| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00005/И |
| Дугаар | 305/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2025/00064
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********* холбогдох
Малжуулах гэрээний дагуу өгсөн 6,000,000 төгрөгийн 10 толгой эм сарлаг үхэр гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Тус сумын ********* баталсан 2018 оны 10 сарын 25-ны өдөр иргэн ********* 3 жилийн хугацаатай 6.000.000 (зургаан сая) төгрөгийн 10 толгой эм сарлаг үхрээр малжуулж, малжуулалтаар авсан сарлаг үхрийг 3 жилийн хугацаанд маллаж, төлөөр нь өсгөн 2021 оны 11 сард багтаан тоо толгой бүрэн дараагийн өрхөд хүлээлгэн өгөхөөр 01 дугаарын гэрээг байгуулсан.
Иргэн ********* хүсэлтийн дагуу гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сунгасан.
Гэрээний хугацаа дуусч дараагийн өрхөд малжуулалтын үхрийг хүлээлгэж өгөөгүй тул 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сарлаг үхрийг Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөх мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн шаардлага биелэгдээгүй тул төлбөр барагдуулах талаар 3 удаа утсаар холбогдож, биеэр ДУУДаж 2 удаа уулзаж, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор сарлаг үхрийг хүлээлгэн өгөхөөр аман хэлцэл хийсэн боловч одоогоор төлбөр барагдах асуудал шийдэгдээгүй байна. Иймд 10 толгой эм сарлаг үхрийг тоо толгой бүрэн хүлээлгэж өгөхийг иргэн *********-аас нэхэмжлэж байна.
2. Хариуцагч*********-ын тайлбарын агуулга: 2018 онд малжуулахаар тооны сарлаг аваад 2021 онд буцаан өгөх байсан. Зуд байгалийн гамшигийн улмаас 1 жилээр хойшлуулсан. 3 настай эм 10 сарлаг үхрийг 2025 оны 5-р сарын дотор хүлээлгэн өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ********* нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* малжуулах гэрээний дагуу өгсөн 6,000,000 төгрөгийн 10 толгой эм сарлаг үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн *********нэхэмжлэлтэй *********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн ********* нь *********холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь 55,475 төгрөгийг хариуцагч *********-аас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* нь Говь-Алтай аймгийн ********* малжуулах гэрээний дагуу өгсөн 6,000,000 төгрөгийн 10 толгой эм сарлаг үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн ********* *********-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч *********-аас 55,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА