Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Гт холбогдох 1712002280088 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт  А.Г

 

              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Г нь  2017 оны 11 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Цохиот гэх газраас иргэн О.Ж -ы зүүн гуяндаа Өлзий тамгатай, бор хээр зүсмийн, нас нийлсэн 1 тооны адууг хулгайлж,  600.000 төгрөгийн, тус аймгийн Ц сумын А баг, Х гэх газраас иргэн С.М -ын зүүн гуяндаа чандмань тамгатай, хүрэн цүсмийн хязаалан насны 1 тооны адууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр морь авсан минь үнэн. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өөрийн гэсэн мал байхгүй гэв.

 

* Эрүүгийн 171200082280088 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 * Хохирогч С.М-ын өгсөн: 

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,-р багийн харьяат хүн байгаа юм. Би Архангай аймгийн Цсумын А багийн нутаг Х гэх газар мал маллаж амьдардаг.  2017 оны 11 сарын 01-нээс  02-нд шилжих шөнө миний бэлчээрт байсан адуунаас 1 тооны хүрэн зүсмийн хязаалан насны үрээ хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдагдсан адуу хязаалан насны, зүүн талын гуяндаа чандмань тамгатай, имгүй, тарга хүч дунд зэргийн адуу байсан. ...Би хулгайд алдсан адуугаа цагдаагийн газрын журмын хашаанаас очиж авахад суран толгойтой мяндсан  ногттой байсан. Би адуугаа тэр ногттой нь аваад явсан. Тэр ногт нь одоо манай гэрт байгаа. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/ 

 

* Хохирогч О.Ж-ы  өгсөн:

“...Би Архангай аймгийн Тсумын ,,р баг Ц гэх газар мал маллан амьдардаг юм. Би 2017 оны 11 сарын 01-ний өдөр 23 цагийн орчим гэрийн гадаа хашаатай байсан адуунаасаа 1 тооны бор хээр, хар  халтарч гэж хэлдэг, тийм зүсмийн морио хулгайд алдсан. Манайх малаа хашчихаад Төвшрүүлэх сумын төв яваад 1 цаг орчим эзгүй байх хооронд 1 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хулгайд алдсан адуу зүүн талын гуя, хаандаа өлзий тамгатай, нас нийлсэн бор хээр зүстэй, имгүй, тарга тэвээрэг сайн адуу байсан. ...Манай хулгайд алдагдсан адуу мяндсаар хийсэн хуучин ногттой ирсэн. Тэр ногтыг шатаачихсан. Би алдсан морио олоод авчихсан. Одоо надад гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  39-40, 41-43 дугаар тал/,

 

* Гэрч Т.М-ийн өгсөн: 

“...Манай хүргэн ах С.М нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Ц сумын А баг, Х гэх газраас адуун дотроосоо 1 тооны хүрэн зүсмийн чандмань тамгатай адуу алдсан юм. Тэгээд манай ах хулгайд алдсан хүрэн зүсмийн үрээгээ цагдаад тэмдэглүүлнэ гэж байсан. Манай хүргэн ах С.Мын адуунууд  бүгдээрээ чандмань тамгатай.  Би тэр хүрэн зүсмийн адуу байдаг байсныг сайн мэдэж байна. Манай хүргэн ах С.М адуугаа алдчихаад бүртгүүлэх гээд аймагт ирээд цагдаа дээр очсон чинь цагдаагийн журмын хашаанд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/ 

 

* Гэрч Б.Э-ны өгсөн:

“... Би А.Г гэдэг хүний аав, ээжтэй нь нэг нутагт амьдардаг байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Түүний хашаанд авчирч уясан адуу нь хүрэн зүсмийн чандмань тамгатай морьтой байсан. Би тэр морийг нас нийлээгүй, соёолон насны орчим үрээ гэж бодож байсан. Өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй.  А.Г надад хашаанд чинь адуугаа уячихъя, би зах ороод ирье гэсэн. Би ч юм асуугаагүй. Би хулгайн адуу гэж мэдээгүй, санаанд ч ороогүй. А.Гын адуу гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ 

 

* Гэрч Д.Бийн өгсөн:

“... 2017 оны 11 сарын 02-ны өдөр 06 цаг 30 минутын орчим А.Г гэдэг хүн манайд ирэхдээ хээр халзан зүсмийн морь уначихсан, хүрэн зүсмийн морь болон бор хээр зүсмийн нас нийлсэн морь хөтлөж ирсэн. Энэ хоёр манай хадам аавын морь байгаа юм, би ааваас авсан юм. Одоо зарж банкны мөнгөө хийх гэж байгаа юм гэж хэлж байсан. А.Г манайд 08 цагийн үед хээр зүсмийн морио үлдээгээд хүрэн зүсмийн морио хөтлөөд хүргэн ахындаа аваачиж өгнө гээд гарсан. Тэгээд 16 цагийн үед манайд А.Г ирэх үед цагдаа нар ирээд  морийг нь үзээд хамт аваад явсан. Тухайн үед А.Г ганцаараа ирсэн. А.Г хээр халзан зүсмийн морь уначихсан, хүрэн, бор хээр зүсмийн 2 тооны адуу хөтлөж ирсэн. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. А.Г манай хадам аавын адуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/, 

 

Гэрч Д.Эын өгсөн: 

“...2017 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ би сумын төвд гэртээ байсан. Тэр үед нэгдүгээр багийн нутаг Цохиотын Дандарт гэх газар байрлаж байсан манай өвөлжөөний хашаанд хашсан байсан 30-аад тооны адуунаас нэг тооны адуу хулгайд алдагдсан байсан. Хулгайд алдсан талаараа тэр шөнөө мэдсэн. Учир нь тухайн үед манай хөдөөний гэр эзгүй байсан, харин сумын төв ороод 1 цаг болоод буцаж очиход хашаатай байсан адууг гаргачихсан, нэг тооны морь байхгүй байсан. Тухайн үед хэн хулгайлсан талаар огт мэдээгүй. Манай өвөлжөөн дээр малын хашааны урд 2 гэртэй, малын хашаа нь гэрийнхээ хойд талд залгаа барьсан хашаатай. Яг хулгайлах үед хүн байгаагүй учир хэн ч мэдээгүй. Хулгайд алдагдсан морь маань бор хээр зүсмийн, зөв талын хаа, гуяндаа өлзий тамгатай нас нийлсэн том байсан. Цагаан олоортой, өөр содон гэх зүйл байхгүй. Манай морь уналгын содон морь байсан.  Ойр хавиар хайгаад сураг  гарахгүй байсан. Манайхыг морио хулгайд алдсаныг үзсэн хүн байхгүй. Тэгээд цагдаад тэмдэглүүлэх гэсэн чинь Эрдэнэсүх аймаг руу ажлаар явсан байсан. Гэтэл аймгийн төвөөс манай морины сураг гарахаар нь очоод үзтэл мөн байсан. Манай морины толгойд мяндас зангидаж ногт хийсэн, мяндсан ногттой ирсэн. Тэр ногтыг нь шатаачихсан учир одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-52 дугаар тал/ 

*Гэрч С.Тийн өгсөн: 

“...А.Г нь миний нөхөр байгаа юм. Архангай аймгийн Хайрхан суман төрсөн. Эцэг, эхээс 4-лээ. Бага насаа эцэг Аийн  гар дээр өсч хүмүүжсэн, сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. А.Г нь Хайрхан суманд амьдарч байгаад 2016 онд бид хоёр гэр бүл болоод Цэнхэр суманд манай ах дүү нар дээр нүүж ирсэн юм. А.Гын хувьд тамхи татдаг. Архи дарс уугаад байдаггүй, хүнтэй нийлж нөхөрлөөд байдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54.-55 дугаар тал/ 

 

* Яллагдагч А.Гын өгсөн: 

“... 2017 оны 11 дүгээр сарын 02-03-ны шөнийн 01 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Могойд гэх газраас хүргэн ахынхаас гараад явж байтал орой болж харанхуй болоод замын ойролцоох айлд /Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Цохиот гэх газар/ хонох санаатай айлд очтол эзэнгүй мал нь хашаатай байхаар нь хашаан дотроос нэг морь  барьж аваад аймаг руу ирж яваад Цэнхэр сумын Янгиртай хясааны наахан талаас чандмань тамгатай хүрэн зүсмийн адууг аваад өглөө үүрээр 6 цагийн үед аймаг руу орж ирсэн.Тэгээд хар халтар адууг нь Донойд байх Бийн хашаанд оруулж уячихаад, Бор хээр зүсмийн адууг  Бор толгойд байх Э гэх айлын хашаанд оруулж уясан. Гэрийнх нь хаягнуудыг нь мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь  цагдаад баригдаад иргэн С.М, О.Ж нар нь цагдаа дээр ирээд, адуугаа аваад явсан юм.  Би тэр хоёр адууг ганцаараа хулгайлсан. Би өөрөө морь унаад, нөгөө хоёр морио хөтлөөд аймгийн төв руу орж ирсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн сартай хар халтар морийг унаж явсан. Тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан болохоор би зээлээ төлөх гээд тэр хоёр адууг хулгайлчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар тал/  

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 дугаар тал/ 

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/ 

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр тал/

* Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар тал/ 

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 23,24 дүгээр тал/

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар тал/

* Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 27, 56, 60 дугаар тал/ 

* Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 76-80 дугаар тал/ 

* Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 89-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2017 оны 11 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Цохиот гэх газраас А.Г нь иргэн О.Ж-ы 1 тооны адууг хулгайлж  600.000 төгрөгийн, тус аймгийн Цсумын А  баг, Х гэх газраас иргэн С.М-ын 1 тооны адууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч А.Г нь  2017 оны 11 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Т сумын 1 дүгээр баг, Ц гэх газраас иргэн О.Ж-ы зүүн гуяндаа Өлзий тамгатай, бор хээр зүсмийн, нас нийлсэн 1 тооны адууг хулгайлж,  600.000 төгрөгийн, тус аймгийн Ц сумын А баг, Х  гэх газраас иргэн С.М-ын зүүн гуяндаа чандмань тамгатай, хүрэн цүсмийн хязаалан насны 1 тооны адууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Мын  “......”гэх мэдүүлэг, хохирогч О.Жы “......” гэх мэдүүлэг, гэрч Т.Мийн “...Манай хүргэн ах С.М адуугаа алдчихаад бүртгүүлэх гээд аймагт ирээд цагдаа дээр очсон чинь цагдаагийн журмын хашаанд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын  “...А.Г надад хашаанд чинь адуугаа уячихъя, би зах ороод ирье гэсэн. Би ч юм асуугаагүй ...” гэх мэдүүлэг,  гэрч  Д.Б“...А.Г гэдэн хүн манайд ирэхдээ хээр халзан зүсмийн морь уначихсан, хүрэн зүсмийн морь болон бор хээр зүсмийн нас нийлсэн морь хөтлөж ирсэн. Энэ хоёр манай хадам аавын морь байгаа юм, би ааваас авсан юм. Одоо зарж банкны мөнгөө хийх гэж байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. Д.Эын “ манай өвөлжөөний хашаанд хашсан байсан 30-аад тооны адуунаас нэг тооны адуу хулгайд алдагдсан байсан. ...Хулгайд алдагдсан морь маань бор хээр зүсмийн, зөв талын хаа, гуяндаа өлзий тамгатай нас нийлсэн том байсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Иймд шүүгдэгч А.Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч С.М, А.Ж нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-ийн 36, 41х/ тусгагдсан байх тул шүүгдэгч А.Гыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч А.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь болон эмээл 1 ширхэг, ногт 1 ширхэг хазаар 1 ширхэгийг улсын орлого болгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А.Г ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г ыг хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Г аас 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хурааж улсын орлогод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл 1, ширхэг, хазаар 1 ширхэг, ногт 1 ширхэгийг улсын орлогод тус тус оруулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г т хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                        

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ГАНДОЛГОР