Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/514

 

                                                             А.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

хохирогч Г.Б-н өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч П.Аюушжав,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох 2303 00005 0035 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн А-н Н, ..............., ял шийтгэлгүй, /РД: ......../;  

Шүүгдэгч А.Н нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж Вива сити хотхоны урд замд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд “Тоёота альфард” загварын, ... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт А-н Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мөн хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Н нь хохирогч Г.Б-д 1.800.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-с  75.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан дахь 10090020080 данс)-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн №382090 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг А.Н-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд хохирогч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

1. Хохирол төлбөрийн талаар: А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа гарцаар гарч байсан хохирогч Г.Б-н мөргөсний улмаас түүний баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон. Г.Б 30 гаруй жил эмнэлгийн байгууллагад ажилласан бөгөөд эм тарианы харшилтай, баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарлыг хадаж бэхлэх хагалгаанд орохоор бэлтгэж, мэдээ алдуулах тарианы сорил тавихад харшилтай байсан тул хагалгаанд орох боломжгүй болсон. Ингээд уг хугарлыг өөрөөр нь эдгээхээр болсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал акттай байж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Энэ талаарх баримтаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн. Хохирогчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин 8.156.187 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны эмчилгээ, эм тарианы зардалд 6.003.861 төгрөг, нийт 14.909.868 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгч А.Н-н төлсөн 1.800.000 төгрөгийг хасаад 13.109.868 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо хохирогчийн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхисон гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 6-д хохирогч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээжээ. Үүнээс харахад анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрх нээлттэй гэж ойлгогдож байгаа бөгөөд өмнө нь гарсан эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх осол гарсан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл эмчилгээний зардалд 6.003.861 төгрөг гарсан байхад зөвхөн шүүгдэгчийн төлсөн 1.800.000 төгрөгөөр хязгаарлаж, үлдэх 4.203.861 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисноо шийтгэх тогтоолоо уншиж сонсгохдоо шүүгч танилцуулсан атлаа, бичгээр албажуулахдаа орхигдуулсан байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд хохирогч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл акттай байсан. Нийгмийн даатгалын газраас 1-р сард листний мөнгө 1.162.576 төгрөг, 2-р сард 394.095 төгрөг, 3-р сард 1.576.380 төгрөг нийт 3.133.051 төгрөгийг хохирогчийн ажлын газрын буюу Хан-Уул Эм Нэгдэл байгууллагын дансанд шилжүүлснийг хохирогч Г.Б-н дансанд анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2023 оны 3 дугаар сарын сүүлээр бөөнд нь шилжүүлэн өгсөн байдаг.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Анхан шатны шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн. Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтээ шүүхэд танилцуулсан бөгөөд ял шийтгэлийн талаар дүгнэлтээ шүүхэд танилцуулаагүй. Гэтэл шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаар санал дүгнэлтийг танилцаж, сонсоогүй байж өөрөө дур мэдэн 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын яллагч гэм буруугийн талаар болон ял шийтгэлийн талаар санал дүгнэлтээ танилцуулж, түүнд нь шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нар тайлбар, саналаа шүүхэд гаргадаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр ял шийтгэлийн талаар прокурор ч саналаа гаргаагүй, бусад хэргийн оролцогчид ч ял шийтгэлийн талаар тайлбар, саналаа танилцуулаагүй. Шүүх ял шийтгэлийн талаар хэргийн оролцогчийн хэн нь ч ямар нэгэн байдлаар дүгнэлт, тайлбар, санал хэлээгүй байхад шүүх юунд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

3. Ял шийтгэлийн талаар:

Анхан шатны шүүх хохирогчийн хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ хохирогчийн осол гарснаас хойш анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх эмчилгээний зардлыг иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй орхисноо шийтгэх тогтоолдоо бичгээр дурдаагүй, ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн тул иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, орлого, торгуулийн ял шийтгэлийг биелүүлэх санхүүгийн чадамжтай эсэх талаар нэг ч баримт байхгүй байхад торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж чадахгүй байхад хэрхэн яаж торгууль төлөх нь ойлгомжгүй. Шүүгдэгчийн зүгээс торгуулийн ял шийтгэлийг биелүүлэх чадамжтай эсэх талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

  Хохирогч Г.Б нь осол гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлээгүй, одоо ч хөл нь гүйцэд сайн эдгээгүй, маш их гомдолтой байгаа ба хохирол төлбөрөө бүрэн авч чадаагүй байхад шүүгдэгчийг 1.000.000 төгрөгөөр торгосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

   Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, осол болсноос хойш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацааны эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах замаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Н тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.  

Шүүгдэгч А.Н-н өмгөөлөгч П.Аюушжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Н нь хохирогчоос баримттай болон баримтгүй нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг түүнд өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүн гэмтээсэн нь үнэн болохоор баримттай болон баримтгүй нэхэмжилсэн төлбөрийг төлнө гэсэн байр сууриа илэрхийлдэг. Харин хохирогчийн гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэл хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, миний үйлчлүүлэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж торгох ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс прокурорын санал болгосон ялыг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгчид 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг 2 үе шаттай явагдаж байгаа тохиолдолд прокурор ялын саналаа танилцуулдаг. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд дурдагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжилсэн “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээний зардал зэрэг нийт 11.926.588 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй. Хэрэгцээ шаардлага нь өөр байх тул шүүх үнэлэх боломжгүй” гэж үзсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Н-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Н нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж Вива сити хотхоны урд замд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд “Тоёота альфард” загварын, .. УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-н “...Би тухайн замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш явах чиглэлийн 1, 2-р эгнээнд явган хүний гарцаар гарч яваад 3-р эгнээнд иртэл цаанаас нэлээд хурдтай машин ирээд миний зүүн тал руу ирж хүчтэй мөргөж унагаасан. ... Миний баруун талын шагайны гадна талын яснууд хугарч, зүүн талын хавирганууд хугарсан. ...” /хх 19-20/,

гэрч Х.М-н “... Вива сити хорооллын урд талын замыг хөндлөнгөөр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарчихаад автобусны буудал руу алхаад явж байхад түс хийх чимээ сонсогдсон. Эргээд хартал зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явах чиглэлийн замд саарал өнгийн “Тоёота альфард” загварын автомашин хүн мөргөсөн машин нь урд талынхаа боржурыг машиныхаа урд талын 2 дугуйгаараа даваад зогсчихсон мөргүүлсэн хүн нь газар хэвтэж байсан. ...” /хх 55-56/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “... Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 75.920 төгрөг гарсныг А.Н-с  гаргуулж өгнө үү. ...” /хх 49/,

иргэний хариуцагч А.С “... “Тоёота альфард” загварын ......... УБМ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч А.Н-н өөрийнх нь эзэмшлийн автомашин байгаа юм. ... Ослын улмаас хохирогчид учирсан төлбөрийг А.Н өөрөө төлнө. Автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсныг мэдэхгүй. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Б-н биед баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг удаанаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 142 дугаартай дүгнэлт /хх 81-82/,

Мөрдөгчийн “... Жолооч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй”. Үүнд 4 дүгээр хавсралтын 5.2 “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Явган зорчигч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэсэн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай магадлагаа /хх 98-100/,

зам тээврийн осол, хэсгийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг /хх 4-9/, хохирогч Г.Б-н өвчний түүхийн хуулбар /хх 32-42/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.

Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ...” болохоор заасан.

Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 181 ар тал/ тусгагдсанаар шүүхийн хэлэлцүүлгийн шат дуусаж, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтээ гарган, шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй. 

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч Г.Б нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

 Харин шүүх осол болсноос хойш шийтгэх тогтоол гарах хүртэл хугацааны эмчилгээтэй холбоотой зардлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Хохирогч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “ял шийтгэл хөнгөдсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ  

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР