Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/558

 

 

 

 

 

 

    2023            5             25                                        2023/ДШМ/558          

 

 

Ч.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           хохирогч Б.Н,

           шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Б.Баттулга

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Н, шүүгдэгч Ч.Тгийн өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Тд холбогдох эрүүгийн 2210021360023 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ар далай Хаан овгийн Ч.Т, 1971 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэм Транс ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .................. хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../;

  Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төв хүртэл автобусаар үйлчлүүлсэн хохирогч Б.Нтай маргалдаж, түүний толгой хэсэг рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж улмаар духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ар далай Хаан овогт Ч.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн эдлэх 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгээс 151.234 /нэг зуун тавин нэг мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Соёолж” худалдааны төв хүртэл “17Б” гэсэн чиглэлийн автобусанд суухдаа карт дахь мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул мөнгө өгөх хооронд тухайн автобусны жолоочийн хүчирхийлэлд өртсөн билээ. Тухайн автобусны жолооч эмэгтэй миний биед санаатайгаар гэмтэл учруулсан, мөн гэмтлийн улмаас удаа дараа ажлаасаа чөлөө авч толгойн гэмтлээс болж байнга толгой өвддөг болсон тул гомдолтой байна. Мөн шийтгэх тогтоол гарсны дараа миний ажлын байранд ирж намайг дарамталсан тул энэ хүнд арга хэмжээг нь авч өгнө үү. Мөн надад учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол болгож 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд ажлаа чөлөө авсан өдрийн цалин болон удаа дараа эмнэлэгт хэвтсэн болон бусад хохирлыг төлүүлж өгөхийг хүсч байна. Үүнд нийт 23 хоногийн цалин болох 1.568.000 төгрөг, толгойн бариа эмчилгээнд 500.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 515.000 төгрөг, усны шилэн сав /оспринг/ 120.000 төгрөг,  цамцны үнэ 160.000 төгрөг гэх мэтчилэн эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлын зардал гарсан тул нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Тгийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон гол үндэслэл нь хохирогч Б.Нгийн мэдүүлэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үнэлж дүгнэх боломжгүй юм. Учир нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд хохирогч Б.Н нь нийтийн тээврээр зорчих үедээ төлбөрөө төлөөгүй ба төлбөр мөнгөө төлж зорчино уу гэх шүүгдэгчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжлон биед нь халдсан талаарх үйл баримт энэ хэргийг нүдээр харж, чихээр сонссон хоёр гэрчийн мэдүүлгээр тогтоогддог юм. Түүгээр ч барахгүй тухайн хоёр гэрчийн мэдүүлгийн агуулгаас үзвэл хохирогч Б.Н нь тухайн нийтийн тээвэрт явсан олон зорчигчдод хүндрэл учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдэл, зан авир гаргасан байдаг. Цаашлаад тухайн нийтийн тээврийн хөдөлгөөнийг саатуулж автобусны буудал дээр замыг нь хааж, шил арчигчаас нь зуурч зогссон ба шүүгдэгч арга буюу цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага, мэдээлэл өгсөн нь хавтаст хэрэгт тусгагдсан байдаг. Эдгээрээс дүгнээд үзэхэд хохирогч Б.Нгийн мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үнэлж, дүгнэх нь учир дутагдалтай байна. Энэ хэрэг нь гэгээн цагаан өдөр, нийтийн тээвэрт олон хүний нүдэн дээр үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл маш олон гэрчтэй боловч хоёрхон хүнийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн хоёр гэрч нь хэргийн талаар мэдэх зүйлээ мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Нгийн гаргасан зүй бус үйлдлийг маш тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчийн биед халдсан талаар нэг ч үг мэдүүлээгүй байгаа. Гэтэл шүүхээс уг мэдүүлгүүдийг бодитой, үнэн зөв үнэлж дүгнэж чадаагүй ба эсрэгээр нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа мэтээр дүгнэсэн тул өмгөөлөх тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч Ч.Т анхнаасаа гэмт хэрэг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдүүлж ирсэн. Хохирогчийн биед санаатай халдах нь битгий хэл өөрийг нь цохиж, зодох үед ч аргагүй хамгаалалтын шинжтэй хариу үйлдэл ч хийгээгүй тул хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулах боломжгүй хэмээн мэдүүлдэг. Өмгөөлөх тал хохирогчийг хэрэг болсон цаг хугацаатай ойролцоо хугацаанд өөр байдлаар биедээ гэмтэл, шарх авсан байх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь тухайн хэрэг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн орчим гарсан талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч 103-ийн эмчийн үзлэгийн хуудаст 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэж тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг гарахаас 1 хоногийн өмнө эмч үзсэн баримт авагдсан. Дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгч хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй, эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу Ч.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нийтийн тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд олон хүний амь насыг хариуцсан хариуцлагатай ажил эрхэлдэг байсан. Тухайн хэрэг гардаг өдөр цөөхөн зорчигчтой явж байсан бөгөөд “Барс” худалдааны төвөөс өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 10 гаруй зорчигч орж ирсэн. Зорчигчид бүгд автобусны картаа уншуулж төлбөрөө төлж үйлчлүүлсэн. Гэтэл ганцхан эмэгтэй картаа дарахгүй явсан бөгөөд “эмэгтэй таны карт уншсангүй” гэхэд хохирогч Б.Н ирээгүй. Би тухайн үед хохирогч Б.Нгийн нэрийг мэдэхгүй учраас “таны карт уншсангүй” гэж хэлээд түүний биед нь хүрэхэд “муу автобусны гуйлгачингууд мөнгө авах гэж ингэдэг байхгүй юу” гэж хэлээд миний толгой руу барьж явсан усны саваараа цохисон. Би маш их айж сандран “та яагаад намайг зодож байгаа юм бэ” гэхэд хохирогч Б.Н “муу автобусны жолооч нар ингэж давардаг байхгүй юу” гэж орилсон. Тухайн үед автобусны урд, ард талын хаалганууд онгорхой байсан бөгөөд би “та бууна уу” гэхэд оюутан охин ирээд “эгчээ та тайвшраад жолоогоо бариад явчих, энэ хүний төлбөрийг би төлье” гэж хэлээд жолооны ард суулгасан. Би цааш замын хөдөлгөөнд оролцож явахдаа мэдрэл муутай хүнд автобусны картаа уншуул гэж шаардлага тавьсан байна гэж бодож явсан. Удалгүй автобус зорчигчдоор дүүрсэн. Гэтэл хохирогч Б.Н “та нар муу гуйлгачдад мөнгө өгч даврааж байна. Даварсан гуйлгачид” гэж хэлээд гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Би “та тайвширна уу. Би замын хөдөлгөөнд оролцож байна” гэж хэлсэн. Нийтийн тээврээр үйлчлүүлж байсан зорчигчид хүртэл хохирогч Б.Нг “чи болиоч ээ, галзуу юм уу” гэж хэлж байсан. Гэтэл хохирогч Б.Н гэнэт миний нүдний шил рүү цохисон. Иймд би цааш замын хөдөлгөөнд оролцож чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул арай гэж автобусаа зогсоосон. Хохирогч Б.Н намайг гарт таарсан бүхнээрээ цохиж байсан тул би түүний гар утсыг нь булааж авсан. Учир нь, би хохирогчийг танихгүй бөгөөд цагдаад хүлээлгэж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Би хохирогч Б.Нгийн биед огт гар хүрээгүй. Нийтийн тээвэрт үйлчлүүлж байгаа зарим зорчигчид картаа дарахгүй явах тохиолдол багагүй гардаг. Тухайн үед би хохирогч Б.Нг картаа уншуул гэж ч хэлээгүй. Харин “таны карт уншигдсангүй” гэж хэлэхэд “миний биед бузар гараараа битгий хүр” гэж хэлсэн. Хохирогч Б.Н миний нүдний шил рүү цохиж хагалахдаа хамрыг минь гэмтээсэн бөгөөд эдгэхдээ сорвитой эдгэсэн. Гэтэл би өнөөдөр гэм буруутайд тооцогдож, шүүгдэгч болоод зогсож байгаадаа маш их харамсаж байна. Би үнэхээр гомдолтой байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна .Надад хүний биед халдаж, гэмтээх ёс зүй байхгүй. Би олон жил нийтийн тээврийн хэрэгслийн жолоочоор ажилласан ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төв хүртэл автобусаар үйлчлүүлсэн хохирогч Б.Нтай маргалдаж, түүний толгой хэсэг рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж улмаар духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Нгийн “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Барс захын автобусны буудлаас Сансар, Замын цагдаа гэсэн чиглэлтэй автобусанд суусан бөгөөд картаа дарсан чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочид энд карт цэнэглэдэг газар байдаггүй гэж хэлсэн. Тэгтэл араас хүмүүс орж ирээд би түлхэгдээд хойшоо явчихсан ба цүнхээ уудлаад бэлэн мөнгө байгаа эсэхийг алгаж байтал жолооч миний араас хүрч ирээд намайг чирч буулгах гээд байхаар нь би тэр жолоочид байж байгаач би утсаараа картаа цэнэглээд төлбөрөө төлчихье гээд утсаа гаргаад ирсэн чинь миний цамцнаас заамдаж аваад биерүү түлхээд гараараа цохиод байхаар нь би тэр жолоочийг намайг битгий цохиод бай гэж хэлээд буцаагаад жолоочийн мөр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл буцаагаад намайг цохисон. Тэгтэл хажуугаас нэг хүн май гээд миний өмнөөс тэр жолоочид 500 төгрөг өгсөн чинь тэр жолооч мөнгийг нь авчхаад намайг буу гээд хөөгөөд байсан. Би тухайн үед гартаа шилтэй ус барьчихсан байсан ба гараараа жолоочийг түлхсэн чинь чи намайг шилтэй усаар цохилоо гэж хэлээд миний гараас шилтэй ус булааж аваад миний толгойны зүүн чамархай хэсэгт нэг удаа цохисон. Тэгснээ миний шилтэй усыг хаалгаараа гаргаад шидчихсэн. Тэгээд рулийнхээ ард очоод суучихсан. Тэгэхээр нь би гар утсаар гаргаж ирээд бичлэг хийсэн чинь гар утсыг минь булаагаад авчихсан өгөхгүй Барсын автобусны буудал дээрээс хөдлөөд явсан. Замдаа гар утсаа авах гэсэн боловч өгөөгүй, нэг эрэгтэй хүн бид хоёрын дундуур ороод боль би буухдаа гарг утсыг чинь аваад өгнө гэж хэлтэл нөгөө жолооч ахиад миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрийг нь гараараа алгадаж цохисон. Тэгтэл нүдний шил нь газар унаж хагарсан. Тэгээд Соёолж төвийн автобусны буудал дээр зогсохоор нь буугаад замыг нь хааж зогссон. Тэгээд би хүн гуйж утсыг нь аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” /хх 18-21/,

гэрч И.Т “...Автобусны жолооч нэг эмэгтэйг картаа уншуулаарай гэхэд уншуулахгүй хойшоо яваад өгсөн. Жолооч араас нь очоод картаа уншуулахгүй бол буу гээд гараас нь татахад  буухгүй байсан. Зорчигч нар ажлаасаа хоцрох гээд байна гэхэд нэг охин би мөнгийг нь төлье гээд төлсөн. Жолооч автобусаа хөдөлгөөд явж байхад нөгөө эмэгтэй жолоочийн араас очиж гар утсаараа бичлэг хийсэн. Мөн гараараа нүүр лүү нь жолоочийг цохиход ёооё болиоч гэхэд тус эмэгтэй гартаа байсан нэг усны шилээн саваар дахиад толгой руу цохиход жолооч булааж аваад хаалгаараа гаргаад шидэхэд шилэн сав хагарсан.  ....” /хх 33/,

гэрч С.О“...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би Андуудын буудлаас суусан. Барсын автобусны буудлаас Нарантуяа хамгийн эхэнд орж ирээд картаа дарахад уншигдаагүй. Гэтэл жолооч таны карт дарагдсангүй гэсэн. Тэгэхэд “новшнууд, гөлөгнүүд” гээд орилсон. Дараа нь автобус явж байтал Замын цагдаагийн уулзварын наана жолоочийн рулийг нь мушгисан. Хүмүүс бууцгаая гэсэн. Жолооч “хүүе ээ нүдний шил хагалчихлаа, нүд сохолчихвол яах байсан юм бэ” гээд орилсон. Хүмүүс цагдаа дуудъя гэсэн. Жолооч надад туслаач гэж хэлсэн. Би буугаад өөр автобус хүлээж байгаад ирэхгүй байсан тул буусан автобус руугаа буцаж ирсэн. Тэр үед хохирогч автобусны шил арчигчийг бариад зогсож байсан. Би буцаж автобусанд орж жолоочид утсаа өгөөд цагдаа дуудсан. ...” /хх 35-36/,

шүүгдэгч Ч.Т яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 17б буюу сансар вокзалын чиглэлд автобус жолоодож явж байхад барсын урд талын автобусны буудал дээр нэг эмэгтэй суугаад цүнхээ хальт карт уншуулдаг хэсэгт хүргээд яваад өгөхөөр нь  хөөё эмэгтэй карт чинь уншсангүй ирээд картаа уншуулаарай гэхэд ирэхгүй болохоор нь автобусны буудал дээр зогсож байсан учруус хойшоо заал руу очоод биеээс нь татаад таны карт уншсангүй гэхэд миний биед битгий хүр гээд барьж байсан усныхаа саваар толгой руу дэлсээд авахаар нь яаж байгаа юм гэхэд автобусны жолооч нар мөнгө авах гэж ингэж байхгүй юу новш нар гээд дахиад усны саваараа цохихоор нь айсандаа усны савыг нь аваад хаалгаар шидээд араас нь буух болов уу гэхэд буугаагүй. Тэгэхээр нь би танд үйлчилж чадахгүй нь буухгүй юу гэхэд буухгүй гэхээр нь ингэж толгойруугаа цохиулчихаад автобус жолоодож чадахгүй гэхэд автобусны хойно сууж байсан нэг эмэгтэй эгчээ бид нар яараад байна, тайвшраад явчих би өмнөөс нь төлье гээд нөгөө эмэгтэйг та ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би автобусаа жолоодоод явж байхад тус эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд бараг нүүрэн дээр гар утсаа  наагаад байхаар нь та болиоч ээ мөнгө төлсөн хүндээ баярлалаа гээд зүгээр явж болохгүй юу гэж зөндөө гуйхад намайг зүй бус үгээр доромжлоод байхаар нь хурдан яваад буух газар нь буулгана гэж бодож байхад гараараа нүүрлүү дэлсээд цохиод миний нүдний шил хагараад эвдрэхээр нь автобусаа арай хийж зогсооход нэг эрэгтэй хүн салгаад чи яаж байгаа эргүү авгай вэ, олон хүн явж байхад аваарт орууллаа гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэй Соёолж төвийн автобусны буудал дээр зогсоход автобус явуулахгүй, гар утсаа авъя гээд урд гарч зогсоод хөдөлгөөнд оролцуулахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн.  Би гараас нь усны савыг нь бариад булааж авч автобусны голын хаалгаар шидсэн, өөрөөсөө холдуулахын тул хоёр гарыг нь бариад тэвэрсэн. Дахиж ойртоогүй.  Харин миний нүдний шил хагараад сэтгэл санаагаар хохирсон, би нүдний шилээ “хараа зүйн төвд” 130.000 төгрөгөөр янзлуулсан. ...” /хх 93-94/

шинжээч эмч О.Болороогийн “...Духны зүүн хэсэг, зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хоёр бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 11199 дугаартай “...Б.Нгийн биед духны зүүн хэсэг, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 42-43/ гэсэн дүгнэлт,

102 тусгай дугаар өгсөн гомдол мэдээллийн тэмдэглэл /хх 12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-54/, хохирогч Б.Нгаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх 98-99/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-54/ зэргээр давхар нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.Тг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч Ч.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Ч.Тгийн өмгөөлөгч Б.Баттулга “...Ч.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хянавал,

Шүүгдэгч Ч.Тд холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд дээр гэмт хэрэг гарахад хохирогч Б.Нгийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, маргаан болсон талаар гэрч И.Тунгалаг /хх 33/, гэрч С.Оюунчимэг /хх 35-36/ нар харилцан зөрүүгүй мэдүүлжээ.

Хэрэгт буй шуурхай удирдлагын төвийн лавлагааны хуудсанд 2022 оны 8 сарын 12-нд дуудлага ирсэн,  тухайн өдөр цагдаагийн байгууллагаас хохирогчоор Б.Нг, гэрчээр Ч. Төмөрхүүгээс мэдүүлэг авсан байх бөгөөд хэн аль нь зодуулсан талаараа мэдүүлдэг бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Нд хөнгөн зэргийн гэмтэл гарсан бөгөөд уг гэмтлийг 2022 оны 8 сарын 12-нд үзүүлсэн Лазер мэд эмнэлгийн “ гавал ясанд хугаралгүй, нүдний ухархайны бүтэц хэвийн,тархины эдэд голомтонд өөрчлөлтгүй, зүүн чамархайн хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай, зөөлөн эдэд 2.30x4 см хэмжээтэй /+62/hu нягтралтай цустай: эмч И.Анармаа гэсэн үзлэг, болон биед үзлэг хийж тодорхойлсон байх тул уг дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоочийг хөдөлгөөнд саад учруулах байдлаар биед нь халдсан зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байх бөгөөд энэ талаар Ч.Т болон тухайн үед автобусанд зорчиж явсан зорчигч нарын зүгээс Б.Нгийн үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулах, гомдол гаргах эрх нээлттэй болохыг давж заалдах шатны шүүх дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Ч.Тд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хуульд заасан хэмжээний дотор багасгах боломжтой гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үзлээ.

            Хохирогч Б.Н “...надад учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол болгож 3.000.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул хохирогчийн 3.000.000 төгрөг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүйг дурдаж байна.

            Харин хохирогчийн Б.Нгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлтэй холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирлыг анхан шатны шүүх тооцохдоо ямар үндэслэлээр хохирлыг 151.000 төгрөг гэж дүгнэсэн ойлгомжгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хянаж үзэхэд  “Лазер мед” эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний 120.000 төгрөг, Энто фарм эмийн сангийн  62.340 төгрөг, “Өргөө фарм” эмийн сангийн 25.000 төгрөг /хх 98/ баримтаар нийт хохирогчид учирсан хохирол нь 207.340 төгрөг байх тул гэм буруутай этгээдээс тухайн хохирлыг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, өмгөөлөгч Б.Баттулгын “Хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Тг цагаатгах” талаар, хохирогч Б.Нгийн “3.000.000 төгрөг гаргуулах” талаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин анхан шатны шүүх шуурхай удирдлагын төвийн лавлагааны хуудсанд 2022 оны 8 сарын 12-нд дуудлага ирсэн,  тухайн өдөр цагдаагийн байгууллагаас хохирогчоор Б.Нг, гэрчээр Ч.Тгээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, прокурорын яллах дүгнэлтээр хэрэг үйлдсэн өдрийг 2022 оны 8 сарын 12-ны өдөр гэж тогтоосон байхад шийтгэх тогтоолд “2022 оны 8 сарын 10-ны өдөр” гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

            3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн эдлэх 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн эдлэх 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй. ...” гэж,

            5 дахь заалтын “...шүүгдэгч Ч.Тгээс 151.234 /нэг зуун тавин нэг мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд. ...” гэснийг “...шүүгдэгч Ч.Тгээс 207.340 /хоёр зуун долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ

                                   ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ