Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2020/00036

 

 

 

“К” ХХК дахь Банкны эрх хүлээн

 авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 хаягт байрлах “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

 

Үндсэн зээл 8 225 651.51 төгрөг, хүү 4 908 081.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484 103.94 төгрөг, нийт 13 617 836.80 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ-297 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Б.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй /зайнаас/, хариуцагч Д.Б-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагч Б.Б-н өмгөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ-297 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5-т зааснаар Б.Бгийн Кбанкан дахь 2006019754 тоот харилцах дансанд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6 774 348.49 төгрөг, зээлийн хүү 4 650 619.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 729.22 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 8 225 651.51 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 4 908 081.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 484 103.94 төгрөг, нийт 13 617 836.80 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 617 836.80 төгрөг, нотариатын зардал 2 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

           Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Энэхүү зээлийг тус банкны салбарын эрхлэгч Д.Б намайг гуйж холбогдох баримт бичиг дээр гарын үсэг зуруулж өөрөө авсан. Цалингийн зээл учраас хэдийгээр би тэр үед ажилгүй байсан ч бичиг баримтын бүрдлийг Д.Б зохицуулсан байх. Би өөрөө гар дээрээ нэг ч төгрөг энэ зээлээс аваагүй, эргэн төлөлтийг ч Д.Б хийж байсан. Тухайн үедээ ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн үргэлжилж байсан боловч энэ зээлтэй холбогдуулан Кбанк Д.Бг эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан. Ингээд зээлийн эргэн төлөлт зогссон байх. Харин 2018 онд Д.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод банкны хохирлыг иргэний шүүхээр өөрөөс нь нэхэмжлэн гаргуулах шийдвэр гарсан гэж ойлгосон. Гэтэл надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Кбанкны эрх хүлээн авагчийн гаргасан энэ нэхэмжлэлийн хариуцагч нь би биш банкны салбарын эрхлэгч байсан Д.Б болох ёстой тул хариуцагч намайг энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Д.Бгаар сольж өгнө үү. Д.Б нь энэ хэргийн хариуцагчаар оролцохоо хүлээн зөвшөөрсөн...” гэжээ.

 

           Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би Кбанкны Замын-Үүд сум дахь салбарын эрхлэгчээр 2014 оны 12 сараас 2016 оны 07 сар хүртэлх хугацаанд ажилласан. Кбанкны дотоод хяналт шалгалт тус салбарт орж надад холбогдуулан гарсан зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэх агуулга бүхий гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би хуурамч нийгмийн даатгалын дэвтрийг Б.Бгийн нэр дээр үйлдэж 15 000 000 төгрөгийг хувьдаа авсан талаар тодорхой мэдүүлсэн. Хэрэг мөрдөж байсан мөрдөгч надад холбогдуулан нотлох баримтыг тал бүрээс судлан шинжилж тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх саналтай прокурорт шилжүүлж Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон...” гэжээ.   

 

            Хариуцагч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бгаас Д.Б нь 15 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч зээл авсан учир хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Авсан 15 000 000 төгрөгөөс 11 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Д.Б, Б.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Б нь 2015 оны 07-р сарын 02-ны өдөр ЗГ-297 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулж, 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэйгээр авсан. Хэдийгээр уг зээлийн төлбөр Б.Бгийн дансанд орсон боловч уг мөнгөнөөс Б.Б огт аваагүй, тухайн үед Кбанкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Б авсан. Б.Б нь тухайн үед огт ажиллаж байгаагүй ба нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан асуудал байхгүй, эрхлэгч Д.Бг нэрээ ашиглуулаач гэсэн гуйлтыг нь зөвшөөрч энэ үйлдлийг хийсэн. Иймд цалин барьцаалсан зээлийн гэрээ Б.Б байгуулсан гэхэд өрөөсгөл юм. Кбанкнаас салбар бүрт явуулдаг хяналт шалгалтаар уг зээлийн гэрээ нь хууль бусаар байгуулагдсан байна гэж дүгнэлт гараад энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Энэ хугацаанд Д.Б нь Б.Бтай тохирсон ёсоор Б.Бгийн нэр дээрх Кбанкны зээлийг зээлийн хуваарьт зааснаар сар бүр тогтмол төлж ирсэн боловч Д.Бг энэ зээлтэйгээр холбогдуулан хуулийн байгууллагад шалгуулж эхэлснээс хойш төлбөрийн чадвараа алдаж Б.Бгийн зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Гэтэл Кбанк тухайн үедээ энэ бол эрүүгийн хэрэг, хуурамчаар материал бүрдүүлж уг мөнгийг Д.Б хувьдаа авсан гэж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаж байсан атлаа одоо Б.Б болон Кбанкны хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн хэм хэмжээ ноцтойгоор зөрчиж байна. Энэхүү гэрээ нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Үүнд:

  1. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ.” гэж заасан. Б.Бд олгосон зээл нь цалингийн зээл буюу зээлийн барьцаа нь цалин байх ёстой. Гэтэл тухайн үед Б.Б нь ажил эрхэлдэггүй тул цалингүй байсан учир Д.Б материалыг хуурамчаар бүрдүүлж, түүнд зээл олгосон мэтээр уг 15 000 000 төгрөгийг Д.Б дараа буцаан төлөх зорилгоор хувьдаа авч ашиглан буцаан төлөлтийг хийж байсан. Иймд уг зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээл нь барьцаа, эсхүл батлан даалттай байх заалтыг зөрчсөн. Энэ нь хариуцагч Б.Бгийн тайлбар, Монгол банкны хяналт шалгалтын газрын дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 77 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Уг 15 000 000 төгрөгийн зээл олгосон мэтээр үзсэнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү одог хүртэл бодогдож хариуцагч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 1,8 хувийн хүүтэйгээр Б.Бд олгосон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-297 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 177 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, Улсын байцаагч З.Ариунаа, Э.Гонгор нарын 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн А/1а/92 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтаар нийт 62 зээлдэгчийн хувьд байгууллагын тодорхойлолт байхгүй, байгаа боловч баталгаажуулаагүй, зээл хүссэн өргөдөл гаргаагүй... зэрэг зөрчил илэрсэн боловч Банкны хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж дүгнэсэн талаар дурдсан байна. Мөн тогтоолын дүгнэлтэд дурдагдсан 62 иргэн нь хуурамч баримт болох байгууллагын тодорхойлолт нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт материалуудыг бүрдүүлэн зээл авсан үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тухай дурдсан байдаг.
  2. Б.Бгийн 2006019754 дугаартай харилцах дансны хуулгаас үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгө тус дансанд шилжин орсны дараа Б.Б тухайн өдөрт нь 200 000 төгрөгөөр хадгаламжийн данс нээж, 14 500 000 төгрөгийг зарлагадан авсан байдаг. Мөн зээлийн эргэн төлөлтийг хийхдээ Б.Бгийн энэ харилцах дансаар дамжуулан хийдэг байсан тул Б.Б хуурамч баримт бичиг ашиглан зээл авсан, зээлийн мөнгийг захиран зарцуулсан, зээлийг эргэн төлж байгааг мэдэж байсан.
  3. Банк зээл олгох үед болон Цагдаагийн байгууллагаас хэрэг нээж шалгахаас өмнө Б.Б нь тухайн байгууллагад ажилладаггүй гэдгийг Б.Б, Д.Б нараас болж мэдэх боломжгүй байсан. Учир нь Б.Б, Д.Б нар нь энэ талаар банканд бодит нөхцөл байдлыг мэдэгдээгүй, нуун дарагдуулсан тул Б.Бгийн цалинг барьцаалж байна гэж үзсэн.
  4. Дээр дурдсанчлан хариуцагч нарын буруутай нөхцөл байдлаас шалтгаалан банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус байх нь хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Б.Бтай 2015 оны 07-р сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ-297 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-ний түүний цалинг барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байхаас хэлцлийн үлдэх хэсэг нь хүчин төгөлдөр гэж үзнэ.
  5. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06-р сарын 13-ны өдрийн 177 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоос үзэхэд 201610010205 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10-р сарын 08-ны өдөр нээсэн байх бөгөөд хариуцагч нар нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа хэрнээ 2017 оны 05-р сарын 31-ний өдрийг хүртэл зээл, зээлийн үндсэн хүүгээс, 2019 оны 04-р сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн хүүгээс тус тус төлөлт хийж байсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Бгаас үндсэн зээл 8 225 651.51 төгрөг, зээлийн хүү 1 840 022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 004 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, нийт 10 435 677.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кбанк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 184 159.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хуулийн 56, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хариуцагч Б.Б, Д.Б нарын Б.Бгийн Кбанктай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ-297 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Бгаас 181 921 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлого болгохоор,

 

            Хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

            Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Б.Б давж заалдсан гомдолдоо:  “...2015 онд Кбанк ХХК-ийн Замын-Үүд салбарын захирал Д.Б нь зээл аваад өгөөч гэж гуйсан. Б.Б миний бие нь тухайн үед ажил хийдэггүй байсан учир надад зээл гарах юм уу, зээл гаргах боломжтой бол миний иргэний үнэмлэхийг аваад явахгүй юу даа гээд иргэний үнэмлэхээ Д.Б захиралд өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Д.Б захирал банк дээр хүрээд ирээч гэж дуудсан. Намайг Кбанк дээр очиход Д.Б захирал олон баримт дээр гарын үсэг зураад өгөөрэй гээд зуруулсан. Тухайн үед би ямар баримт бичиг дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Дараа нь теллер дээр очоод өгсөн мөнгийг нь аваад надад авч ирж өгөөрэй гэсний дагуу би теллер дээрээс 14500000 төгрөгийг бэлнээр аваад Д.Б захирлын байсан зоогийн газарт аваачиж өгсөн. Тэрнээс хойш Кбанк над руу залгаж зээлийн эргэн төлөлтийн талаар ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Би нэг ч удаа өөрөө зээлийн эргэн төлөлтийг төлж байгаагүй, дансандаа мөнгө хийж байгаагүй болно. Харин 2017 оны 06-р сарын 07-ны өдөр цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний нэр дээр цалингийн зээл аваад төлөөгүй байгааг мэдсэн. Тухайн үед Д.Б захиралтай уулзахад зээлийн төлбөрийг чинь 5000000 төгрөгөөр 2 удаа, 3000000 төгрөгөөр төлж барагдуулна гэж өөрийн гараар бичиж гарын үсэг зурж өгснийг миний бие цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн юм. 2017 оны 06-р сараас хойш цалингийн зээлийн талаар Кбанкнаас зээлээ төл гэж шаардлага тавьж байгаагүй учир Д.Б захирлыг зээлээ төлж дууссан гэж ойлгож байсан. Кбанкны Замын-Үүд салбар түүний харьяа Э-транс, Хил, Вокзал болон нийгмийн даатгалын тооцооны кассанд 2014 оны 09-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 05-р сарын 24-ний өдрүүдийн гүйлгээ, зээлд 2016 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл хийсэн шалгалтаар Б.Б миний нэр дээр гарсан цалингийн зээлийг Д.Б захирал авсан болохыг илрүүлсэн. Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонгын дээрх 2018 оны 06-р сарын 13-ны өдрийн 177 дугаар тогтоолоор Д.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байгаа боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасны дагуу хэргийг хааснаар Кбанк ХХК-ийн эрх хүлээн авагч нь банкаа хохиролгүй болгохын тулд 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн ЗГ-297 дугаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр зээлийн төлбөрт 13617836,80 төгрөгийг Б.Б надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Кбанк ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Б.Б надад зээл олгосон гэх зээлийн эдийн засагч Н.Жавхлантөгс нь зээлдэгч Б.Б надтай нэг ч удаа уулзаагүй бөгөөд тухайн үед Д.Б захирлын бүрдүүлэн өгсөн баримтыг үндэслэн зээл олгосон. Б.Б миний бие Кбанк ХХК-иас өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээл аваагүй болно. Мөн дээрх журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасныг банкны эдийн засагч Н.Жавхлантөгс надаас нэг ч удаа шаардаж байгаагүй нь зээлийг Д.Б захирал хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авсан гэдгийг мэдэж байсан байх магадлалтай. Д.Б нь Кбанк ХХК-ийн гомдлын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэс болон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч Б.Бгийн нэр дээр хуурамч баримт бүрдүүлж зээл авсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл шүүх Б.Б надаас 10435677,51 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлахгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул 316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б намайг хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал давж заалдсан гомдолдоо: “...Хариуцагч Д.Б нь Б.Бгийн зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн ЗГ-297 дугаар зээлийн гэрээг байгуулан 15000000 төгрөгийг хариуцагч Б.Бгийн нэр дээр авсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал миний бие нь шүүх хуралдаанд Д.Б нь Б.Бгийн нэр дээр цалингийн зээлийг хуурамч материал бүрдүүлэн авсан учир Кбанк ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, харин цалингийн зээлийн гэрээний дагуу Д.Б нь банканд нийт 11746697,4 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3256302,6 төгрөгийг Д.Б төлж барагдуулах болохыг илэрхийлсэн. Гэтэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэр дээр миний тайлбарыг эсрэгээр нь гуйвуулан бичиж дүгнэлт хийсэн. Мөн хэрэгт авагдсан /1-р хх-ийн 91-106 хуудас/ Кбанкны Замын-Үүд салбар түүний харьяа Э-транс, Хил, Вокзал болон нийгмийн даатгалын тооцооны кассанд 2014 оны 09-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 05-р сарын 24-ний өдрүүдийн гүйлгээ, зээлд 2016 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл хийсэн шалгалтын тайлан, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонгын 2018 оны 06-р сарын 13-ны өдрийн 177 дугаар тогтоол зэргээр ЗГ-297 тоот зээлийн гэрээний материалыг хуурамчаар бүрдүүлэн 15000000 төгрөгийг Д.Б авсан гэдэг нь тогтоогдож байхад дээрх баримтуудыг үнэлэхгүй хариуцагч Б.Б, Д.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б, Д.Б нарын гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.   

 

Хариуцагч Б.Б-н өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн 316 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдсан гомдол гаргасан. Тухайн гомдлын агуулгыг товч танилцуулъя. Би энэ зээлийг аваагүй, уг зээлийг Д.Б авсан юм. Анхан шатны шүүх надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн зээлийг авахад барьцаа хөрөнгө шаардаагүй, төлөлтийг би хийгээгүй гэсэн байдаг. Зээлийн хугацаа хэтэрсэн нь тус банк хуулиар хүлээсэн зайлшгүй хүлээх үүргээ биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн байна. Хариуцагч нарын гаргасан гомдол болон Ж.Хүдэрчулуун өмгөөлөгчийн зарим тайлбар дээр нэмж, дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Банк болон Б.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь үндэслэл бус байжээ. Үүнийг хэзээ мэдсэн бэ? гэхээр нэг талаас харахад банк, зээлдэгч хоёрын хооронд хийсэн гэрээ боловч нөгөө талаараа Эрүүгийн хууль зөрчиж хийсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө байна. Тухайн 15000000 /арван таван сая/ төгрөг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө байсан. Харин анхан шатны шүүх шийдэхдээ Б.Бд хариуцлага хүлээлгэж, төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар Д.Б нь анхнаасаа хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэлсэн байдаг. Мөн Б.Б ч хэд хэдэн удаагийн тайлбар дээрээ би тухайн мөнгийг аваагүй, Д.Бд авч өгсөн гэдэг. Мөн тухайн гэрээ нь тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн, эрх бүхий байгууллагаас зээл авах, түүнд хийгдэх ажиллагаанд бичиг баримтыг цуглуулахдаа хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогддог. Иймд анхан шатны шүүх дутуу ажиллагаа явуулж шийдсэн юм болов уу гэж бодож байна. Анхан шатны шүүхийн 316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн Б.Б нарын гаргасан давж заалдсан гомдлоо дэмжиж, Б.Бг хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсэж байна...” гэв.   

 

Хариуцагч Д.Б-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 316 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Д.Мөнхжаргалын гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдол гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээгээр 15000000 /арван таван сая/ төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй зээл авсан. Хамгийн гол үндэслэл нь цалингийн зээл авсан. Уг гэрээг анхан шатны шүүх дүгнэхдээ банк гэрээнд заасан үүргээ биелүүлж 15000000 /арван таван сая/ төгрөгийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар Б.Бгийн харилцах дансанд шилжүүлсэн. Тиймээс шилжүүлсэн учраас зээл олгосонд тооцно. Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг гаргаж танилцуулсан, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэж тохирсон байдал нь зээлийн гэрээний харилцан тохиролцоонд тогтоогдож байна. Мөн Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 6744648 /зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун дөчин найм/ төгрөг, зээлийн хүү 4650619 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга зургаан зуун арван нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318729 /гурван зуун арван найман мянга долоон зуун хорин ес/ төгрөг тус тус төлж байсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн байна. Иймээс нэхэмжлэгч тал нь гэрээнд заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Б.Бгаас шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк зээлийн үйл ажиллагааг эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж байна. Тэгэхээр энэ 297 дугаар зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Үүнээс харахад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь  банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд цаашид зээлдэгч гэхэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох цаашид зээл гэнэ. Үүнээс үзэхэд барьцаа авч, батлан даалт тогтоож байж зээл олгох нь харагдаж байхад 297 дугаар зээлийн гэрээ нь уг хуульд заасан үндэслэл, журмыг хангасан зээлийн гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй байна. Нэгдүгээрт энэ зээлийг Б.Бгийн нэрээр Д.Б авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Ингэж авахдаа хууль зөрчиж авсан байдаг. Иймд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Хоёрдугаарт хууль зөрчсөнийг дараах байдлаар тогтооно. Үүнд цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд энэхүү гэрээний 2.6-д заасан зээлийн хугацаанд төлөх хуваарьт хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болно гэсэн заалт байдаг. Гэтэл Б.Б гэдэг хүн нь хөдөлмөр эрхэлдэггүй цалингүй хүн байсан. Тэгэхээр цалин барьцаалж олгосон зээл биш болж таарч байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хуурамч бичиг баримт үйлдэж зээл авсныг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолд хуурамчаар бичиг баримт үйлдсэн хүмүүсийн жагсаалтад Б.Бгийн нэр байдаг. Мөн Д.Бгийн гаргаж өгсөн тодорхойлолт байдаг. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнийг хангаснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх буюу 15000000 /арван таван сая/ төгрөгийн зээлээс тодорхой төлсөн хэсгийг хасаж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.Бгийн өөрийн гаргасан өргөдөл, анкет, хүсэл зорилгоо илэрхийлсний дагуу банк Б.Бтай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Б.Бгийн 2006019754 тоот дансанд 15000000 /арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн. Б.Б нь насанд хүрсэн, иргэний эрхзүйн чадамжтай иргэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцах үүрэгтэй. Зээлийн эргэн төлөлтөө Б.Бгийн харилцах дансаар дамжуулан төлж, зээлийн хүүгийн үлдэгдэл байгаа эсэхээ өөрөө мэддэг байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэзээ, хэнээс, юу шаардахаа өөрөө шийдвэрлэдэг. Иймд банк шаардаагүй, харин эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүү, үндсэн зээл, нэмэлдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн үг биш юм. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол Монгол банкны хяналт шалгалтын газрын ахлах шалгагч н.Ариунаа, н.Гонгор нарын шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтээр зээл авсан нийт 62 зээлдэгчийн хувьд байгууллагын тодорхойлолт байгаа ч зарим хэсэг нь баталгаажаагүй, зээл хүссэн өргөдөл зэрэгт гарсан зөрчил нь банкныхаа дотоод журмыг зөрчсөнөөс биш банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байдаг. Уг тогтоолын дүгнэлтэд дурдсан 62 иргэн нь хуурамч бичиг болох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх мэт зүйлүүдийг бүрдүүлэн зээл авсан үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэж ашиглах гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар энэ хэрэгт шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан. Д.Б болон бусад иргэдээс нэхэмжлэх эрхийг дурдсан байдаг тул уг гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч  Б.Б, Д.Б нарт холбогдуулан зээл 8225651,51 төгрөг, хүү 4908081,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484103,94 төгрөг, нийт 13617836,80 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, ... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” /хх-34/ гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... тус банкны салбарын эрхлэгч Д.Б намайг гуйж холбогдох баримт бичиг дээр гарын үсэг зуруулж өөрөө авсан. ... Би ... энэ зээлээс аваагүй, ... хариуцагч нь би биш ... Д.Б ...” гэж тайлбараа өөрчилж, хариуцагчийг солих тухай хүсэлт гаргажээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Бгийн хариуцагчийг Д.Бгаар солих тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/ШЗ2020/00392 дугаар шүүгчийн захирамжаар /хх-40/ хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Д.Бг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг /хх-43/ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 137/ШЗ2020/00406 дугаар шүүгчийн захирамжаар /хх-48/ хангаж, Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон байна.

 

            Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Байгалмаа бичиг баримт хуурамчаар үйлдэж зээл олгосон ... зээл хууль бус учраас энэ зээлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч, ... нийт 11743677 төгрөг төлсөн, үлдэгдэл 3256402 төгрөг төлнө...” гэж маргажээ.

 

            Хариуцагч Д.Б, Б.Б нар нь “ ... Зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан ... зээл нь барьцаа, батлан даалттай байх заалтыг зөрчсөн үндэслэлээр ...ЗГ-297 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар” сөрөг нэхэмжлэл /хх-224/ гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй эс зөвшөөрч “... Банк зээл олгох үед болон цагдаагийн байгууллагаас хэрэг нээж шалгахаас өмнө Б.Б нь тухайн байгууллагад ажилладаггүй гэдгийг ... мэдэх боломжгүй байсан, ... хариуцагч нарын буруутай нөхцөл байдлаас шалтгаалж банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй...” /хх-243/ гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Бгаас нийт 10435677.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3184159.29 төгрөгийг болон хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал эс зөвшөөрч “... сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой...” гэж, хариуцагч Б.Б “... Кбанкнаас өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээл аваагүй, ... шүүх ... хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлалгүй шийдвэрлэсэн, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол тус тус гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Б нь Кбанкны Замын-Үүд салбараас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-297 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15000000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн төлбөрт 6774348,49 төгрөг, зээлийн хүүд 4650619,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318729,22 төгрөг төлсөн, хариуцагч Б.Б нь зээлийн мөнгийг хариуцагч Д.Бд өгсөн, энэхүү асуудалд буюу хариуцагч Д.Бг Кбанкны Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байхдаа цалингийн зээлийн журам зөрчиж зээл олгосон эсэх асуудалд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, банкны ажилтан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болохгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар прокурорын тогтоолоор /хх37-39/ хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх Кбанк болон хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээний үүргийг хариуцагч Б.Бд хариуцуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,  22 дугаар зүйлийн 22.1-д нийцсэн, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

            Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Бд шилжүүлсэн өгсөн, ийнхүү зээлийг авахдаа бүрдүүлэх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байх боловч энэ нь Кбанк хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

            Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор тус тус заажээ.

 

            Эндээс үзвэл хариуцагч Б.Б нь банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлсэн өгсөн, тэрээр ийнхүү зорилгоор зээл авсан байхыг үгүйсгэхгүй боловч зээлийн гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж зээлийн мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авахаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулж, улмаар банк зээлийн мөнгөн хөрөнгийг түүний дансанд шилжүүлж, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Б өөрөө захиран зарцуулсан буюу өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагч Д.Бд шилжүүлэн өгсөн байх тул түүнийг зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөх, түүнийг банктай зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч Д.Б нь банкийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан байсан, тэрээр хариуцагч Б.Бгийн зээлийн материалыг хуурамчаар үйлдсэн тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдээгүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул хариуцагч Б.Б нь уг зээлийн авах шаардлага, шалгуурыг хангахгүй байсан бол зээлийг авахаас татгалзах, зээлийн гэрээг байгуулахгүй байх эрх нь түүнд байсан ба тэрээр энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй явдалд банкийг буруутгах үндэслэлгүйн гадна хариуцагч Д.Б түүний нэр дээр зээл авахаар ийнхүү хуурамч баримт бичиг бүрдүүлснийг хариуцагч Б.Б мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Улмаар хариуцагч тал хариуцагч Б.Бгийн орлого тодорхойлох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримтыг зээлийг барьцаагүй олгосон нөхцөлд хамааруулж,  энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан зээлийн гэрээний агуулга, зарчимд нийцэхгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хулийн этгээдээс зээл олгох гэнэ.” гэж заасан ба Кбанк хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.13-д “зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд ... цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авах  ...” –аар заасан байна.

 

            Эндээс үзвэл талууд зээлийн гэрээндээ цалингийн орлогыг барьцаа болгохоор тохиролцсон байх ба гагцхүү хариуцагч нар энэхүү нөхцөлийг хангахын тулд цалин орлогын талаарх баримтыг хуурамчаар  үйлдэж зээл авсны улмаас үүргийг барьцаагаар хангах нөхцөлгүй болсон байх бөгөөд энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1, 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох бөгөөд энэ утгаараа үүргийн гүйцэтгэл барьцаагаар хангагдах боломжгүй болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоос биш энэ үндэслэлээр  гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй болно.

 

            Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх ба Кбанк болон хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “... зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээх тухай ...”  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний ерөнхий агуулга зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.       

 

Түүнчлэн хариуцагч Д.Б нь банкийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтны хувьд хувийн ашиг сонирхлын үүднээс зээлдэгч Б.Бгийн цалин орлогыг бодитоор тодорхойлох, шалгах албаны үүргээ биелүүлээгүй, холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн явдал нь банк болон Д.Б нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контрактаар зохицуулагдах харилцаа бөгөөд энэ ч утгаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

            Харин хариуцагч Б.Б нь хариуцагч Д.Бгийн дээрх үйлдлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл түүний энэ талаар нэхэмжлэл гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

            Иймд хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Б.Б нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Б.Б нарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул тэдний давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг, хариуцагч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ