Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2020/00034

 

 

 

“Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн

ажлын алба”-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Х.Ж,

 

Хариуцагч: А.Ж нарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 2 365 392.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны автозамын гэрлийн шон, түүний суурь, суурилуулах ажлын хөлс 3 000 000 төгрөг болсон. “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 2019 оны 11-р сарын 18-ны өдөр Х.Ж гэгч нь Истана маркийн 15-55 ДГС улсын дугаартай автомашинаар зам тээврийн осол гаргасны улмаас чөлөөт бүсийн автозамын гэрэлтүүлгийн шон, шонгийн бетон суурь эвдрэн ашиглах боломжгүй болж чөлөөт бүсийн замын хөдөлгөөнд саад учруулсаар байна. Иймд дээрх хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: “...Замын-Үүд чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэг ширхэг гэрлэн шонг засварлаж суурилуулахад Замын-Үүд нийтийн аж ахуйн үйлчилгээ ОНӨХХК-ийн ирүүлсэн үнийн санал, хэрэг гарсан өдрийн Монгол банкны ам.долларын ханшийг үндэслэн 616*2,703.56=1 665 392.96$, ажлын хөлс 700 000 төгрөг, нийт 2 365 392.96 төгрөг болгож өмнө нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагчаас нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: “...Хариуцагч Х.Ж нь зам тээврийн осол гаргаж манай байгууллагад хохирол учруулсан. Удаа дараа янзалж өг гэж хариуцагч нарт хандаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бид байгууллагын дансанд байгаа үнээр нэхэмжилж байна. Манайд уг гэрлийн шон нь 1 400 000 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдсэн. Мөн тус орон нутгийн хот тохижуулах компани хийх ажлын хөлс, техникийн хөлсийг тооцон гаргасан байдаг. Хийх хөлс нь 700 000 төгрөг болно гэсэн. Иймд хариуцагч нараас нийт 2 100 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2019 оны 11 сарын 18-ны өдөр аваар осолд орсон. Аваарт орохдоо шонгийн мод мөргөсөн нь үнэн. Миний бие аваарт орсноос хойш өдийг хүртэл эдгэц удаантай, хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. Би өөрийн гэсэн гэр оронгүй, айлын гэрт амьдардаг нэн ядуу байдаг. Тиймээс би энэ хямралын үед ажил хийх чадваргүй тул энэ шонгийн модны мөнгөн торгуулийг төлж чадахгүй. Иймд миний хүсэлтийг харгалзан үзнэ үү...” гэжээ.  

 

Хариуцагч А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн үнийн дүнг би анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй. Хэт өндөр үнэлсэн байгаа. Жанчивсэнгээд би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодуулан явж байгаад ийм осолд орсон. Ийм учир би тээврийн хэрэгслийн эзэн гэдгээр энэ хэрэгт татагдан орж ирсэн. Удаа дараа шинжээч томилж бодит үнэ тогтоолгох хүсэлт гаргаж байсан. Сүүлд ирсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Итгэл Эстимэйт ХХК нь гэрлийн шон болон ажлын хөлс нийлээд 917 840 төгрөгөөр үнэлсэн байсан. Би өөрөө хийгээд өгье гэж энэ байгууллагын төлөөлөгчид хэлж байсан. Тохирох боломжтой юм ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй болсон. Нэхэмжлэгч тал элэгдэл хорогдол хасахгүйгээр дансанд байгаа үнийн дүнгээр хохирлыг барагдуулна гэж байгааг зөвшөөрөхгүй...” гэв.  

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Ж, А.Ж нараас 917 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 182 160 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Ж, А.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 26 578 төгрөгийг гаргуулах улсын орлого болгохоор,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардлаас үлдсэн 50 000 төгрөгийн 50 хувь болох 25 000 төгрөгийг нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас, үлдэх 25 000 төгрөгийг хариуцагч Х.Ж нараас тус тус гаргуулж Итгэл Эстимэйт ХХК-д олгож,

 

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Ж, А.Ж нар нь 2019 оны 11-р сарын 18-ны өдөр Чөлөөт бүсийн нутаг дэвсгэр, авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж, зам тээврийн осол гаргаж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс хойших хугацаанд Чөлөөт бүс, Замын-Үүд боомтын авто замын аюулгүй байдал хангагдахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй, замын хөдөлгөөнд саад учруулсаар байна. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар гаргасан хариуцагч талын хөрөнгийг битүүмжилж өгөх тухай хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг харгалзаж үзээгүй ба шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Уг гэрлийн шон нь Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд 2019 оны 10-р сарын 02-ны өдөр буюу осол гаргахаас 1 сар гаруй хугацааны өмнө хүлээн авсан шинэ эд хөрөнгө бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр тогтоосон үнийн дүнг анх нэхэмжилсэн. Дараагийн удаа анхны үнийн дүнг бууруулан зах зээлийн бодит үнийг судлан 2 100 000 төгрөг болгон нэхэмжилсээр байтал үнэлгээг дахин хийлгэх гэсэн хариуцагчийн хүсэлтийг хангаж тус шүүхийн шийдвэрээр “Итгэлт Эстимэйт” ХХК гэх Улаанбаатар хотод байршилтай үнэлгээний компаниар хийлгүүлсэн гэрлийн шонгийн хохирлын үнэлгээ /917840 төгрөг/ нь зах зээлийн бодит үнэд нийцэхгүй /тухайн орон нутгийн өмчит хот тохижилтийн компанид хандан үнийн саналыг авахад зөвхөн шонг суурилуулах ажлын зардалд гэхэд 700000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг хүргүүлсэн/, хохирлыг барагдуулан тухайн шонг босгох боломжгүй зардал байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 25-ны өдөр гаргасан 137/ШШ2020/00323 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд төрийн байгууллагын хохирлыг бүрэн барагдуулан Чөлөөт бүс, Замын-Үүд боомтын авто замын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхны нэхэмжлэлийн дүнг бууруулсан хэмжээгээр /2100000 төгрөг/ тогтоох шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.    

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь хариуцагч Х.Жд холбогдуулан гэм хорын хохиролд 3000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Жг хамтран хариуцагчаар татаж /хх-63, 85/, нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа багасгаж эхний удаа 2365392,96 төгрөг /хх-91/, шүүх хуралдаанд 2100000 төгрөг болгон өөрчилсөн ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өндөр, үнэтэй, шонг биетээр нь засч өгнө гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг хэрэглэж хариуцагч Х.Ж, А.Ж нараас 917840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх 1182160 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг  нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа эс зөвшөөрч “... шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар гаргасан хүсэлтийг харгалзаж үзээгүй, ... шонгийн хохирлын үнэлгээ 917840 төгрөг нь зах зээлийн бодит үнэд нийцэхгүй, ... шонг босгох боломжгүй зардал байгаа тул ... анхны нэхэмжлэлийн  дүнг бууруулсан хэмжээгээр /2100000 төгрөг/ тогтоох шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Х.Ж нь хариуцагч А.Жгийн өмчлөлийн Istana маркийн 15-55 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус  зөрчсөнөөс буюу автомашины дугуй хагарсны улмаас Дорноговь аймгийн Замын –Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны автозамын зорчих хэсгийн дунд байдаг тусгаарлах зурвасын хашлага  даваад гэрлийн шон мөргөж гэрлийн шон, түүний суурийг болон бусад гэрэлтүүлгийн хэрэгслийг  гэмтээж гэр хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, харин  учирсан хохирлын хэмжээний талаар маргасан байна.

 

Нэгэнт хариуцагч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй ба хариуцагч Х.Жгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны эд хөрөнгөд гэм хор учруулснаас хохирол үүссэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон  учир тэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй, харин хариуцагч А.Жгийн хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Х.Жд шилжүүлснээс тэрээр бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч гэм хор учруулсан хохирлын хэмжээг нотлохоор “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” ZU-05/09-ийн 4 багц ажлын хүрээнд баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн задаргаа, “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн албан бичиг /хх-53/, Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийн сайжруулах төсөл”-ийн ажлын хүрээнд баригдсан барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн жагсаалт, задаргаа зэрэг бичмэл нотлох баримтыг ирүүлж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2100000 төгрөгөөр тооцжээ.

 

Харин хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр гэм хор учруулсан хохирлын хэмжээ буюу нийт зардлыг /хх-225/ 917840 төгрөгөөр тогтоожээ.

 

Өөрөөр хэлбэл гэм хор буюу учирсан хохирлын хэмжээний талаар хэрэгт дээрх 4 бичмэл баримт цугларсан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” ZU-05/09-ийн 4 багц ажлын хүрээнд баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн задаргаа /хх-19-22/, мөн Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн баримтуудыг /хх-157/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д нийцээгүй, “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн албан бичгийг ойлгомжгүй гэж тус тус үзэж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм хор учруулсан хохирлын хэмжээг 917840 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтад байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах боловч энэ нь тухайн хэргийн оролцогч байгууллага, хуулийн этгээдэд хамааралгүй буюу тэдгээр нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

 

Гэтэл хэрэгт цугларсан “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” ZU-05/09-ийн 4 багц ажлын хүрээнд баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн задаргаа баримтад нэхэмжлэгч өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарсан, Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийн сайжруулах төсөл”-ийн ажлын хүрээнд баригдсан барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн хөрөнгийн жагсаалт, задаргаа баримтыг эх баримт гэж үзэх үндэслэлгүй ба хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулаагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй.

           

Түүнчлэн “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн албан бичигт дурдсанаар ажлын хөлсийг нийт 700000 төгрөгөөр тооцохоор байгаа боловч энэхүү тооцоолол нь зөвхөн Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны автозамын гэрлийн шон, түүний суурийг болон бусад гэрэлтүүлгийн хэрэгслийг  засах ажлын хөлс гэж үзэх үндэслэлгүй ба тухайн байгууллагаар уг ажлыг хийлгэсэн тохиолдолд тухайн зардал гарна гэж үзэх бөгөөд Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” ОНӨХХК болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хооронд гэрлийн шон, түүний суурийг болон бусад гэрэлтүүлгийн хэрэгслийг  засах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг үнэлгээг эд хөрөнгийг засахад гарах зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд энэ утгаараа анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж учирсан хохирлын хэмжээг тогтоосон нь энэхүү хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зардал хохирлын хэмжээг зөвшөөрөөгүй байх боловч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, мөн уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн өөр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нотлоогүй гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай буюу хариуцагч А.Жгийн банкин дахь данснуудыг битүүмжлэх тухай хүсэлтийг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Х.Ж, А.Ж нараас гэм хорын хохиролд нийт 917840 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцсэн, эдгээр хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

 

                                                                                                      Н.БАТЧИМЭГ