| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0648/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 07
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Э.Бадрал,
хохирогч Д.Батбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр /№11550/
шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Мөнхтөмөрийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000450159 дугаарта хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Тэлмэн импекс" ХХК менежер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .......................................................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт М-ийн Т /ШВ71100217/
яллагдагч М.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Т нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөхийн дуулга" ХХК-ны байранд хохирогч Б.Батбаатартай хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдан, улмаар зодож бие махбодид нь тархины доргилт, толгойн оройн хэсэг, баруун бугалга, шуу, цээжний урд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгэдэгч М.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай Тэлмэн импекс хоршооны зочид буудалын Жамъянмядаг гэдэг тэр хүүхэн надруу утсаар яриад манай 4 цонхыг хаагаад эднийх барилга бариад байна гэсэн мэдэгдэл ирсэн. Тэр үед манай захирал бид 2 хамт байсан. Тэгээд маргааш нь ирэхэд дарханы барилгачид байсан цонхны доохон баригдаж байхад нь одоо та нар зогсоо би Батбаатар гуайтай өөртэй нь ярина гэж хэлээд тэд зогссон. Ингээд зогсоогоод байж байтал маргааш нөгөөдөр нь манай манаач барилга бариад байна гэж хэлсэн. Ингээд би ирээд та наадхаа зогсоогооч дүгнэлт байна уу гэхэд миний хувийн өмч чамд хамаагүй гэхээр нь Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын дээр очиж Жаргалсайхан гэдэг байцаагч дээр очиж дагуулж ирсэн. Энэ хүн манай 4 цонхыг хаагаад байна гээд Гончигжав бид 2 цуг оръё гэхэд байж бай гээд гарч ирээд одоо ингээд акт гаргаад өгчихлөө одоо барилгаа зогсоолоо гэж хэлээд тайван өнгөрсөн. 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл барилгаа цонхноосоо салгаад 1 метр 40 орчимтой зайтай тавиад манай цонхноос дээшээгээ 10 хэдэн үе өрсөн байсан. Би утсаар та одоо болиоч гэхэд би 7.000.000 төгрөгөөр торгуулсан байгаа. Миний хувийн өмч гэсэн тэгэхээр нь торгуулсан бичгээ харуулчих танай барилгын өргөтгөл хаана байна үгүй бол буулгана гэж хэлээд Дөлгөөн, Энхзул, Очирбат бид 4 дээшээ гарсан. Дээшээ гараад нэг өрсөн блокыг эвдээд нэгийг нь хөшөөд байж байгаад доошоо цонхоор хараад би Батбаатар гуайг дуудсан. Та ийм л муухай хүн байна ингэж байхад тань би хүчээр ингэлээ өөр арга алга гэхэд зураг авч байсан. Юунд нь зураг аваад байгаа юм гээд очиж багалзуурдаад бид 2 хоорондоо маргалдсан. Гарахад нь өмднийх нь тэлээнээс татаж буулгаж Мөнхбатаа гэж дуудахад Пүрэвсүрэн гэдэг манаач гарч ирсэн. Би ийм юм болно гэж мэдээд тэр Энхзул гэдэг хүүхнийг буудлын цонхноос гархад бичлэг хийгээд надтай хамт гараад явж байгаа. Тэр үед үнэн худлаа нь гарна гэж хэлсэн. Толгойруу нь цохисон гэдэг нь худлаа байна. Би гар хүрээгүй гэв.
шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр болон 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хөхийн дуулга баарны захирал Д.Батбаатар нь ямар нэгэн зөвшөөрөлгүй манай Тэлмэн импекс объектын урд байх объект дээрээ барилга бариад байсан. тэр үед уг барилгыг зөвшөөрөлгүй баригдаж байгаа гээд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Жаргалсайхан гэх эмэгтэй ирээд барилгыгн ажлыг зогсоох тухай улсын байцаагчийн акт өгсөн юм. Тэгсэн чинь тэр өдрөөс барилгын ажлаа шөнийн цагаар явуулаад өдрийн цагаар нь амарч байсан. Энэ тухай манай объктын манаач Очирбат эхнэр Нарангэрэл нар нь байнга мэдээлэл өгч байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би Батбаатартай утсаар яриад " та барилгын ажлаа зогсоо" гэхэд би барилгаа зогсооно гэж хэлчихээд зогсоох зогсоохгүйг чи шийдэхгүй гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би манай Дөлгөөн ажилтан, баарны түрээслэгч Энхзул бид нар буудлын цонхоор гараад тухайн баригдаж байсан объектруу гарсан юм. Тэгээд би доошоо харж байгаад Д.Батбаатар гээд дуудсан. Тэр хооронд би тухайн баригдаж байсан барилгын өрсөн байсан блокыг жоотуугаар очиж 2-3 удаа цохисон, түүний дараа ажилтан Очирбатыг очоод нураа гээд хэлээд зогсож байхад Д.Батбаатар доороос дээшээ гарч ирээд зураг дарсан юм. Би тэр үедээ та яагаад хэлсэндээ байж чадахгүй барилгаа бариад байгаа юм бэ гэж хэлэхэд Д.Батбаатар нь миний хувийн өмч гэжхэлсэн юм. Тэр үед 7 сая төгрөгөөр торгуулсан, барилга барих зөвшөөрөл байгаа гэж хэлээд би өөрийнхөө урьд барьсан барилүгын зургийг бариад үзүүлсэн юм. Надруу бичлэг хийгээд байхаар нь чи бичлэг хийгээд яадаг юм бэ гээд Д.Батбаатар дээр явж очиход ганц нэг үг хэлэхэд Д.Батбаатар цаашаа гүйгээд шатруу гарч явахад нь би хойноос түүний тэлээнээс татаад буулгаад би Д.Батбаатарын хоолойнд гараараа тулсан, мөн гараараа далайгаад орхисон юм. Тэгээд Д.Батбаатар баригдаж байсан барилгын объектруу очихоор нь манай ажилтан Дөлгөөн "танай торгуулсан бичгийг чинь үзье, манай барилгын объект энэ байна гэж хэлсэн юм. Надтай барьцалдан авах үедээ өөрийн манаач Пүрэвсүрэнг дуудсан юм. Удалгүй манаач ажилтан гар ирэхэд Д.Батбаатар нь хажуугаар зөрөөд доошоо буугаад явсан. Тэр үед манаач ажилтан энэ баригдаж байгаа барилга чинь зөвшөөрөлтэй шдээ, гэж хэлээд надруу намайг цохь гээд дайраад байхаар нь би тань шиг хүнийг цохихгүй гэхэд миний яриад байгаа зүйлийг ойлгоод буугаад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44х/,
Хохирогч Д.Батбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анх 1998 оноос зэргэлдээ үйл ажиллагаа явуулсан хэн ч маргалддаггүй байсан. 2006 оноос хойш Т ирээд дарамт үүзүүлдэг байсан. Ус хаалаа гээд ус хаадаг байсан. Өнгөрсөн оны 7 сараас эхлээд би гуйсан мөнгө өгье усаа нээчих гэж тэгэхэд манай караокед орж ирж дарамтлан архи уудаг уухгүй бол бүх усыг хаадаг байсан. Өс хонзон их байсан. 2007 оны 6 дугаар сарын 12-нд би өргөтгөлийн барилга барих зургаа гаргасан мөн бичиг баримтаа бүрдүүлж байсан. Батаагийн ээжтэй би ярьж тохиролцсон байсан. Ахиад би барилгаа үргэлжлүүлэн барьж байхад Т янз бүрээр дарамталдаг байсан. 6 дугаар сарын 12-нд барилга барьж байсан хүмүүс нөгөө хүн чинь ирээд орилж чарлаад байна гээд би ирэхэд нэг залуу камер барьсан байж байсан. Юм хураасан довжоон дээр гарсан байсан гэтэл чамайг ална гэхээр нь би зугтаахад намайг араас ирээд багалзуурдаад авсан. Намайг хөөгөөд аваачаад хаалга шиг юм байсан тэр дээр дарж унаад миний толгойг блок мөргүүлсэн. Гэтэл манай манаач гарч ирсэн. Т асар их дарамттай хүн та барилгаа баривал 10.000.000 төгрөг эсвэл 7.000.000 төгрөг өг тэгвэл барьж болно ус хаалаа гээд дарамталдаг байсан. Одоо бас усгүй байгаа. Ус сувагт очиж хэлэхээр та нар хоорондоо ойлголц гэдэг. Үүнээс хойш миний эд хөрөнгө биед хохирол учирвал Ттэй холбох болно. Тээс болж их хохирсон. Т 12-нд намайг зодсон. Би 12,13 гэртээ хэвтэж байсан тэр үед дээвэр янзалж байсан гэтэл бороо ороод хар цаас хийж чадаагүй байсан тул барилгаруу ус ороод үйлчилгээний бүх зүйл хохирсон. Үүнийг нэхэмжилж байна. Надад нэхвэл зөндөө зүйл бий эмчилгээний зардалаас эхлээд байгаа гэхдээ нэхэхгүй. Бороо орж барилгад учирсан хохирол 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөхийн дуулга” ХХК дээрээ барилгын дээврийн засварын ажлыг хувийн барилгын ажил хийдэг хүмүүсээр хөлсөөр хийлгэж байхад ажил хийж байсан хүмүүс над дээр ирээд 2 хүн ирээд бид нарыг хэл амаар доромжлоод хийж байсан ажлыг нураагаад уналаа гэж хэлэхээр нь би гараад барилгын дээвэр дээрээ очиход зэргэлдээ буюу хойд талд залгаа байрлах Тэлмэн импекс ХХК-ны ажилтан Т, манаач Батаа 2 жоотуу лоом гартаа барьчихсан дутуу барьсан барилгын хана нурааж байсан. Би очоод та нар яаж байгаа юм бэ гэж хэлэхэд манаач Батаа юм хэлээгүй, Т гэх залуу чамайг ална гэж хэлээд нурааж байсан зүйлээ орхиод надруу ирээд намайг хөөгөөд нөгөө өрөө рүү оруулсан. Би манаачаа гээд гүйхэд байшингийн дээвэр дээр бетонон тоосгон дннр дарж унагаагаад миний хоолойг зүүн гараараа багалзуурдаж шахаад, баруун гараараа баруун шанааруу 2 удаа , эрүүнд 1 удаа эрэг орчимд 1 удаа цохиход би ноцолдож байгаад салаад нөгөө талын өрөөнд ороход манаая Пүрэвсүрэн гарч ирээд намайг аваад доошоо буусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
гэрч Ё.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би Хөхийн дуулга ХХК-нд дээрээ жижүүртэй байсан бөгөөд өдөр 13-14 цагийн орчимд байх манай компаны захирал Д.Батбаатар барилгын ажил хийж байсан объёктруу дээшээ гарсан юм. Тэгээд доор ажил хийж байхад манай захирал дээшээ гараад ир гээд орилсон, тухайн үед би усаа хаачихаад дээшээ гарахад манай баарны хойно байх Симба баарны Т нь Батбаатар захирал зодолдсон бололтой хоорондоо хэрэлдээд зогсож байсан. тухайн үед захирлын цамц урагдсан, хоолой боосон юм шиг улайсан, аль нэг талын тохой хэсгийн орчимд шалбарсан байхаар нь одоо боль гараа янзлуул, хувцас хунараа соль гээд доошоо аваад буусан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
гэрч О.Энхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байхад Тэлмэн импекс ХХК-ны менежер М.Т нь бичлэг хийгээд өг манай буудлын цонхыг тагалж барилга бариад байна гэхээр нь би дагаж гараад Т Дөлгөөн манаач Очирпүрэв нарын хамт буудлын өрөөний цонхоор Хөхийн дуулга компаны баригдаж буй барилгын талбай руу гарч болж буй үйл явдлын талаар бичлэг хийсэн юм. Тухайн 2 хүний хооронд болж өнгөрсөн зүйл миний гар утсан дээр бичигдсэн бичлэг дээр тодорхой байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 7775 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Т нь хохирогч Д.Батбаатартай хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдан, зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгчийн гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав.
Иймд М.Тийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Батбаатарт энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролын 120.000 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.Тээс гаргуулан, түүнд олгох нь зүйтэй гэж үзэв. Харин Д.Батбаатар нь бусад нэхэмжилж буй хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэг байх ба тус хульд зааснаар хэрэг үйлдэгдэснээс хойш 6 сарын хугайцаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан камерийн бичлэг бүхий СиДи 1 ширхэг нь хэрэгт ач холбогдолтой байримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Боржигон овогт Мөнхтөмөрийн Тийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгч М.Тийг эрүүгийн харуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Тээс нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Батбаатар /РД:ЧП55020813/-т олгосугай.
4. Хохирогч Д.Батбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бусад учирсан гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ