Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/00402

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 30 181/ШШ2024/00402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Н.Гантуяа, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, 0 давхарт байрлах, М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:0/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,552,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай №133040051426432 тоот Орон сууцны даатгалын гэрээний даатгуулагч Г.А-ын Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин 1-р хороолол, 0 тоот орон сууцанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр угаалгын өрөөний винтель задарч, их хэмжээний ус алдсаны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 1,552,680.00 төгрөгийн хохирол учирсан.

Даатгуулагчийн амьдарч буй орон сууцыг барьсан байгууллага нь Х /нэрээ сольж Б/ ХХК байх бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна... мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д "барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй... гэж заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүрэгтэй байсан.

Г.А-ын эд хөрөнгөд ус алдсаны улмаас учирсан 1,552,680.00 төгрөгийн хохирлыг "М" ХК-иас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг болон Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д зааснаар Б ХХК-иас гэм хорын хохирол болох 1,552,680 төгрөгийг гаргуулж М ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан татгалзал, тайлбартаа: Манай компани Орхон аймаг, Баян-Өндөр суманд Уурхайчин хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авч айлууд орж эхэлсэн. Тус хорооллын 0 тоот хаягт оршин суудаг Г.А-ын гэрт угаалгын өрөөний винтель задарч, их хэмжээний ус алдсаны улмаас хохирол учирсан байна. Гэвч Г.А-ын гэрийн угаалгын өрөөний хүйтэн усны аваарын 15-ын винтель яагаад, юуны улмаас задарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй байна.

Мөн манай компани тус хороололд нэг шийдлийн дагуу адил бараа материал татан нийлүүлж тогтсон стандартын дагуу барилга байгууламжийн ажлыг хийсэн. Тийм байхад нийт хорооллын бусад айл өрхүүдэд ийм шугамын гэмтэл гаргаагүй, стандартын нөхцөл алдагдаагүй зөвхөн тус айлд хохирол учирсан байна. Мөн орон сууцыг ашиглалтад оруулахад тус орон сууцны шугам сүлжээг айл, өрх бүрд адил стандартын дагуу суурилуулсан. Уг хохирол гарах болсон шалтгаан нь компанийн зүгээс шугам сүлжээг буруу суурилуулсан эсвэл стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний асуудал байгаагүй. Тиймээс компанийн зүгээс буруутай үйл ажиллагаа гаргаагүй байна.

Манай компанийн буруутай үйлдлийн улмаас тус хорооллын оршин суугч Г.А-д хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Б дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд засвар үйлчилгээгээ хариуцах ёстой гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас "М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.20-ны өдрийн 0133040051426432 дугаар Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Г.А-ын орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ, Г.А-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн харъяа Б СӨХ-ны 2022.10.07-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт, 2021.11.18-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, А ХХК-ийн үнэлгээний ДХҮ-022/4733 дугаар тайлан, Хаанбанкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Б  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2023.08.16-ны өдрийн 01/1167 дугаар шинжээчээр ажиллах боломжгүй тухай албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2023.10.09-ний өдрийн А/207 дугаар шинжээч томилох тухай тушаал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2023.10.17-ны өдрийн 01/1566 дугаар шинжээчийн дүгнэлтийн тухай албан бичиг, 2020.06.29-ний өдрийн 4-1703 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь Б ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,552,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч М ХК нь орон сууцны даатгалын гэрээний даатгуулагч Г.А-ын угаалгын өрөөний винтель задарч, ус алдсаны улмаас эд хөрөнгөд 1,552,680 төгрөгийн хохирол учирч, даатгалын тохиолдол үүссэний дагуу нөхөн төлбөрийг олгож, шаардах эрхийг шилжүүлэн авсан, угаалгын өрөөний винтель задарсан гэмтэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан хугацаанд гарсан тул хариуцагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, хариуцагч тус хороололд нэг шийдлийн дагуу адил бараа материал татан нийлүүлж тогтсон стандартын дагуу барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн, бусад айл өрхүүдэд ийм шугамын гэмтэл гараагүй тул хохирлын шалтгааныг шугам сүлжээг буруу суурилуулсан эсвэл стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний материалаас болсон гэж үзэх боломжгүй, гэм буруугүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Х ХХК нь 2021.10.15-ны өдөр нэрээ Б ХХК болгож өөрчилсөн байх бөгөөд Х ХХК нь иргэн Г.А-тай 2020.06.29-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр Г.А нь Орхон аймаг, Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 19 хороолол, Уурхайчин 0 тоот орон сууцны өмчлөгчөөр 2021.11.15-ны өдөр бүртгэгдсэн байна. /хавтаст хэргийн 21, 98-100, 7 хуудас/

 

2. Иргэн Г.А нь Голомт банк ХК-тай 2021.11.18-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулсан, М ХК нь Г.А-тай 2021.11.20-ны өдөр Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г байгуулсан, Г.А-ын орон сууцанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр угаалгын өрөөний винтель задарч, ус алдсаны улмаас эд хөрөнгөд 1,552,680 төгрөгийн хохирол учирсныг даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэж, Мандал даатгал ХК-иас 2022.10.12-ны өдөр Г.А-д нөхөн төлбөр 1,552,680 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан 2021.11.18-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, 2021.11.20-ны өдрийн Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Г.Алтансувдын орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б СӨХ-ны 2022.10.07-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт, А ХХК-ийн үнэлгээний ДХҮ-022/4733 дугаар тайлан, Хаанбанкны Шилжүүлгийн мэдээлэл №22894087 зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-15 хуудас/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу М ХК-д иргэн Г.А-ын гэм хорын хохирол шаардах эрх шилжсэн байна.

 

3. Хариуцагч Б ХХК нь Уурхайчин хорооллын төслийг хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн 2021 оны намар ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авснаар захиалагч Г.А-д орон сууцыг 2021.11.15-ны өдөр хүлээлгэн өгсөн, мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хугацаанд иргэн Г.А-ын орон сууцны угаалгын өрөөний винтель задарч, ус алдсан үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Хариуцагч нь угаалгын өрөөний винтель задарсан буюу гэмтэл учирсан шалтгааны талаар маргаж байна.

Тодруулбал, винтель задрахад иргэн Г.А-ын буруу ашиглалт нөлөөлсөн үү, эсхүл орон сууцны материалын чанар, стандартаас хамаарсан уу гэдэгт маргаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан.

 

4.1. Б СӨХ-ны 2022.10.07-ны өдрийн 01 дугаар тодорхойлолтод 2022 оны 10 сарын 07-нд Уурхайчин хотхоны 4-р байрны 1602 тоотын айл дээд айлаас ус алдаад байна гэж СӨХ-д утсаар мэдээлсэний дагуу Х ХХК-ны сантехникийн засварчин Батбаярт дуудлага өгч, 4-р байрны 1703 тоотын ...айлд ороход ванны хүйтэн усны аваарын 15-н винтель задарсан байсан. Тус айлын бүх өрөө, ванны өрөө усаар дүүрч зарим эд хөрөнгө нь усан дээр хөвсөн абйдалтай байсан. Мөн доод айлын ванны өрөө, том өрөөний тааз нь ус нэвтэрсэн ус алдсан байдалтай байсанг тодорхойлж байна гээд СӨХ захирал, Сантехникч Ж.Б гарын үсэг зуржээ. /хавтаст хэргийн 9 хуудас/

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр винтель задарсан шалтгааныг тогтоолгох-оор шинжээчийг томилсон, шинжээч нь ...ф15мм-ийн хаалтыг шинээр сольсон, хэвийн ажиллагаатай байсан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6-д шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 72-75 хуудас/

 

Эдгээр баримтаас дүгнэхэд ванны хүйтэн усны аваарын 15-н винтель задарч, ус алдсан байдлыг хариуцагч компанийн сантехникийн засварчин Ж.Б үзэж, тодорхойлсон тул хариуцагч Б ХХК-ийг винтель задрахад иргэн Г.А-ын буруу ашиглалт нөлөөлсөн эсэхийг нотлох боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч Б ХХК нь винтель задрахад иргэн Г.А-ын буруу ашиглалт нөлөөлсөн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

4.2. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлд Барилга байгууламжид тавих шаардлагын талаар зохицуулж, мөн зүйлийн 14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж, 14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж тус тус заажээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд засвар үйлчилгээгээ хариуцах ёстой гэж дүгнэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иргэн Г.А-ын орон сууцны ванны хүйтэн усны аваарын 15-н винтель задарсан гэмтэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан хугацаанд гарсан бөгөөд иргэн Г.А-ын буруу ашиглалт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул цэвэр, бохир усны тоног төхөөрөмж, тоноглолын чанар, стандартын шаардлагатай гэмтлийг шалтгаант холбоо хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд захиалагч Г.А-ын орон сууцны ванны хүйтэн усны аваарын 15-н винтель задарсан зөрчлийн улмаас учирсан хохирлыг барилгын гүйцэтгэгч буюу хариуцагч Б ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Иргэн Г.А-ын орон сууцанд ус алдсаны улмаас 1,725,200 төгрөгийн хохирол учирсан болох нь А ХХК-ийн үнэлгээний ДХҮ-022/4733 дугаар тайлангаар тогтоогдож байх бөгөөд даатгагч М ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 1,552,680 төгрөгийг олгосон болох нь Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12-15 хуудас/

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу М ХК нь нөхөн төлбөрийн хэмжээгээр хариуцагчаас хохирол шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б ХХК-иас 1,552,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 1,552,680 /нэг сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж М ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,795 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 39,795 /гучин есөн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА

 

 

А.ЦЭЛМЭГ