| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/01392/И |
| Дугаар | 181/ШШ2023/03998 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/03998
2023 12 12 181/ШШ2023/03998
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу 0 байранд байрлах, Т ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, Голланд 0 тоотод оршин суух, Совогт С-ын С /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, С овогт С-ын Ү /РД:/ дох,
Зээлийн гэрээний үүрэгт 153,885,708 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай
2020.07.08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.М, хариуцагч С.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Т ХК-ний Ард зээлийн төв нь зээлдэгч С.С-той 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 1090/20/73 тоог "Зээлийн гэрээ-г байгуулан 80,000,000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1,8 хувь /жилийн 21,6 хувь/-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон ба зээлдэгчийн 0 тоог дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот "Барьцааны гэрээ-г байгуулж С.Ү-н өмчлөлийн УБ, ХУД, 2-р хороо, үйлдвэр 0 тоот /Ү-0/ 59,25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч С.Ү нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 10 минутанд №0331 дугаартай итгэмжлэлийг хариуцагч С.С-д баталгаажуулан өгсөн.
Мөн Т ХК-ний Ард зээлийн төв нь зээлдэгч С.С-той 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 1090/20/78 тоот Зээлийн гэрээ 1090/20/78-01 тоот "Барьцааны гэрээ-г байгуулан 20,000,000.00 төгрөгийн посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1,5 хувь /жилийн 18,0 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон ба зээлдэгчийн 109000048661 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Посын орлого барьцаалсан зээлийн хувьд Төрийн банктай Картаар үйлчлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээ-г байгуулах ба хариуцагч С.С нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/02 тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан.
Зээлдэгч С.С нь зээл авснаас хойш зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлэн, газар дээрх хяналт, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдэж, эргэх холбоотой ажилласан.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ цаг хугацаанд нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх боломжгүй байдал үүссэн ба нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар дараах шийдвэрийг гаргаж байсан.
1. 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 20/117 тоот шийдвэр - Зээлийн үндсэн төлборийг 8 сараар хойшлуулах, зээлийн хугацааг 4 сараар сунгах, төлөгдөөгүй хүүний төлбөрийг төлөх,
Зээлдэгч нь зээлийн хүүний төлбөрийг төлж зөрчлийг барагдуулаагүй, банканд ирж уулзан ямар нэгэн санал хүсэлт өгдөггүй, эргэх холбоотой ажилладаггүй учир зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй бөгөөд 2020 оны 11-р сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц барьцаалсан хэрэглээний зээл 857 хоног, посын орлого барьцаалсан зээл 857 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч С.Солонго нь зээл, зээлийн хүүг төлөх сонирхолгүй байгаа нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байна.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд:
1. Орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 5,016,932.48 төгрөг, хүүнд 5,835,659.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,838.29 төгрөг, Нийт 10,859,429.92 төгрөг
2. Посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 2,396,390.40 төгрөг, хүүнд 1,889,819.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,879.02 төгрөг, Нийт 4,305,088.94 төгрөгийг тус тус төлсөн.
Хариуцагч нь банкнаас авсан хоёр төрлийн зээлийн үндсэн зээлд нийт 7,413,322.88 төгрөг, хүүнд 7,725,478.67 төгрөг. нэмэгдүүлсэн хүүнд 25,717.31 төгрөг, нийт 15,164,518.86 төгрөгийг төлсөн байна.
Төрийн банкны зүгээс хариуцагч С.С болон С.Ү нарт холбогдох нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүх хуралдааныг 2022 оны 10 сарын 25-ны өдөр зарлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд ирээгүй гэдэг тайлбараар нэхэмжлэлийг буцаасан.
Нэхэмжлэгч Т-ны зүгээс хариуцагч С.С-д дор дурдсан хугацаанд мэдэгдэл, албан тоотуудыг хүргүүлсэн.
1. Орон сууц барьцаалсан хэрэглээний зээлд 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус Мэдэгдэл хүргүүлсэн,
2. Посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус мэдэгдэл өгч сануулж байсан.
Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар 2021 оны 05 сарын 21-ний өдөр хүсэлт өгч байсан ба түүнээс хойш холбоо барихгүй, банкнаас зугтаасан байдал гаргаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т ХК нь зээлдэгч С.С-той байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж, нэхэмжлэлийн дараахи шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:
1. Зээлдэгч С.С-н Т ХК-тай байгуулсан 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн №1090/20/73 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 74,983,067.52 /Далан дөрвөн сая есөн зуун наян гурван мянга жаран долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүү 46,644,823.90 /Дөчин зургаан сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,953,751.00 /Дөрвөн сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун тавин нэгэн төгрөг/ төгрөг нийт 126,581,642.42 /Нэг зуун хорин зургаан сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг төлүүлэх,
2. Зээлдэгч С.С-н Т ХК-тай байгуулсан 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 1090/20/78 тоот Зээлийн гэрээ, 1090/20/78-01 тоот Барьцааны гэрээ-ний дагуу үндсэн зээл 17,603,609.60 /Арван долоон сая зургаан зуун гурван мянга зургаан зуун есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 8,412,566.61 /Найман сая дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун жаран зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,287,889.97 /Нэг сая хоёр зуун наян долоон мянга найман зуун наян есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нийт 27,304,066.17 /Хорин долоон сая гурван зуун дөрвөн мянга жаран зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг төлүүлэх,
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-нд барьцаалсан хариуцагч С.Ү-ийн өмчлөлийн УБ, ХУД, 2-р хороо, үйлдвэр 0 тоот /Ү-/ 59.25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү,
4. Нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 48,000 /Дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.С-ын өмгөөлөгч, хариуцагч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа: Зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. Гол маргаж байгаа асуудал нь зээлийн хүү, хүү тооцоололд маргаж байгаа. Нэмэгдүүлсэн хүү гэж тооцсон байгаа. Дансны хуулгаас харахад зээл төлөв гээд автоматаар татсан байгаа. Үүнээс аль нь үндсэн зээлийн төлбөрт орж байгаа эсэх, аль нь хүү, нэмэгдүүлсэн хүүд орж байгаа гэдэг зээлийн тооцооллын задаргаа, дансны хуулгаас тодорхой харагдахгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш тооцох ёстой. Жишээ нь: зээлийн гэрээ нь 3 жилийн хугацаатай байх юм бол 3 жил 1 дэх хоногоос нэмэгдүүлсэн хүүг тооцоолно. Тэгэхээр нэмэгдүүлсэн хүү авсан нь авах ёстой байсан уу гэдэг эргэлзээ бүхий асуудал болж байна. Мөн хамгийн анхны гэрээ цуцлах мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сард өгсөн, нийт 4 удаа ийм мэдэгдэл өгсөн байдаг. Иргэний хуульд зааснаар гэрээг цуцалснаар талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа. Гэрээнээс татгалзсанаас хойших хугацаанд аль алинд нь үүрэг үүсэхгүй. Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш зээлийн тооцоолол зогсох ёстой байсан, энэ үндэслэлээр маргаж байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зээлийг төлөх хүртэл хугацаанд зээлийн хүүг тооцно гэж заасан боловч энэ маань хязгааргүй эрх биш, 1 дүгээрт нэхэмжлэгч тал нь эрх бүхий этгээд буюу Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаагаа явуулдаг, тусгайлсан субъект тул энэ субъект нь эрсдлийн сан байгуулах, активыг ангилах журамд зээлийг ангилж, эрсдэлтэй байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагаас зээлийг нэн даруй төлүүлэх үйлдэл хийх үүрэгтэй. Гэтэл Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж зээл эрсдэлтэй болсон нөхцөл байдал 2021 оноос эхэлснээс хойш 900 орчим хоногоор хэтэрсэн байгаа. Зээлийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг нь мэдэгдэл хүргүүлэх биш шүүхэд эсхүл эрх бүхий байгууллагад хандаж зээлийг төлүүлэх арга хэмжээнд орох ёстой гэдгийг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан байна. Хязгааргүй эрх биш. Тэгэхээр эрхээ хэрэгжүүлэхдээ тодорхой хэмжээ, хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх ёстой талаар тайлбарласан байна. 90 хоногоос хойших хугацаанд хүү, алданги тооцох үндэслэл болохгүй. Учир нь эрхээ хэрэгжүүлэх эрхтэй ч гэсэн энэ нь тодорхой хэмжээнд хязгаарлалттай гэх асуудлыг ярьсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш энэ оны 01 дүгээр сард шинээр нэхэмжлэл гаргаж, энэ оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Энэ хүртэл хугацаанд тооцоолсон хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч С.Ү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд болох Үл хөдлөх эд хөрөнгө-ийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон Монгол Улсын иргэний хуулийг зөрчсөн буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна гэж үзэж байна.
Миний бие С.С-д үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон боловч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өмчлөгч гэрээг байгуулахаар заасан мөн түүнчлэн итгэмжлэлээр олгосон эрхэд Төрийн банкинд барьцаанд тавих эрхийг тодорхойлж олгоогүй байдаг. Учир нь тухайн барьцааны зүйл нь өмнө нь Ч ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байсан ба би ойлгохдоо тухайн барьцааны болон зээлийн гэрээг сунгахтай холбоотой итгэмжлэл гэж ойлгож итгэмжлэлийг олгосон. Итгэмжлэл нь нэг талын хэлцэл буюу төлөөлүүлэгчийн хүсэл зоригоор тодорхойлогдох ба төлөөлүүлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дахин өөр банкны барьцаанд тавих хүсэл зориг илэрхийлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.8 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Т ХК болон С.С нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т ХК-ийн иргэн С.С-той байгуулсан 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож шийдэрлэж өгнө үү гэв.
Т ХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Зээлдэгч С.С нь 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73-01 тоот барьцааны гэрээ байгуулан хариуцагч С.Ү-ийн эзэмшлийн УБ, ХУД, 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 0 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.Үүнд: Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2. 65.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан. 2020 оны 06-р сарын 03-ны өдөр Ч банкны барьцааны гэрээ дуусгавар болсон. 2020 оны 07-р сарын 08-ны өдөр Төрийн банкны зээлийн барьцаанд барьцаалсан.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас нотариатын мөнгөний тасалбар, мемориалын баримт, нотариатчийн нэхэмжлэх, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.07.08-ны өдрийн 1090/20/73 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.07.08-ны өдрийн 1090/20/73-01 дугаар Барьцааны гэрээ, барьцаалбар, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.06.26-ны өдрийн Итгэмжлэл, 2020.06.04-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020.07.03-ны өдрийн 11-1709297 дугаар албан бичиг, 2020.07.23-ны өдрийн 1090/20/78 Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ, 2020.07.23-ны өдрийн 1090/20/78-01 дугаар Пос-ын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ, Ард бизнес төвийн зээлийн хорооны хурлын 2020.12.11-ний өдрийн 20/117 дугаар шийдвэр, зээл олгосон Мемориалын баримт 2 ширхэг, С.С-ийн хүсэлт 2 ширхэг, С.С-ийн зээлдэгчийн мэдээлэл, иргэний үнэмлэх, хаягийн лавлагаа, 2020.02.10-нй өдрийн 20/02 дугаар Картаар үйлчлэгч байгууллагтай хамтран ажиллах гэрээ, Төлбөрийн картын үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй байгууллагын тодорхойлолт, С.С-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, С.С-ын 80,0 сая төгрөгийн зээлийн хүүний тооцоолол, С.С-н Пос-ын орлого барьцаалсан зээлийн дансны хуулга, 20,0 сая төгрөгийн зээлийн хүүний тооцоолол, 2020.09.30, 2021.07.20, 2021.10.22, 2022.01.03, 2022.03.02-ны өдрүүдийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай болон зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүд 10 ширхэг, С.Солонгийн 2021.05.21-ны өдрийн хүсэлт, Зээлдэгч С.С-н зээлийн барьцаа хөрөнгийн талаарх мэдэгдэл, нэмэгдүүлсэн шаардлагын зээлийн хүүний тооцооллууд, Төрийн банкны Эрсдлийн удирдлага зээлийн бодлогын газрын 2020.11.30-ны өдрийн №10/43 тоот Чиглэл хүргүүлэх тухай, 2020.12.02-ны өдрийн №10/04-453 тоот Бизнесийн зориулалттай зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх эрх олгосон тухай албан бичгүүд, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020.07.03-ны өдрийн 11-1709297 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар С.Солонгийн 0 тоот харилцах дансны харилцагчийн хуулгуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч С.С, С.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153,885,708 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Ү нь 2020.07.08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч С.С-ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр зээлдэгч С.С-с зээлийн төлбөр гаргуулахаар, барьцаалуулагч С.Ү-ийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч С.С нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Улсын их хурал, Засгийн газар, Монгол Банкнаас гаргасан дүрэм, журмыг хэрэгжүүлээгүй, дагаж мөрдөөгүй гэж, хариуцагч С.Ү нь барьцааны гэрээг барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Мөн Т ХК нь зээлдэгч С.С-той 2020 оны 07-р сарын 23-ны өдөр 1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 1,5 хувь /жилийн 18,0 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, 2020 оны 07-р сарын 23-ны өдөр 1090/20/78-01 тоот Барьцааны гэрээ-г байгуулан посын орлогыг барьцаалж, С.Солонготой 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 20/02 тоот Картаар үйлчлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээ-г байгуулжээ. /хавтаст хэргийн 15-29, 33-44 хуудас/
Талууд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
а/ Т ХК нь 2020.07.09-ны өдөр С.С-н 109000048661 тоот дансанд 80,000,000 төгрөгийг, мөн 2020.07.23-ны өдөр С.С-н 00 тоот дансанд 20,000,000 төгрөгийг тус тус бэлэн бусаар шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 31-32 хуудас/
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.
Талууд Зээлийн гэрээний 2.1.5, 2.1.6, 2.2.3, Посын орлого барьцаалсан зээлийн гэрээний 2.1.5, 3.1.6, 4.2.1-д ...зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
Зээлдэгч С.С нь орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 5,016,932.48 төгрөг, хүүнд 5,835,659.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,838.29 төгрөг, Нийт 10,859,429.92 төгрөгийг, Посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн зээлд 2,396,390.40 төгрөг, хүүнд 1,889,819.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,879.02 төгрөг, Нийт 4,305,088.94 төгрөгийг тус тус төлсөн болох нь С.Солонгийн зээлийн данснуудын харилцагчийн хуулгуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45-48, 51-55, 14-158 хуудас/
Зээлдэгч С.С нь 2020 оны 11-р сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байна.
Талууд зээлийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон тул Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасан хугацаанд төлөөгүй зээлийн хүүнээс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.
Зээлдүүлэгч Т ХК-ийн зүгээс зээлдэгч С.С-д Орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй, төлбөрийн зөрчил үүсгэсэн тул төлбөрийг барагдуулах болон барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус Мэдэгдэл хүргүүлсэн,
Мөн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн үндсэн Посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй, төлбөрийн зөрчил үүсгэсэн тул төлбөрийг барагдуулах болон барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар 2020.09.30-ны өдөр, 2021.07.20-ны өдөр, 2021.10.22-ны өдөр, 2022.01.03-ны өдөр, 2022.03.02-ны өдөр тус тус Мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь С.Солонгийн Төрийн банкны 109000171628, 109000172249 дугаартай Зээлийн дансны харилцагчийн хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 58-69, 45-55 хуудас/,
3. Т ХК болон С.С нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07-р сарын 23-ны өдөр 1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-ний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр дууссан байна.
Харин 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байх бөгөөд уг гэрээний 6.2, 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг ноцтой зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол Банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг буцаан төлөхийг шаардахаар заажээ.
1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний 1-р Хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч С.С нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй, төлбөрийн зөрчил үүсгэсэн, төлбөрийг барагдуулах Мэдэгдэлүүд хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь С.С-н Төрийн банкны 109000171628 тоот Зээлийн дансны харилцагчийн хуулга, мэдэгдлүүд зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45-48, 59, 61, 62, 64, 67, 69, хуудас/,
Иймд нэхэмжлэгч Т ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний болон 1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-ний зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсанаар зээлийн гэрээг цуцалсны үр дагавар үүсэх тул хариуцагч С.С-н өмгөөлөгч С.Ү-н зээлийн гэрээг цуцлахыг анх мэдэгдснээр зээлийн гэрээ цуцлагдсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Т ХК нь 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн төлбөрийн тооцооллыг гаргаж, хариуцагчаас зээлийн нийт төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болдог тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшхи буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зээлийн хүү шаардах эрхгүй юм.
Иймд нэхэмжлэгч Т ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний дагуу 2023.03.16-наас 2023.10.11-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүү, үүнээс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 109, 111 хуудас/
5. Хариуцагч С.С-ын төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол,
1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл 74,983,067.52 төгрөг, зээлийн хүү 37,853,783.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,198,116,09 төгрөг, нийт 116,034,967.35 төгрөгийг төлөөгүй болох нь С.С-ийн 80,0 сая төгрөгийн зээлийн хүүний тооцоолол, 109000171628 тоот Зээлийн дансны харилцагчийн хуулга зэргээр, /хавтаст хэргийн 45-50 хуудас/,
1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл 17,603,609.60 төгрөг, зээлийн хүү 8,412,566.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,287,889.97 төгрөг, нийт 27,304,066.17 төгрөгийг төлөөгүй болох нь С.С-ийн 20,0 сая төгрөгийн зээлийн хүүний тооцоолол, 109000172249 тоот Зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51-57, 110-11, 147-158 хуудас/
6. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.
Уг журмын дагуу нэхэмжлэгч Т ХХК нь 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 20/117 тоот шийдвэрээр зээлийн гэрээнд /Зээлийн үндсэн төлбөрийг 8 сараар хойшлуулах, зээлийн хугацааг 4 сараар сунгах, төлөгдөөгүй хүүний төлбөрийг төлөх/ өөрчлөлт оруулах саналыг гаргасан боловч С.С нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх тайлбар нь хариуцагчийг хууль болон гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч С.Солонгын татгалзал үндэслэлгүй байна.
7. 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний 3.2.15 болон 1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-ний 4.2.15-д зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон Банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал нотариатын зардал 43,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч нар нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардлын талаар маргаагүй. /хавтаст хэргийн 9-11 хуудас/
Иймд хариуцагч С.С-с нотариатын зардал 43,000 төгрөгийг гаргуулж, баримтаар нотлогдоогүй 5,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
8. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч С.С-с 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн төлбөр 116,034,967.35 төгрөг, нотариатын зардал 43,000 төгрөгийг, 1090/20/78 тоот Пос-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ-ний зээлийн төлбөр 27,304,066.17 төгрөгийг тус тус гаргуулж Т ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч С.Ү нь 2020.07.08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хууль зөрчсөн буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж марган, шаардлагын үндэслэлээ С.С-д орон сууцыг банкны барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон боловч барьцааны гэрээг орон сууц өмчлөгчийн хувьд би байгуулаагүй нь хууль зөрчсөн, итгэмжлэлд Т-д барьцаанд тавих эрхийг тодорхойлж олгоогүй, орон сууц өмнө нь Ч ХХК-ийн барьцаанд байсан тул уг барьцааны гэрээг сунгахтай холбоотой итгэмжлэл гэж ойлгосон, итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоор тодорхойлогдох ба төлөөлүүлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өөр банкны барьцаанд тавих хүсэл зориг илэрхийлээгүй гэж тайлбарлаж байна.
2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Итгэмжлэлээр төлөөлүүлэгч С.Ү нь төлөөлөгч С.С-д өөрийн өмчлөлийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 0 тоот, 59,25 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэл хийх эрхийг олгожээ. /хавтаст хэргийн 22, 140 хуудас/
Уг итгэмжлэл нь бичгээр хийгдэж, нотариатаар гэрчлэгдсэн Иргэний хуулийн 64.1, 64.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Төлөөлүүлэгч С.Ү-с төлөөлөгч С.С-д итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг олгосон тул С.С нь С.Ү-ийг төлөөлөн барьцааны гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан нь итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд үйлдэл хийсэн байна.
Мөн итгэмжлэлээр аль банкны барьцаанд тавихыг тодорхойлон заагаагүй, ерөнхий барьцаалах буюу аль ч банкны барьцаанд тавьж болох илүү өргөн эрхийг олгосон, мөн С.Ү нь 2020.06.04-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн цахим лавлагаа, 2020.07.03-ны өдөр орон сууцанд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй тухай лавлагааг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс авч, Төрийн банкинд гаргаж өгсөн байх тул түүний Төрийн банкны барьцаанд тавих эрх олгоогүй, Ч ХХК-ийн барьцааны гэрээг сунгахтай холбоотой гэж ойлгосон, өөр банкны барьцаанд тавих хүсэл зориг илэрхийлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 22-24 хуудас/
Иймд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Ү-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
10. С.Үлэмжийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот, 59,25 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-гээр зээлдэгч С.С-ын 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон тул уг зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны орон сууцаар хангуулах хууль зүйн үндэслэлтэй юм.
Зээлдэгч нь 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-ний дагуу зээлдүүлэгч, барьцаалагч Т ХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох С.Үлэмжийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот, 59,25 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Н Т ХК нь 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 1090/20/78-01 тоот Барьцааны гэрээ-ний дагуу посын орлогын барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч С.С-с зээлийн төлбөр 143,382,033.52 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХК-д олгож, 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн төлбөр 116,077,967.35 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Үлэмжийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот, 59,25 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс 10,551,674.48 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С-с зээлийн төлбөр 143,382,033.52 /нэг зуун дөчин гурван сая гурван зуун наян хоёр мянга гучин гурван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож, нэхэмжлэлээс 10,551,674.48 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.С нь 1090/20/73 тоот Зээлийн гэрээ-ний зээлийн төлбөр 116,077,967.35 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Ү-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 тоот, 59,25 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1090/20/73-01 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах С.Ү-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,490 төгрөгийг, С.Ү-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-с 945,060 /есөн зуун дөчин таван мянга жаран/ төгрөгийг гаргуулж Төрийн банк ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА