| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0150/З |
| Дугаар | 128/ШШ2024/0780 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0780
2024 10 07 128/ШШ2024/0780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “В*******” /РД:5*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ц*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ё.Э*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шүүх хуралдаан дээр тодруулсан талаар:
1.1.Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаал илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлж байсан.
1.2.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулж, бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад доорхи байдлаар тодорхойлогдсон.
1.3.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг хоёр өөр нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлүүлэхээр тодорхойлсон буюу нэг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж шаардлага гаргаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.
1.4.Нэхэмжлэгч захиргааны нэг актыг энэхүү 2 шаардлагаар шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа үндэслэлээ “хариуцагч Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг өөрөө 2022 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалаар хүчингүй болгосон тул уг актын үйлчлэл дуусгавар болчихсон учраас актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа” гэж, мөн “анхны газар олгосон шийдвэр илт хууль бус захиргааны акт учраас үүнийг үндэслэж гаргасан захиргааны акт өөрөө илт хууль бус” тул энэхүү 2 шаардлагыг гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.
1.5.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаж буй захиргааны акт болох Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.3-д заасан үндэслэлүүдээр “илт хууль бус захиргааны акт”, “хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
1.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсанд холбогдуулж бичгээр тайлбар гаргахгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус гэдгээр маргахгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хүрээнд шийдвэрлэж байна.
1.7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул эдгээр шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч “В*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалаар дүүрэг, Богдхан уулын Ш******* аманд байрлах Эко сургалт, судалгаа, хүүхдийн зуслангийн зориулалтаар 3 нэгж талбар бүхий газрыг ашиглах эрхийг авсан байна.
2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.
2.3.Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын хууль зүйн үндэслэлийг эргэн харж хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар тус яаманд ханджээ.
2.4.Тус яаманд хандаж гаргасан гомдол /хүсэлт/-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/6347 дугаартай албан бичгээр “гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэжээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Манай “В*******” ХХК-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалаар дүүрэг, Богд хан уулын Ш******* аманд Эко сургалт, судалгаа, хүүхдийн зуслангийн зориулалтаар 3 нэгж талбар нийт 6.09 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийг тухайн сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалаар хүчингүй болгож газар ашиглах эрх дуусгавар болсон байна.
“В*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* аманд "М а" цэргийн эрдмийн ахлах сургуулийн зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас судалж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 583 тоот албан бичгээр хүсэлт болгосон газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусдын ашиглалтын газартай давхцалгүй байрлаж байгаа тухай тодорхойлолт болон манай компанид газар ашиглуулах саналыг тус яаманд хүргүүлсэн.
Тухайн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* аманд “В*******” ХХК-нд Эко сургалт, судалгааны зориулалтаар 6.09 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжид 30 450 000 төгрөг төлүүлэн, ашиглах газрын байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх 0 дугаартай "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д яам, хамгаалалтын захиргаа хамтран аж ахуйн нэгжтэй газар ашиглах гэрээ байгуулсны дараа тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгэхээр заасан ч манай компанитай газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа заасан гэрээ байгуулаагүй юм. Газар дээр зөвшөөрлийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу барилга байгууламж барих бэлтгэл ажил /ашиглалтын газрыг тэмдэгжүүлэх, барилгын улаан шугам тавих г.м./ хэрэгжүүлэхээр хэд хэд очсон ч байгаль хамгаалагч нь "энэ хамгаалалтын бүсэд машин техник оруулахгүй, барилга байгууламж барих хориотой" гэж тайлбарлан ашиглалтын газар луу нэвтрүүлдэггүй байсан шалтгаанаар тухайн газрыг ашиглах боломжгүй болсон юм. Мөн ковид-19 цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдал, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан зэрэг өөрөөс үл хамаарах тодорхой шалтгаануудаар газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээ гардан авсан цагаасаа хойш дээрх өөрөөс үл хамаарах шалтгаануудын улмаас уг газрыг ашиглах боломжгүй байсан бөгөөд тухайн газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүс буюу хуулиар бусдад ашиглуулахыг зөвшөөрөөгүй газарт хамаарч байгаа тул гэрээ, гэрчилгээг цуцлах үндэслэлтэй байгаа тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн тул газрын эрхийг "зөвшөөрөгдөөгүй бүсэд хамаарч байгаа" үндэслэлээр цуцлахад татгалзахгүй талаар 2022 онд Хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байсан. Гэвч газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон талаар газар ашиглагч манай компанид хуульд заасан журмаар мэдэгдээгүй байсан.
Харин Б дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 18-нд газрын төлбөрийн нэхэмжлэл хүлээн авсан даруй манай компаниас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр газар ашиглах гуравласан гэрээ байгаа эсэх, газар ашиглах эрхийн байдал болон эрх дуусгавар болсон бол шийдвэрийн огноо, дугаар, тухайн газрын байршил дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийн алинд хамаарч байгаа тухай мэдээлэл лавлагаа авахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хандсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өнөөдрийг болтол албан ёсоор хариу өгөөгүй, харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр "...газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан тул ...газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна" гэсэн хариуг, эрх хүчингүй болгосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр сайдын тушаалын хуулбарын хамт хүлээн авснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдсэн. Мэдэгдлийг хүлээн авсан даруй Татварын хэлтсээс нэхэмжилсэн 2''742 төгрөгийн дүн бүхий газрын төлбөрийн талаар Б дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, тус дүүргийн Татварын хэлтэст удаа дараа хандаж лавлагаа, тодруулга авснаар ашиглах боломжгүй буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй газрыг ашиглуулах тухай илт хууль бус шийдвэр гаргаж, энэ шийдвэрийн дагуу газрын төлбөр тогтоож манай компанид үндэслэлгүй татварын өр үүсгэснээр эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг олж мэдсэн. Энэ талаар манай компани 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг эргэн харж, хуульд нийцүүлэх, 2017 оны А******* дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт байсан болохыг хүлээн зөвшөөрөх талаар гомдол гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/ 6347 дугаартай албан бичгээр "гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн хариу ирүүлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны акт байна. 1.1. Дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын хувьд илэрхий алдаатай акт байна. Тушаалын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон байх боловч тушаалын 1 дэх хэсэгт "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай" гэж заасан нь анхнаасаа хуулиар зөвшөөрөгдөөгүй газарт газар ашиглуулсан, эсвэл хожим тухайн газар хамгаалалтын бүсэд хамрагдаж эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг гарснаас хойш тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болж цуцлах болсон эсэх нь тодорхойгүй.
Хариуцагч хуулийн дагуу газар ашиглуулсан боловч “В*******” ХХК нь газар ашиглах явцдаа газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон, эсвэл анхнаасаа дархан цаазат газарт зөвшөөрөгдөөгүй байрлалд хууль бусаар газар ашиглуулжээ гэж үзэж өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон хоорондоо зөрчилтэй үндэслэлүүдийг зааж газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
1.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тул тухайн тушаал нь илт хууль бус захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А******* дугаар тушаал нь нэхэмжлэгчид эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг жагсааж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж заасан. Ийнхүү хуульд эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгож болох тохиолдлыг хуульчлан зааснаас гадна уг тохиолдол байвал хүчингүй болгож болох эрх олгосон хугацааг 5 жилийн дотор байхаар тогтоожээ. Хариуцагч газар ашиглах эрх хүчингүй болгох тухай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалыг нэхэмжлэгчид анх газар ашиглуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг гарснаас хойш 5 жил 2 сар 4 хоногийн дараа гаргасан, өөрөөр хэлбэл хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй буюу ийм эрх байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр дээрх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны акт байсан гэж үзнэ.
2.“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох" шаардлагын талаар:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “В*******” ХХК-нд газар ашиглуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаал нь мөн сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалаар хүчингүй болж эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон хэдий ч энэ тушаалын үр дагавар нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нөлөөлсөөр байгаа тул маргаан бүхий актыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох"-оор заасан. Сайдын маргаан бүхий 2017 оны А******* дугаар тушаалыг нэхэмжлэл гаргаснаас хойш хүчингүй болгоогүй, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгосон боловч дээрх хуулийн заалтын "эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол" гэсэн нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон бөгөөд хуулийн 10 дугаар зүйлд дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэм, 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг тус тус тогтоож, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг заасан байна.
Хуулийн 12 дугаар зүйлийн 5-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байраас бусад байр барих, ашиглахыг хориглосон байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны А******* дугаар тушаалаар “В*******” ХХК-нд дархан цаазат газарт цэргийн эрдмийн сургууль, зуслангийн зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын сайд дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах эрх олгох эрх зүйн үндэслэл байгаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалын 1 дэх хэсэгт "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай" гэж зааснаараа манай компанид хуулиар зөвшөөрөгдөөгүй байршилд эрх хэмжээгээ хэтрүүлэн газар олгосон болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 онд манай компанид хандаж дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцлах шаардлагатай талаар мэдэгдэж байсан бөгөөд бид энэ үед шийдвэр гаргасан этгээд нэгэнт эрх зүйн үндэслэлгүй буюу илт хууль бус захиргааны акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид энэ газрыг ашиглах үндэслэл, боломж байхгүй бол газрын эрхийг цуцлуулахгүй гэж маргаагүй. Харин Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д "Энэ хуулийн 49.3 3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө" гэж зааснаар, эсвэл бусад хэлбэрээр хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, газар ашиглуулах гэрээ байгуулаагүй боловч бусад журмаар тогтоосон байж болзошгүй газрын төлбөрийг цуцлах зэрэг манай компанид хохирол учруулахгүйгээр арга хэмжээ авна гэж итгэж байсан тул маргаагүй.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгож хүчингүй болгосноор үндэслэлгүй тогтоосон газрын төлбөрийг нөхөн төлөх, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй болох зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагаварт хүргэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “В*******” ХХК-нд газар ашиглуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож өгнө үү.
3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагын талаар:
3.Манай компанид тухайн газрыг анх ашиглуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 30 450 000 төгрөг төлүүлсэн ба ашиглах газрын байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, "М а" ахлах сургууль байгуулах төсөл боловсруулах, төслийн техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэх, сургуулийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зэрэг зардалд нийт 9,000,000 сая төгрөг, бусад зардал, цаг хугацаа зарцуулан ажилласан юм.
Дархан цаазат газрын хамгаалалтын бүс буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй газарт газар ашиглуулах тухай илт хууль бус шийдвэр гаргаж улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүйгээр төлүүлсэн, мөн тухайн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулахад компаниас гаргасан бусад зардлыг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол гэж үзэж байгаа тул тэмдэгтийн хураамжид төлүүлсэн 30,450,000 төгрөг, бусад зардлын 9,000,000 төгрөгийг манай компанид буцаан олгоно уу” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2017 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш манай компанийн үйл ажиллагааг явуулахаар хэд хэдэн удаа газар дээр очсон. Тухайн газрын байгаль хамгаалагч нь үйл ажиллагааг явуулах боломжгүй, хориотой бүс гэдэг тайлбарыг хэлж байсан. Үүнтэй холбоотой Богдхан уулын хамгаалалтын захиргааны байгууллагад хандаж, газар ашиглах эрхтэй, үйл ажиллагааг явуулахгүй байна гэдэг учир шалтгаанаа хэлсэн. Гэтэл манай олгогдсон гэрчилгээтэй танилцаад, газар дээр сургууль барих боломжгүй, хориотой үйл ажиллагааг явуулахгүй, хууль зөрчиж үйл ажиллагааг явуулбал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, барилга байшинг буцаагдаад нураах асуудал үүснэ гэж тайлбарлаж хэлсэн. Манай дээр олгогдсон газар нь отоглох зориулалттай аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэж хэлсэн. Манай компани хоорондоо ярилцаад, анх бид нарын бол сургууль барих зорилготой байсан. Тухайн үед сургууль барихыг зөвшөөрөхгүй гэдгийг би мэдээгүй байсан. Анх сургууль барихтай холбоотой хүсэлтээ гаргаж, түүний дагуу газрын гэрчилгээг олгосон. Хэрэгт авагдсан баримт материалуудад “М а” сургууль барих хүсэлтийг гаргасан. Ковид-19 цар тахлын, хөл хорионд орсны улмаас ямар ч харилцаа холбоо байхгүй, биечлэн очиж уулзаж асуух боломж байсан. Цаг хугацаа өнгөрч 2022 онд над руу утсаар мэдэгдэж, тусгай хамгаалалтын газрын гэрчилгээг цуцлах талаар мэдэгдсэн. Манай талаас тухайн газар дээр үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан тул газар цуцлах шийдвэрийг зөвшөөрсөн. 2023 оны 05 дугаар сард Татварын газраас над руу холбогдож, газрын төлбөрийн асуудал үүссэн байна гэдгийг мэдсэн” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хуулиар зөвшөөрөөгүй байршил дээр газар ашиглуулах шийдвэр гаргасан байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэгт хамаарна. Манайд олгосон газар нь анхнаасаа ашиглах боломжгүй газар дээр гэрчилгээ олгож, тухайн газар дээр очиж үзэхэд, хамгаалалтын бүс гэсэн шон байдаг. Тухайн хамгаалалтын бүсээс цааш орж болохгүй гэдэг зүйлийг бидэнд хэлсэн. Манай талаас газар дээр хашаа хийх материалаа ачиж, маш их зардал гарган хэд хэдэн удаа л очсон. Тухайн газрыг ашиглах боломжгүй гэдгийг яамны мэргэжилтэн хамгаалалтын бүс учраас ашиглах боломжгүй гэдгийг хэлж байсан. Манай талаас хамгаалалтын бүсэд олгосон гэрчилгээг цуцална гэж ойлгоод, ямар нэгэн хүсэлт гаргалгүй орхисон. Гэтэл Татварын албанаас газрын төлбөрийн өр үүссэн тухай албан бичиг ирүүлсэн ч үүнээс үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Татварын албанд очиж уулзахад, газрын улсын бүртгэлд бүртгэл эхэлснээс хойш асуудлыг хариуцахгүй, төлбөр тогтоосон газрын албатай холбогдож асуу гэдэг тайлбарыг хэлсэн. Газрын албатай уулзахаар шийдвэр хүчин төгөлдөр байсан хугацааны төлбөрийг тооцож байгаа учраа газрын төлбөрийг цуцлах эрх байхгүй гэж хэлсэн учир манай талаас Нийслэлийн Засаг дарга болон Газрын алба гээд холбогдох газруудад шат шатандаа хүсэлтүүд гаргасан. 5 дугаар сард газрын төлбөрийн асуудлаа шийдвэрлэж яваад, тухайн газрыг олгосон шийдвэрийг хүчингүй болгосныг мэдсэн.
Өмнөх захирамжаа илт хууль бусад тооцох байсан учраас сүүлийн гаргасан шийдвэр нь илт хууль бус юмаа. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.6, 47.1.6-т зааснаар илт хууль бусад тооцогдоно. Илт хууль бус захирамж гаргасны дараа нь улсын тэмдэгтийн хураамж болон Байгаль орчны ерөнхийлсөн, нарийвчилсан үнэлгээний албан бичгүүд хэрэгт авагдсан. Энэ нь газар ашиглахтай холбогдон маш олон зардлууд гарч байсан талаар маргахгүй байгаа. Маргаан бүхий 2 акт илт хууль бус болох нь тогтоогдвол илт хууль бус актын улмаас манай дээр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“1.Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* амны хязгаарлалтын бүсэд 6,09 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Уг тушаалд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал, нэхэмжлэгч компанийн хүсэлт зэргийг баримталсан, эрхийн зөрчилгүй захиргааны акт юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт явуулахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил илэрсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 602 дугаар албан бичгээр нэхэмжлэгч "В*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрчилгээг хүчингүй болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг хуульчилсан. Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус болохоор байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий А*******, А******* дугаар тушаалуудын аль аль нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* амны хязгаарлалтын бүсэд 6,09 га газар ашиглах эрхийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай олгосон. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон. Тэрээр газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй. Хэдийгээр маргаан бүхий 2022 оны А******* дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх Газрын тухай хуульд зааснаар дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2017 оны А*******, 2022 оны А******* дугаар тушаалууд аль аль нь гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 30,450,000 төгрөг, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ 1,000,000 төгрөг, "М а" ахлах сургуулийн төслийн урьдчилан техник эдийн засгийн үндэслэл, санхүүгийн тооцоо 4,500,000 төгрөгийн зардлыг хохиролд нэхэмжилсэн байна. Аж ахуйн нэгж нь газар ашиглах хүсэлт гаргахдаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлт, төсөл зэрэг баримтыг хүсэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Нэхэмжлэгч нь 2017 онд Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* амны хязгаарлалтын бүсэд 6,09 га газар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаа болон тус яаманд гаргахдаа шаардагдах бусад баримтын хамт ирүүлэхдээ дээрх зардлыг гаргасан. Уг зардал нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд тооцогдох боломжгүй. Иймд маргаан бүхий 2017 оны А*******, 2022 оны А******* дугаар тушаалууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2022 оны захирамж нь 2017 оны захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 онд тухайн “В*******” ХХК-д 6.9 га газрыг олгосон. Энэ хугацаанд газрыг хүүхдийн зуслан, эко сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагааг явуулахаар газар ашиглах гэрчилгээг олгосон. Гэтэл нэхэмжлэгч компани тухайн газрыг 5 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглаагүй мөн газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр 2022 оны захирамжийг гаргасан. Өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа тухайн газарт барилга байгууламж бариулаагүй, бариулах хориотой байсан гэдэг асуудлыг ярьж байна. Хориотой гэдгийг нотлох баримт байгаа юм уу, эсвэл ойн байгаль хамгаалагч нь оруулахгүй байсан талаар баримт хэрэгт авагдаагүй энэ талаар тайлбарыг л хэлдэг. 2022 оны тоот захирамж нь 2017 оны захирамжийн үүргээ биелүүлээгүйгээс бий болж гарсан захирамж, хууль зүй үндэслэлтэй захирамж юм. 2017 оны захирамж нь тухайн газрыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлэхээр заасан. Нэхэмжлэгч талаас захирамжид заасан хугацаанд эзэмшээгүй байна. Манай талаас гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй ямар нэгэн хууль зүйн үндэслэлийг зөрчөөгүй.
2017 оны тушаал нь гарсан цагаас хойш 7 жил хугацаа өнгөрсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар эерэг нөлөөлөлтэй акт эерэг нөлөөлөлтэй акт байх ёстой. Энэ нь тухайн газрыг нэхэмжлэгчид олгогдож байгаа нь эерэг нөхцөл байдал бүрдсэн гэдэг үндэслэл харагдаж байна. Тухайн газрыг аваад 5 жил хугацаанд ашиглаад явж байна. Энэ нь эерэг нөлөөлөлтэй акт гарснаас хойш 5 жилийн дотор хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байхад тухайн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргах хугацаа нь өнгөрсөн байна. Нэхэмжлэгч талаас хууль бус газар олгогдсон мөн газар дээр барилга материал аваад очиход оруулахгүй байсан гэдэг асуудлыг яриад байгаа нь тухайн гарсан асуудлын хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд танилцуулсан асуудал эсэх асуудал хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй байна. 2017 оны А/237 дугаартай тушаал нь эко сургалт сургалт судалгаа, хүүхдийн зуслангийн чиглэлээр газар олгогдсон. Энэ нь үйл ажиллагааг явуулах чиглэлээр сургууль гэж байхгүй. 2017 оны тушаал нь дүүргийн болон нөхцөл байдлын хувьд ч хууль зөрчсөн акт гаргаагүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал гарах хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар “В*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар, Ширдэгийн ам нэртэй газарт эко сургалт судалгаа, хүүхдийн зуслангийн зориулалтаар 6.09 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар эрх олгож шийдвэрлэжээ. /ХХ-ийн 98-99 дэх тал/
2.2.Ингээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр огноолон 0 дугаартай газар ашиглах гэрчилгээг олгож, гэрчилгээний хавсралтаар 22288.1 квадрат метр, 18295.3 квадрат метр, 20462.2 квадрат метрээр тус тус 3 хэсэг газрын талбайн булангийн цэгүүдийн солбицлыг тогтоож, нэхэмжлэгч нь уг газрын кадастрын зургийг “Д*******” ХХК-иар үйлдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, уг газар нь 3 тустай хил заагтай талбай бүхий газар байна. /ХХ-ийн 44-47 дахь тал/
2.3.“В*******” ХХК-ийн уг газрыг ашиглах эрхийн хугацаа нь дээрх тушаал болон гэрчилгээнд зааснаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болох ёстой ба газар ашиглагчаас уг хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан сунгаж шийдвэрлээгүй бол газар ашиглах эрх нь мөн өдрөөр дуусгавар болсон гэж үзэх эрх зүйн үр дагавартай юм.
2.4.“В*******” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0017/14 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан газрыг ашиглах хүсэлтдээ “...Америкийн Нэгдсэн Улсын Цэргийн айн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн “М а” цэргийн эрдмийн ахлах сургуулийг Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэр, дархан цаазат Богдхан уулын зүүн талд Ш******* аманд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. ...Тиймээс дээрх сургуулийн цогцолборыг барьж байгуулах хэрэгцээнд зориулж, ...тус газарт 60,938 метр квадрат газрыг шийдвэрлэж өгнө үү” гэж бичсэнээс үзвэл нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газарт цэргийн сургууль байгуулах хүсэлтэй илэрхийлсэн болох нь тогтоогдлоо. /ХХ-ийн 123 дахь тал/
2.5.Уг хүсэлтийн хамтаар “Ногоон бүс эко сургалт, судалгааны боловсрол олгох төв” нэртэй эскиз зураг хийсэн /Эх хувиар судалсан/, мөн “М цэргийн айн бизнес төлөвлөгөө зэргийг хавсаргаж байжээ.
2.6.Нэхэмжлэгч ”В*******” ХХК-ийн М цэргийн айн зориулалтаар ашиглах газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхацсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08/3329 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан зураглал хоёроор нотлогдлоо. /ХХ-ийн 179-180 дахь тал/
2.7.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “В*******” ХХК-ийн гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах хүсэлтийг хянаад 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж санал хүргүүлэхдээ уг газрыг дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болохыг, мөн уг газарт “В*******” ХХК М а цэргийн эрдмийн ахлах сургуулийн зориулалтаар газар ашиглах гэж байгаа гэдгийг мэдсэн байсан атлаа “газрыг давхцалгүй” гэж тодорхойлсон буюу газар ашиглуулахыг дэмжсэн агуулгатай санал хүргүүлж байсан болох нь тогтоогдсон. /ХХ-ийн 121 дэх тал/
2.8.Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б дүүргийн газрын алба нь “В*******” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулж байгаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/638 дугаар албан бичгээр “гэрээ байгуулагдаж байгаагүй” гэж зөвшөөрснөөр, Б дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06/5 дугаар албан бичигт “тус компанийн газар ашиглах гэрээ манай албанд бүртгэгдээгүй” гэснээр тус тус нотлогдож байна. /ХХ-ийн 120, 153 дахь талууд/
2.9.Б дүүргийн татварын албаны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/1780 дугаар албан бичгээр “В*******” ХХК-д хандан “... газрын төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шаардаж, албан бичиг болон Төлбөрийн нэхэмжлэхээр 2,, төгрөгийн төлбөрийг төлөхөөр тусгажээ. /ХХ-ийн 79-80 дахь тал/
2.10.Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны тайлбарласнаар “В*******” ХХК-ийн ашиглаж байсан дээрх 3 хэсэг газрын “А” болон “Б” талбайд төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн байна.
2.11.Б дүүргийн Татварын хэлтэс нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр үүсгэсэн 1 удаа DNP230 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 2020 онд 111,396,110 төгрөгийн, 2021 онд 55,810,080 төгрөгийн, 2022 онд 33,043,262 төгрөгийн, 2023 онд ,159,240 төгрөгийн буюу нийт 2,408,692 төгрөгийн төлбөрийг төлөхийг тогтоосон байна. /ХХ-ийн 147-148, 150-1 дэх тал/
2.12.Б дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06/5 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Тооцоо нийлсэн актаар тус алба нь нь нэхэмжлэгч “В*******” ХХК-д ашиглаж байсан “А” талбайд 2017 оны 3, 4 дүгээр улирлын төлбөрт 2,580,347 төгрөгийн, 2018 оны 7,244,820 төгрөгийн, 2019 онд 48,902,535 төгрөгийн, 2020 онд 52,689,600 төгрөгийн, 2021 онд 26,344,800 төгрөгийн, 2022 оны 1, 2, 3 дугаар улирлын төлбөрт 15,548,244 төгрөгийн төлбөрийг буюу нийт 153,310,346 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр, “Б” талбайд 2017 оны 3, 4 дүгээр улирлын төлбөрт 2,885,983 төгрөгийн, 2018 оны 8,102,952 төгрөгийн, 2019 онд 54,694,926 төгрөгийн, 2020 онд 58,930,560 төгрөгийн, 2021 онд 29,465,280 төгрөгийн, 2022 оны 2, 3 дугаар улирлын төлбөрт 17,389,897 төгрөгийн төлбөрийг буюу нийт 171,469,598 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ. /ХХ-ийн 153-155 дахь тал/
2.13.Нэхэмжлэгч “В*******” ХХК нь уг газрын төлбөрийг огт төлж байгаагүй болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөр төлөөгүй шалтгаанаа “газрыг ашиглах боломжгүй байсан, захиргааны байгууллагаас ашиглах гэрээ байгуулаагүй учраас хэдий хэмжээний төлбөрийг газрын ямар ангилал, зэрэглэлээр төлөх нь тодорхойгүй байсан тул төлөх боломжгүй байсан, компани буруугүй” гэж маргаж байна.
2.14.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус тус “В*******” ХХК-д хандаж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн үндэслэлээр сонсох ажиллагаа явуулах албан бичгийг үйлдэж гаргасан байгаа боловч энэ бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нотлох баримт байхгүй байна. /ХХ-ийн 100, 144 дэх тал/
2.15.Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “сонсох ажиллагааны талаар утсаар мэдэгдсэн, уг газраа барилга барихаар очиход Байгаль хамгаалагч нь нэвтрүүлэхгүй байсан учраас, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очиж уулзахад хууль бусаар газар олгосон, сургуулийн зориулалтаар барилга барих боломжгүй, баривал нураагдах эрсдэлтэй гэж тайлбарласан тул газрыг цуцлахыг зөвшөөрсөн” гэж шүүх хуралдаанд тайлбарласан учраас нэхэмжлэгч сонсох ажиллагааг мэдсэн боловч оролцоогүй болох нь тогтоогдлоо.
2.16.Нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн төлөөлөгчөөс хууль бусаар газар ашиглах эрх үүссэн гэдгийг ойлгож, хойшид үр дагавар үүсгэнэ гэж үзээгүй учир уг газрыг ашиглахад гарсан зардлаа эрсдэл гэж үзээд тухайн үед хохирол нэхэмжилж шаардахгүй орхисон байхад газрын төлбөр шаардаж, үр дагавар үүсгэсэн” гэж маргаж байна.
2.17.Ийнхүү сонсох ажиллагааны дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ш******* амны хязгаарлалтын бүсэд “В*******” ХХК-д олгосон 6,09 га газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-ийн 97 дахь тал/
2.18.Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “В*******” ХХК-ийн газар ашиглах эрх нь дуусгавар болчихсон байхад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалаараа “В*******” ХХК-ийг газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан гэх хоёр өөр үндэслэлүүдээр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.19.“В*******” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан уг газрыг ашиглах гуравласан гэрээ байгуулсан эсэх, газар ашиглах эрх дуусгавар болсон эсэх, хамгаалалтын зурвас орсон эсэх лавлагаа, мэдээллийг хүсжээ. /ХХ-ийн 97 дахь тал/
2.20.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар албан бичгээр “В*******” ХХК-д хариуг өгөхдөө “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дүгээр тушаалаар:
а/“газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй,
б/Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан” гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэдгээ мэдэгдсэн байна. /ХХ-ийн 82 дахь тал/
2.21.Үүний дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “В*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж, компанийн 023/39 дүгээр албан бичгээр “... Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо төлүүлэх”-ийг шаардсан зэрэг /ХХ-ийн 84-86 дахь тал/ үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг илт хууль бусад захиргааны актад тооцуулах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.3.4/ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана” гээд мөн зүйлийн 1-т “онгон бүс”, 2-т “хамгаалалтын бүс”, 3-т “хязгаарлалтын бүс” гэж, 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно” гээд мөн зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж,12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” гэж тус тус заажээ.
3.1.2.Ийнхүү уг хуульд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тусгай зориулалтын ахлах сургууль эсхүл хүүхдийн зуслангийн зориулалтаар газар ашиглуулах, ийм зориулалтаар барилга байгууламж барихыг хориглосон байгаа тул сургуулийн зориулалтаар газар олгох эрх хэмжээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдад байхгүйн зэрэгцээ, ашиглах хүсэлт гаргасан газрын зориулалтыг өөрийн санаачилгаар өөрчлөн шийдвэрлэх эрх байхгүй байна.
3.1.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Хүүхдийн зуслан бол сургалт явуулж байгаа хэлбэр тул энэ зориулалтаар газар ашиглуулж болно. Анх газар олгосон нь хууль зөрчөөгүй” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.1.4.Учир нь Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.5-т "сургалтын байгууллага" гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг” гэж, 3.1.10-т “сургалтын орчин" гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг” ойлгохоор хуульчилсан байснаас үзвэл хүүхдийн зуслан нь сургалтын байгууллагад хамаарахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар хуульд нийцээгүй болно.
3.1.5.Нэхэмжлэгч “В*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс болох Б дүүргийн нутаг дэвсгэр, Ш******* аманд “М а” цэргийн эрдмийн ахлах сургуулийн зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасан нь шүүхээс нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй, харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй байсан гэдэг нь нотлогдлоо.
3.1.6.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг илт хууль бус гэж үзэх”-ээр хуульчилсан байна.
3.1.7.Хуулийн энэ заалтын “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар тодорхой асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байх, хэрэв хуулиар ийм эрх олгоогүй, эсхүл хориглосон бол аливаа байгууллага, албан тушаалтныг захиргааны акт гаргах эрх байхгүй буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн ойлголт юм.
3.1.8.Иймд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичгийг заавал мөрдөж биелүүлэх үүрэгтэй тул “В*******” ХХК-ийн гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд “М а” цэргийн эрдмийн ахлах сургуулийн зориулалтаар газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хянах, уг газар энэхүү зориулалтаар газар ашиглуулахаас татгалзах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй, ингэхдээ газрын зориулалтыг санаачилгаараа өөрчлөн “эко сургалт судалгаа, хүүхдийн зуслан” болгож өөрчилж байгаа нь хуулиар зөвшөөрөөгүй зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргасан илт хууль бус захиргааны акт мөн болох нь нотлогдож байна.
3.1.9.Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагыг гаргахдаа “эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн” гэж маргаж байгаа ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тайлбарыг нотлох баримтаар няцааж чадаагүй, түүнчлэн захиргааны байгууллага нь илт хууль бусаар газар ашиглах эрх олгосон, уг газартаа газар ашиглах гэрээ байгуулаагүй атлаа уг хугацааны газрын төлбөрийг төлүүлэхээр шаардсан нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий энэ актын улмаас нэхэмжлэгчид хууль зүйн үр дагавар үүсгэсэн үйл баримт бодитоор бий болсон, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцож” шийдвэрлэлээ.
3.2 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалыг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3/ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.2.1.Дээр тогтоогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар тушаал нь “В*******” ХХК-д анх газар ашиглах эрх үүсгэсэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй тул хууль бус байсан болохыг тогтоох эрх зүйн боломжгүйн дээр, энэ шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5-д зааснаар хэтэрсэн байгаа тул уг нэхэмжлэлийг 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар шийдвэрлэх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцуулах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2/ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.3.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалаар өөрийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргасан.
3.3.2.Гэвч энэхүү Сайдын А******* дугаар тушаалаар “В*******” ХХК-д анх газар ашиглах эрх бий болгосон /үүсгэсэн/ 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, ийм хууль зүйн үр дагавар үүсгээгүй байна.
3.3.3.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалын хууль зүйн үр дагавар нь “В*******” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа бус уг акт гарсан өдрөөрөө “В*******” ХХК-д анх газар ашиглах эрхийг хүчингүй болгож байна болох нь уг тушаалын шийдвэрлэсэн хэсгээр тогтоогдож байна.
3.3.4.Ингэхдээ “В*******” ХХК нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй байхад, хууль болон гэрчилгээнд зааснаар тус компанийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээнд зааснаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр газар ашиглах эрх нь “нэгэнт” дуусгавар болчихсон компани түүний газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь хууль зүйн үр дагавар үүсгээгүй, хууль ёсны шийдвэр гэж үзэхээргүй байна.
3.3.5.Маргаан бүхий захиргааны акт нь 2 үндэслэл гаргаж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт, газрыг зориулалтаар нь 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй, хоёрдугаарт “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан” гэсэн үндэслэлүүдэд шүүх дараахь дүгнэлт өгч байна.
3.3.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалын 1 дэх заалтын “газрыг зориулалтаар 2 жилээс дээш ашиглаагүй” гэх үндэслэл нь захиргааны илт хууль бус актад хамаарахгүй байна.
3.3.7.Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно” гээд мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж тус тус заасан тул хэрэв нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хуульд заасан дагуу үүссэн, ашиглах эрх нь дуусгавар болоогүй тохиолдол байсан бол энэхүү заалтыг хэрэглэх эрх хариуцагчид байсан учраас энэхүү маргаан бүхий акт нь “энэхүү үндэслэлээр” илт хууль бус захиргааны актад хамаарахгүй болно.
3.3.8.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д газар ашиглуулсан шийдвэр нь илт хууль бус болох нь дээр тогтоогдсон, ийнхүү илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа үйлчлэлгүй учраас “В*******” ХХК-ийг хууль ёсоор газар ашигласан гэж үзэхгүй.
3.3.9.Иймд “В*******” ХХК-ийг гарсан цагаасаа үйлчлэлгүй захиргааны актаар газар ашигласан гэж үзэх үндэслэлгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар тушаалын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан” гэх үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож байгаа нь “уг актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус захиргааны актад тооцох үр дагавартай болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар тогтоож, нэхэмжлэгчийн эрхийн хамгаалалтыг хийх нь зүйтэй гэж үзлээ.
3.3.10.Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан” гэх үндэслэл нь дээр тогтоогдсоноор илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэж байна.
3.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.4.1.Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаал нь гарахдаа “В*******” ХХК-ийн газар ашиглах эрх анхнаасаа хууль бус байсан гэх үндэслэлээр дуусгавар болгож байгааг мэдсэн, уг үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болгохыг зөвшөөрсөн байх ба шүүх хуралдаанд “гаргасан зардлаа эрсдэл” гэж үзэхээр шийдвэрлэсэн байсан, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгосон учраас энэ шаардлагыг гаргасан” гэж тайлбарласан.
3.4.2.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас хохирол учирсан гэдгээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаал гарснаар мэдсэн, уг хугацаанаас хойш 30 хоногийн дотор хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байхад энэхүү эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3.4.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар илт хууль бус захиргааны акт тул уг актад холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй, ийм илт хууль бус актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд мөн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авахгүй.
3.4.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-т шүүхээс гаргах шийдвэрийн нэг төрөл болгож “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан байдаг.
3.4.5.Өөрөөр хэлбэл, хууль бус тушаалын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын бие даасан нэг төрөл бөгөөд энэхүү шаардлагыг гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх хуулийн зохицуулалт байхгүй тул бусад нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 1414.5-д заасан хөөн хэлэлцэх хугацааг мөрдөнө.
3.4.6.Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 1414.5-д зааснаар хэтэрсэн байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзах нь зүйтэй болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.2, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар тушаалын “В*******” ХХК-д холбогдох хэсгийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А******* дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35,950,000 төгрөгийг нөхөн төлүүлэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалыг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зарим шаардлага хангадсантай холбогдуулан 300 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ