| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/00288/И |
| Дугаар | 181/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/00401
2024 01 30 181/ШШ2024/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын Г /0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Чинисийн өргөн чөлөө гудамж, 0 давхар өөрийн байранд байрлах, Ч ХХК /УБД:/, /РД:/-д холбогдох,
Цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ буюу контракт байгуулсан. Энэхүү гэрээгээр Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 5 жилийн хугацаанд, нэг сарын 12,000,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллахаар тохиролцсон. Ажил олгогч Ч ХХК нь контрактын 6.1.1-д заасны дагуу олгох цалин хөлсийг энэхүү контрактад заасан хэмжээгээр, цаг хугацаанд нь олгох үндсэн үүргийг хүлээсэн. Мөн ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалинг тооцуулж авах эрхтэй. Үүнээс гадна банк нь Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтанд өдрийн хоолны мөнгийг олгодог. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс, ээлжийн амралтын цалин болон хоолны мөнгө буюу нийт 375,965,716.05 /Энэхүү дүнд ээлжийн амралтын цалин багтсан бөгөөд НДШ, ЭМДШ, ХХОАТ хасагдсан дүн болно/ төгрөгийг олгоогүй зөрчлийг гаргасаар байна. Миний бие ажил олгогчид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Мөн манай компани нь дотоод асуудлыг шийдвэрлэх маргаан таслах комиссгүй тул дээрх эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулах гурван талт хороо нь дээрх өргөдлийг хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 дугаар шийдвэрээр "Гомдол гаргагч нь гурван талт хороонд гомдлоо гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн зүйл заалт алга байна. Талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно гэж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгч нь шүүхэд хандаж байгаа болно. Нэхэмжлэгч нь цалин хөлс, ээлжийн амралтын олговороо авах зорилгоор банкны Төлөөлөн удирдах зөвлөлд удаа дараа хандсан боловч Монгол банкны шийдвэрээр гүйцэтгэх захиралд цалин хөлс олгохыг хязгаарласан тул олгох боломжгүй гэсэн хариу өгч байсан юм. Ажил олгогчийн зүгээс банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сайжруулах, банкны үйл ажиллагааг хэвийн болгох ажлыг гүйцэтгэж байгаа учраас удахгүй цалин хөлсийг олгож эхэлнэ гэж хэлж байсан. Гэтэл цалин хөлс авах, ээлжийн амралты хөлсөө авахгүйгээр 2021 оны 3 дугаар сараас хойш ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн үндсэн үүрэг нь ажилтны цалин хөлсийг олгох байдаг. Ажилтан нь хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу цалин хөлсийг 30 хоногийн хугацаанд олгоогүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж эрхтэй боловч нэхэмжлэгч талын гүйцэтгэж байгаа ажил нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хариуцлагатай ажил тул ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах боломжгүй юм. Иймээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд ажил олгогч нь ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай зохицуулсан. Харин Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, шийдвэр нь энэхүү үндэслэлд үл хамаарах тул ажилтны цалин хөлс авах, ээлжийн амралтын олговор авах эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь үндсэн цалин болон ээлжийн амралтын цалинг нэхэмжилж байгаа болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" хэмээн зохицуулснаас үзэхэд, үндсэн цалин болон ээлжийн амралтын цалин нь тус тус цалин хөлс гэсэн ойлголтод багтах нэр томъёо юм. Тиймээс нэхэмжлэгч нь авах ёстой үндсэн цалин болон ээлжийн амралтын цалин болох нийт 348,433,338.60 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилж байгаа болно. Үндсэн цалин болон ээлжийн амралтын цалинг компанийн нягтлан бодогчоор тооцоолуулж үзэхэд, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэлх өдрийн үндсэн цалин 394,170,285,54 төгрөг, ээлжийн амралтын цалин 37,518,215 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг хасаад 369,469,716.05 төгрөгийн цалин хөлс болсон.
Иймээс хариуцагч ЧХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэлх өдрийн 369,469,716.05 төгрөгийн цалин хөлс, хоолны мөнгө болох 6,496,000 төгрөг буюу нийт 375,965,716.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "Ч" ХХК-д холбогдуулан 369,469,716.05 төгрөгийн цалин хөлс, хоолны мөнгө буюу 6,496,000 төгрөг буюу нийт 375,965,716.05 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Манай компанийн хувьд нэхэмжлэгч Э.Г захиралтай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр контракт буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тус өдөр Ч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20/07 тоот тогтоолоор томилсон. Тогтоолын хавсралт болон хөдөлмөрийн гэрээний 2.6-д заасны дагуу сар бүр 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн үндсэн цалин олгохоор тохиролцсон. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ээлжийн амралтын цалин, хоолны мөнгийг олгохоор тохиролцсон. Манай компани нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардаж буй үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, хоолны мөнгө буюу нийт 375,965,716.05 төгрөгийг олгоход татгалзах зүйл байхгүй. Учир нь нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын ажил үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэж байгаа юм.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаартай "Ч банкны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай" тушаалын 7-д "Гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглох"-ыг Ч банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Ч, гүйцэтгэх захирал Э.Г нарт үүрэг болгож даалгасан. Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт Монголбанкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 28.1.2 дахь заалтыг үндэслэн Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6-д "банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах" гэж заасны дагуу арга хэмжээ авсан. Монгол банкны ерөнхийлөгчийн энэхүү тушаалын дагуу 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, хоолны мөнгийг олгох боломжгүй нөхцөл үүссэн. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А-228 дугаартай тушаалаар дээрх А-60 дугаартай тушаалын 7-д заасан хэсгийг "Гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох" гэж өөрчлөлт оруулсан. Энэ тушаалд өөрчлөлт оруулсны дагуу үндсэн цалинг олгохоор болсон ч Монгол банкны хяналт шалгалтын ажилтан нь зөвхөн энэхүү тушаал гарсан өдрөөс хойш үндсэн цалинг дээрх өөрчлөлтийн дагуу олгох ёстой гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд тус хугацааны цалин хөлс, хоолны нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалинг нь "Ч" ХХК-иас олгохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч дээрх тушаалаар хориглосон. Иймээс энэхүү маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.12.21-ний өдрийн 114 дугаар хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Ч-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.04-ний өдрийн 20/07 дугаар Ажилд томилох тухай тогтоол, түүний хоёрдугаар хавсралт, 2020.04.14-ний өдрийн Контракт, Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023.12.01-ний өдрийн А-228 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021.03.01-ний өдрийн А-60 дугаар Ч-ны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай тушаал, Ч-ны гүйцэтгэх захирлын 2012.10.23-ны өдрийн 145 дугаар Хоолны мөнгийг нэмэгдүүлэх тухай тушаал, Хувьцаа эзэмшигчдийн хурлын .... оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18/04 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга томилох тухай шийдвэр, Ч-ны 2022 оны хөдөлмөрийн дотоод журам, Ч ХХК-ийн 2020.05.18-ны өдрийн дүрэм зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2021 оны 03 сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлс олгох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч ХХК-ийн ТУЗ-өөс эс зөвшөөрч, цалин хөлсийг нь олгоход татгалзах зүйлгүй боловч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаалаар гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, гишүүдэд цалин урамшуулал, бусад нэмэгдэл, хандив тусламж олгохыг хориглосон тул олгох боломжгүй байна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Э.Г нь цалин хөлс олгоогүй гэх гомдлоо 2023 оны 11 сарын сүүлийн цалин олгох өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.2-д зааснаар 90 хоногийн дотор гаргах эрх бөгөөд 2021 оны 03 сараас 2023 оны 12 сарын цалин хөлсийг олгоогүй гэх гомдлоо Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж, уг хорооны 2023.12.21-ний өдрийн 114 дүгээр тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2024.01.02-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 4-6, 2 хуудсны ар тал хуудас/
2. Ч ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18/04 дугаар шийдвэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Д.Ч-ыг томилсон, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 тоот Ажилд томилох тухай тогтоолоор Э.Г-ийг Ч-ны гүйцэтгэх захирлаар томилж, сарын үндсэн цалинг 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг байхаар тогтоосон, ТУЗ-ын дарга нь Э.Г-тай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Контракт-ыг байгуулсан, Ч-ны гүйцэтгэх захирлын 2012.10.23-ны өдрийн 145 дугаар Хоолны мөнгийг нэмэгдүүлэх тухай тушаалаар ажилтнуудад олгодог 1 өдрийн хоолны зардлыг 4000 төгрөгөөр тогтоож, мөн банкны гүйцэтгэх захирлын 2022.02.09-ний өдрийн 16 дугаар Хоолны мөнгийг нэмэгдүүлэх тухай тушаалаар ажилтнуудад олгодог 1 өдрийн хоолны зардлыг 2022.02.01-ний өдрөөс 8,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 12,000 төгрөгөөр тогтоожээ. /хавтаст хэргийн 8-14, 34-35, 36 хуудас/
3. Ч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирал Э.Г-ийн 2021 оны 03 сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлс 369,469,716.05 төгрөг, хоолны мөнгө болох 6,496,000 төгрөг, нийт 375,965,716.05 төгрөгийг олгоогүй, олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй.
Харин гүйцэтгэх захирал Э.Г-ийн цалин хөлсийг олгох боломжгүй байгаа үндэслэлээ Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар болон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-228 дугаар тушаалаар олгохыг хориглосон гэж тайлбарлаж байна.
4. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар "Ч-ны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай" тушаалын 7-д "Гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглох" гэжээ.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-228 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар дээрх А-60 дугаартай тушаалын 7-д заасан хэсгийг "Гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох" гэж өөрчлөлт оруулсан байна. /хавтаст хэргийн 32-33 хуудас/
Монголбанкны Ерөнхийлөгчийн дээрхи тушаалууд нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн болон 48 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг дурьдаж үндэслэсэн байх бөгөөд Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6-д банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах" гэж заажээ.
Зохигчид Монголбанкны Ерөнхийлөгчийн А-60 болон А-228 дугаар тушаалуудын дагуу цалин хөлс олгогдоогүй талаар маргаагүй бөгөөд уг тушаалын талаар зохих байгууллагуудад гомдол гаргаагүй байна.
5. Тус шүүх нь дээрхи Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаал болон уг тушаалд өөрчлөлт оруулах тухай А-228 дугаар тушаалуудыг хянаж, хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд хариуцагч Ч ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаалын дагуу гүйцэтгэх захирал Э.Ганзоригийн цалин хөлсийг олгоогүйг буруутгах үндэслэлгүй, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаал болон уг тушаалд өөрчлөлт оруулах тухай А-228 дугаар тушаалууд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байх тул хариуцагчаас цалин хөлсийг гаргуулах боломжгүй байна.
6. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Э.Г-ийн хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ганзоригийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Г-ийн хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Г-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 2024.01.02-ны өдөр төлсөн 2,037,800 төгрөгийг буцаан гаргуулж Э.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА