| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04268/И |
| Дугаар | 181/ШШ2024/04873 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/04873
2024 11 28 181/ШШ2024/04873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 давхарт байрлах, Ш ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт М-ын Т /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 08- ны өдрийн 18 цаг 32 минутын үед Шангри-Ла худалдааны төвийн 1 дүгээр давхрын фасадны шилэн ханыг өөрийн болгоомжгүйгээс болж мөргөж хагалсан болно. М.Т дараа нь учирсан хохирлыг барагдуулах тухайгаа бидэнд бичиж өгч байсан. Түүнээс өмнө 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөр нэг иргэн бас 1 дүгээр давхарын өөр шилэн ханыг мөргөж хагалсан байсан.
Тус ханын шилний хэмжээ нь 1910*2780*24 мм бөгөөд Монгол улсад тухайн хэмжээст таарсан шилийг үйлдвэрлэх үйлдвэр байдаггүйгээс шалтгаалж бид тухайн шилийг анх нийлүүлж, суурилуулсан Солонгос улсын Фасад Ин Кореа үйлдвэрт хандсан юм. Манай компани нь 2024 оны 01 сарын 20-ны өдөр Ф ХХК- тай харилцан тохиролцож шилэн хананы 2 шилийг солиулахаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр шилэн хананы 2 шилийг нийт 25.065.630 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Үүнд:
|
№ |
Нэр |
Бараа материалын үнэ |
Ажлын хөлс |
Нийт дүн |
| 1. |
1910*2780*24 мм шил | 1.784.093 - нэгж үнэ х 2 =3.568.186 |
4.500.000x2 9.000.000 |
2.568.186 |
| 2. | Угсралтын туслах материал |
1.500.000 |
|
1.500.000 |
|
3. | Тээврийн зардал +баглаа боодол |
|
| 8.000.000 |
| 4. | Гаалийн татвар -5,5 хувь |
|
| 718.750 |
| 5. | Туслах ажлын дүн |
|
| 8.718.750 |
| 6. | НӨАТ 10% |
|
| 2.278.694 |
|
7. |
Нийт |
|
|
25.065.630 |
Ф ХХК нь уг ажлыг бүрэн хийж гүйцэтгэж 2024 оны 04 сарын 03- ны өдөр манайд хүлээлгэн өгсөн.
Бидний хувьд иргэн нарын хагалсан шилэн хананы шилийг солиход нийт 25.065.630 төгрөг зарцуулсан. М.Т нь энэхүү гарсан зардлын 50 хувь болох 12.532.815 төгрөгийг төлөөгүй тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Т тхолбогдуулан нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл М.Т нь Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй байсан байна. М.Т дугаарын утастай боловч утсаа авдаггүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32024/16981 дугаартай шүүгчийн захирамжаар М.Т-ийг нэхэмжлэлд дурдсан хаягт бүртэлгүй, оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүрийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд дээрх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох шаардлагатай байх тул 0 тоот регистрийн дугаартай М-ын Т-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт М-ын Т-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
М.Т нь Ш худалдааны төвийн 1 дүгээр давхрын фасадны шилэн ханыг хагалсан үйлдлээр гэм хорын хохирол учруулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул М.Т-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
М.Т нь Архангай, Эрдэнэбулган, 2 дугаар баг, 6/36 дугаар байр, 2-17 тоот хаягт оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч болох М.Т-ийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул М.Т-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т-н оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т/-ийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Ш /утас: /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА