Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/513

 

                                                               Р.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Алтангэрэл,

яллагдагч Р.Л, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Алтангэрэлийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцэл болон яллагдагч Р.Л-н өмгөөлөгч Ц.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Л-д холбогдох 2010 00592 0285 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Р-н Л, ..........., ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Яллагдагч Р.Л нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ........ тоот хашаанд Л.Г-той үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар 1 дүгээр ........ тоотын гадна түүний толгойн тус газар нь цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулан хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Р.Л-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийхээр заасан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш энэ ажиллагааг хийгээгүй, орхигдуулсан байна. Хавтаст хэрэгт яллагдагч Р.Л-н хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан байх боловч тухай баримтууд 2020 оны баримтууд байх тул эдгээр баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин авахуулж, хэрэгт хавсаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээчдийн дүгнэлт, ял шалгах хуудас болон оршин суух хаяг болон хэн хэнтэйгээ хамт амьдардаг тухай баримтууд бүгд 2020 оны баримтууд байна. ... Мөн дээд шатны прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаар тогтоолоор тус прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 580 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн /2 хх 213-214/ бөгөөд уг тогтоолд дурдсан ажиллагааг хийхээр Эрүүл мэндийн яаманд хандсан боловч Эрүүл мэндийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3-2/5240 дугаартай албан бичигт “...Манай байгууллага шинжээчээр шууд томилох эрхгүй бөгөөд Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, гишүүд нь хэрэгт шинжээчээр ажиллах эсэх шийдвэрийг гаргах ба тухайн мэргэжлийн салбар зөвлөл рүү албан бичгээр хандана уу...” гэсэн байх тул яллах дүгнэлтийг хүчингүй болгосон Ерөнхий прокурорын тогтоолд дурдсан ажиллагааг хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ ажиллагаатай холбоотой шинжээч нарыг асуух, мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой эсэх, боломжтой бол зөрүүтэй дүгнэлт гаргасан шинжээч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийх боломж зэргийг харгалзах нь чухал ач холбогдолтой. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй тул яллагдагч Р.Л-д холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Р.Л-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн хохирогч, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдав. Яллагдагч Р.Л, түүний өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаалгахаар гаргасан хүсэлтүүдийг шүүх шаардлагагүй гэж үзсэн учир хүлээн аваагүй бөгөөд энэ хүсэлтүүдээ мөрдөн шалгах болон прокурорын шатанд гаргах эрх нээлттэйг тэмдэглэж байна гэжээ.

Прокурор А.Алтангэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Р.Л-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон, түүнчлэн тус хэрэгт хамгийн сүүлд 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлт гаргасан бөгөөд прокуророос дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба Р.Л-д холбогдох хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт... гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар хянан хэлэлцэхийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан анхан шатны шүүх хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой байна. Мөн хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц, гэрч С.М, Б.Б нарын мэдүүлгүүд Б.Буянтогтохын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч Б.Б, Г.Г, Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын зөвлөх шинжээч эмч Ц.Ганболд, мэргэшсэн шинжээч эмч Б.Ариунзул, ахлах шинжээч эмч Ж.Ганцэнгэл, шинжээч эмч О.Болороо, Б.Цолмон, эд эсийн шинжээч эмч Д.Долгормаа, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх зэргийн эмч Б.Баттөгс нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 396 дугаартай дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээч нарыг зөрүүтэй дүгнэлт гаргасан шалтгааныг тогтоохоор нүүрэлдүүлэн байцаах талаар заасан нь тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокуророос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу зөрүүтэй дүгнэлт гаргасан шинжээч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг заавал мөрдөн шалгах ажиллагаагаар бус шүүх хуралдааны явцад шинжээч нарыг оролцуулан, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн үнэлж дүгнэх боломжтой юм. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/446 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Р.Л-н өмгөөлөгч Ц.Дагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар 2023/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжид “...яллагдагч Р.Л, түүний өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаалгахаар гаргасан хүсэлтүүдийг шүүх шаардлагагүй гэж үзэн хүлээн аваагүй бөгөөд энэ хүсэлтүүдээ мөрдөн шалгах болон прокурорын шатанд гаргах эрх нээлттэйг тэмдэглэж байна... “ гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэрч Б.Б “... 03 сарын 19-ний өглөө гэрээс гарахад хашааны буланд А, Г, Б, Г, М нар байсан Г манай охин цэргийн баяр гээд архи өгсөн гээд 1 шил архийг хуваагаад уусан... “ гэж мэдүүлсэн, гэрч Д.Д “...Би 3 сарын 20-ны өдөр гэртээ 5 настай зээ охины хамт ганцаараа сууж байхад 17 цагаас 18 цагийн үед талийгаач Г нь П-тэй хамт манайд орж ирсэн ... архи уусан...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд талийгаачийн 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд хаана, хэнтэй хамт байсан цаг, хугацаагаар нарийвчлан маршрутыг шалгаж тогтоох.

2. Шинжээчийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт “Талийгаачид хийгдсэн эд эсийн шинжилгээний 745 тоот хариугаар цусан бүлэн ихэнх талбайд улаан эсийн зураглалтай, зарим харах талбайд нейтрофил болон сийвэн тунасан зураглалтай, зарим харах талбайд тод улбар шар /6-12 цаг/ улаандуу, зарим талбайд улаан ягаан /12-18 цаг/ тод өнгийн фибрин харагдана гэсэн нь тусгай будгийн аргаар цусан хураанд фибрин үүсэлтээр тогтоосон хариунаас харахад учирсан гэмтэл нь 2020.03.18-ны өдөр үүсээгүй, гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна. Харин 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 396 дугаар шинжээчийн дүгнэлт “... Цусан хурааны хугацаа тогтоох тусгай будгийн шинжилгээнд хатуу хальсан доорх цусан хурааны хугацааг 6-12 цаг болон 12-18 цаг гэж тогтоосон нь хатуу хальсан доорх цусан хурааны аль хэсгээс нь шинжилгээнд дээж авснаас мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үед цус бүлэгнэлтийн системсийн алдагдал үүсдэгтэй холбоотойгоор хугацаа нь өөр өөр гарч болно. Уг хугацааг хохирогчид илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, болсон хэргийн байдал зэрэгтэй харьцуулан нэгтгэж дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. Тиймээс цусан хурааны хугацаа тогтоох тусгай будгийн шинжилгээний хариуг дангаар нь үндэслэн гэмтэл үүссэн хугацааг тогтоох нь учир дутагдалтай. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн гэмтэл байна” гэсэн дүгнэлт үнэн болох нь эргэлзээтэй байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл. Нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал /гэмт хэргийг хэн үйлдсэн/ болохыг тогтоолгох зорилгоор Хан-Уул дүүргийн прокурорын газарт удаа дараа хүсэлт, гомдол гаргахад бидний хүсэлтийг хүлээн аваагүй, зарим хэсгийг хүлээн авч хангахаар шийдвэрлэсэн боловч прокурорын тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шүүгчийн 2023/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, гомдлыг хүлээн авна уу. ...” гэв.

Яллагдагч Р.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “... Р.Л-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг дахин авч хэрэгт хавсаргах, шинжээч нарыг нүүрэлдүүлэн байцаах, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн зарим хэсэг үндэслэлтэй байна.

Тухайлбал, Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “... дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ...” ажиллагааг нэмж хийлгүүлэх талаарх захирамжийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй.

Харин “мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Л-н хувийн байдалтай холбоотой баримтуудыг 2020 онд цуглуулсныг дахин авахуулах” гэсэн үндэслэлийн хувьд хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд тухайн баримтуудыг хавсаргуулах хүсэлт гаргах, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчийг нүүрэлдүүлэн байцаах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл талууд шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаж, шинжээчид асуулт тавих замаар хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Яллагдагч Р.Л-д холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “... гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь хэсэг заасан “... гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” 1.6 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байдал нь амь хохирогч Л.Г-н 2020 оны 3 дугаар сарын 18-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд явсан маршрутыг буюу хаагуур, хэнтэй явсан, хэнтэй уулзсан, уулзалтын өмнө болон дараа нь биеийн байдал ямар байсан талаарх байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагыг бий болгох бөгөөд үүний үндсэнд дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах хэргийн бодит байдлыг болон шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас дээрх үндэслэлийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/446 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Алтангэрэлийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээс “... дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэрэг прокурорт очтол Р.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн хохирогч, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР