| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2020/00117/И |
| Дугаар | 202/МА2020/00039 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 202/МА2020/00039
Ш.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00381 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ш.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г,
Хариуцагч: Б.Д нарт холбогдох,
Гэм хорын хохирол 5 606 352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ш.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Б.Дын өмгөөлөгч Н.Баярмаа /зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2018 оны 12-р сарын 23-ны өдөр Замын-Үүдэд каргоны газар очиход Б.Д гэх хүн манайх найдвартай хурдан хотод ачуулна гэсэн. Хятад улсаас оруулж ирсэн тоног төхөөрөмжөө ачуулах болсон. Тэд миний ачааг хүлээн аваад 00000000 ДГО улсын дугаартай Волво маркийн машинд ачсан бөгөөд жолооч Гантогтох гэх хүн 2018 оны 12-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод хүргэж өгнө гэсэн. Гэтэл бараа ачиж явсан машин шатсан ба эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаад 2020 оны 03-р сарын 18-ны өдрийн дугаар 92 тогтоолоор хэргийг хааж биднийг иргэний хэргийн шүүхэд хандаж болно гэсэн. Буянхишиг би өр зээл хийж амьдрал ахуйгаа өөд татах зорилгоор тэр тоног төхөөрөмжийг оруулж ирсэн боловч замдаа шатаж эрүүгийн хэрэг нь 2 жил гаруй болж эцэст нь хэргийг хаасан. Иймээс Гантогтох, Б.Д нараас миний төхөөрөмжийн үнэ болох 5 606 352 төгрөгийг яаралтай гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Г миний бие Волво маркийн 00000000 ДГА улсын дугаартай ачааны машинаар каргоны ачаа тээвэрлэдэг байсан бөгөөд 2018 оны 12-р сарын 23-ны өдрийн өглөө Замын-Үүдийн каргоны хашаанд ачааны машинаа оруулж орхиод ачаа ачуулахаар Б.Д буюу Гоёо гэж дууддаг хүний ачааг ачихаар орсон. Орой 23 цагийн үед Б.Д ачаа ачуулаад дууссан гэсэн учраас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа явж байгаад шөнө 05 цагийн үед Даланжаргалан суманд ирээд зогсоолд машинаа тавиад машинаа тойрч шалгаад машиндаа амарч байгаад 06 цаг дөхүүлээд хот руу хөдөлсөн. Төв аймгийн Баян сумын наана Болор цайны газар дээр зогсож бие засчхаад мөн л хөдлөхөөсөө өмнө машинаа тойрч хараад дугуйнуудаа шалгаж харчхаад цааш хөдөлсөн ба Хангай зөрлөг өнгөрөөд толиндоо хартал зөв талын чиргүүлийн дунд хэсгээс утаа гарч байсныг хараад шууд зогсоод галын хороо цацсан боловч дийлдэхгүй гал дүрэлзээд байсан. Тухайн үед утаа гарч байгааг харангуутаа машинаа зогсооход тэр газар мөн дугуй хагарсан 85-74 ДГА улсын дугаартай ачааны машины зогсож байсан ба тэр машины жолооч Б.Алтангэрэл гэх хүн надтай хамт галыг унтраалцахаар тусалсан боловч дийлдэхгүй улам дүрэлзээд байсан учир бид хоёр ачааны машины толгойг чиргүүлээс нь салгасан. Удалгүй онцгой байдлынхан ирсэн. Миний хувьд машинд ямар ачаа ачсан талаар огт мэдэхгүй, бас ачаа илгээгч Б.Д ч надад ямар төрлийн ачаа бараа байгаа талаар огт хэлээгүй, ачаанууд бүгд хайрцаг, савтай гаднаасаа юу байгаа талаар мэдэгдэхгүй байсан бөгөөд Улаанбаатар хотод очоод ачааг хэн авах талаар л тэмдэглэсэн дэвтрийг авч явсан. Энэ асуудлыг Төв аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаад 2020 оны 03-р сарын 18-ны өдөр 92 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хаасныг, мөн тухайн хэрэгт 2020 оны 01-р сарын 31-ний өдөр 08/02 дугаартай гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан байсныг нэхэмжлэгч Н.Буянхишигийн нэхэмжлэлээс мэдсэн ба бидэнд цагдаа болон прокурорын байгууллагаас хэрэг хаасан, галын дүгнэлт гарсан болон юу гэж гарсан талаар огт танилцуулаагүй. Галын талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцахад 2018 оны 12-р сарын 24-ний өдөр гарсан галын шалтгааныг тогтоохоор шинжээчийн дүгнэлт гарсан байдаг ба уг дүгнэлтийг гаргахдаа гал түймрийн улсын байцаагч А.Бэх-Очир нь 2018 оны 12-р сарын 24-ний өдрийн цагдаагийн байгууллагаас хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн “чиргүүлийн зүүн талын шатсан 3 дугуйны дээд талын тэвшний мод цөмөрч шатсан байдалтай байв” гэх тэмдэглэлийг үндэслэн гал түймэр нь автомашины дугуй модон тэвшинд шүргэж халалт өгсний улмаас гал гарсан байх магадлалтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй ба галын дүгнэлт нь магадлалтай байна гэсэн ба магадлалтай гэдэг үгийг утгаар нь авч үзвэл тийм ч байж болно, эсвэл үгүй ч байж болно гэсэн үг юм. Гэтэл ийм чухал асуудлыг шийдвэрлэж байгаа шинжээч хүн бүхэл бүтэн 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа өөрийн биеэр, бодитоор үзэж, тухайн гал гарсан газар, тээврийн хэрэгсэл, орчин зэргийг бодит байдал дээр хараагүй байж тусдаа байгууллагын хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэл болгон ийм чухал дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бол тухайн хэрэг учрал болсон гэх газар ямар байдалтай байсан талаар тэмдэглэдэг, гэтэл галын шалтгааны талаарх бодит үзлэг шалгалт бол тухайн гал юунаас болж гарсан, эх үүсвэр шалтгааныг олж тогтоох чиг үүрэгтэй. Иймд 1 жил гаруй хугацааны дараа ямар ч баримт эд зүйлийг бодитоор нь биетээр нь үзэж хараагүй байж дүгнэлт гаргасан нь гал гарсан шалтгааныг гүйцэт, үнэн зөв, эргэлзээгүй тогтоож чадсангүй. Өөрөөр хэлбэл гал дугуй модон тэвшинд шүргэж халалт үүссэний улмаас гарсан ч байж магадгүй, бас өөр зүйлээс болж гарсан ч байж магадгүй гэж магадлалаар дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй. Энэ магадлалтай гэсэн галын шинжээчийн дүгнэлтийг хэн нэг тийш болгох юм бэ гэдэг асуулт үлдэж байна. Автомашины дугуй модон тэвшинд шүргэж халалт өгсний улмаас гал гарсан гэж үзэхэд тухайн автомашины жин, тонн хэтэрч улмаар машины тэвш дугуйгаа шүргэж дарагдсанаар дугуй тэвш хоёр шүргэлцээд явна гэж үзлээ гэхэд миний машин 40 тонн ачих даацтай ба би зөвшөөрөгдсөнөөс бага хэмжээтэй буюу 35 тонн ачаа ачсан байсныг Замын-Үүд сумаас гарахад ачааны машинууд жин тонноо хэмжүүлээд гардаг бичгээр нотлогдоно. Ингээд үзэхээр жин тонноос бага, зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрээгүй, хамаагүй бага байхад дугуй тэвш хоёр шүргэлцэж халалт үүсэх боломжгүй юм. Гал гарахад 17 ширхэг хийн баллон ачаан дотор ачсан байсныг мэдсэн ба дэлбэрч, буудаж байснаас нь мэдсэн, мөн аккумлятор ачсан байсныг тэр үеэр харж мэдсэн. Ачаа илгээгч Б.Д надад хийн баллон, фовер банк, аккумлятор зэрэг галын аюултай онцлог байдлаар тээвэрлэлт бүхий ийм ачаа ачсан гэдэг талаар огт мэдээлэл өгөөгүй, сануулж анхааруулсан зүйл огт байгаагүй, хэлж мэдэгдэхгүй чимээгүй ачсан байсныг гал гарах үеэр мэдсэн ба энэ талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн, хийн баллон шатаж байгаа машинаас хэдэн метр газарт дэлбэрч шидэгдсэн талаарч үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагт дугаарлан тэмдэглэснээс тодорхой харагддаг. Автомашинд гал анх шатаж эхлэхдээ дугуй тэвш хэсгээс гараагүй, чиргүүлийн урд талын тэнхлэгийн дээрээс гал гарч эхэлснийг тухайн үед дугуй хагараад зогсож байсан онцгой байдлынхныг ирэхээс өмнө гал унтраалцахад тусалсан, машины толгойг чиргүүлээс салгалцсан 85-74 ДГА улсын дугаартай ачааны машины жолооч Б.Алтангэрэл надтай хамт анх харсан үзсэн. Иймд миний ачааны автомашинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, доголдол, дутагдлаас болж гараагүй, харин бараа илгээгч талууд болох Б.Д болон ачаа тээшээ тээвэрлүүлж буй хүмүүсийн галын аюултай, тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт, тусгай тээвэрлэлт шаардсан онцлогтой хийн баллон, фовер банк, аккумлятор зэрэг ачаануудыг огт хэлж мэдэгдэхгүйгээр тээвэрлүүлснээс болж гал гарсан гэж үзэж байна. Эдгээр надаар тээвэрлүүлсэн ачаа тээшнээс болж би ч гэсэн 17 733 300 төгрөгийн үнэ бүхий ачааны автомашинаараа хохирч одоо тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээ больж ажилгүй болсон. Иймд Ш.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хооронд ачаа бараа шилжүүлэн ачих /карго/ үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2018 оны 12-р сарын 23-ны өдөр Д.Гын 40 тоннын даацтай Истана маркийн ачааны автомашинд 10 автомашины барааг хүлээн авч ачсан. Уг ачаанууд нь бүгд хайрцаг баглаа боодолтой байсан. Уг бараануудыг би хүлээн авсан хэдий ч задалж үзэх боломжгүй байдаг тул ачааг БНХАУ-ын Эрээн хотоос тээвэрлэн оруулж ирсэн автомашины жолоочоос ямар бараа байгаа талаар асууж хэдэн хайрцаг барааг ямар дугаарын утасны эзэнд хүргэж өгөх болон тээврийн зардлыг хэрхэн төлөх талаар өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэн аваад уг ачааг тээвэрлэн явах автомашины жолооч Д.Год тэмдэглэлийн дэвтрээ хүлээлгэн өгсөн. Д.Г нь ачаа барааг аюулгүй тээвэрлэн Улаанбаатар хотод бараа материалыг хүлээн авч барааны эздэд ачааг нь хүлээлгэн өгөх Зундуйн Батдорж гэх хүнд хүлээлгэн өгөх ёстой байсан юм. Гэтэл Д.Г нь 2018 оны 12-р сарын 24-ний өдрийн өглөө 08 цагийн үед миний гар утас руу залгаж тээвэрлэж явсан бараа чиргүүлийн хамт шатсан талаар надад мэдэгдсэн. Би бараа шатсан талаар сонссон даруйдаа Төв аймаг руу ах, дүү нарын хамт гарсан. Уг гал гарсан газар очиж үзэхэд чиргүүлийн хойд дугуйны дээд талын тэвшний мод цөмөрч шатсан, ачиж явсан бүх бараа шатсан байдалтай байсан бөгөөд Д.Гоос гал юунаас болж гарсан талаар тодруулахад ачиж явсан бараа дэлбэрсэн гэсэн. Уг дэлбэрсэн гэх бараануудыг үзэхэд хөргөгчний фреон, аккумлятор зэрэг байсан бөгөөд миний бие ачсан бараан дотор хөргөгчний фреон байсан талаар мэдээгүй. Уг хөргөгчний фреон нь тэсэрч дэлбэрэх төрлийн шатамхай бодис агуулсан бараа биш бөгөөд харин ч дэлбэрч буудсан тохиолдолд галыг унтраах ойр орчмын зүйлийг хөлдөөх магадлалтай ачаа гэж бодож байна. Харин аккумляторыг ачихдаа чиргүүлийн урд хэсэгт ачсан. Аккумляторыг ачихад хайрцаг баглаа боодолтой, баглаа боодол нь задарсан гэмтсэн зүйл байгаагүй. Анх чиргүүлийн хойд хэсгээс гал гарсан байсан учир аккумлятороос гал гарах үндэслэлгүй, мөн цагдаагийн байгууллагаас хийлгэсэн шинжээчийн дүгнэлтэд шатаж, тэсрэх бодис илрээгүй юм. Тиймээс ачиж явсан ачаа бараанаас гал гараагүй гэж үзэж байна. Д.Г нь ачиж явсан эдгээр бараанаас гал гарч ачаа бараа дэлбэрсэн гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна. Д.Гын шүүхэд гаргаж өгсөн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 01-р сарын 24-ний өдрийн 9/07 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжид шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. 2. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй гэсэн дүгнэлт. Мөн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч А.Бэх-Очирын 2020 оны 01-р сарын 31-ний өдрийн 08/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. 2018 оны 12-р сарын 24-ний өдөр Сэргэлэн сум Өгөөмөр 2-р баг Хангайн зөрлөг гэх газар 12 цаг 23 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн 2 дахь хуудас “Чиргүүлийн зүүн талын шатсан 3 дугуйны дээд талын тэвшний мод цөмөрч шатсан байдалтай байв.” гэх тэмдэглэл уг гал түймэр автомашины дугуй модон тэвшинд шүргэж халалт өгсний улмаас гал гарсан байх магадлалтай байна. 2. Шинжилгээний явцад тогтоолд дурдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад байдалд зүйл илэрвэл илрээгүй болно.” гэсэн шинжээч нарын дүгнэлтээс харахад уг гал нь ачиж явсан бараанаас биш чиргүүлийн зүүн дугуй тэвшинд шүргэснээс болж гарсан байх тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.5, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжилсэн гэм хорын хохирол 5 606 352 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Д миний бие төлөх үндэслэлгүй юм...” гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Г, Б.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5606352 төгрөг нэхэмжилсэн Ш.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг нэг талын өрөөсгөл хандлага чиглэлээр буюу зөвхөн Б.Дын ачаа барааг хүлээж аваагүй гэсэн үндэслэлд тулгуурлаж хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бусад баримттай харьцуулан үзэж, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэж чадаагүй, учир дутагдалтай хандсан гомдолтой байна. Үүнд нэгдүгээрт анхан шатны шүүхээс 14000 /арван дөрвөн мянга/ юань гүйлгээний утгыг тодорхой биш гэж үзсэн. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох тухайлбал Монгол банкны ханшны үнэлгээ байгаа, мөн уг төхөөрөмж болох бүрэгч машины үнэлгээг тогтоосон тухайн үеийн юанийн ханш буюу 14000 /арван дөрвөн мянга/ юанийг монгол мөнгөнд шилжүүлээд 5606352 /таван сая зургаан зуун зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгөөр үнэлсэн Тод үнэлгээ ХХК-ний дүгнэлт зэргийг харьцуулан уялдуулж үзээгүй болно. Үүнийг харьцуулж үзээгүйгээс энэ 14000 /арван дөрвөн мянган/ юанийн гүйлгээг тодорхой бус гэж үзсэн. Хоёрдугаарт нь уг ачааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос ямар журмаар, хэдийд, яаж оруулж ирсэн нь тодорхой бус гэж үздэг ба энэ талаар хавтаст хэрэгт гэрчээр асуугдсан н.Энхмэндийн мэдүүлэгт маш тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл уг ачааг Хятадын Эрээн хотын н.Бөхөө гэгч 2 бөөрөнхий ачааг, ачаан дээр нь утасны дугаар болон тухайн өдөр болох 12 дугаар сарын 23-ны өдөр гэсэн тэмдэглэл хийгээд явуулсан байдгийг мэдэгдсэн байдаг. Энэ нь зургийг авсан хүн нотолдог. Нөгөө талаас хэрэгт авагдсан энэ 2 хэсэг ачааны зураг дээр н.Энхмэндийн мэдүүлсэн утасны дугаар болон сар өдөр нь тохирч байдаг. Гэтэл эдгээр баримтыг харьцуулалгүйгээр дээрх үндэслэлийг үгүйсгэж, дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Гуравдугаарт нь гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, хураамж нь тодорхой бус гэсэн бөгөөд энэ нь миний ачаанд шууд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл н.Бөхөө болон миний ачааг тохирч авсан, ачуулсан хүмүүстэй холбоотой. Дөрөвдүгээрт шүүхийн шийдвэрт Ш.Б нь тээвэрлэлтийн хөлсийг хямд төлж, ямар хэмжээний ачааг хэнд хүлээлгэн, хэнтэй, хэдийд, ямар журмаар, яаж тохиролцож тээвэрлэлтийн гэрээг хийж иргэний эрхзүйн харилцааг бий болгосон нь тодорхой бус гэсэн. Тэгэхээр нэхэмжлэл дээр миний бие нь өөрөө Б.Дтой карго дээр биечлэн уулзаж, ачаа өгсөн мэтээр андуурагдаж бичигдсэн. Энэ андуурч бичигдсэн үндэслэлийг өлгөн авч Б.Дын мэдүүлгээр үгүйсгэсэн болно. Өөрөө хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзээгүй. Тухайлбал Хятадын Эрээн хотын иргэн н.Бөхөө нь уг ачааг машинд хүлээлгэн өгсөн болох үндэслэл, Б.Д эхнээсээ 1357 ширхэг хайрцагтай бараа материалыг хүлээн авч, өөрийн хар дэвтэрт нэг нэгэнгүй бичиж, тухайн дэвтрээ жолооч Д.Год өгч, харин Д.Г нь Улаанбаатар хотод байдаг н.Баттогтоход хүлээлгэн өгдөг гэсэн мэдүүлэг байдаг. Энэ талаар яагаад ачсан ачааны тоо, баглаа боодол зэргээр огт маргадаггүй. Уг ачааны талаар надад анх Төв аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн. Би энэ талаар Цагдаагийн газар мэдүүлэг өгдөг бөгөөд намайг Цагдаагийн газар дууддаг шалтгаан ч Б.Дын машинд ачсан ачааны эх сурвалжтай холбоотой болно. Өөрөөр хэлбэл Б.Д тэмдэглэлийн дэвтэр дээрээ миний утасны дугаарыг тэмдэглэсэн учраас намайг дуудсан болно. Мөн Төв аймгийн Цагдаагийн газраас хохирогч нарын нэрсийг ачигдсан ачаа бараатай гаргаж өгсөн мэдээллээр хийгдсэн ажиллагааны үндэслэл, Цагдаагийн газраас нэр бүхий хохирогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, хохирлын үнэлгээг тодорхой бичиж гаргасан баримт зэргийг дүгнэх нь чухал байна. Миний хувьд нэхэмжлэлтэй холбогдох бүх баримтыг шүүхэд өгсөн. Баримтуудыг 2 хувь хуулбарлаад нэгийг өөртөө, нэгийг нь өмгөөлөгчдөө хуулбарлаж өгсөн болно. Гэтэл хохирлын тооцооллын хүснэгт хавтаст хэрэгт байхгүй болсон гэж надад сонсогдсон. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад уг миний явуулсан хуулбар үнэн гэсэн тамга тэмдэгтэй Төв аймгийн Цагдаагийн өгсөн хохирлын хүснэгт байхгүй байсан. Уг баримт нь ачаа бараа хил нэвтрээд орохоор Б.Дын гарт орж, гэрээг зохих ёсоор байгуулсныг нотлох баримт байсан. Бүрэгч машины талаарх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийгээд Б.Дыг шүүхээс овор хэмжээ ихтэй гэсэн ойлголтыг авч ямар нэгэн өргөгч машины туслалцаатай ачих шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Уг төхөөрөмж нь бодит байдал дээр нэг хайрцгийг нь хүн өргөөд тавьчихна, нөгөө хайрцгийг нь 2 хүн өргөхөөр хэмжээтэй. Гэтэл шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, зөвхөн Б.Дын өөрийгөө өмгөөлсөн өмгөөлөлд итгэл үнэмшил хандаж намайг хохироож байна. Миний хувьд би өөрөө тэтгэврийн хүн, хувиараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, тэтгэврийнхээ зээлийг авч бизнес эхлүүлэх гэж байхад замын ийм саад тотгороос болоод сэтгэл санаа, эдийн засгийн учирсан хохирлууд үгүйсгэгдэж байгаад маш их харамсаж байна. Би эрүүл мэндийн шалтгаанаас болоод анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Дахин хэлэхэд хохирлын тухай баримт энэ хавтаст хэргээс яагаад алга болсон тал дээр маш их эмзэглэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр уг хэргийг дахин хянаж, шударга үнэн байдлыг тогтоож өгөх хүсэлттэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрт уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэл нь Б.Дын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг буюу нэхэмжлэлд дурдсан зүйлийг урьтал болгож энэ талаар маргаан үүсгэдэг. Нөгөө талаас хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ үндэслэл үгүйсгэгддэг. Өөрөө хэлбэл хавтаст хэргийн 69-р талд авагдсан Б.Дын мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэгт ачааны талаар маш тодорхой байдаг. Б.Дын ачааны тухай тэмдэглэсэн хар тэмдэглэлийн дэвтэр нь Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Мөнхтүвшин гэдэг хүнд хүлээлгэж өгсөн гэдэг. Тухайн дэвтэр дээр ачааны эзэд буюу хохирогчдын утасны дугаар, ачсан ачааны нэр төрөл, үнэлгээг гаргасан. Гэтэл Ш.Бийн Төв аймгийн Цагдаагийн газар өгсөн буюу хавтаст хэргийн 169-р талд авагдсан хохирогчоор тогтоолгож өгсөн мэдүүлэгтээ бүрэгч машиныг онлайнаар захиалж тухайн байгаа каргогоор захиалж хүлээн авах ёстой байсан. Гэтэл миний барааг ачиж явсан машин шатсан тул хохирлоо гаргуулан авах хүсэлттэй байна гэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар эргэлзээгүй талаас нь шүүх бодит байдалд нийцүүлэн дүгнэх ёстой гэснийг зөрчиж, нотлох баримтад анхан шатны шүүх учир дутагдалтай хандсан гэж үзэж байна. Мөн хавтас хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тооцооны хүснэгтийг гаргаж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлах гэхэд хавтаст хэргээс олж хараагүй. Тиймээс би өөртөө үл итгээд давхар эргүүлчихсэн юм болов уу гэдгээрээ энэ тооцооны хүснэгт байгаа шүү, тооцооны хүснэгтийн 9 дэх хэсэгт Ш.Бийн нэр ус, хохирол, үнийн дүн байгаа гэхэд тэр баримтаа гаргаад өгөөч гэхээр нь хавтаст хэрэгт байгаа хамгийн гол нь давхардуулаад эргүүлчихлээ гэж хэлээд орхисон. Гэтэл шүүх хуралдаан дууссаны дараа хавтаст хэргээс баримтуудаа үзэхэд үнэхээр хохирлын тооцооны хуудас байхгүй байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцахад байсан. Тухайн баримтыг байсан болоод 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр энэ хэрэгт нэмэлт ажиллагаа, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Нөгөө талаас хавтаст хэрэгт нэг дугтуй дугаарласан байдаг. Бид нар нэхэмжлэлийг хэдэн хувь хавсаргав гэж бичдэг. За яах уу мэдээж дүрэм, горим, журам өглөө босоход өөрчлөгдөж байдаг, би хоцрогдсон байж магадгүй гэж бодтол эргээд давж заалдах шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч ялгаагүй шуудангаар гомдлоо явуулсан. Тэгээд дугтуйг нь хавсаргаж уу гээд үзтэл дугтуй нь байхгүй байсан. Ингээд хавтаст хэрэгт авагдсан баримтыг тоолоод үзэхэд тооны хувьд дутуу байдаг. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүй хийчихсэн байж болзошгүй ноцтой зөрчил гарч ирж байгаа юм. Нөгөө талаас үрэгдсэн баримтаа бусад баримт бичигтэй хавсаргаад үзэхэд Прокурорын газрын тогтоолын хэсэгт хавтаст хэргийн 60-63-р талд хохирогч нарын үнэлгээг тодорхойлсон баримт байдаг. Түүнд Ш.Бийн алга болгосон гээд байгаа баримтыг дурдсан байдаг. Өөртөө хувилж авч үлдсэн баримтад нь үрэгдүүлсэн баримт нь 2020 оны 03 дугаар сарын 23-нд хуулбар үнэн гэсэн Цагдаагийн газрын тамгатай бичиг байдаг. Иймд эдгээр баримтуудыг харьцуулан үзэж, тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийж үзэхийг хүсэж байсан. Б.Д нарын хувьд ачаа барааны ачсан тал дээр огт маргаан үүсгэдэггүй байсан байж шүүх хуралдаанд үүсгэдэг. Иймд хэргийн гол үндэслэл болох хохирогчдын нэрсийн жагсаалт, хохирлын үнэлгээ, бусад хэрэгт авагдсан баримтуудад маань үндэслэлүүдийг харьцуулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Хариуцагч Д.Г-н өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Ингэхдээ хэд хэдэн үндэслэлийг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нарын хооронд иргэний эрхзүйн харилцаа үүсээгүй байна гэж үзсэн. Учир нь тухайн үеийн Замын-Үүд сумын каргоны газар буюу Д.Г, Б.Д нарт Ш.Б анхнаасаа ачааг биеэр хүлээлгэж өгсөн гэдэг. Гэтэл ачаагаа биеэр хүлээлгэж өгсөн нь тогтоодохгүй байна. Дараагийн нэг асуудал нь Ш.Б нь хэзээ, ямар хэмжээтэй барааг, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, мөн тээвэрлэлтийн хөлсийг хэрхэн, хэзээ өгөхөөр тохиролцсон гэдэг тээвэрлэлтийн гэрээний нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн Ш.Бийн хэвлэлийн бүрэгч машин нь Монгол Улсын хилээр хэдийд, хэрхэн яаж орж ирсэн, хэрхэн хүлээлгэж өгсөн нь тогтоогдохгүй байгаа тул иргэний эрхзүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнээд, хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэгч тайлбартаа үндэслэлээ Монгол банкны ханш байсан гэж байна. Монгол банкны ханш нь тухайн тэр мөнгийг шилжүүлэх үед юань хэдэн төгрөг байсан бэ? гэдгийг нотолж байгаа болохоос биш, 15000 /арван таван мянга/ юанийг яах гэж, ямар зорилгоор, юуны мөнгө гэж өгч байгаа гүйлгээний утга нотлогдохгүй байна гэж авч үзсэн. Мөн н.Энхмэндийн мэдүүлгээр давхар маш сайн нотлогддог гэж байна. Энэ мэдүүлгээр Эрээн хотод байгаа н.Бөхөө гэдэг хүн наашаа явуулах ёстой байсан, 2, 3 хоног ачаа ирсэн даруйдаа орж ирэх ёстой байсан гэдэг. Өөрсдөө зургийг нь аваад явуулдаг гэдэг. Тэр хавтаст хэрэгт байгаа зураг хэзээ, хэн авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлагыг хангадаггүй. 1357 ширхэг ачаа авсан хар дэвтрийг Д.Г, Б.Д нар бие биедээ хүлээлгэж өгдөг гэсэн асуудал яригддаг. Тухайн дэвтэр олддоггүй, мөн асуухад нэр ерөөсөө бичигддэггүй, хэдэн төрлийн ямар бараа байгаа, хүлээлгэн өгч, авч байгаа хүний нэр бүртгэгддэггүй гэдгийг Б.Д анхан шатны шүүх хуралдаанд нэлээн тодорхой тайлбарласан байгаа. Ачааны тоо ширхгийн талаар Б.Д, Д.Г нар маргадаггүй, одоо яагаад маргаад байгаа юм бэ? гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд ярьдаг сая бас л ярилаа. Угаасаа хэрэг бүртгэх ажиллагаа маргах хэмжээнд хүрээгүй. Миний үйлчлүүлэгчийг 1, 2 удаа дуудаад явуулчихсан байдаг. Энэ хэрэг аль түвшинд хүрээд яаж хаагдсаныг хэзээ мэдсэн бэ? гэхээр Замын-Үүд сумын шүүхээс нэхэмжлэл ирснээр хэрэг хаагдаад иргэний нэхэмжлэл гаргаад явж байгаа юм байна гэж мэдэж авсан гэх тайлбарыг хэлдэг. Цагдаагийн байгууллагын хохирогчийн нэрсийн жагсаалт, хохирлын тооцооны баримтыг би хэрэгт өгсөн тэрийг үндэслэх ёстой гэж байна. Уг хавтаст хэрэгт тухайн баримт нь байдаггүй. Энэ хэрэг анхнаасаа одоог хүртэл талууд их хүсэлт гаргаж байгаа маргаантай хэрэг юм. Хавтаст хэргийг очих болгонд танилцуулдаг. Мөн тухайн шүүх хуралдааны өдөр Н.Баярмаа өмгөөлөгч, Ж.Жаргалсайхан өмгөөлөгч бид хэд ээлжилж аваад хавтаст хэрэгтэй танилцаж байгаад орсон. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд ч тодорхой орсон байгаа. Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд ороогүй тул тайлбарлаж өгье. Нотлох баримт шинжлэн судлахаас өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалсайхан өмгөөлөгч хохирлын жагсаалт байгаа гэж ярьдаг. Тэр нь хаана байгаа юм бэ? юу юм бэ? гэхээр нотлох баримт шинжлэн судлахаараа харъя гэж хэлсэн. Тэгээд дараалалдаа ороод нотлох баримт шинжлэн судлахад нөгөө баримт байгаагүй, би анхнаасаа энэ хэрэгт оролцож байгаа тэр баримтыг огтоосоо олж хараагүй. Тэрний дараа даргалаг шүүгч Ж.Жаргалсайхан өмгөөлөгч нөгөө тооцоо, жагсаалт хаана байна гэж асуухад байхгүй байна гэж ярьсан уу гэхээс давхардуулаад эргүүлчихлээ гэх асуудлыг анхнаасаа ярьдаггүй. Мөн тэр үед анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт алга болсон байна гэх асуудлыг ерөөсөө хөндөөгүй. Хэрвээ давхардуулж эргүүлсэн бол шүүгч нар хавтаст хэргийг дахин үзүүлэх боломжийг олгох байсан. Шүүгч нар ч эргүүлж үзээд энд ерөөсөө байхгүй байна гэж асуухаар харин тийм байна, байхгүй байна гэж хэлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр нарийн сайн тусгасан байх гэж бодож байна. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага, түүнийг нотолж байгаа нотлох баримтаа гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийн үүрэг. Хариуцагч талаас танайх энэ дутуу байна, үүнийгээ гаргаач ээ гэж тусалдаг юм уу, дэмждэг юм уу, санаа өгдөг юм уу, эсхүл тий байдлаас оролцох хууль зүйн үүрэгчгүй, үндэслэлгүй тул үүнийг нотлох нь нэхэмжлэгч талд байгаа. Нотлох баримт дутсан, алга болсон гэдгийг шалгах байгууллагаараа шалгуулах нь эрхийн асуудал гэхдээ энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдсан юм шүү. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж анхан шатны шүүх хууль зөв хэрэглэж, нотлох баримтыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хариуцагч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Хариуцагч Б.Д-н өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Д маань үүргийнхээ дагуу шүүхэд үнэн зөв тайлбараа өгч байсан. 1357 ширхэг бараа бүтэгдэхүүнийг хүлээж аваад Д.Гын 84-87 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан гэх талаар маргадаггүй. Харин тухайн ачсан бараанд Ш.Буянтогтохын нэхэмжлээд байгаа бараа, материал байсан эсэхийг мэдэхгүй байна гэж үздэг. Мөн тухайн үед Тод монгол ХХК-иас үнэлгээг гаргахдаа тухайн ачаа нь 300 кг жинтэй гэж тогтоосон. Гэтэл Б.Д, ачааг ачилцсан н.Батзоригийн мэдүүлгээр Д.Гын тээврийн хэрэгсэлд 300 кг жинтэй ачаа ачигдаагүй болохыг аль аль нь мэдүүлдэг. Ш.Б нь Төв аймгийн Прокурорын газрын тогтоол гарсан гэж тайлбарлаж байна. Энэ тогтоолоор Ш.Бт 5600000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон гэж үзээд байна. Энэ тогтоолд Б.Д гэдэг хүн Ш.Б гэдэг хүнээс 5600000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн бүрэгч тоног төхөөрөмжийг хүлээж аваад, Д.Гын машинд ачаад, харин Д.Г нь ачааг тээвэрлэх явцдаа ачаа барааг үрэгдүүлсэн байна. Иймээс Ш.Бт 5600000 /таван сая зургаа зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоогоогүй юм. Уг тогтоолд Эрүүгийн хуульд зааснаар эд зүйлсийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн юм уу, гэмтээсэн юм уу гэх талаар шалгасан. Ш.Б нь анхан шатны шүүхэд анх 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргаснаас хойш миний бие нь Б.Дын өмгөөлөгчөөр оролцож, удаа дараа хэргийн материалтай танилцдаг. Энэ явцад Ж.Жаргалсайхан өмгөөлөгчийн ярьж байгаа хохирлын тооцоо, хүснэгт гэх зүйл ерөөсөө байдаггүй. Мөн н.Бөхөө гэдэг хүн төхөөрөмжийг чинь хүлээж авлаа, зураг нь энэ байна гээд н.Энхмэндийн утасны дугаарыг бичээд зургийг нь аваад явуулсан гэж байна. Гэтэл тэр зургийг хаана авсан юм бэ? тэр н.Бөхөө гэх хүн Эрээн хотод зургийг нь аваад явуулчихсан юм биш үү эсхүл Монгол Улсын хилээр оруулж ирээд Б.Дт өгөхдөө авсан зураг юм бол яагаад ачаа ачиж байгаа машины зургийг давхар дараагүй юм. Мөн гэрч н.Энхмэндийн мэдүүлэгт ачаа бараа 6-7 хоногийн дотор ирдэг. Ирснээс хойш 1-2 хоногийн дотор хүлээж авах боломжтой Улаанбаатар хотод ирдэг гэдэг. Бас 14000 /арван дөрвөн мянга/ юань шилжүүлсэн хугацаа нь 12 дугаар сарын эхээр байдаг. Харин энэ үйл явдал нь 2019 оны 12 дугаар сарын 23-нд болдог. Тиймээс гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн ачаа бараа нь энэ үйл явдлаас өмнө Монгол Улсын хил рүү ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй юм. Ш.Б нь Монгол Улсын хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг би төлөх ёсгүй гэж үзээд байна. Үүнийг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой, Б.Д нь Эрээн хотоос Улаанбаатар хот хооронд тээвэрлэлт хийдэг хүн биш. Харин Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хооронд тээвэрлэлт хийдэг тул хэний бараа орж ирсэн эсэхийг мэдэх боломжгүй. Тийм учраас тухайн үед Д.Гын ачаанд ачсан 1357 ширхэг бараанд Ш.Бийн бараа байгаагүй. Яагаад байгаагүй гэж үзэж байна гэхээр 300 кг жинтэй ачаа ачсан уу? гэхээс хүнд жинтэй ачааг ачигч нар өргөж дийлэх боломжгүй тул өргөгч машиныг ашиглаж бараа бүтээгдэхүүнийг ачдаг гэж тайлбарласан. Үүнд анхан шатны шүүх ганцхан Б.Дын тайлбарыг үндэслээгүй, харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, бодитой, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэлж, дүгнэж хэргийг шийдвэрлэсэн тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн зөв тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Г, Д.Б.Д нарт холбогдуулан автомашин шатсанаас хэвлэлийн бүрэгч машин устсан буюу гэм хор учруулсан хохиролд 5606352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Д.Г “...автомашинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, доголдол, дутагдлаас болж гараагүй, ...ачаа илгээгч ... галын аюултай, тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт, тусгай тээвэрлэлт шаардсан онцлогтой ачаануудыг огт хэлж мэдэгдэлгүйгээр тээвэрлэснээс болж гал гарсан ...” гэж, хариуцагч Д.Б.Д “... ачиж явсан бараанаас биш чиргүүлийн зүүн дугуй тэвшинд шүргэснээс болж гал гарсан тул ... гэм хорыг тээвэрлэгч хариуцна, ... тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ...” гэж тус тус маргаж, харин хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Бийн тухайн ачаа шатсан машинд байсан эсэх талаар маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б нь БНХАУ-ын Эрээн хотоос хэвлэлийн бүрэгч машин худалдан авахаар Бөхөө гэгчид захиалж, улмаар уг барааг БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлж авах байсан ба хариуцагч Д.Б.Д ачааг Замын-Үүд суманд хүлээн авч хариуцагч Д.Гоор тээвэрлүүлэхээр ачиж явуулсан боловч 2018 оны оны 12 дугаар дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан зөрлөг” гэх газарт ачааг тээвэрлэж явсан 00000000 ДГА улсын дугаартай автомашинд гал гарч ачаа устаж үгүй болсон, энэхүү асуудалд Төв аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулсан боловч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэлт хийж чадаагүй буюу нэхэмжлэгчийг барааны үнийг нотлоогүй, ачаагаа хариуцагч Д.Г, Д.Б.Д нарт өөрөө хүлээлгэн өгөөгүй буюу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Энэ нь хэрэгт авагдсан Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хх-10-12/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-169-170/, “Тод үнэлгээ” ХХК шинжээчийн дүгнэлт /хх-6-9/ зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш:Буянхишиг нь 00000000 ДГА улсын дугаартай Волво загварын ачааны автомашин шатсан тухай хэрэгт хохирогчоор тогтоогдсон, “Тод үнэлгээ” ХХК нь үнэлгээний талаар шинжилгээ хийхдээ Төв аймгийн Цагдаагийн газрын захиалгаар хийж хэвлэлийн бүрэгч машины үнийг 5606352 төгрөгөөр тогтоосон байгааг анхан шатны шүүх анхаараагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Б болон БНХАУ-ын иргэн Бөхөө нарын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан буюу Бөхөө нь өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар буюу Ш.Бийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийсэн эсэх, улмаар Ш.Б нь гэрээнд заасан хөлсийг төлөх үүрэг хүлээсэн эсэх, ийнхүү илгээмжийн гэрээ байгуулагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Г нь тээвэрлэгч, хариуцагч Д.Б.Д нь илгээгч эсхүл тээвэрлэгч байж болох эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
Мөн зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Г нь ачааг Улаанбаатар хотод хүргэх, түүнд хөлсийг хариуцагч Д.Б.Д төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагч Д.Г, хариуцагч Д.Б.Д нарын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсноор тухайлбал Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл тэд бие биеийнхээ өмнө болон тус бүрдээ нэхэмжлэгч Ш.Бийн өмнө ямар эрх үүрэг хүлээсэн болох үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болох юм.
Улмаар Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.5-д зааснаар илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, эсхүл бусад үндэслэлээр илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно гэж зааснаас болон Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 393.3, 393.4-д тус тус зааснаас тус тус үзэхэд ачааг хүлээн авах газарт бүрэн бүтэн хүргэх, ачааг ачихдаа ... ачааны бүрэн байдалд нөлөөлөхгүй, авто тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангах зэрэг тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн үүрэг хариуцлага тодорхойлогдоно гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байх бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг болдог.
Дээрх бүгдийг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ш.Б болон хариуцагч Д.Г, Д.Б.Д нарын хооронд, мөн хариуцагч Д.Г, Д.Б.Д нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, улмаар үүнийг зөв тодорхойлсноор тэдгээрийн хууль болон гэрээгээр хүлээх үүрэг тодорхойлогдож, энэ нь гэм хор учруулахад оролцсон гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Иймд энэхүү дурдсан хэргийн болон маргааны үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүйгээс дээрх хуульд заасан нөхцөл үндэслэлийг тодорхойлох, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн “... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, түүний гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137/ШШ2020/00381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ш.Бийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104652 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ