Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/03835

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 01 181/ШШ2023/03835

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Батхуяг, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн А /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Аргалант сум, Хөшөөт 2 дугаар баг, 0 байрлах, А ХХК /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 315,213,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч П.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Миний нөхөр Г.Б нь "А" ХХК-д ажиллаж байхдаа буюу 2022.01.03-нд ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ мөн тухайн компанид манаач ажилтай Г.А гэх этгээдийн гарт амь насаа алдсан. Энэ хэрэг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн дугаар 0 тоот шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.22-ны өдрийн дугаар 000 тоот магадлал, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2022.12.16-ны өдрийн дугаар 0 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэгдсэн.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч, прокурорын зүгээс "А" ХХК нь гэмт хэрэг үйлдэгдэх, хохирол, хор уршиг, учруулах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн учир тухайн компанийг иргэний хариуцагчаар татсныг 3 шатны шүүхээр баталгаажуулсан шийдвэр гарсан. Харин эрүүгийн хэргийг, иргэний нэхэмжлэлтэй хамт шүүхээр шийдвэрлэхэд иргэний хариуцагчаас хохирол, гэм хорын нөхөн төлбөр гаргуулах хэмжээний тухайд зарим нотлох баримтууд хангалтгүй байна гэж үзэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр орхисон юм.

Нөхөр бид 2 гэр бүл болоод 25 жил болсон, 1 охин, 2 хүүтэй. Охин маань насанд хүрсэн, оюутан, 2 хүү минь насанд хүрээгүй том хүү Б.И 14 настай, бага хүү Б.И маань 10 настай, Ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчид. Миний бие хөхний хорт хавдартай, байнгын эмчилгээтэй, группт байдаг. Миний нөхөр хорт хавдар туссан намайг эмчлүүлдэг, 3 хүүхдээ тэжээн тэтгэдэг, гэр бүлийн бүхий л хэрэгцээний орлогоо олдог ганц хүн нь байсан.

Нөхөр маань Мах боловсруулах үйлдвэрийн инженер, техникийн мэргэжилтнээр ОХУ-ын Краснодар хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж мэргэжлээрээ 25 жил тасралтгүй ажиллаж, хууль ёсоор улсдаа татвараа төлж ирсэн, салбартаа ховор мэргэжилтэн, үнэнч шударга, хөдөлмөрч хүн байсан. Хамгийн сүүлийн жилд буюу 2021 оны байдлаар авч үзэхэд 2,500,000-3,600,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Харин А ХХК-д эхний удаад цалин 2,500,000 төгрөг, цаашид нэмэгдэх нөхцөлтэй ажиллаж, эхний 1 сарын буюу 2021.12 дугаар сарын цалинг авсан байсан.

Нөхрийг маань нас барсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тэжээгчээ алдсны тэтгэвэр сард 789,326 төгрөгөөр тогтсон. Бидэнд тогтоогдсон тэжээгчээ алдсны тэтгэвэрийн энэ хэмжээ нь миний талийгаачийн нөхрийн олдог байсан орлогоос даруй 5 дахин бага буюу бидний 1 сарын өрхийн орлого даруй 5 дахин буурсан байдалтай байна. Өдрөөс өдөрт хүнс, ахуйн барааны үнэ өсөж энэ хэрээр манай гэрийн амьдрал энэ хэмжээгээр доройтож байна.

Бид талийгаачийн сүүлийн нэг жилд авч байсан цалинг сарын 3,000,000 төгрөг байхаар тооцож, 2 хүүгээ 18 насанд хүрэх хүртэлх цалингийн зөрүүг "А" ХХК-иас нэхэмжилж байна. Том хүү Б.И 2025.11.12-ны өдөр, бага хүү Б.И нь 2029.12.20-ны өдөр тус тус 18 нас хүрнэ. Тэжээгчээ алдсны тэтгэмж авсан хугацаа/2022.02.03/-наас миний бага хүү 18 нас хүртэлх хугацаа нь 7 жил 10 cap болох юм. Талийгаачийн сарын дундаж цалин гэж тооцсон 3,265,000 төгрөгөөс тэжээгчээ алдсны тэтгэвэр 789,326 төгрөг ба эдгээрийн зөрүү 2,475,674 төгрөг болж байгаа юм. Иймд бид 7 жил 10 cap буюу 94 cap x 2,475,674 төгрөгөөр тооцож, нийт зөрүү болох 232,713,356 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан авч, өдөр тутмын ахуй амьжиргаагаа залгуулах, өрхийн эдийн засагтаа нэмэр болгох хүсэлтэй байна.

Бид хайрт аав, хайрт ханиа өмнө нь 4 удаа хорих ялаар шийтгүүлж байсан ч засраагүй, энэ ажилд орох үедээ ч тэнсэн харгалзах ялтай байсан этгээдтэй хамт ажиллаж байсныг мэдээгүй, миний талийгаач нөхөр ч мэдээгүй байсан. Гэмт этгээд ажил олгогчтой танилаараа дамжуулж ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон байдаг бөгөөд байж болох бүхий л муу муухай аргаар энэ хэргийг үйлдсэн байдаг. Бид талийгаачийнхаа төрхийг танигдахгүй болтол зэрэмдэглүүлж, салах ёс ч гүйцэтгэж чадаагүй. Энэ зовлон шаналал, сэтгэл санаанд учирсан хүнд нөхцөл одоог хүртэл арилаагүй байна. Өрхийн орлогогүй болсноор би биеэ эмчлүүлж чадахгүй байна, мөн нойргүй болж, зүрхний хэмнэл байнга алдагдаж байгаа. Эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэгдэж дуусах удаан хугацааны турш бид байнгын айдас, түгшүүртэй байдалд байлаа. Том хүү дуугай хураах байдалтай, уур уцаар ихтэй болсон, бага хүү аавыгаа нэхэж асууна, зүүдэлнэ, гэр бүлээрээ сэтгэлийн шарх, шаналалтай байна. Ах дүү нар ч мөн энэ байдлаасаа гарч чадахгүй байна. Шүүхээс "Г.А-ийг хүнийг онц харгис, хэрцгийгээр алах гэмт хэрэг, хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж харгис хэрцгий аргаар хүчиндэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож" 20 жилийн хорих ял оногдуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, ... хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсний дагуу сэтгэл санааны хохиролд 550,000 х 150 = 82,500,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Эрүүгийн хэргийн талаар 3 шатны шүүхүүдийн тогтоосон үйл баримтаар амь хохирогч болон хэрэг үйлдсэн этгээд Г.А нар нь ажил олгогч "А" ХХК-ийн Б.Б-ын зүгээс хүлээлгэсэн чиг үүрэг, заавар чиглэлийг хэрэгжүүлж байсан. Мөн иргэний хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтнуудын хөдөлмөрлөж амьдрах нөхцлийг хангахуйцаар хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах үүрэг хүлээсэн нь тогтоогдож, уг үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүйгээс дээрх гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн болохыг тогтоосон.

Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд ажил олгогч нь ажилтнаа сонгон авах, хяналт тавих, зохицуулах, удирдан чиглүүлэх, байгууллагын хөдөлмөрийн харилцаанд мөрдөх дүрэм, журмыг батлуулж, мөрдүүлж ажиллаагүй, ажил олгочгийн хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан үйлдлийнхээ төлөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татагдан оролцдогоороо бусад үүргийн харилцаанаас онцлогтой байдаг.

Энэ дагуу миний нөхрийг өдөр шөнөгүй гуйж ажиллуулаад, өөрийнхөө шунал, бизнесийн төлөө хийх ёсгүй ажлыг нь хийлгэж, ажлын бус цагаар ажилд дуудаж, засаршгүй гэмт этгээдтэй хамт байлгаж, түүний гарт хэрцгийгээр амь насаа алдах боломжийг бүрдүүлсэн МУ-ын нэг ч хууль тогтоомжийг мөрдөхгүй үйл ажиллагаа явуулж байсан "А" компани ямар нэг хариуцлага хүлээхгүй хоцрох ёсгүй болохыг тогтоосон Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шат шатны шүүхүүдийн шийдвэрт, хохирсон бидний зүгээс маш их талархалтай хандаж, шударга шүүхэд итгэх итгэл минь нэмэгдсэн билээ.

Иймд ажил олгогчийн хүлээсэн үүрэгтээ дэндүү хайнга хандаж, миний нөхрийн амь насаа алдах нөхцөл байдлыг бүрдүүлж, өнөөдөр ийм их уй гашуу, зовлонг бидэнд бий болгож, би болон миний 3 хүүхдийн амьдралыг хүнд нөхцөл байдалд хүргэсэн "А" ХХК, захирал Б.Б-оос гэм хорын нөхөн төлбөр 232,713,356 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 315,213,956 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: А ХХК нь Төв аймгийн Аргалант сумын хөшөөт, 0 гэх газар мах хадгалах, боловсруулах чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. А ХХК-ийн байранд 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04 нд шилжих шөнө Г.А нь хөргөлтийн инженер Г.Б-тай хувийн таарамжгүй байдлаар маргалдаж, түүний амь насыг хохироосон харамсалтай гэмт хэрэг гарч нэг хүний алтан амь эрсэдсэн үйл явдал болсон.

Тус хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоолоор Г.А-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж харгис хэрцгий аргаар хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэм хэрэгт гэм буруутай тооцож, 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 207,803,356 төгрөгийг А ХХК-иас нэхэмжлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Учир нь тухай хэрэг нь хоригдол Г.А-ийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй, харин Г.А, талийгаач нарыг хооронд таарамжгүй харилцаа, маргаанаас үүссэн гэмт хэрэг учир тэжээгчээ алдсаны тэтгэмжийг А ХХК хариуцах үндэслэлгүй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. А ХХК нь зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тапийгаачийн ажил явдалд зориулж байгууллагаас 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болно.

А ХХК-ийн зүгээс тухайн гэмт хэрэг байгууллагын буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас гараагүй, харин Г.А болон талийгаач нарын хооронд маргаан, таарамжгүй харилцаанаас үүдэн гарсан гэмт хэрэг гэж үзэж байна.

А ХХК-ийн зүгээс хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай Г.А-тэй хамтран хариуцахад татгалзах зүйлгүй. Сэтгэл санааны хохирлын тухайд хууль буцаан хэрэглэхгүй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Б.А-ийн нэхэмжпэлийн шаардлага болох гэм хорын нөхөн төлбөр олох байсан орлого 232,713,336 төгрөг, сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг нийт 315,213,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн эөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч П.Т дүгнэлтдээ: Хариуцагч А ХХК-ийн ажлын байранд гэмт хэрэг гарсан тул хариуцлага хүлээх үүрэгтэй. Нэхэмжлэгч хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргаж, нөхөн төлбөрөө гаргуулахаар шаардаж байх тул нөхөн төлбөрөө гаргуулах боломжтой гэж үзэж байна. А ХХК-ийг гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Б.А, талийгаач Г.Б нарын гэрлэлтийн гэрчилгээ, Г.Б-ы нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Б.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.И-ын нэр өөрчилсөн гэрчилгээ, Б.И Б.И нарын төрсний гэрчилгээ, талийгаач Г.Б-ы Хаанбанкны дансны 2021.01.09-2021.12.31-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.22-ны өдрийн 2022/ДШМ/00069 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.12.16-ны өдрийн 186 дугаар тогтоол, Г.Баярсайханы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ж ХХК-ийн 2010.04.26-ны өдрийн 10/76 дугаар Хөдөлмөрийн гэрээ, М ХХК-ийн 2022.01.24-ний өдрийн 1/014 дугаар тодорхойлолт, 2016.02.03-ны өдрийн болон 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн М ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээ, СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2008-01-03-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн /1998, 1999, 2000, 2002, 2004 оны/ лавлагаа, тэжээгчээ алдасны тэтгэвэр тогтоолтын хуудас, Таван богд трейд ХХК-ийн 2021.08.02-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, Таван богд трейд ХХК-ийн 2022.01.25-ны өдрийн 01/А-46 дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас 2023 оны Аж ахуй нэгж, байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, А ХХ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.24-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, дундаж цалин хөлс тодорхойлох журам зэргийг нотлох баримт гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 315,213,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь нөхөр Г.Б-ыг хариуцагч А" ХХК-д ажиллаж байхдаа 2022.01.03-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн компанийн манаач Г.А-ийн гарт амь насаа алдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, гэм буруутайг тогтоосон гэх үндэслэлээр гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг, хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 232,713,356 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А ХХК эс зөвшөөрч, гэм буруугүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.09.22-ны өдрийн 0 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.12.16-ны өдрийн 0 дугаар тогтоолоор шүүгчдэгч Г.А нь А ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн харуулаар ажиллаж байхдаа 2022.01.03-наас 04-нд шилжих шөнө тус үйлдвэрийн хөрөнгөлтийн менежер Г.Баярсайхантай маргалдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, ял шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд хохирогчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагчаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. /хавтаст хэргийн 56-81 хуудас/

 

Мөн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.12.16-ны өдрийн 0 дугаар тогтоолд ...амь хохирогч /талийгаач Г.Баярсайхан/ болон шүүгдэгч Г.Алтан-Эрдэнэ нар нь ажил олгогч А ХХК-иас олгосон чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан хэмжээ хязгаарыг өөрийн хүсэл зоригоор зөрчиж ажлын байрандаа архидан согтуурсан нь хэрэг гарах шалтгаан нөхцөл байх боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцлийг хангахуйцаар хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, оновчтой зохион байгуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүхүүд үзэж, иргэний хариуцагч, гэм буруутай этгээдээс хохирол, гэм хорын нөхөн төлбөр гаргуулах эсэх хэмжээ зэргийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр үлдээснийг хууль зөв хэрэглэсэн гэж дүгнэжээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу А ХХК-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцлийг хангахуйцаар хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, оновчтой зохион байгуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 заасан гэм буруутай болохыг шүүх тогтоосон гэж үзнэ.

 

Иймд иргэдийн төлөөлөгч П.Т-ын хариуцагч Ар ХХК-ийн ажлын байранд гэмт хэрэг гарсан тул хариуцлага хүлээх үүрэгтэй. А ХХК-ийг гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч А ХХК нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Г.А хохирлыг хариуцах үүрэгтэй гэж хохирол, гэм хорын нөхөн төлбөрийг хариуцах хэмжээний талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан зарчим, хуулийн агуулгаас үзвэл гэм хор учруулсан этгээд, ажил олгогч аль аль нь хариуцлага хүлээдэг бөгөөд ажил олгогчийн хувьд мөн хуулийн 498.3.заасан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.

 

4. Гэмт хэргийн улмаас Г.Б-ны амь насыг нь хохироосон тул түүний эхнэр Б.А гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасны дагуу шаардах эрхтэй. /хавтаст хэргийн 4-5 хуудас/

 

4.1. Нэхэмжлэгч Б.А нь 2007.11.12-ны өдөр төрсөн хүү Б.Идэрбат, 2011.12.20-ны өдөр төрсөн хүү Б.И нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг 18 нас хүртэлх хугацаагаар тооцоолж нэг удаа 232,713,356 төгрөгөөр гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А ХХК зарим хэсгийг буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд илүү хариуцана гэх үндэслэлээр 1 хүүхдийн тэтгэвэрийн зөрүүг 18 нас хүртэл нь сар бүр төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн тооцооллын талаар маргасан.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-д зааснаар талийгаач Г.Б-ы 1 сарын дундаж цалин хөлсийг 2021 оны 01 сараас 12 сар хүртэл хугацааны цалин хөлснөөс тооцох 3,265,000 төгрөг болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31, 151 хуудас/

Мөн талийгаач Г.Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт, ам бүл-5 амьдарч байсан бөгөөд том охин нь 18 насанд хүрсэн оюутан талаар зохигч маргаагүй тул дундаж цалин хөлс 3,265,000 төгрөгийг 5 ам бүлд хуваахад 653,000 төгрөг болж байна.

Нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад, 2007.11.12-ны өдөр төрсөн хүү Б.И, 2011.12.20-ны өдөр төрсөн хүү Б.И нарт тус бүрт тогтоосон 1,306,000 төгрөг /653,000 + 653,000 төгрөг = 1,306,000 төгрөг/-өөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 789,326 төгрөгийг хасахад 516,674 төгрөг болж байна. үүнээс нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү 258,337 төгрөг байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө гээд 508.4.1.бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж, 509 дүгээр зүйлийн 509.1.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж тус тус заасны дагуу 2007.11.12-ны өдөр төрсөн хүү Б.И, 2011.12.20-ны өдөр төрсөн хүү Б.И нарыг тус бүр 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү 258,337 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэг удаа гаргуулах зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй тул тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг 18 нас хүртэлх хугацаагаар тооцож нэг удаа 232,713,356 төгрөгөөр гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Б.А нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг хариуцагч А ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3.заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын хүрээнд хариуцагч А ХХК-иас насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд А ХХК-ийн гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх зарчмын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Г.А-с хохирлыг гаргуулах ёстой гэх үндэслэлээр төлбөрийн зарим хэсгийг хариуцна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

4.2. Нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч Б.А нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, ...хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн 82,500,000 төгрөгийг хариуцагч А ХХК-ийн гаргуулахаар шаардсан.

Хариуцагч А ХХК нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө хохирогч нас барсан тул хуулийн буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр маргаж байна.

 

2022.01.03-наас 04-ны өдөр шилжих шөнө Г.Б бусдын гарт амь насаа алдсан гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан заагаагүй байсан.

 

Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн эрүүл мэнд, гэсний дараа сэтгэцэд, гэж, мөн 508.5.Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж, 511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж, 230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах нэмэлт өөрчлөлтийг оруулан, энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зохицуулсан бөгөөд дээрхи Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар буцаан хэрэглэх журмыг заагаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас Г.Б нас барсан үйл баримт хууль батлагдах, хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2022.01.03-наас 04-нд шилжих шөнө болсон тул нэхэмжлэгч Б.А нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5.-д зааснаар шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч А ХХК-иас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч П.Т нэхэмжлэгч хуулийн хүрээнд нэхэмжлэлээ гаргаж, нөхөн төлбөрөө гаргуулахаар шаардаж байх тул нөхөн төлбөрөө гаргуулах боломжтой гэж дүгнэсэн. Хуульд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг сар бүр олгохоор заасан болон хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй зохицуулалтын хүрээнд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Иймд иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэх дүгнэлт хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5. Дээрхи үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Б.А-гийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 232,713,356 төгрөгийг нэг удаа гаргуулах шаардлагаас сар бүр гаргуулах байдлаар 48,567,356 төгрөг /258,337 х 2 = 516,674 төгрөг х 94 сар = 48,567,356/-ийн шаардлагыг хангаж, үлдэх 184,146,000 төгрөгийг нэхэмжлэлийг болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсгийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 508.5, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А ХХК-иас 2007.11.12-ны өдөр төрсөн хүү Б.И, 2011.12.20-ны өдөр төрсөн хүү Б.И нарт тус бүр 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү 258,337 төгрөгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс 266,646,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 114,151 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

 

А.ЦЭЛМЭГ