 117 дахь тал
[9] Хх 110-111 дэх тал
[10] Хх 112-113 дахь тал
[11] Хх 198-200 дахь тал
[12] Хх 114-115 дахь тал
[13] Хх 117 дахь тал
[14] Хх 131 дэх тал
[15] Хх 114-115 дахь тал
[16] Хх 117 дахь тал
[17] Хх 29 дэх тал
[18] Хх 69-73 дахь тал
[19] Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль:
8.1.Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байна.
8.2.Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар /цаашид "цаглавар" гэх/-т тусган хэрэгжүүлнэ.
8.3.Байнгын, дэд хороо дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /цаашид "Төрийн байгуулалтын байнгын хороо" гэх/-нд хүргүүлнэ.
[20] Монгол Улсын Үндсэн хууль:
25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт - “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”