| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00002/И |
| Дугаар | 137/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2025/00026
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох 3,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК /ХХД:........, РД:......., утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Улаан-Уул сумын төвд Х-р цэвэр усны шугам татах газар шорооны ажил гүйцэтгүүлэхдээ Олон улсын G-652 ангиллын 24 корын газрын шилэн кабелд тасалдал үүсгэсэн нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр 29.4-т заасан заалтуудыг зөрчин, урьдчилан манай талд мэдэгдэлгүйгээр шилэн кабелийн хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэж тасалдал үүсгэсэн. Иймд сэргээн засварласан зардал 3,320,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э /утас: ......../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Улаан-Уул сумын төвд Х-р цэвэр усны шугам татах газар шорооны ажил гүйцэтгүүлэхдээ Олон улсын G-652 ангиллын 24 корын газрын шилэн кабелд тасалдал үүсгэсэнд сэргээн засварласан зардал 3,320,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлага 1,520,000 төгрөгөөс татгалзсан болно. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч, 1,800,000 төгрөгийн хохирлыг 2025 оны 01 сарын 27-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Х-д холбогдуулан 3,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь 3,320,000 төгрөгөөс 1,520,000 төгрөгөөс татгалзсан, хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох 3,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага 1,520,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага 1,800,000 төгрөгийн хохирлыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,070 төгрөгийн 50 хувь буюу 34,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 34,035 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б