Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/03941

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 08 181/ШШ2023/03941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Нутгийн удирдлагын ордон, 0 тоотод байрлах, Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо,0 тоотод байрлах, Э ХХК /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 38,385,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.С, Б.М, нэхэмжлэгчийн хүсэлтээр прокурор Н.Б, хариуцагч Э ХХК-ийн захирал З.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Тус аймагт 2020 онд аймгийн хэмжээнд зуншлага тааруу нийт нутгийн 60 хувь гандуу, өвөлжилт хүндэрч зудын гамшиг нүүрлэж, нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтож 2.0 сая гаруй мал онд орох боломжгүй, хорогдох эрсдэлтэй байсан тул усан орчинд тэжээлийн ургамал тариалах ажлыг зохион байгуулж Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах 2020/155 дугаартай гэрээг Э ХХК-тай байгуулсан.

Гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, Орон нутгаас 105,798,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1 тн буудайн үр 700,000 төгрөг, нийт 70 тн буудайн (дунджаар 1 кг үрээс 3.3 кг ургац авах) үр 49,000,000 төгрөг, тээврийн зардал 11,025,000 төгрөг нийт 60,025,000 төгрөгийг, үйл ажиллагааны зардалд 45,773,000 төгрөгийг тус тус төрөөс олгосон.

Э ХХК-ийн зүгээс нийт 70 тн буудайн үрийг (70*3.3)=231.000 кг тариалж, ногоон тэжээлийн ургац өгөхөөр тохиролцож, 1 кг ногоон тэжээлийн өртөг 458 төгрөг байхаар тооцон, аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Дээрх ногоон тэжээл тариалах ажил удааширч 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл харилцан тохиролцон гэрээний хугацааг сунгасан. Тус компанид хүлээлгэн өгсөн нийт 70 тн буудайн үрээс 58,8 тн буюу 50,421,000 төгрөгийн өртөг бүхий үрийг буцаан татан авч, зөрүү 11,2 тн буудайн үртэй холбоотой данс тооцоог талууд тулгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 14-ний хооронд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нийт 37,1 кг буюу (37.1*458)=16,991,800 төгрөгийн ногоон тэжээлийг хүлээлгэн өгсөн.

Гэрээний нийт дүн 105,798,000 төгрөг бөгөөд үүнээс эргүүлэн татан авсан буудайн (58.8 тн) үрийн үнэ 50,421,000 төгрөг, Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгсөн 37,1 кг ногоон тэжээлийн үнэ болох 16,991,800 төгрөгийг тус тус тооцон хасвал 38,385,200 төгрөгийн ногоон тэжээлийг тус компани нь хүлээлгэн өгөөгүй авлага үлдсэн.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төрд 38,385,200 төгрөгийн хохирол учруулсан байх тул Э ХХК-наас 38,385,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Манай компани нь малын тэжээл үйлдвэрлэлд шинэ инновацийг дэмжин нэвтрүүлэх гидропоник технологи-ийн талаар орон нутагт сургалт зохион байгуулж байсан. Гэтэл сургалтын дараа Баянхонгор аймгийн Засаг дарга уулзаад энэ технологийг туршин ногоон тэжээл тариалж өгөөч, бид шаардлагатай бүх зүйлсээр хангана, та зөвхөн тариалалтаа л хийгээч гэсэн хүсэлт тавьсны дагуу би ногоон тэжээлийг тариалж үзэхээр шийдээд зөвшөөрч, гидропоник технологиор малын тэжээлийг өвлийн улиралд тариалах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хэрэгт авагдсан Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ-г энэ төсөлд мөнгө, хөрөнгө зарцуулахад санхүүгийн баримт болгох шаардлагатай гэсний дагуу байгуулсан. Ингээд би хамаг ажил, гэр бүлээ орхиод ногоон тэжээл тариалахаар Баянхонгор аймагт ажилласан. Би аймгийн Засаг даргаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу л ашигласан. Эхний түрээслэж орсон ажлын байр стандартын шаардлага хангаагүй хүйтэн байсны улмаас эхний 2 сард юу ч ургаагүй. Түрээсийн байрыг сольж, гэрчээр мэдүүлэг өгсөн хүнээс 2,0 сая төгрөгөөр агуулахыг нь түрээслэснээс хойш ургац хурааж эхэлсэн бөгөөд тариалалт үр дүнтэй явагдаж байхад за одоо болноо, малчид ч ногоон тэжээлийг сайн худалдаж авахгүй байна, та харьж болно гэсний дагуу тариалалтыг зогсоосон.

Зудын хүндрэлийг даван гарах гэж уг төсөлд төсөвлөсөн 45,773,000 төгрөг нь тэжээл үйлдвэрлэлийг ажиллуулахад шаардлагатай бүхий л материал, тоног төхөөрөмжийг шинээр бий болоход зарцуулагдсан, мөн архигүй Баянхонгор уриалгыг дэмжин 3 хүнийг бүтэн 4 сарын турш ажпын байраар хангаж, цалинжуулан ажиллуулсан.

Гэтэл захиалагч тал энэхүү гэрээт ажлын үр дүнг тооцоолохдоо тэжээл үйлдвэрлэлийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, тариалалтын тохиромжтой талбай, ажиллах хүчний зардал, түрээсийн байрны зардал гэх мэт зардлуудыг тооцоолоогүй. Бид гэрээт ажлын дагуу төлбөр төлөх биш тухайн ажлыг хэрэгжүүлэхэд өөрөөсөө 22,044,300 төгрөгийг зардлыг гаргасан болно.

Б нь тендер, төсөл сонгон шалгаруулахгүйгээр энэ гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийг зөрчсөн, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, ногоон тэжээл тариалах үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагатай бодит байдал дээр байх боломжгүй үнийн дүн тавьж гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл-д хамаарах тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Мөн 70 тн буудайг шуудайлж зөөх ажлыг хариуцагч Э ХХК нь гүйцэтгэсэн байхад хаанаас хаашаа тээвэрлэсэн Тээврийн зардал оруулан нэхэмжилсэн нь ойлгомжгүй, ногоон тэжээлийн үнийг хэт доогуур тогтоосон, малчдад 12,8 тн-ыг 8,689,220 төгрөгөөр борлуулсан талаар бичсэн мөртлөө, 29 тн тэжээллийн үнийг 13,282,000 төгрөгөөр тооцсон байгаа нь хэн хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна. Төрийн аудитаас акт тогтоосон тул нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн гэрээний үүрэгт 38,385,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2020.11.05-ны өдрийн Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020.11.05-ны өдрийн А/737 дугаар захирамж, тооцооны үлдэгдэлийн баталгаа, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021.01.29-ний өдрийн А/80 дугаар захирамж, 2021.02.02-ны өдрийн Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах гэрээ дүгнэсэн тухай баримт, Гидропаник тариалалтын тухай, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.03.15-ны өдрийн албан шаардлага, Э ХХК-ийн 2021.08.27-ны өдрийн 1 дугаар албан бичиг, зардлын баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021.09.16-ны өдрийн албан бичиг, 2020.11.04-ний өдрийн Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ, Э ХХК-ийн 2021.10.04-ний өдрийн N-7, N-8 дугаар албан бичиг, зарлагын баримт 3 хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын 2022.05.30-ны өдрийн 1а/340 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Э ХХК-иас Хасбанкны дансны хуулга, Хаанбанкны дансны хуулга, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.01.09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 38,385,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй ногоон тэжээлийн үнэ гэж тодорхойлсон боловч нийт гаргасан зардлаас буцаан авсан буудайн үрийн үнэ болон хүлээлгэн өгсөн ногоон тэжээлийн үнийг хасч үлдэх хэсгийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Талууд Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч зудын гамшиг нүүрлэж, өвс тэжээлийн дутагдалтай, мал хорогдох эрсдэлд орсонтой холбоотойгоор гидропоник технологиор малын тэжээлийг өвлийн улиралд тариалах ажлыг зохион байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2020/155 дугаартай Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээгээр Б нь ногоон тэжээл тариалахад шаардлагатай санхүүжилтийг гаргах буюу санхүүжүүлэх үүрэг-ийг, Э ХХК нь ногоон тэжээл тариалах ажлыг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээний талуудын эрх үүрэг, хариуцлагаар тодорхойлогдож байна. /хавтаст хэргийн 47-49 хуудас/

Гэрээний зорилго, гэрээ байгуулсан талуудын нөхцөл байдал, хүсэл зоригийн илэрхийлэл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Э ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргыг гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, ногоон тэжээл тариалах үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагатай бодит байдал дээр байх боломжгүй үнийн дүн тавьж гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл-д хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Гамшигаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх эрхтэй бөгөөд жил бүрийн төсвийн багцдаа тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон тусгахаар байна.

Нэхэмжлэгч өвөлжилт хүндэрч зудын гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд гэрээг байгуулсан нь Гамшигаас хамгаалах тухай хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Э ХХК нь цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хэрэгжүүлсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талууд гэрээний 2 дугаар зүйлд, гэрээний хугацааг 2020.11.01-ний өдрөөс 2020.12.30-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай байхаар тусгажээ.

 

2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

 

2.1. Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 63.9 тн буудайн үр, тариалалтын бусад зардалд 45,773,000 төгрөгийг Э ХХК-д хүлээлгэж өгсөн.

2.2. Э ХХК нь гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд ногоон тэжээл тариалах ажлыг гүйцэтгэж, 37,1 тн ургацыг хүлээлгэн өгсөн болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2020.11.05-ны өдрийн А/737 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021.01.29-ний өдрийн А/80 дугаар захирамж, 2021.02.02-ны өдрийн Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах гэрээ дүгнэсэн тухай баримт, Гидропаник тариалалтын тухай зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 50, 52-54 хуудас/

 

3. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.1.2-д зааснаар хамтран ажиллах гэрээ нь хугацаа дууссан, талууд шийдвэрлэснээр дуусгавар болдог бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын гэрээний хугацаа дууссан, мөн хураан авсан ногоон тэжээлээ малчдад борлуулаагүй тул тариалалтыг үргэлжлүүлэх шаардлагагүй боллоо гэсэн хүсэлтийн дагуу Э ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 15-ний өдөр ногоон тэжээл тариалах ажлаа зогсоосон болох нь зохигчдын тайлбар, Гидропаник тариалалтын тухай албан бичгээр тогтоогдож байна.

Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч  нь 231 тн ногоон тэжээлийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөх гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 38,385,200 төгрөгийг шаардсан.

Хариуцагч Э ХХК нь Монгол улсдаа анхдагч энэхүү ажлыг хийхдээ хэрхэн үйлдвэр байгуулах заавар мэдээлэл байгаагүй, тариалалтын тохиромжтой талбай байгаагүйг үнэлэхгүйгээр бодит байдлыг буруу төсөөлөн гэрээнд буруу тооцоолол, заалт оруулсан гэж тайлбарлаж байна.

 

4.1. Гэрээний 4.1.-д ...нийт 70 тн буудайн үрээр тариалалт хийж /дундажаар 1 кг үрнээс 3,3 кг ургац/ 231 тн буюу 231,000 кг ногоон тэжээлийн төлбөр 105,798,000 төгрөг байна гэж, 4.2-д нэг кг ногоон тэжээлийн өртөг 485 төгрөг байна. Нийт 231,000 кг ногоон тэжээлийн төлбөр 105,798,000 төгрөг байна гэж, 4.3-д нэг тн буудайн үр 700,000 төгрөг, нийт 70 тн буудайн үр 49,000,000 төгрөг, тээврийн зардал 11,025,000 төгрөг, нийт 60,025,000 төгрөгийг 4.2-т заасан нийт санхүүжилтээс хасна. Үлдэгдэл 45,773,000 төгрөг гэрээний нийт санхүүжилт болно гэжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу дээрхи заалтуудыг агуулгыг тайлбарлавал, дундажаар 1 кг үрнээс 3,3 кг ургац авах боломжтой гэх тооцоонд үндэслэн Б нь хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн өөрийн гаргасан зардлаа нөхөх зорилгоор 1 кг ногоон тэжээлийн өртөгийг 485 төгрөгөөр тогтоосон байна.

 

Хариуцагч Э ХХК нь нийт 11,2 тн буудайн үрийг тариалж, 37,1 тн ногоон тэжээл хүлээлгэж өгсөн тул хамтран ажиллах гэрээний үр шим-ийг тооцсон /дундажаар 1 кг үрнээс 3,3 кг ургац авах/ тооцооллын дагуу үр дүн гаргасан /11,2 х 3,3 = 36,9/ байх тул хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.2. Б нь өөрийн гаргасан зардлаа буцаан гаргуулахаар, хохирол 38,385,200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийн дагуу буюу мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3-д зааснаар Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлдөг бөгөөд хураамжийг мөнгө, хөрөнгө, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлдөг. Талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болдог.

Энэ дагуу Б-ын гэрээний дагуу нийлүүлсэн 70 тн буудайн үр, 45,773,000 төгрөг нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно. Харин Э ХХК-ийн ногоон тэжээл тариалах үйлчилгээ нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно.

 

Гэрээнд 70 тн буудайн үрээр тариалалт хийхээр тооцоолсон боловч, 6.1 тн үрийг Засаг даргын зөвшөөрлөөр иргэнд олгосон, Э ХХК нь 58.8 тн үрийг актаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн байна.

 

Э ХХК нь гэрээний санхүүжилт болгон шилжүүлсэн 45,773,000 төгрөгийг ногоон тэжээл тариалах үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь Э ХХК-ийн 2021.08.27-ны өдрийн 1 дугаар албан бичиг, зардлын баримт, Баянхонгор аймаг Тэжээл тариалалт буюу нийт 62,777,289 төгрөгийн зардал гаргасан талаарх жагсаалт, Нэхэмжлэх, Зарлагын баримт-ууд, Э ХХК-ийн Хас банкны дансны хуулга, үйл ажиллагааны фото зураг, тайлбарууд, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, шинжээч И ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 83-86, 91-93, 110-112, 136-160 хуудас/

 

Эдгээр үйл баримтаас үзэхэд Э ХХК-ийг гэрээний үүрэг зөрчсөн, хамтран ажиллах гэрээний нэг тал болох Баянхонгор аймгийн Засаг даргад 38,385,200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх гэм буруу, шалтгаант холбоо, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Эн Эн Си Си ХХК нь гэрээний санхүүжилт болгон шилжүүлсэн 45,773,000 төгрөгийг ногоон тэжээл тариалах үйл ажиллагаандаа зарцуулсан, 11,2 тн буудайн үрийг тариалж, 37,1 тн ногоон тэжээл хүлээлгэж өгч хамтран ажиллах гэрээгээр тооцоолсон үр шим-ийг гаргасан тул хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчөөгүй, нөгөө тал болох Баянхонгор аймгийн Засаг даргад хохирол учруулаагүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга, Э ХХК нар нь Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээний агуулгыг тодорхойлсон.

 

Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж, албан шаардлага хүргүүлсэн нь талуудын гэрээний үүрэгт хамааралгүй юм.

Мөн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага нь Б-д Э ХХК-иас хохирол шаардах эрхийг үүсгэхгүй юм. /хавтаст хэргийн 55 хуудас/

 

5. Б нь Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах хамтран ажиллах гэрээ-ний дагуу ногоон тэжээл тариалахад шаардлагатай санхүүжилтийг гаргах буюу хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамжийг буцаан шаардах эрхгүй юм.

 

Тодруулбал, талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болдог бөгөөд мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-д зааснаар дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө байдаг тул Э ХХК-ийн буудайн үрийг тариалсаны үр дүнд бий болсон 37,1 тн ногоон тэжээл нь ч талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно. Энэхүү дундаа өмчлөх хөрөнгөө Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилдаг.

 

Харин талууд хамтран ажиллах гэрээндээ ашиг, алдагдлыг хуваарилах журмыг тохиролцож заахаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5, 476.3.8-д заасан боловч талууд энэ талаар тохиролцоогүй байна.

Иймээс хамтран ажиллах гэрээний үндсэн зарчим болох талууд тэнцүү хэмжээгээр хариуцах зарчмын дагуу ашиг, алдагдлыг тооцоолох боломжтой юм.

Гэвч нэхэмжлэлээр ашиг алдагдлыг шаардаагүй тул энэ талаар талууд мэтгэлцээгүй, шүүхээс дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

6. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б-ын хариуцагч Э ХХК-иас хохирол 38,385,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Шинжээчийн ажлын зардал тухайд,

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/11916 дугаар захирамжаар шинжээчээр Итгэлт-эстимэйт ХХК-ийг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 600,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд Нэхэмжлэх ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасан.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э ХХК-ийн хүсэлтээр шинжээч томилж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 600,000 төгрөгийг хариуцагч Э ХХК-д хариуцуулах үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б-н нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас хохирол 38,385,200 төгрөгийг гаргуулах тухай Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б-н нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Э ХХК-иас 600,000 төгрөгийг гаргуулж, И ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА