Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2024/0540/З |
Дугаар | 128/ШШ2024/0809 |
Огноо | 2024-10-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0809
2024 10 15 128/ШШ2024/0809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С******* Ф*******” ХХК /РД:6*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.М*******
Хариуцагч: Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э*******
нарын хооронд үүссэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар захирамж бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “С******* Ф*******” ХХК нь тус шүүхэд хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А******* дугаар тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А******* дугаар тушаалаар Х дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд 27,620 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг “С******* Ф*******” ХХК-д олгожээ.
2.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах ... саналыг хүргүүлсэн байна.
2.4.Нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар шүүх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:
Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А******* тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амины хязгаарлалтын бүсэд 27,620 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар A******* тушаалаар дээрх газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон. Бид уг захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Манай компанийн хувьд 2021 онд газрыг зориулалтын дагуу ашиглаж, аялал жуулчлалын бааз байгуулахаар төслийг эхлүүлж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ зэргийг хийлгэж, холбогдох эрх бүхий байгууллага руу хүргүүлж байсан боловч газар ашиглах гурван талт гэрээ байгуулагдаагүй учир эхлүүлсэн ажил, төсөл нь зогсож байсан.
Бид газар ашиглах эрхийн гурван талт гэрээг байгуулах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, холбогдох Засаг даргад удаа дараа санал санаачилга гаргаж байсан ч ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Газрын зориулалтын дагуу, хуульд заасан журмын дагуу ашиглах нь манай компанийн үүрэг мөн боловч газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрхэд саад учруулахгүй байх, гуравласан гэрээ байгуулах зэрэг нь дан ганц манай компанийн үүрэг бус гэрээний бусад оролцогчдын ч мөн үүрэг юм. Гэтэл бодит байдал дээр зөвхөн манай компанид хариуцлага ногдуулж газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуул зүйн үндэслэлгүй байна.
Мөн 2020 оноос 2023 оны хооронд улс орон даяар Ковид-19 цар тахал дэгдэж аялал жуулчлал бизнес эдийн засгийн харилцаа зогссон, газар ашиглах эрх эзэмшигч “С******* Ф*******” ХХК-ийн өмнөх эзэмшигчийн өв нээгдэх хугацааг хүлээсэн зэрэг нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар A******* тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А******* дүгээр тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналаар Т******* ам бүсэд 27620 м.кв 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон. Энэ эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2 үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Нэгдүгээрт, гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн. Үүнд хэд хэдэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа. Ковид-19 цар тахал 2019 оны сүүлд гарч 2020, 2021 онуудад хатуу хорио дэглэмтэй байсан. Манай компани газар эзэмших эрхээ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан бөгөөд энэ хүндэтгэн үзэх шалтгаан бөгөөд газраа бид ашиглаж чадаагүй.
Өвлөх асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн захирал 2021 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрчилгээ гаргуулах хүсэлтээ гаргаад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Өвлөх эрхийн гэрчилгээнд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр компанийн захирлаар н.М******* болж өөрчлөгдсөн. Харин 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр газрын гэрчилгээг цуцалсан байгаа. Тэгэхээр 2 жил дараалан ашиглаагүй гэж цуцалсан үндэслэл дээрх нөхцөл байдлуудаар хангагдахгүй байгаа юм.
Газрын төлбөрийн асуудлын тухайд Татварын ерөнхий хуулийн 7.2.18-д зааснаар газрын төлбөрийн асуудал хамаарч байгаа байх гэж бодож байна. Гурван талт гэрээ байгуулагдсан тухайд бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрээ байгуулагдаагүй гэдэг хариу албан бичиг шүүхийн шаардсанаар ирсэн. Газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гээд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд зааснаар уг байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутаг дээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан мэдээллийг авч нэгдсэн санд оруулах буюу төрийн захиргааны төв байгууллага буюу яам өөрөө нэгдсэн сандаа мэдээллийг оруулах үүрэгтэй байсан. Газрын төлбөрийн тухай хуульд газрыг эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д зааснаар улсын бүртгэлийн дундын санд оруулж бүртгэсэн өдрөөс эхэлж төлбөрийн санд оруулах ёстой байсан бөгөөд үүнийг улсын бүртгэлийн санд оруулаагүй байна гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай газрын захиргаанаас танай газрын эрхийг цуцалж байгаа мэдэгдэл буюу сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, ашиг нь хөндөгдөж буй этгээдэд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа мэдэгдэж, тайлбар гаргуулах боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, фэйсбүүк цахим хуудастаа оруулсан хэдий ч гүйгээд өнгөрчихсөн ийм нөхцөл байдал байдаг. Сонсох ажиллагаа явуулсан болон энэ актыг гардуулсан баримт хэрэгт огт авагдаагүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“С******* ф*******” ХХК-ийн гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн А******* дүгээр тушаалаар Т******* аманд 27,620 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дүгээр тушаалаар "С******* ф*******" ХХК-д олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг төлнө гээд байгаа гэхдээ газрын төлбөрийг төлөх хуулиар ногдуулсан үүрэг байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д газрын төлбөр төлөгч нь жилийн төлбөрийн хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор бүрэн төлөх бөгөөд улирлын төлбөрийг урьдчилан төлнө гэсэн байгаа. Газрын төлбөрийг төлөөгүй үндэслэлээ нэхэмжлэгч нь ковид болон өв залгамжлалын асуудалтай холбогдуулан тайлбарлаад байдаг. Гэтэл 2020, 2021 онуудад төлбөрийн нэхэмжлэх үүссэн төлөгдөөгүй байгаа нь сүүлд татварын албанаас ирсэн албан бичгээс харагдаж байна. Үүнийг өв залгамжлалтай холбогдуулан тайлбарлахдаа 2022 оны 7 сард өв залгамжлал нээгдээд нэхэмжлэгч компанийн захирлаар н.М******* томилогдсон байгаа нь харагддаг. Үүнээс хойш хэчнээн жилийн хугацаанд хэл чимээгүй газрын төлбөрийг төлөхгүй яваад байгаа энэ байдал нь өөрөө төлбөр төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах нэг үндэслэл болж байгаа юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд газрыг эзэмшиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл 2020 оны 05 дугаар сарын 29-ний үед ковид байсан уу байсан. Гэтэл энэ үед бид нар энэ үйл ажиллагааг зориулалтын дагуу хийж чадна, энэ нөхцөл байдлыг мэдэж байгаад газрыг эзэмших болсон байх. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэг шалтгаангүй үйл ажиллагаа явуулаагүй байж үүнийг Ковид-19 цар тахалтай холбож тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.
Өв залгамжлалтай холбоотой асуудлын тухайд нөхцөл байдлыг мэдэж байгаа. Хамгийн сүүлд компанийг н.М******* гэдэг хүн шилжүүлж авчхаад дараалан хэдэн жилийн хугацаанд ямар нэг хашаа ч бариагүй, төлөвлөсөн үйл ажиллагаа ч эхлээгүй, ямар нэг алхам огт хийгдээгүй энэ нь Улсын Дээд Шүүхийн тайлбарт заагдсан ямар нэг үйл ажиллагаа хийсэн гэдэгт хамаарахгүй. Тэгэхээр газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлд хамаарах юм” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А******* дугаартай “Газар ашилгах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрх олгох тухай” шийдвэрээр “С******* ф*******” ХХК-д Х дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* ам нэртэй газарт, 27620 метр квадрат аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар, “зохих журмын дагуу орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар газар ашиглах эрх олгожээ. /ХХ-ийн 24, 25, 29 дэх тал/
2.2.Уг шийдвэрээ үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэрээр/ нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0 дугаартай гэрчилгээ олгож, газрын нэгж талбарын 1дугаар олгож, газрын кадастрын зургийг үйлдүүлсэн байна. /ХХ-ийн 8-9 дэх тал/
2.3.Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Х дүүргийн Засаг даргатай газар ашиглах талаар гуравласан гэрээг байгуулаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1239 дугаар албан бичигт “... газар ашиглах гэрээ ... бүртгэгдээгүй” гэснээр тогтоогдсон. /ХХ-ийн 159 дэх тал/
2.4.Нэхэмжлэгчээс “Бид газар ашиглах эрхийн гурван талт гэрээг байгуулах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, холбогдох Засаг даргад удаа дараа санал санаачилга гаргаж байсан” гэж тайлбарласан ч “С******* ф*******” ХХК нь нь уг газрын ашиглах гэрчилгээ авснаас хойш газар ашиглах гэрээ байгуулах талаар санал санаачилга гаргасан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... хуулийн этгээдээс газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлт Хамгаалалтын захиргааны архивын бүртгэлд бүртгэгдээгүй” гэсэн байх тул эдгээрийг нэгтгэж үзээд тус компани нь газар ашиглах гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдоогүй гэж дүгнэлээ. /ХХ-ийн 124 дэх тал/
2.5.“С******* ф*******” ХХК нь дээрх газрыг ашиглах эрхийн гэрчилгээ авсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 1 жил, 5 сар 28 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус компанийн цорын ганц эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх удирдлага Б.Э нь нас барсан болох нь Иргэний улсын бүртгэлийн Нас барсны гэрчилгээгээр тогтоогдлоо. /ХХ-ийн 12, 96-98 дахь тал/
2.6.Ингээд тус компанийг төлөөлөн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдгүй болж, өв залгамжлагч гарч ирэх, өв хүлээн авах 1 жилийн хугацаанд тус компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь дээрх үйл баримт болон З.М*******д олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдлоо.
2.7.Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 04 минутад олгосон Өвлөх эрхийн гэрчилгээгээр З.М******* нь “С******* ф*******” ХХК-ийн хувьцааг 100 хувь өвлөх эрхийн гэрчилгээ авч /ХХ-ийн 11 дэх тал/, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон болохыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж /ХХ-1-ийн 99 дэх тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээнд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бичилт хийлгэснээр тус компани үйл ажиллагааг явуулах боломжтой болсон болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хувийн хэргийн материалууд, бичгийн баримтуудаар нотлогдсон гэж үзэв.
2.8.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд газар ашигласны төлбөр огт төлөөгүй, уг газар дээр газрын зориулалтад заасан ямар нэг төсөл хэрэгжүүлээгүй байна.
2.9.Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2561 дүгээр албан бичгээр нь “С******* ф*******” ХХК-д хандаж “газар ашиглах гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдсэн албан бичгийг үйлдсэн /ХХ-ийн 178 дугаар тал/ байх боловч уг албан бичгийг нь “С******* ф*******” ХХК-д гардуулсан талаар бичгийн нотлох баримтыг хариуцагч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “одоогоор ийм баримт байгаа эсэхийг мэдэхгүй байна, байхгүй” гэж тайлбарласан, уг баримтыг гаргаж өгөхтэй холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй тул ийм баримт байхгүй гэж шүүх үзээд, хариуцагчийг газар ашиглах гэрээ байгуулахыг шаардсан уг албан бичгийг гардуулснаа нотолж чадаагүй гэж дүгнэв.
2.10.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаартай албан бичгээр “Иргэн, аж ахуйн нэгжүүдэд” гэж хаяглан үйлдэж, үүнийгээ байгууллагын нүүр хуудсанд тавьсан байгаа ба сонсох ажиллагааг хэрхэн явуулсан талаар тэмдэглэл баримт байхгүй байна.
2.11.Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч “С******* ф*******” ХХК-г сонсох ажиллагаанд оролцоогүй гэж үзэн газар ашиглах эрхийг цуцлах саналаа боловсруулж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан жагсаалтаар иргэн, хуулийн этгээдийн газраас хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг хүргүүлсэн байгаа ба уг жагсаалтад “С******* ф*******” ХХК-ийн нэрийг оруулсан байна. /ХХ-ийн 31 дэх хуудас/
2.12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар “С******* ф*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр тус компанийн 27620 метр квадрат газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-ийн 32 дахь тал/
2.13.Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1133 дугаартай албан бичгээр “С******* ф*******” ХХК-д хандаж, газар ашиглах эрхийг цуцалсан болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлэхээ албан бичиг үйлдэж, уг бичгийг шуудангаар Улаанбаатар хот, С дүүргийн 9 дүгээр хороо, А 5 тоот гэх хаягаар хүргүүлсэн байгаа боловч уг бичгийг “С******* ф*******” ХХК хүлээн аваагүй болох нь албан бичгийн дугтуй дээрх “Монгол шуудан” ХХК-ийн магадалгаанд “тус хаяг байхгүй, газарт орсон” гэх тэмдэглэгээгээр тогтоогдлоо. /ХХ-ийн 90 дэх тал/
2.14.”С******* ф*******” ХХК нь 2021 онд Байгал орчны нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий этгээдээр хийлгэснийг шүүх хуралдаанд эх хувиар судлав.
2.15.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5/12416 дугаар албан бичигт “Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд байршилтай нэгж талбарын 1дугаартай газар ашиглах эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй” гэж тодорхойлсноор С******* ф*******” ХХК нь уг газрыг ашиглах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдсон.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд … өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түүнийг тоолох журмыг зохицуулсан ба мөн зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан байна.
3.2.Энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эдийн хөрөнгө, түүнд хамаарах эрхэд хэрэглэх тул аливаа этгээдийн газар ашиглах эрхэд энэхүү хугацааг тоолох, тасалдуулах хууль зүйн зохицуулалтыг хэрэглэх ёстой.
3.3.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нь “С******* ф*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нас барсан нь “тус компанийг үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан мөн” гэж үзээд уг хугацааг тасалдуулан тоолж, шинэ өмчлөгч, гүйцэтгэх удирдлага тогтоогдсон хугацаанаас тус компанийн газар ашиглахад хүлээсэн үүргийг эхлэн тооцох нь зүйтэй байна.
3.4.Иймд нь “С******* ф*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага агсан Б.Эийн өвийг хүлээж авсан хугацаанаас буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус эцсийн өмчлөгч болон компанийн гүйцэтгэх удирдлагаар З.М******* томилогдсон болохыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас үүрэг үүсэх хугацааг эхлүүлэн тоолоход 1 жил 28 хоног болсон байгаа тул газрыг зориулалтаар нь 2 дээш жил ашиглаагүй гэж хугацаа болоогүй болох нь тогтоогдож байна.
3.5.Харин “С******* ф*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага агсан Б.Э нь уг компанийн удирдлагыг хэрэгжүүлж байсан 1 жил 4 сар, 28 хоногийн хугацаанд газар ашигласны төлбөр төлөөгүй, шинэ өмчлөгч, гүйцэтгэх удирдлага З.М******* эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жил 28 хоногийн хугацаанд газар ашигласны төлбөрийг төлөөгүй нь уг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
3.6.Харин тус компанид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш захиргааны байгууллага газар ашиглах гэрээ байгуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулахыг мэдэгдсэн албан бичиг үйлдсэн боловч уг мэдэгдлээ нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт байхгүй учир нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээгээ байгуулаагүй буруутай гэж үзэхгүй.
3.7.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газар нь төрийн өмчид хамаардаг бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газрын удирдлага, зохион байгуулалтыг төрийн байгууллага хэрэгжүүлэх бүрэн эрхийг хүлээсэн учраас газар ашиглуулах эрх олгосон этгээдтэй гэрээ байгуулах, байгуулахыг шаардах, түүнчлэн ирж гэрээ байгуулахгүй бол газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээ байдаг тул “С******* ф*******” ХХК-ийг гэрээ байгуулаагүйг дангаар нь буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
3.8.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”[1] гэж, 2 дахь хэсэгт “ Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана” гээд мөн хэсгийн 2 дахь заалтад “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа” гэж заасан байна.
3.9.Хуулийн энэ заалтаар төрийн захиргааны төв байгууллага /яам/, түүний албан тушаалтан газар ашиглуулах шийдвэрээ гаргасны дагуу газар ашиглах гэрээг байгуулах, уг гэрээндээ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тодорхой болгох, төлбөр төлөх хэмжээ, хугацааг тогтоох ёстой гэдгийг хуульчилсан байна.
3.10.Иймээс нэгэнт газар ашиглуулах гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгчид газрын төлбөртэй холбоотой үүрэг хэрхэн үүссэн, ямар хэмжээний төлбөр төлөх, хэзээ төлөх зэрэг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч “С******* ф*******” ХХК-ийг төлбөрөө төлөөгүйг гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
3.11.Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн[2] 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.
3.12.Нэхэмжлэгч нь өөрийн Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд байршилтай нэгж талбарын 1дугаартай газар ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буруутай боловч захиргааны байгууллагаас газар ашиглах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх хууль зүйн шаардлагыг хангуулаагүй, нөгөө талаас Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй байна.
3.13.Энэхүү газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэх, ногдуулалтыг хийх нь үүрэг нь газар зохион байгуулалтын албанд хамаардаг болох нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан байгаа ба шүүхийн шаардсаны дагуу Х дүүргийн татварын албаны 2024 оны 10 дугаар сарын 4/ дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт “газар зохион байгуулалтын алба нь газрын төлбөрийн ногдуулалтыг оруулдаг” гэснээр давхар тогтоогдож байна. /ХХ-ийн 163 дахь тал/
3.14.Эдгээрийг нэгтгэн үзвэл “С******* ф*******” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй буруутай ажиллагаа нь дээр тогтоогдсоноор захиргааны эрх бүхий байгууллагад хамаарна гэдэг нь хуульд зааснаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл нь нотлогдоогүй гэж дүгнэж байна.
3.15.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд мөн зүйлд сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад гэж заасан байна.
3.16.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь “С******* ф*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох тайлбар нотлох баримт гаргах эрхийг нь хангаагүй, хуульд заасан арга хэлбэрийн алийг нь ч хийгээгүй болох нь доорхи байдлаар нотлогдож байна.
3.17.Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар албан бичгээр “Иргэн, аж ахуйн нэгжид” гэж нийтэд хаяглан албан бичиг үйлдсэн ч түүнийгээ зохих этгээдэд нь аливаа хэлбэрээр гардуулаагүй, энэ талаар баримтжуулаагүй бол үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж шүүх үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
3.18. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн цахим хуудсандаа нийтэд хандсан ийм мэдээллийг тавьснаар сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх нь хангалттай арга хэмжээ биш байна.
3.19.Учир нь иргэн, хуулийн этгээд бүр төрийн олон байгууллагын цахим хуудсуудыг өдөр бүр шүүж үзэх, харж хянаж байх боломжгүйн дээр цахим харилцаа төгс төгөлдөр болоогүй нөхцөлд иргэн, хуулийн этгээдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны явуулж байгаа сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хуудаснаас олж мэдсэн байх ёстой гэж үүрэгжүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
3.20.Ийнхүү хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь сонсох ажиллагаа явуулаагүй, компанийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байхад энэ талаарх тайлбар нотлох баримт гаргуулаагүй, түүнчлэн Газар зохион байгуулалтын алба нь төлбөрийн нэхэмжлэхээ 2019-2023 онд үйлдээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х дүүргийн Засаг дарга нар нь газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээг байгуулах талаар шаардлага хүргүүлээгүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг захиргааны байгууллагын буруутай ажиллагаа байхад үүнийг шалгаж тогтоогоогүй байхдаа нэхэмжлэгчийг буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн байна.
3.21.Мөн “С******* ф*******” ХХК-ийн газар ашиглах эрх үүссэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаа нь корона вируст халдвар дэлхийгээр тархсан, улс орнууд нийтийн хөл хориог урт богино хугацаагаар тогтоосон, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд хамаарч байгааг тэмдэглэж байна.
3.22.Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.15, 40.1.6-д заасан нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.15, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус баримлан нэхэмжлэгч “С******* ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “С******* ф*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ