Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00213

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 16 181/ШШ2024/00213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 0 байранд байрлах, М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44, 0 байранд байрлах, Б-д холбогдох,

М-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэр болох хэвлэлийн бага хурал хийж нэхэмжлэгчээс уучлалт гуйх, няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, иргэдийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Б-ны сайд Л.Э нь Б-ыг төлөөлдөг этгээдийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б, их, дээд сургуулийн удирдлагуудын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ М болон Монгол улсын их сургууль гэсэн хоёр их сургуулийн нэрсийн асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, мөн ард иргэд энэ тал дээр өөр байр суурьтай байгаа төдийгүй энэ асуудлаас болж олон жил яригдаж байгаа тул БШУЯ-ны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Энэ бол луйвар. Бид М гэдэг нэрээ буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, М-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж М-ийн оноосон нэрний асуудлаар олон нийтэд илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээг тараасан нь хариуцагч Б-ны байр суурь гэж үзэж байна.

Нэхэмжлэгч байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Л.М-ын хувьд М-ийг анх үүсгэн байгуулсан ба Гэгээрлийн сайдын 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар зэрэглэл баталгаажсан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаар тушаалаар Монголын Үндэсний коллеж, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар М, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар их сургуулийн зэрэг авч М нэртэй болж өргөжин тэлсэн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагын эцсийн өмчлөгч юм.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э-гийн мэдээлэлд дурдсаны дагуу М нь анх үүсгэн байгуулагдахдаа Монголын Үндэсний гэх оноосон нэрийг улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу баталгаажуулан авснаас өөрөөр аливаа луйвар хийж энэ нэрийг аваагүй, энэ нэртэй хамааралтай луйврын үйл ажиллагаа явагдаагүй, луйвар гэж үзэж байгаа бол сайд өөрөө нотлох ёстой, бид нэрээ буцааж авна гэж сайд даналзаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй манай сургуулийн нэр Боловсрол, шинжлэх ухааны яамны болон сайд Л.Энх-Амгалангийн өмчлөлд, эзэмшилд хэзээ ч байгаагүй бөгөөд М нэрийг албан ёсоор авч сургуулиа хаяглаж даруй 9 жилийн хугацаа өнгөрч байхад хариуцагч яам, сайд Л.Э хаана, юу хийж явсанд гайхаж байна.

Монгол Улсын их сургуулийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2016 онд нэршил давхардсан асуудлаар нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дүгээр тогтоолоор дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байсан, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байгаа, Монгол улсын Төрийн хэлний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Сургууль, М гэх нэршлийг сургалтын байгууллагын төрөл, түвшинг илэрхийлж байгаа тул зохих ямар ч байгууллагын нэрд хэрэглэж болно, товчлол болон тус бүрийн бэлгэ тэмдгүүд эрс өөр, олон улсад National University of Mongolia, Mongolian National University гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үсгийн байрлал өөр тул авиа зүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай байна гэж тодорхой дүгнэсэн байна.

Б болон эрхэлсэн сайд нь Монгол улсын боловсролын чиглэлээр зөвхөн бодлого тодорхойлох чиг үүрэгтэй атал цаг хугацааны хувьд их, дээд сургуулийн элсэлтийн ажиллагаа явагдаж байх үед зөвхөн нэг сургуулийг онцолж оноосон нэр, луйвар, хөдөөний оюутнууд андуурдаг, оноосон нэрний гадаад орчуулгын хувьд бусад их, дээд сургуулийн эрэмбийг хойш нь татаж байгаа, оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч, хуульд өөрчлөлт оруулж сургуулийн нэрийг авахыг хориглох талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар нийтэд шууд цацсанд гомдолтой байгаа төдийгүй нэхэмжлэгчийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э-тай иргэнийх нь хувьд хувийн өс хонзон, өр авлага байхгүй, ашиг сонирхлын хувьд зөрчилдөх шалтгаан нэгээхэн ч үгүй байхад хариуцагч ямар шалтгаан, нөхцлийн улмаас гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг нийтэд цацсанаа шүүхийн өмнө хэлэх байх гэж найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөв дүгээр зүйлийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан атал хариуцагч нь хөдөө, орон нутагт амьдардаг Монгол улсын бүрэн дунд боловсролтой, оюутан болох чинхүү хүсэлтэй залуусыг МУИС, МҮИС гэдгийг ялгадаггүй гэж бүдүүлгээр гүтгэлээ.

Энэ жилийн ерөнхий боловсролын дунд сургуулийн шалгалт 8 сард оройтож болсноос их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцах хүүхдүүдийн хувьд сонгосон сургууль, мэргэжлээ эзэмшихийн тулд чөлөөтэй сонголт хийх боломжийг үгүйсгэж манай сургуулийн нэр төр, алдар хүндэд халдсанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилд манайд элсэн суралцах хүсэлтээ өгсөн залуус хүсэлтээсээ татгалзаж эхэлсэн нь их сургуулийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сургуулийн материаллаг бааз, суралцах орчныг сайжруулахад зайлшгүй зарцуулагддаг бодит зардал буюу эдийн засгийн хувьд нэхэмжлэгч хохирол хүлээхээр хэмжээний мэдээлэл хийсэнд туйлын их харамсаж байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Э-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулийн удирдлагуудын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ярьсан М болон Монгол Улсын Их Сургууль гэсэн хоёр их сургуулийн нэрсийн асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, мөн ард иргэд энэ тал дээр өөр байр суурьтай байгаа төдийгүй энэ асуудал олон жил яригдаж байгаа тул Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж багаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, М-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас, бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын Үндэсний .... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа гэж гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараасан тул Монголын Үндэсний Их Сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, анх худал мэдээлэл тараасан хэлбэр болох хэвлэлийн бага хурал хийж нэхэмжлэгчээс уучлалт гуйх, няцаалт хийхийг хариуцагч Б-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Үндэсний гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх талаар: М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...Боловсрол, шинжлэх ухааны яам болон эрхэлсэн сайд нь үндэсний гэх оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч гэж илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар нийтэд шууд цацсан гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай 72 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Их Сургуулийн статусыг баталсан байдаг. Тухайлбал уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 4 дэх хэсэгт Их сургууль нь Монголын үндэсний их сургууль, их сургууль/төрөлжсөн гэсэн зэрэглэлтэй байна хэмээн тусгасан. Улмаар дээрх Засгийн Газрын тогтоолын дагуу БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаал гарч Монгол Улсын Их Сургуульд Үндэсний их сургуулийн статусыг олгосон байдаг.

М нь төрийн өмчийн сургууль, оноосон нэр нь төрийн өмч байх тул Б-н өмчийн их сургуульд оноосон нэр, статусыг илэрхийлсэн үгийг оруулан бүртгүүлсэн нь төрийн өмчийн их сургууль гэх ойлголтыг бусдад төрүүлж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хоёр. МУИС болон МҮИС хуулийн этгээдийн нэрийн давхардлын улмаас олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцаа болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар: Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн нэр англи хэл дээрх орчуулгад National University of Mongolia, Mongolian National University, MNU гэж хэрэглэж байгаа ба мөн МУИС болон МҮИС гэсэн нэрийн товчлол нь латин галигт MUIS гэж ижил бичигддэг байна. Үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд ч цөөнгүй гарч байсан. Мөн МҮИС-ийн Олон улсад webometrics.com жагсаалтад эрэмбэлэгдсэн байдлыг шалгаж үзэхэд МУИС-ийн үндсэн вэб сайтыг МҮИС өөрийн сургуулийн мэдээлэлд оруулсан зөрчил илэрсэн байдаг. Тийм ч учраас МУИС-аас нэрийн маргааныг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандсан байдаг.

МУИС-аас МУИС-ын хууль ёсоор эзэмшдэг Mongolian National University, National University of Mongolia, NUM, MUIS, MNU барааны тэмдгүүдийг МҮИС хууль бусаар ашиглаж байгаа үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоолгохоор Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1665 албан тоотоор гомдол гаргасан байдаг. Улмаар Оюуны өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудсаар Монгол Улсын Их Сургууль MNU, Mongolian National University барааны тэмдгүүдийг олон улсын 16, 41, 42 ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад, Монголын Үндэсний Их Сургууль нь MNU, Mongolian National University барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь MNU, Mongolian National University барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх үндэслэл /цахим орчинд хийсэн үзлэг болон нотлох баримтаар/ тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Оюуны Өмчийн Газрын Хяналтын улсын байцаагч О.А 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1453162 шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан байдаг.

МУИС-аас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт хандаж хууль бус зар сурталчилгаа түгээж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй МҮИС НҮТББ-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гомдол гаргасан байдаг. ШӨХГТ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1890 дугаар хариу мэдэгдэх албан бичигт ... МҮИС нь Үндэсний гэсэн статусгүй төрийн бус байгууллага, МҮИС-ийн нэр Үндэсний гэх тодотголыг ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хэрэглэгчдэд болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдал үүсгэн, өөрийн албан ёсны вэб сайтад muis гэсэн барааны тэмдгийг ашиглаж, англи хэлээр Mongolian National University, MNU гэж орчуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна хэмээн үзсэн.

Мөн МУИС-аас 2020 оны 9 дүгээр сарын 09-ий өдөр Хэлний бодлогын зөвлөлд хандаж улсын, үндэсний гэх үгийн утга агуулгыг тайлбарлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн тайлбарт "... Хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл МУИС болон МҮИС гэх товчилсон үгс нь үсгийн хувьд У болон Ү үсэг монгол хэлэнд дүрс, дуудлагын хувьд төсөөтэй төдийгүй, бусад хэлэнд нэг тэмдэгт, нэг дуудлагаар ойлгогддог тал байна. Иймд тухайн товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй буюу бараг адил гэж үзэж болно гэв.

Гурав: Нэхэмжпэлд дурдагдсан МУИС болон МҮИС-ийн нэр давхацсан гэх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байсан, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй хэмээх үндэслэлийн талаар: МУИС-ийн нэхэмжпэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 0 шүүгчийн захирамжаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн Дугаар 221/ШШ2017/0311 тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0 дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн байдаг.

Үүнээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэр давхардсан талаар дүгнэлт хийгээгүй ба харин зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл болохыг тогтоолгох, М-н ажил хэргийн нэр хүндийг сэргээж нэхэмжлэгчээс уучлалт гуйх, Б-ны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Н.А дүгнэлтдээ: Миний бодлоор Боловсрол шинжлэх ухааны сайд салбартаа хамгийн дээд албан тушаалтан. Тэр хүний амнаас гарч байгаа үг хамгийн их нөлөөлдөг гэж үзэж байна. Тийм учраас сайд хүн аливаа зүйлийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр, шүүхийн шийдвэр гараагүй байхад хамаагүй ярих нь буруу гэж үзэж байна. Сайд хүн өөрөө аливаа мэдээллийг хэрхэн шийдэгдсэн, шийдэгдээгүй талаар мэдэх боломжтой. Ийм учраас салбарын сайд ярьж байгаа үг үсэгтээ маш болгоомжтой хандах ёстой. Хэлсэн ярьсаныхаа дараа аливаа нэг мэргэжилтнийг татан оруулах оролдлого харагдаж байна. Монгол гэдэг үг нэг үг хэр нь 3 утгатай үг байдаг. Үүнийг англи хэлэнд орчуулах хэцүү. Би англи хэлийг мэднэ. Би өөрөө хэд хэдэн хэлтэй хүн. Монгол хэлний нилээдгүй үгийг шууд орчуулах боломжгүй. Утгаар нь тоймлож, тайлбарлаж орчуулах талтай. Англи хэл рүү заавал татаж оролцуулах шаардлага байхгүй байх. Сайд аливаа зүйлийг нотлох баримттай, гарсан эсхүл шийдвэрлэх шатанд байгаа мэтээр тайлбарласан бол маргах зүйлгүй. Шууд утгаар нь буюу шийдсэн мэтээр аливаа байдлаар нөлөөлсөн, нөлөөлөл бий болсон байх гэж үзсэн учир Сайд буруу зүйл хийжээ гэж үзэж байна. Хариуцлагагүй байдлаар хамаагүй зүйл ярьсан байна гэж үзэж байна. Тийм учраас тодорхой хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас М-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн мэдээллийн сангаас гарах Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М НҮ төрийн бус байгууллагын дүрэм, 1 ширхэг CD, бичлэгийн тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.27-ны өдрийн 1 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.16-ны өдрийн 1 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Монгол Улсын төрийн хэлний зөвлөлийн 2013.10.23-ны өдрийн 28 дугаар дүгнэлт, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012.08.26-ны өдрийн А/454 дугаар Сургуулийн ангилал өөрчлөх тухай тушаал, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2004.07.20-ны өдрийн 238 дугаар Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох тухай тушаал, itoim.mn, Medee.mn, Eguur.mn, gogo.mn, ikon.mn зэрэг сайтууд мэдээллийг нийтэлсэн, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2013.10.07-ны өдрийн 5/233 дугаар Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2013.05.16-ны өдрийн 5/126 дугаар Шаардлага хүргүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлага, Монгол Улсын их сургуулийн 2020.09.09-ний өдрийн 2/1689 дугаар Монгол хэлний үгийн тайлбар гаргуулах тухай албан бичиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2020.10.13-ны өдрийн 92 дугаар албан бичиг, Монгол Улсын их сургуулийн 2020.09.09-ний өдрийн 1/1688 дугаар Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Үгийн тайлбарын тухай хавсралтын хамт, Монгол Улсын их сургуулийн 2020.09.09-ний өдрийн 1/1688 дугаар Өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай албан бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020.11.04-ний өдрийн 01/1890 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын их сургуулийн 2020.09.07-ны өдрийн 1/1665 дугаар Оюуны өмчийн газрын хяналтын хэлтэст Гомдол гаргах тухай албан бичиг, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч О.Амарбатын 2020.10.30-ны өдрийн 06 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын их сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын барааны тэмдгийн 14262 дугаар гэрчилгээний хавсралт Бараа үйлчилгээний жагсаалт, Монгол Улсын Барааны тэмдгийн 14261 дугаар гэрчилгээ, хавсралт, Монгол улс барааны тэмдгийн 11716 дугаар гэрчилгээ, хавсралт, Монгол улс барааны тэмдгийн 11714 дугаар гэрчилгээ, хавсралт, Монгол Улсын Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн Улсын университет гэрчилгээ, Монгол Улс Барааны MNU тэмдгийн 14262 дугаар гэрчилгээ, Монгол Улсын барааны тэмдгийн 15239 дугаар гэрчилгээний хавсралт, Монгол улс Оюуны өмчийн газар Бараа тэмдгийн 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, Монгол улс Оюуны өмчийн газрын Бараа тэмдэг /MNU/-ийн гэрчилгээ, Бараа тэмдэг /Mongolian National University/-ийн гэрчилгээ, Бараа тэмдэг /MUIS/-ийн гэрчилгээ, Бараа тэмдэг / National University of Mongolia/-ийн гэрчилгээ, барааны тэмдгийн Улсын университет гэрчилгээ, Монгол Улсын их сургуулийн нэр дээр бүртгэлтэй барааны тэмдгийн жагсаалт, МУИС-ын 2022.09.27-ны өдрийн 1/2181 дугаар БШУЯ-нд мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтаар Web of science сэтгүүлд Mongolian National University нэрээр бүртгэгдсэн судлаачдын жагсаалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар 2022.04.15-ны өдрийн СД-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013.05.13-ны өдрийн 5/126 дугаар албан шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013.10.07-ны өдрийн 5-/233 дугаар албан шаардлага, Монгол Улсын их сургуулийн 2020.09.09-ний өдрийн 2/1688 дугаар албан бичиг, түүний хавсралт, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020.10.30-ны өдрийн №1453162 дугаар Шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч Б-д холбогдуулан М-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан хэлбэр болох хэвлэлийн бага хурал хийж нэхэмжлэгчээс уучлалт гуйх, няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б, их, дээд сургуулийн удирдлагууд оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Сэтгүүлч: М болон Монгол Улсын Их Сургууль гэсэн хоёр их сургуулийн нэрсийн асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, мөн ард иргэд энэ тал дээр өөр байр суурьтай байгаа төдийгүй энэ асуудал олон жил яригдаж байгаа тул Б-ны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? гэж асуухад,

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э: Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, Монголын Үндэсний Их Сургуульд ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас, бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын Үндэсний .... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа гэжээ.

 

2. Нэхэмжлэгч М нь дээрхи мэдээллийг бодит байдалд нийцээгүй, худал мэдээллийг олон нийтэд түгээж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үндэсний их сургуулийн статус олгох тухай 476 дугаар тушаал гарч Монгол Улсын Их Сургуульд Үндэсний их сургуулийн статусыг олгосон, МУИС болон МҮИС гэсэн нэрийн товчлол нь латин галигт MUIS гэж ижил бичигддэг, үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд гарч байсан, МҮИС-ийн Олон улсад webometrics.com жагсаалтад эрэмбэлэгдсэн байдлыг шалгаж үзэхэд МУИС-ийн үндсэн вэб сайтыг МҮИС өөрийн сургуулийн мэдээлэлд оруулсан зөрчил илэрсэн, мөн МУИС-ын хууль ёсоор эзэмшдэг Mongolian National University, National University of Mongolia, NUM, MUIS, MNU барааны тэмдгүүдийг МҮИС хууль бусаар ашиглаж байгаа, иймээс МУИС-аас нэрийн маргааныг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандсан байдаг гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б-ыг тодорхойлсон бөгөөд сайд Л.Э нь яамыг төлөөлдөг, ажил үүрэгтэй нь холбоотойгоор тодруулсан асуултад хариулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу яамыг хариуцана гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалуулах эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар, мөн хуулийн 21 дүгээр зүйлээр зохицуулагдана.

Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг зөрчих үйлдлүүдийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 21.4, 21.5, 21.7-д зааснаар тодорхойлж, зөрчигдсөн эрхийг эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах аргаар сэргээх зохицуулалттай байх бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т зааснаар эрх зөрчсөн этгээдэд няцаалт хийлгэх үүргийг хуулиар хүлээлгэхээр зохицуулсан байна.

Иймээс ажил хэргийн нэр хүндийг сэргээх бие даасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хуульчлаагүй байх бөгөөд энэ шаардлага нь хуульд заасан тодорхой аргуудаар дамжин илрэх иргэний эрх зүйн хамгаалалтын ерөнхий арга юм.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар, ... ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг.

Мэдээ тараасан этгээдийн хувьд, ярилцлагыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э өгсөн үйлдэл нь ярилцлагын үндсэн дээр мэдээлэл тарна гэдгийг мэдсэн болон мэдэх боломжтой байсан идэвхитэй үйлдэл байх учир түүнийг ярилцлага өгөх хэлбэрээр мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Мэдээллээс үзэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э нь мэдээллийн эхэнд Энэ бол луйвар, Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. гэж тодотгоод, хоёр үндэслэлээр тайлбарлаж, ...энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. гэх тухайд,

 

а/ Нэхэмжлэгч М нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох тухай тушаалаар Монгол Үндэсний коллеж нэрийг авч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар М-ийг их сургуулийн ангилалд хамааруулснаар М нэртэй болжээ. /хавтаст хэргийн 40-42 хуудас/

 

Монгол Улсын Их Сургууль-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, Үндэсний их сургууль гэсэн статус, түүнийг илэрхийлсэн нэрийг төрийн өмчийн бус этгээдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж өгөхийг даалгах, тухайн тушаалыг үндэслэн бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Их сургуулийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.16-ны өдрийн 1951 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 16-37 хуудас/

 

Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э нь Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 72 дугаар Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар Их сургуулийн статус-ыг баталж, уг хавсралтын 4-д их сургууль нь Монголын үндэсний их сургууль, их сургууль /төрөлжсөн/ гэсэн зэрэглэлтэй байна хэмээн тусгасан. Улмаар уг тогтоолын дагуу БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар Үндэсний их сургуулийн статус олгох тухай тушаалаар Монгол Улсын Их Сургуульд Үндэсний их сургуулийн статус олгож, Монгол Улсын Үндэсний их сургууль /МУҮИС/ хэмээн нэрлэсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал Монгол Улсын Их Сургууль нь М гэдэг нэрийг аваагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын ангилал тогтоох журам-ыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалаар Монголын Үндэсний их сургууль нэрийг олгосон тул дээрхи тогтоол, тушаалыг хуулийн хүчинтэй гэж үзэхгүй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчийн эдгээр тайлбараас үзэхэд дээрхи БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалын дагуу Монгол Улсын Их Сургууль нь Монгол Улсын Үндэсний их сургууль /МУҮИС/ хэмээх нэрийг аваагүй байна. Мөн Боловсролын тухай хууль тогтоомжид заасны дагуу Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаалаар сургалтын байгууллагын ангилалыг тогтоож, ангилалд тохирох нэршлээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг сургалтын байгууллагад даалгасны дагуу нэхэмжлэгч нь М нэртэй болсон байх тул хариуцагчийн тайлбарт дурдсан Засгийн газрын 1992 оны 72 дугаар тогтоол, БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалыг нэхэмжлэгчийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь М нэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалыг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, Монгол Улсын Их Сургууль нь Монгол Улсын Үндэсний их сургууль нэрийг эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул уг нэрийг луйвар буюу хууль бус аргаар авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

б/ Монгол Улсын Их Сургууль, М нэрний тухайд,

Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлийн 2023.10.23-ны өдрийн 28 дугаар Хэл шинжлэлийн дүгнэлт-д Монгол Улсын Их Сургууль-ийн нэрийн англиар National University of Mongolia, State University of Mongolia хэмээн, Монголын Үндэсний Их сургууль-ийн нэрийн англи орчуулгыг Mongolian national university хэмээн орчуулж, Монгол Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль гэсэн хоёр байгууллагын нэр дэх их сургууль гэсэн хэллэг нь сургалтын байгууллагын төрөл түвшинг илэрхийлж байгаа тул зохих ямар ч байгууллагын нэрд хэрэглэж болно. National University of MongoliaMongolian national university гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авианзүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай байна. Монгол Улсын Их Сургуулийн нэр дэх Монгол Улсын гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна. Монголын Үндэсний Их Сургуулийн нэр дэх Монголын Үндэсний гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно. нэрийн товчлол нь МУИС, МҮИС тул бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн тус бүрийн бэлгэ тэмдэг /лого/-үүд нь эрс өөр байна гэж,

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2020.10.12-ны өдрийн Үгийн тайлбарын тухай тайлбарт Улсын, Үндэсний гэх үгнүүд хоорондоо утга, агуулгын хувьд ижил эсэхийг ...ойролцоо утгаар хэрэглэгддэг, Улс гэх үг нь Үндэстэн гэх үгийг төлөөлж, Үндэстэн гэх үг нь Улс гэх үгийн утгад багтаж хэрэглэгдэх тохиолдол нилээд байна гэж, МУИС, МҮИС гэх үгс нь бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй эсэхийг ...үсгийн хувьд У болон төсөөтэй төдийгүй бусад хэлэнд нэг тэмдэгт нэг дуудлагаар ойлгогддог тул тухайн бичвэр болон дуудлагыг төсөөтэй буюу бараг адил гэж үзэж болно гэж, Монгол Улсын Үндэсний Их сургууль, Монголын Үндэсний Их сургууль гэх нэр бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй эсэхийг ...энэ хоёр нэр нь нэг утгатай нэрийн хувилбар болж буй учир бусдыг төөрөгдүүлэх нэр гэж үзэх үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан байна. /хавтаст хэргийн 151-154 хуудас/

Эдгээр дүгнэлт, тайлбарт: хоёр сургуулийн нэр, нэршлийнхээ хувьд ялгаатай бусдыг төөрөгдүүлэх үндэслэлгүй, харин тодорхой үгийн бичвэр, үсгийн дуудлага, утгаар төсөөтэй бусдыг төөрөгдүүлэх үндэслэлтэй гэжээ.

 

Хэл шинжлэлийн дүгнэлт-ээр М гэдэг нэрийг төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болохоор байх бөгөөд зөвхөн Үгийн тайлбар-ын МУИС, МҮИС гэх үгс нь бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй гэх дүгнэлтийг үндэслэн М гэдэг нэрийг Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч гэж үзэх боломжгүй байна.

 

Мэдээллийн эхэнд Энэ бол луйвар, Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. гэж тодотгож байгаа нь хууль бусаар алдсан нэрийг буцаан авах агуулгыг илэрхийлж байх бөгөөд Монголын Үндэсний их сургууль нэрийг Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч гэж хамаатуулан дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах сөрөг үр дагавар бүхий байна.

 

6. Нэгдүгээр үндэслэл болгосон Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, Монголын Үндэсний Их Сургуульд ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа гэх мэдээллийг бодит байдалд нийцсэн гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй.

Тодруулбал, уг мэдээллийн агуулга нь гадаадад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш татсан, Хөдөө орон нутгийн оюутнууд хоёр сургуулийг андуурч, төөрөгдсөн гэж тодорхойлогдож байх тул эдгээр үйл баримт болсон гэх байдлыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

7. Монгол Улсын Их сургууль нь Mongolian National University, National University of Mongolia, NUM, MUIS, MNU гэх мэт барааны тэмдгүүдийг эзэмшдэг болох нь Монгол улс Оюуны өмчийн газрын Бараа тэмдгийн гэрчилгээнүүд, Монгол Улсын их сургуулийн нэр дээр бүртгэлтэй барааны тэмдгийн жагсаалтаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 178-199, 2-р хавтаст хэргийн 27-28 хуудас/

М нь Монгол Улсын Их Сургуулийн MNU, Mongolian National University барааны тэмдгүүдийг хууль бусаар ашигласан үйлдлийг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтэс шалган тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан болох нь Оюуны Өмчийн Газрын Хяналтын улсын байцаагч О.Амарбатын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1453162 шийтгэлийн хуудас, Монгол Улсын их сургуулийн 2020.09.07-ны өдрийн 1/1665 дугаар Гомдол гаргах тухай албан бичиг, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч О.А-ын 2020.10.30-ны өдрийн 06 дугаар Хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 21-22, 1-р хавтаст хэргийн 158-159 хуудас/

 

МУИС-иас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2013.05.16-ны өдрийн 5/126 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан шаардлагаар МҮИС-ын захиралд Монголын Үндэсний их сургууль нь англиар Mongolian National University гэсэн нэршил ашиглахаар байгаа нь МУИС-ийн англиар National University of Mongolia нэршилтэй ижил төстэй, бусдад төөрөгдүүлсэн байдал үүсгэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх заалтыг зөрчихөөр байх тул нэрийг хуульд нийцүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахыг мэдэгдэж, мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2013.10.07-ны өдрийн 5/233 дугаар Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагаар МҮИС нь 5/126 дугаар албан шаардлагыг биелүүлээгүйг дурдаж, УБЕГ-ын Бүртгэлийн газарт М-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж зөрчлийг арилгахыг мэдэгджээ. /хавтаст хэргийн 211-215 хуудас/

Эдгээр үйл баримтаар МУИС нь эрх хөндөгдсөн гэдгийг 2013 онд мэдсэн атлаа 2016 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дээрхи Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1951 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 311 дугаар тогтоолд дурдсныг энд дахин дурдах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 16-37 хуудас/

 

Мөн МУИС-иас 2020 оны 09 сард гаргасан гомдлыг шалгаад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1890 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр МУИС-д ... МҮИС нь Үндэсний гэсэн статусгүй төрийн бус байгууллага, нэрэндээ Үндэсний гэсэн тодотголыг ашиглаж буй нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хэрэглэгчид болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдлыг үүсгэн, өөрийн албан ёсны вэб сайтад muis гэсэн барааны тэмдгийг ашиглаж англи хэлээр Mongolian National University /MNU/ гэж орчуулж буй нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн дахин хариу мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 155-157 хуудас/

 

Нэхэмжлэгч Мо-ийн бусдын барааны тэмдэг /MNU, Mongolian National University/-ийг хууль бусаар ашигласан зөрчилтэй холбоотой асуудал нь хариуцагчийн тараасан мэдээлэлд хамааралгүй буюу мэдээлэл үнэн зөвийг нотлоход ач холбогдолгүй байна.

 

8. Иргэдийн төлөөлөгч Н.А дүгнэлтдээ: Боловсрол, шинжлэх ухааны сайд салбартаа хамгийн дээд албан тушаалтан тул МУИС, МҮИС-ийн хоорондын маргаан хэрхэн шийдэгдсэн, шийдэгдээгүй талаар мэдэх боломжтой, Сайд хүний амнаас гарч байгаа үг хамгийн их нөлөөлөл үзүүлдэг тул аливаа зүйлд тайлбар, мэдэгдэл хийхдээ нотлох баримтанд үндэслэн хэлэх ёстой. аливаа юмыг шийдвэр гараагүй байхад батлагдсан мэт нотлох баримтгүй буруу хэллэгээр хэлсэн гэж үзэж байна гэснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Дээрхи Үгийн тайлбар, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, Хариу мэдэгдэх хуудас, ШӨХТГ-ын албан шаардлага, хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргээр тогтоосон үйл баримт, дүгнэлтүүд нь гадаадад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш татсан, Хөдөө орон нутгийн оюутнууд хоёр сургуулийг андуурч, төөрөгдсөн гэх мэдээллийг нотлоход хамааралгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, М нар нь нэр болон барааны тэмдэг-ийн асуудлаар маргаан үүсгэж, зохих байгууллагуудад хандаж, дүгнэлт, тайлбар, албан шаардлага, хариу авсан байдлын талаар сайд мэдээлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Б болон эрхэлсэн сайд нь боловсролын чиглэлээр бодлого тодорхойлох чиг үүрэгтэй атал цаг хугацааны хувьд их, дээд сургуулийн элсэлтийн ажиллагаа явагдах үеэр зөвхөн манай сургуулийг онцолж, оноосон нэр, луйвар, хөдөөний оюутнууд андуурдаг, гадаадад бусад их дээд сургуулийн эрэмбийг хойш татдаг, оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч, хуульд өөрчлөлт оруулж сургуулийн нэрийг авахыг хориглох талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар шууд санаатай зориудаар цацсан гэж тайлбарлаж байх боловч Боловсрол, шинжлэх ухааны сайд нь сэтгүүлчийн асуултад хариулт өгөх байдлаар мэдээлсэн тул сургуулийн элсэлтийн ажиллагаатай холбогдуулан худал мэдээллийг шууд санаатай зориудаар тараасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9. Мэдээллийн Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын Үндэсний .... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа гэх байдлыг бодит байдалд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: уг мэдээллийг хийх үед Дээд боловсролын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн баригдсан байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Дээд боловсролын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын болон "Үндэсний" гэсэн үг, түүний англи хэл дээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэглэнэ гэж заасан байна.

 

10. Иймээс иргэдийн төлөөлөгчийн ...мэдээлэл нь нотлох баримтанд үндэслээгүй буруутай тул тодорхой хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэх дүгнэлтийг үндэслээд, хариуцагчийг Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, М-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас, бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч гэх мэдээллийг олон нийтэд түгээж М-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч М-ийн дээрхи мэдээллээр гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээн тухайн мэдээлэл тараагдсан хэлбэрээр няцаалт хийхийг  даалгах нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зохицуулсанд нийцнэ.

 

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчид мэдээлэл тараасан хэлбэр болох хэвлэлийн бага хурал хийж, няцаалт хийх-ийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11.Нэхэмжлэгч М-н уучлалт гуйхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга буюу ийнхүү сэргээн хамгаалах хүрээг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дүгээр зүйлийн хүрээгээр тодорхойлсон байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэн үзвэл нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх зорилгоор уучлалт гуйлгах аргыг хуулиар тусгайлан зохицуулаагүй бөгөөд харин эдийн бус гэм хорыг арилгуулахаар зөрчигдсөн эрхийг сэргээх боломжит аргуудыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг болон 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон. Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т хуулиар тогтоосон бусад арга гэсэн ерөнхий зохицуулалт байх боловч хуулиар тогтоосон байх шинж нь уучлалт гуйхыг даалгах шаардлагын хувьд үгүйсгэгдэх тул тус шаардлагыг хуулийн дагуу олгогдсон шаардах эрх буюу зөрчигдсөн эрхийг сэргээх арга гэж үзэх үндэслэлгүй байна. Дурдсан үндэслэлээр тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-д нэхэмжлэгч М-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр Энэ бол луйвар. Бид М гэдэг нэрээ буцааж авна. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, М-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас, бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч гэх мэдээллийг тараасан хэлбэрээр хэвлэлийн бага хурал хийж, няцаалт хийхийг даалгаж,

Нэхэмжлэлийн нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН

 

 

А.ЦЭЛМЭГ