Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2020/00037

 

“Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн

 авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00382 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: ... байрлах “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.А-д холбогдох,

 

Үндсэн зээл 6417476,14 төгрөг, хүү 5538794,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769584,09 төгрөг, нийт 12725854,86 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй /зайнаас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа /зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ч.А нь К банктай 2015 оны 06-р сарын 09-ний өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 8000000 төгрөгийг сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй, лизингийн зээл зориулалтаар 2018 оны 06-р сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.Аын К банкны ....... тоот харилцах дансанд 2015 оны 06-р сарын 09-ний өдөр 8000000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1582523,86 төгрөг, зээлийн хүүд 1472123,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83924,28 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6417476,14 төгрөг, 5538794,63 төгрөг, 769584,09 төгрөг, нийт 12725854,86 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Ч.Аоос зээлийн гэрээний үүрэгт 12725854,86 төгрөг, нотариатчийн зардал 2000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.А нь тухайн үед К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.Бг өмнө нь таньдаг байсан бөгөөд зээл авсан гэх 2015 оны 06-р сарын 09-ний өдөр Д.Б захирал Ч.А руу залгаж “Би чиний дансанд мөнгө хийчихлээ манай банкин дээр ирээд данснаасаа аваад өгөөч” гэж ярьсны дагуу Гүн буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан К банкны салбар дээр очиход Д.Б захирал чиний нэр дээр данс нээсэн эдгээр баримтууд дээр гарын үсэг зураад теллер дээрээс мөнгө аваад надад өгөөрэй гэсний дагуу өгсөн баримтуудыг уншихгүй гарын үсгээ зурж теллер дээрээс очиж данснаасаа мөнгийг авч Д.Б захиралд өгсөн. Ч.А нь К банк ХХК-ийн Замын-Үүд салбараас 8000000 төгрөгийн зээл авсан гэдгээ К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс мэдсэн юм. Ч.А нь 2016 оныг хүртэл төрийн байгууллага болон аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй хувиараа ачаа зөөдөг ачигч хийдэг мөн банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэггүй байсан. 2015 оны 06-р сарын 09-ний өдөр Д.Б захиралд К банкнаас мөнгө авч өгснөөс хойш К банкны ямар нэгэн ажилтан Ч.Атой холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар шаардлага тавьж байгаагүй. К банкнаас авсан гэх 8000000 төгрөгийн зээл нь Ч.Аын хүсэл зоригоо илэрхийлж авсан зээл биш учир К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан үндсэн зээл 6417476,14 төгрөг, зээлийн хүү 5538794,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769584,09 төгрөг, нийт 12725854,86 төгрөг, нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.    

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа сөрөг нэхэмжлэлдээ: “...Ч.А нь 2015 оны 06-р сард огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд К банк ХХК-ийн зээлийн ерөнхий журам, цалингийн зээлийн журамд заасан барьцаат цалингийн зээл авах эрхтэй этгээд биш байсан. Ч.А нь 2015 оны 06-р сарын 09-ний өдөр К банкны Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.Бгийн данснаасаа мөнгө аваад өгөөч гэж дуудсаны дагуу очиж баримт дээр гарын үсэг зурж, теллер дээрээс мөнгө авч өгсөн байдаг. Энэ өдрөөс хойш зээл авсан талаараа мэдээгүй, К банк ХХК-ийн Замын-Үүд салбараас зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдэж байгаагүй. Ч.А нь тухайн өдөр теллер дээрээс авч өгсөн мөнгө нь өөрөө цалингийн зээл авч Д.Бд өгсөн талаараа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн юм. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд Ч.А нь нэг ч удаа зээл төлөлт хийж байгаагүй бөгөөд зээл олгосон эдийн засагч Б.Отгонбат нь захирал Д.Бгаас зээлийн төлбөрийг бэлнээр авч төлж байсан. К банк ХХК-иас Замын-Үүд салбарт хийгдсэн хяналт шалгалтаар уг цалингийн зээл нь хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бусаар байгуулагдсан зээлийн гэрээ болохыг илрүүлж, зөрчил гаргасан ажилтныг шалгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс болон Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан байдаг. Дээрх зээл болон банкнаас илэрсэн зөрчлийг Авлигатай тэмцэх газар шалгаж, Монгол банк ХХК-ийн хяналт шалгалтын газрын шинжээчийн дүгнэлтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан болохыг тогтоосон. Мөн К банк ХХК-ийн зээлийн газрын дэд захирал С.Дэлгэрцэцэгийн Нийслэлийн прокурорын газарт гаргаж өгсөн хуурамч материалтай зээлдэгчийн мэдээлэл гэх хүснэгтийг үндэслэн К банк ХХК нь Д.Бг шалгуулж, К банк ХХК-д учирсан хохирлоо Д.Бгаас нэхэмжилж байсан атлаа одоо Ч.А болон К банк ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж байна. К банк ХХК-ийн 2016 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл Замын-Үүд салбар түүний харьяа 4 нэгжид хийсэн иж бүрэн шалгалтаар Ч.Аын авсан гэх зээл хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан болохыг илрүүлсэн, мөн ЗГ-245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т “хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан...” тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцална гэж заасан атлаа зээлийн гэрээг цуцлахгүй өнөөдрийг хүргэж 2020 оны 08-р сарын 27-ны өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын зээлийн мэргэжилтэн Б.Отгонбат нь зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4-р зүйл “Зээлийн хүсэлт, баримт бичиг хүлээн авах”, 6-р зүйл “Зээлийн шинжилгээ судалгаа”, 7-р зүйл “Зээл шийдвэрлэх, зээл олгох ажиллагаа”-г мөн журмын 13-р зүйлийн 13.7, 13.21-т заасныг зөрчиж Ч.Аод зээл олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул Ч.Атой байгуулсан гэх 2015 оны 06-р сарын 09-ний өдрийн ЗГ-245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.А нь 2015 оны 06-р сарын 09-ний өдөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлсний дагуу цалингийн зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажсанаар банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2006009551 тоот дансанд шилжүүлсэн. Ч.А нь насанд хүрсэн иргэний эрх зүйн чадамжтай гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцах чадвартай байсан. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06-р сарын 13-ны өдрийн 177 тоот хэрэг бүртгэлтийг хаах тогтоол, Монгол банкны хяналт шалгалтын газрын шалгагч улсын байцаагч Ариунаа, Гонгор нарын 2018 оны 01-р сарын 22-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт нь нэг зээлдэгчийн хувьд байгууллагын тодорхойлолт байхгүй байгаа боловч баталгаажаагүй, зээл хүссэн өргөдөл гаргаагүй зөрчил нь банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Мөн тогтоолд дурдсан хуурамч бичиг баримт болох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт материалуудыг бүрдүүлэн зээл авсан үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгт цаашид ажиллагаа явуулах боломжгүй гэж прокурорын тогтоолд дурдсан байдаг. Ч.Аын 2006009551 тоот харилцах дансаар зээлийн мөнгөө авсан. Мөн зээлийн эргэн төлөлтийг харилцах дансаар дамжуулж төлдөг байсан нь хуурамч бичиг баримт үйлдэн зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зарцуулсан, зээлийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байсан, зээл олгох үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, тухайн байгууллагад ажилладаг байсан талаар банк мэдэх боломжгүй байсан. Учир нь Ч.А банканд энэ талаар бодитой үнэнийг мэдэгдээгүй улмаас Ч.Аын цалинг барьцаалж байна гэж үзсэн. Дээр дурдагдсан хариуцагчийн буруутай нөхцөл байдлаас шалтгаалан банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй. Иймд Ч.Атой 2015 оны 066-р сарын 09-ний өдөр байгуулсан 245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг түүний цалинг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байхаас бусад хэсгийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.    

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Аоос үндсэн зээлийн 6417476,14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5538794,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769584,09 төгрөг, нийт 12725854,86 /арван хоёр сая долоон зуун хорин таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож,

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хариуцагч Ч.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан К банктай 2015 оны 06-р сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж 218564 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Аоос 218564 төгрөгийг гаргуулж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгохоор,

 

            Хариуцагч Ч.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч К банк ХХК-тай Ч.А нь 2015 оны 06-р сарын 09-ний өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 8000000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, жилийн 20,4 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлж аваагүй юм. К банк ХХК-иас цалингийн зээл гэж 8000000 төгрөгийг зээлсэн талаар К банк ХХК дахь эрх хүлээн авагч 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахад мэдсэн юм. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг, К банк ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2 дугаар зүйлийн 2.1.12-т “Зээл гэж тус банк нь өөрийн мөнгөн хөрөнгөө зээл хүсэгч иргэн, аж ахуй нэгжид тодорхой хугацаа, хүү, эргэж төлөгдөх барьцаа, баталгаатайгаар олгож буй санхүүжилтийг”, 2.1.14-т “Зээлдэгч гэж тус банкны зээлийн холбогдох журамд заасан шаардлагыг ханган, зээлийн материал бүрдүүлсэн, холбогдох хорооны зээл олгох шийдвэрийн дагуу зээл авсан МУ-ын болон гадаадын иргэн, МУ-ын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг”, 2.1.15-т “орлоготой зээлдэгч гэж үндсэн цалин, нэмэгдэл урамшуулал, хувь хэмжээ, илүү цагийн хөлс болон хоёр дахь цалин зэрэг орлогын эх үүсвэртэй зээлдэгчийг”, 2.1.2-т “Зээлийн ажилтан гэж ажлын байрны тодорхойлолтын дагуу зээл хүсэгчийн өргөдөл, зээл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийг хүлээн авч, судалгаа шинжилгээ хийн санал дүгнэлт гаргаж, зээл олгох шийдвэр гаргах эрх бүхий хороонд танилцуулж, эцсийн шийдвэр гаргуулах, олгосон зээлийн явцад хяналт тавих зэргийг хариуцан ажиллах үүрэг бүхий ажилтныг” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч Ч.А нь 2015 оны 06 дугаар сард төрийн байгууллага болон аж ахуйн нэгжид ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан нь хавтаст хэргийн 45-46 хуудсанд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байгаа. Ч.А зээл олгосон гэх зээлийн ажилтан Б.Отгонбат нь дээрх журамд заасан зээлийн хүсэлт, баримт бичиг хүлээн авах, зээлийн шинжилгээ судалгаа хийх заалтуудыг зөрчин зээл олгосон байдаг. Мөн К банк ХХК, Элсэн далай ХХК нарын хооронд 2015 оны 01-р сарын 14-ний өдрийн №01-х00/14 тоот цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд “дансаар үйлчлүүлэх ажилтнуудын нэрсийн жагсаалт, цалин, түүнтэй адилтгах орлого, бусад холбогдох баримт мэдээллийг баталгаат эх хувиар гаргаж өгөх” гэж заасан дээрх жагсаалтад Ч.Аын нэр байдаг эсэхийг зээлийн ажилтан Б.Отгонбат шалгаж, зээлийн ерөнхий журам, цалингийн зээл олгох журмуудаа мөрдөж ажилласан бол өдийд Ч.А нь зээлийн төлбөрт орохгүй байсан юм. Хариуцагч Ч.Аод олгосон гэх 8000000 төгрөгийн цалингийн барьцаат зээлийг К банк ХХК-ийн Замын-Үүд салбарт хийсэн 2016 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл хийсэн иж бүрэн шалгалтаар Ч.Аод олгосон зээлийг Замын-Үүд салбарын захирал Д.Б хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан, зээлийн ажилтан Б.Отгонбат нь Ч.Аын зээлийн төлбөрийг Д.Б захирлаас бэлнээр авч төлдөг байсан талаар мэдүүлсэн зэргээр Д.Б захирлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээлдэгч нарын өмнөөс зээл авсан болохыг тогтоож цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Тухайн үед уг зээлтэй Ч.А ямар ч хамааралгүй гэж үзсэн тул цагдаагийн хэлтсээс Ч.Аоос гэрчийн мэдүүлэг аваагүй мөн Ч.Аын ажиллаж байсан гэх Элсэн далай ХХК-г шалгаагүй байна. Хэрэгт авагдсан Д.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт Ч.Аод олгосон цалингийн зээлийг өөрөө бичиг баримтыг бүрдүүлэн авсан талаараа мэдүүлсэн мөн К банк ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрцэцэгийн прокурорын байгууллагад гаргаж өгсөн хуурамч материалтай зээлдэгчийн мэдээлэл зэргээр Д.Б захирал нь К банк ХХК-ны зорилго болон зээлийн ерөнхий журмыг зөрчиж зээл олгож байсныг тогтоож, К банк ХХК-д учирсан хохирлыг К банк ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрцэцэгийн гаргаж өгсөн жагсаалтын дагуу 362,400,735.19 төгрөг гэж Нийслэлийн прокурорын газраас тогтоосон байдаг. Мөн ЗГ-245 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний 5.1.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт-1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, 5.1.3-т “Банкнаас тавих зээлийн хяналтад зээлдэгч удаа дараа саад учруулсан, худал мэдээлэл өгсөн, байгууллага болон зээлдэгч хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан” тохиолдолд гэрээг цуцлах, дуусгавар болох гэж заасан атлаа зээлийн гэрээг цуцлалгүй Д.Б захирал зээлийг авсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан ба Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл К банк ХХК дахь эрх хүлээн авагч нь зээл авсан гэх иргэдээс зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хавтаст хэргийн 12-21-р хуудсанд авагдсан Ч.Аын 2006019555 тоот зээлийн дансны хуулганаас үзэхэд 2016 оны 02-р сарын 07-ны өдөр зээлийн хүүг зогсоож зээлийн үлдэгдэл 7,315,630.14 төгрөг болсон ба зээлийн төлөлтөд 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,251.80 төгрөгийг төлж үлдэгдэл 7,313,378.34 төгрөг болсноос 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 706,520.85 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 6,606,857.49 төгрөг болсноос 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 189,381.35 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 6,417,476.14 төгрөг болсон байна. 2016 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлбөрт 3 удаа төлөлт хийхэд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож аваагүй ба 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон 2,487,548.57 төгрөгийн  хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны 2018/045/004 тоот актын дагуу зээлийн төлбөрөөс хасаж зээлийн үлдэгдлийг 6,417,476.14 төгрөг болгож дахин 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн хүүг зогсоож торгуулийн хүү гэж бодогдож байсан боловч уг бодогдсон торгуулийн хүү нь тухайн өдөртөө залруулга хийгдэж зээлийн төлбөр дээр нэмэгдэж бодогдоогүй байгаа нь харагдаж байгаа юм. Нэгэнт зээлийн хүүг зогсоосон байж /хх-ийн 9-11/ К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зээлийн ахлах мэргэжилтэн Б.Ганчимэг, нягтлан бодогч Ц.Отгонжаргал нарын Ч.Аын зээлийн 2006019555 тоот дансны зээлийн үлдэгдэл дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон бодож байгаа нь үндэслэлгүй байхад хариуцагч Ч.Аоос зээлийн хүү 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,584.09 төгрөгийг гаргуулан шийдсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл гаргахдаа: “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар “К банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.

 


 К банк ХХК дахь эрх хүлээн авагч М.Адилбиш нь Б.Нэргүйд хэдийгээр хугацаагүй итгэмжлэл олгосон боловч М.Адилбишийн К банк ХХК дахь эрх хүлээн авагчийн бүрэн эрх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан” тохиолдолд төлөөлөл дуусгавар болно гэж заасан Мөн хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд авагдсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчаар Т.Дэлгэрхүүг томилсон, Т.Дэлгэрхүү нь Б.Нэргүйд К банк ХХК дахь эрх хүлээн авагчийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй байх тул Б.Нэргүй нь К банк ХХК дахь эрх хүлээн авагчийг төлөөлөх эрхгүй этгээд байхад шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заасан анхан шатны шүүх хуралдааныг дэгийг зөрчиж нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч Ч.А нь хүсэл зорилгоо илэрхийлж К банкны Замын-Үүд салбараас зээл авахаа илэрхийлснээр үүнийг банк хүлээн авч Ч.Аод 8000000 /найман сая/ төгрөгийн цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Ч.А нь насанд хүрсэн иргэний эрхзүйн чадамжтай иргэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө хариуцах үүрэгтэй. Давж заалдах гомдолд дурдагдаж байгаа н.Байгальмаа захирлыг авсан гэж К банкнаас эрүү үүсгэж шалгуулсан гэдэг нь зөвхөн н.Байгальмаа захирал биш 2016 онд К банкнаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын ажилчид, захирлууд н.Байгальмаа захиралтай нийлж хуурамч бичиг баримт бүрдүүлэн банкнаас зээл авсан байх магадлалтай гэж шалгуулсан. Үүнд Ч.А нь Элсэн далай ХХК-д ажилладаг тодорхойлолтой манайхаас зээл авсан. Тухайн үед зээл авсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авчирсан манай цалингийн зээлийн журамд байдаг бүх үзүүлэлтүүдийг хангаж, авчирсан бүх материалуудынх нь дагуу зээлийг олгосон байгаа. Харин хуурамчаар бичиг баримт үйлдэж, тийм тийм хүнтэй хуйвалдаад ирсэн байна гэдгийг зээл олгох үед банк мэдэх ямар ч боломжгүй байсан учраас Ч.Аын цалинг барьцаалсан байдаг. Зээлийн хүүгийн тооцоолол нь үндсэн зээлийнхээ дансанд зээлийн хүү нь хуримтлагдаад явдаг. Зээл 90 хоногоос дээш хугацаа хэтрэх юм бол Монгол банкны журмынхаа дагуу балансын гадуур хуримтлагдаж яваад үндсэн зээлийн данс нэг, зээлийн хүү нэг дансанд, нэмэгдүүлсэн хүү нэг дансанд гээд тус тусдаа дансанд бүртгэгдээд явдаг. Ингэж явж байх тохиолдолд үндсэн зээлийн данснаас хасагдаад явна. Жишээ нь 90 хоног хэтэрсэн нийт мөнгө нь 500000 /таван зуун мянга/ төгрөг байлаа гэхэд үүний 350000 /гурван зуун мянга/ төгрөг нь үндсэн зээл, хүү нь 150000 /зуун тавин мянга/ төгрөг байх юм бол ангилагдаад явж байгаа болохоор үндсэн зээлээс хүү нь төлөгдөнө. Миний итгэмжлэлийн тал дээр бол 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд М.Адилбиш захирал банкны эрх хүлээн авагчаар ажиллаж байгаад үүнээс хойш үргэлжлүүлээд буюу манай удирдлага бас солигдсон. М.Адилбиш захирал надад итгэмжлэлтэй байсан. Тиймээс миний хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байсан болохоор тэр итгэмжлэлээрээ шүүх хуралдаанд оролцсон байгаа. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч  Ч.Аод холбогдуулан зээл 6417476,14 төгрөг, зээлийн хүү 5538794,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769584,09 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 12725854,86 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 12727854,86 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...данснаасаа мөнгийг авч Д.Бд өгсөн, ... хүсэл зоригоо илэрхийлж авсан зээл биш ...”  гэж маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ариунболд нь хүсэл зоригоо илэрхийлсний дагуу цалингийн зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг дансанд шилжүүлсэн...” гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа эс зөвшөөрч “... зээл авсан гэх иргэдээс зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гомдолтой, ... зээлийн хүүг зогсоосон байж ... хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон бодож байгаа нь үндэслэлгүй, ...Нэргүй нь ... төлөөлөх эрхгүй этгээд ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилж, тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан Б.Нэргүйд хугацаагүй итгэмжлэл олгосон байх ба Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг дахин 1 жилийн хугацаагаар сунгаж, үйл ажиллагааны явцыг тайлагнаж байхыг банкны эрх хүлээн авагчид үүрэг болгожээ.

 

Эндээс үзвэл хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээний хугацаа сунгагдаж өөрчлөгдсөн байх боловч нэгэнт Б.Нэргүйд хугацаагүй итгэмжлэл олгосон, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байдаг тул “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээний хугацаа сунгагдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй буюу энэ нь  Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.7-д заасан төлөөлөл дуусгавар болох үндэслэл болохгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ч.А нь К банкны Замын-Үүд салбараас 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж /хх7-8/, 8000000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн төлбөрт 1582523,86 төгрөг, зээлийн хүүд 1472123,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83924,28 төгрөг төлсөн, хариуцагч Ч.А нь зээлийн мөнгөний зарим хэсгийг банкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Бд өгсөн, энэхүү асуудалд буюу хариуцагч Д.Бг К банкны Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байхдаа цалингийн зээлийн журам зөрчиж зээл олгосон эсэх асуудалд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, банкны ажилтан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болохгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар прокурорын тогтоолоор /хх79-81/ хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Анхан шатны шүүхийн  К банк болон хариуцагч Ч.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн  дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,  22 дугаар зүйлийн 22.1-д нийцсэн, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

            Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлийн мөнгөн хөрөнгөнөөс зарим хэсгийг тухайн банкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Бд шилжүүлсэн өгсөн үйл баримт үгүйсгэгдээгүй байх боловч энэ нь К банк хариуцагч Ч.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

            Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор тус тус заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл”  гэдэг нь үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд банк зээл олгохдоо дээрх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна хариуцагч Ч.А нь зээлээс 2000000 төгрөг өөртөө авч үлдэх хэсгийг Д.Бд шилжүүлэн өгсөн нь тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан гэж үзэх бөгөөд  энэ үндэслэлээр түүнийг зээл авах хүсэл зориггүй байсан,  нөгөө талаас банкийг бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэл нөхцөл болохгүй юм.

 

Хэдийгээр хариуцагч Ч.А нь банкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Бд өөрийн авсан зээлийн зарим хэсгийг өгсөн, ийнхүү зээл авахад шаардагдах баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй зөрчсөн нь үгүйсгэгдээгүй боловч энэ нь нэг талаас тухайн банкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Бгийн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөнтэй холбоотой, нөгөө талаас хариуцагч Ч.Аын  Д.Бд  зээлийн мөнгөн хөрөнгөнөөс өгсөн явдал нь тэдний хоорондын буюу хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх ба хариуцагч Ч.Аод ийнхүү зээл авах шаардлага шалтгаан байгаагүй бол банктай гэрээ байгуулахаас татгалзах, зээл авахгүй байх зэрэг нь түүний эрхийн хүсэл зоригоор хийгдэх асуудал тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч Ч.Аоос шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

 

            Тиймээс нэхэмжлэгчийг энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчид хохиролтой байдал бий болж, гэрээний үүрэг нэмэгдсэн гэж үзэх нь дээрх хуулиудад нийцэхгүй болно.

 

            Түүнчлэн гэрээ болон хуульд заасан зөрчлийн улмаас гэрээг цуцлах үндэслэл гэрээний хугацаа дуусахаас өмнө бий болсон байсан, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан байсан, зээлийн дансны хуулга баримтад /хх-14/ 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “зээлийн хүү зогсоов” гэж тэмдэглэсэн атлаа нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн хэдий боловч энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийг дээр дурдсан хугацаанаас хойш /2016 оны 02 дугаар сарын 07/ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

            Улмаар хэрэгт цугларсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг тооцсон тооцооллын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл балансын гадуурх дансны хуулга баримтуудыг /хх22-23/ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол бүхий баримт гэж үзэх үндэслэлтэй байх ба энд тэмдэглэгдсэнээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар  зээлийн хүүг 3249598,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 571231,21 гэж тодорхойлсноор тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т нийцнэ.

 

            Харин хэргийн 24 дүгээр талд авагдсан балансын гадуурх дансны хуулга баримтад  “... данс нэгтгэв... ” гэснээс өөрөөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх агуулга тусгагдаагүйгээс тухайн баримтыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тодорхойлсон баримт гэж үзэх буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

 

            Иймд хариуцагч Ч.Аоос зээлд 6417476,14 төгрөг, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү 3249598,94 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 571231,21 төгрөг буюу гэрээний үүрэгт 10238306,29 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, нийт 10240306,29 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2487548,57 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн “зээлийн хүүгийн тооцоолол буруу” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, гомдлын үлдэх хэсэг үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218564 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг  “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Аоос  зээлд 6417476,14 төгрөг, зээлийн хүүд 3249598,94  төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 571231,21 төгрөг, нотариатын  зардал 2000 төгрөг, нийт 10240306,29 /арван сая хоёр зуун дөчин мянга гурван зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2487548,57 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтын “... 218564 ...” гэснийг “178795” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218564 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ