| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03476/И |
| Дугаар | 181/ШШ2023/03772 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/03772
2023 11 28 181/ШШ2023/03772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Д-н Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0, өөрийн байранд байрлах, Х ХХК /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, З овогт Д-ийн Б /РД:/ нарт холбогдох,
Автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж, өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Б-ын өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монголд орж ирсэн Lexus RX-350 загварын Америк стандартын 0000УБМ улсын дугаартай автомашиныг нийт 53 сая төгрөгөөр худалдан авахдаа 25 сая төгрөгийн урьдчилааг төлөөд үлдэх 28 сая төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хогжлийн банкнаас зээл авч төлж өмчлөх эрхтэй болсон юм. Ингэхдээ зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банктай Зээлийн гэрээ болон Фидуцын гэрээ байгуулснаар 0000УБМ улсын дугаартай автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ ХХК-ны нэр дээр бүртгэгдсэн болно. Би өөрийн автомашины 28 сая төгрөгний зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн зээлээс 9 сая төгрөгийг төлчихсөн, 19 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэйгээр зээлийн гэрээний үүрэг хэвийн явж байсан үе буюу 2022 оны 7 сард манай гэрт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн Б (үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг байсан давуу байдлаа ашиглаж) миний лизингтэй байгаа машины зээлийн үлдэгдэл 19 сая төгрөгийг төлөөд банкны барьцаанаас гаргаж байрны бартерт 65 сая төгрөгт тооцож наймаа хийж ашиг гаргаж амьдралдаа нэмэрлэе. Машиныг чинь үнэд оруулаад байраар бартердаж худалдан аваад эргүүлээд байраа зарчихад ийм ийм ашиг гардаг юм. гэх мэтээр амьдралын төлөө юм шиг сайхан сайхан юм яриад байхаар нь би Б-ыг ХХБанканд байсан зээлийн үлдэгдэл 19 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн юм. Учир нь Б тухайн үедээ дансандаа зохих хэмжээний мөнгөтэй байгаа гэдгээ хэлдэг байсан болохоор Нээрээ л 2 талаасаа мөнгөө нийлүүлээд ийм арга ухаанаар ажиллахад юу нь болохгүй гэж бодоод тэр үед машин оролцуулж байр зарна гэж байсан ба Б.З гэдэг хүнтэй Б-ын ярьснаар наймаа хийхээр болж би Худалдаа хөгжлийн банкинд Б.З гэх тэрний нэр дээр шууд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байсан юм.
Гэтэл Б-ын яриад байсан тэр наймаа нь бүтэлгүй болж хувирлаа л гэж Б хэлж байсан ба ...Би захиралтайгаа нийлээд хорооллын Од кинотеатрын доохно байрлах үйлчилгээний талбайг 110,000,000 төгрөгөөр авах болсон. Надад байгаа мөнгөнөөс 3 сая төгрөг дутаад байна. Би өөрийнхөө багийн найз дээр очиж 0000УБМ машиныг барьцаалаад З сая төгрөгийн зээл авмаар байна. Машин чинь миний нэр дээр байвал манай найз надад итгэж мөнгө зээлүүлэх байх. Би чиний 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасныг бодоод чи машинаа миний нэр рүү шилжүүлээд өгчих, би 3,000,000 төгрөгийн зээлээ хаагаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ... гээд байсан. Би өмнө нь ярьж байсан нь бүтэлгүй болсон болохоор эргэлзээд явж байсан чинь бүхнийг ярьж байснаар нэгэнт хийчихсэн байсан хойно нь бага зэрэг маргаан үүсгэсэн ч нэгэнт хамтран амьдарч байсан болохоор цааш гүнзгийрсэн маргаан болголгүйгээр тэр үедээ тэгэсхийгээд орхисон. Худалдаа хөгжлийн банк намайг өмнө нь өөрөө Д.Б-тай хамт очиж Б.З-ийн нэр дээр шилжүүлэхийг банкинд зөвшөөрч байсан болохоор шууд Б-ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч Авто тээврийн үндэсний төвд хандсан нь өнөөдөр миний өмчлөх эрх зөрчигдөхөд хүрээд байна.
Д.Б Худалдаа хөгжлийн банкинд чухам юу гэж хэлж Фидуцийн гэрээгээр миний зээлийн барьцаанд бариулсан автомашиныг өөрийхөө нэр рүү шилжүүлснийг мэдэхгүй байна.
Харин худалдаа хөгжлийн банк нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци/ үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэсэн заалт болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.2.1 дэхь хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлсэн миний автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, холбогдох бичиг баримтыг надад хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд нь шилжүүлсэн эд хөрөнгө болох миний өмчлөлийн 1595УБМ улсын дугаартай автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-г, Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.2 дахь хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө итгэмжлэх бичгээр байгуулсан гэрээгүй, тийм болохоор мөн зүйлийн 406.1 дэх хэсэгт заасанчлан би өөрөө ...хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх... үүрэг ч хүлээгээгүй, түүнийгээ дагаад ...итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг....-ийг миний өмнө хүлээгээгүй Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн,
Д.Б ч дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж миний өмчлөлийн хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлснээрээ эцэстээ Иргэний хуулийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах... эрхийг зөрчсөн тул 0000УБМ улсын дугаартай Lexus RX-350 загварын суудлын автомашиныг өмчлөгч нь болох Д.Ж-ын нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг эрх бүхийн этгээдэд гаргаж өгөхийг хариуцагч Х ХХК болон Д.Б нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Х ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Банк нь харилцагчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, харилцагчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон үйл ажиллагаандаа баримталж ажилладаг.
Нэхэмжлэгч Д.Ж нь Банктай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/ВСС210729020-2 тоот Автомашины зээлийн гэрээ, Ф/ВСС210729020-2-2 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)-г тус тус байгуулсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус гэрээнүүдийн дагуу хүлээсэн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дууссантай холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б овогтой З-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Банкны зүгээс 7/412-222 албан тоотыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хаяглан Д.Ж-д өөрт нь хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч тус албан тоотыг хүлээн авсан дээр гарын үсгээ зурж, баталгаажуулж авсан болно. Мөн энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл биш Худалдаа хөгжлиин банканд Б.З гэх тэрний нэр дээр шууд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байсан юм гэж дурдсан.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.З-д машинаа шилжүүлэхээ больсон талаарх үйл баримтаа дурдсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Банкны салбарт нэхэмжлэгч, Д.Б-ын хамт ирж Д овогтой Б руу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөх хүсэлт гаргасан-ны дагуу Банкны зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7-412/344 албан тоотыг А ТӨҮГ-д хаяглан нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч Банкны албан тоотыг хүлээн авсан дээр гарын үсгээ зурж, баталгаажуулж авсан болно. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Худалдаа хөгжлийн банканд Д.Б-ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч А ТӨҮГ-т хандсан гэх агуулга бүхий тайлбарыг дурдсан. Тодруулбал, нэхэмжлэгч өөрөө Банкны салбарт хүсэлт гарган, Банкнаас хүсэлтийн дагуу албан тоотуудыг нэхэмжлэгч Д.Ж-д хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч өөрийн биеэр хүлээн авсан нь тухайн албан тоотын ард талын хүлээн авсан хэсэгт гарын үсгээ зурсан байдлаар нотлогддог. Түүнчлэн Банкны зүгээс тус албан тоотыг зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэж гаргаж өгдөг бөгөөд зээлдэгч нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т өөрөө хүргэж өгөх үүргийг талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/ВСС210729020-2 тоот гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.2 дэх заалтаар хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Банкны зүгээс А ТӨҮГ-луу өмчлөх эрх шилжүүлэх албан тоотыг хүргүүлдэггүй буюу Банк нь зээлдэгчийн хүсэлтийг үндэслэж, албан тоотыг баталгаажуулан зээлдэгчид хүлээлгэн өгч, хүлээн авсан хэсэгт зээлдэгчийн гарын үсгээр баталгаажуулдаг болно.
Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Д.Ж-ын нэхэмжлэлтэй 1595УБМ улсын дугаартай Lexus RX-350 загварын суудлын автомашиныг өмчлөгч нь болох Д.Ж-ын нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг эрх бүхийн этгээдэд гаргаж өгөхийг хариуцагч Х ХХК болон Д.Б нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Худалдаа хөгжлийн банканд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... би өөрийнхөө багийн найз дээр очиж 0000 УБМ машиныг барьцаалаад 3,000,000 төгрөгийн зээл авмаар байна. Машин чинь миний нэр дээр байвал манай найз надад итгэж мөнгө зээлүүлэх байх. Би чиний 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасныг бодоод чи машинаа миний нэр рүү шилжүүлээд өгчих, би 3,000,000 төгрөгийн зээлээ хаагаад чиний нэр дээр буцаагаад шилжүүлчихнэ гээд байсан. Би өмнө нь ярьж байсан нь бүтэлгүй болсон болохоор эргэлзээд явж байсан чинь бүхнийг ярьж байснаар нэгэнт хийчихсэн байсан хойно нь бага зэрэг маргаан үүсгэсэн ч нэгэнт хамтран амьдрагч байсан болохоор цааш гүнзгийрсэн маргаан болголгүйгээр тэр үедээ тэгэсхийгээд орхисон гэжээ.
Дээр дурьдсаны дагуу бол миний бие нэхэмжлэгч Д.Ж-ыг хуурч мэхлэх замаар өөрт нь мэдэгдэлгүйгээр худалдаа хөгжлийн банкинд очоод өөрийн өмчлөлд шилжүүлж авсан мэтээр тайлбарлажээ.
Тэрээр өмгөөлөгчөөр ажилладаг тул ийнхүү бичсэнчлэн намайг өөрийнх нь 0000 УБМ машиныг залилсан гэж үзээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан байсан. Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан боловч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Д.Ж-ын хүсэлтээр түүнээс авах ёстой байсан авлагууд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг нь төлж, тус тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон талаарх бүхий л санхүүгийн баримтуудыг гаргаж өгсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Худалдаа хөгжлийн банкны зүгээс зээлдэгчийнхээ хүсэлтийн дагуу буюу Д.Ж-ын хүсэлтийн дагуу 0000 УБМ тээврийн хэрэгслийг миний өмчлөлд шилжүүлсэн. Би ямарваа нэгэн байдлаар Худалдаа хөгжлийн банкинд нөлөөлсөн, тэднийг хуурах байдлаар тээврийн хэрэгслийг өөрт шилжүүлж аваагүй бөгөөд тийнхүү авах боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Б миний бие дээр дурьдсанчлан Д.Ж-аас авах ёстой авлага авахаар хандахад тэрээр тус тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 19,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, энэ машиныг аваад надаас сал гэж шахалт үзүүлсэн тул арга буюу түүний хүсэлтийн дагуу тус тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан.
Гэтэл тэрээр өмгөөлөгчөөр ажилладаг өөрийнхөө давуу байдлыг ашиглан тус тээврийн хэрэгслийг буцаан авах зорилгоор цагдаагийн байгууллагад худал гомдол гаргах, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр хуулийн байгууллагуудад хандаж байна. Бүр цаашлаад тус тээврийн хэрэгслийг хадгалаж байсан газраас үл таних 3 этгээдтэй хамтран миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэн, дээрэмдэж авч явсан. Уг гэмт хэргийн талаарх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдаж байна.
Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурьдагдсан үйл баримтууд бүгд худал, гүтгэлгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Д.Ж-ын иргэний үнэмлэхний хуулбар, 0000УБМ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023.02.24-ний өдрийн 00000 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Т ХХК-ийн 2022.07.01-ний өдрийн НШШГГ-т гаргасан итгэмжлэл, 2022.07.04-ны өдрийн болон 2022.09.09-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2021.07.01-ний өдрийн итгэмжлэл, 2021.07.19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 0000УБМ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.18-ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.08-ны өдрийн 2023/ДШМ/794 дугаар магадлал, Монголын өмгөөлөгчдийн холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2023.04.03-ны өдрийн ХБ/16 дугаар Маргаан хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Д.Жаргал, Хэрэглээний лизинг ХХК нарын хооронд байгуулагдсан 2022.08.14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Х ХХК-иас Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2022.07.25-ны өдрийн 7/412-222 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2022.09.29-ний өдрийн 7-412/344 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Д.Б-с Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023.06.07-ны өдрийн 841 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн үйлчилгээ ХХК-ийн 2023.10.18-ны өдрийн АБ/23/18 дугаар тодорхойлолт, түүний хавсралт /Д.Б-ын мөнгөн гүйлгээ/, Д.Б-ын Хаанбанкны дансны 2022.01.01-2022.08.01-ний өдрийн хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Х ХХК, Д.Ж нарын хороонд байгуулсан 2021.07.30-ны өдрийн ЗГ/ВСС210729020-2 дугаар Автомашины зээлийн гэрээ, мөн 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 0000УБМ тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Д.Б бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар, Хаанбанкны 2023.11.06-ны өдрийн 29/10609 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Ж-ын ХААН банкны 0000 тоот дансны 2022.03.01-2022.08.31-ний өдрийн хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.27-ны өдрийн 4-88/24467 дугаар албан бичгээр 2020.02.12-ны өдрийн 256 дугаар Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр, 2022.04.09-ны өдрийн Д.Батмандахын дансыг битүүмжилсэн тогтоол, Д.Б-с Д.Ж-д олгосон итгэмжлэл, 2022.03.21-ний өдрийн Д.Батмандахын дансыг битүүмжилсэн тогтоол, ХААН банкны дансны гүйлгээ хязгаарласан талаарх албан бичиг, Д.Б-аас 2022.06.15-ны өдөр Д.Ж-д олгосон итгэмжлэл, мөнгөн шилжүүлэгийн баримт, М.Т-ын гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болгох хүсэлт, Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын данс битүүмжилсэн ажиллагааг цуцлуулах хүсэлт, 2022.06.20-ны өдрийн Д.Б-ын дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн тогтоол, 2022.08.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Х ХХК, Д.Б нарт холбогдуулан автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Х ХХК-ийг фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэх үүргээ зөрчиж Д.Б-д шилжүүлсэн гэж, хариуцагч Д.Б-г зээлийн барьцаанд тавиад буцаагаад шилжүүлээд өгье гэж итгүүлэн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээр нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х ХХК өөрийнх нь хүсэлтээр Д.Б-ын нэр дээр шилжүүлэх албан бичгийг үйлдэж өөрт нь хүлээлгэж өгсөн тул гэрээний үүргээ зөрчөөгүй гэж, хариуцагч Д.Б түүнээс авах ёстой байсан авлагууд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг нь төлж тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Ж-н хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1. Д.Ж нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, Lexus RX350 маркийн цагаан өнгийн, 0000 УБМ улсын дугаартай автомашиныг 2021.07.19-ны өдөр 53,000,000 төгрөгөөр худалдан авч, 25,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг Х ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцож, 2021.07.30-ны өдрийн ЗГ/ВСС210729020-2 дугаар Автомашины зээлийн гэрээ-гээр Х ХХК-иас 28,000,000 төгрөгийг жилийн 15,60%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч, 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр худалдан авсан 1595УБМ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлсэн болох нь Автомашины эзэмшигч Б.Г-с А.А-д олгосон 2021.07.01-ний өдрийн итгэмжлэл, 2021.07.19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, эзэмшигчээр Б.Г бүртгэлтэй 1595УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК, Д.Ж нарын хороонд байгуулсан 2021.07.30-ны өдрийн ЗГ/ВСС210729020-2 дугаар Автомашины зээлийн гэрээ, мөн 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк ХХК бүртгэлтэй 1595УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11, 42-46, 73-74 хуудас/,
Д.Ж нь Автомашины зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, фидуцийн зүйл болох автомашиныг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн байна.
2. Х ХХК, Д.Ж нарын хооронд байгуулагдсан 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 3.1.1, 3.1.2-д зааснаар зээлдэгч /Д.Ж/ нь зээлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн биелүүлсэн бол автомашиныг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг болон шилжүүлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг шаардах эрхтэй гэж, мөн 4.2.1-д зааснаар банк нь автомашины өмчлөх эрхийг зээлдэгчид буцаан шилжүүлж холбогдох бичиг баримтыг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
2.1. Х ХХК нь Д.Ж-ын хүсэлтээр 2022.07.25-ны өдрийн 7/412-222 дугаар 1595 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.З-ийн нэр дээр шилжүүлэх тухай албан бичиг, мөн 2022.09.29-ний өдрийн 7-412/344 дугаар 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр шилжүүлэх тухай албан бичгийг тус тус гаргаж Д.Ж-д хүлээлгэж өгсөн болох нь тухайн албан бичгүүдийг хүлээн авсан Д.Ж-ын гарын үсгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 39, 40 хуудас ар тал/,
Х ХХК-ийн 2022.09.29-ний өдрийн 7-412/344 дугаар албан бичгийн дагуу Д.Б нь 0000УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдэжээ. /хавтаст хэргийн 94 хуудас/
2.2. Нэхэмжлэгч Д.Ж нь Х ХХК-д 1595 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.З болон Д.Б нарын нэр дээр шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийг хүссэн хүсэл зоригийг илэрхийлсэн талаараа маргаагүй, мөн дээрхи албан бичгүүдийг хүлээн авсан гарын үсгээ зурсан талаар маргаагүй боловч 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 4.2.1-д заасны дагуу банкыг зөвхөн зээлдэгч буюу өөрийнх нь нэр дээр буцаан шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.
Зээлдэгч буюу фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч Д.Ж-ын 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр шилжүүлэх тухай албан бичиг авах хүсэл зоригийг Х ХХК хүлээн авч, уг албан бичгийг гаргаж Д.Ж-д хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу автомашиныг буцаан шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.3. Иймд хариуцагч Х ХХК-ийг 2021.07.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 4.2.1-д заасан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, холбогдох бичиг баримтыг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Ж нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ж-ын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Хариуцагч Д.Б нь Х ХХК-ийн 2022.09.29-ний өдрийн 7-412/344 дугаар албан бичгийн дагуу 1595 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд Д.Ж нь автомашиныг Д.Б-ын эзэмшлээс буцаан авч, залилан мэхлэх аргаар автомашиныг авсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шалгуулж, талууд автомашины талаар маргаантай байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023.02.24-ний өдрийн 230900641 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023.06.07-ны өдрийн 841 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 47, 50-54 хуудас/
Нэхэмжлэгч Д.Ж нь 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Б-хын нэр дээр шилжүүлэх болсон үндэслэлээ 19,0 сая төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн, 3,000,000 төгрөгийн барьцаанд тавиад буцаагаад шилжүүлнэ гэж итгүүлсэн гэж тайлбарласныг, хариуцагч Д.Б эс зөвшөөрч, түүнээс авах ёстой байсан авлагууд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг нь төлж тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон гэж тайлбарлан маргаж байна.
Талууд автомашины өмчлөлийн талаар маргаж байна.
3.1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан.
Мөн өмчлөх эрх анхдагч болон үүсмэл аргаар үүсдэг бөгөөд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө нь нэг этгээдээс нөгөө этгээдэд хууль буюу гэрээний үндсэн дээр шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Д.Б нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг-ийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, гэрээний үндсэн дээр автомашин Д.Б-ын өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2. Нэхэмжлэгч Д.Ж нь Д.Б-тай 2022 оны 01 сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарсан, Д.Б автомашины зээлийн төлбөрт 19,151,445.82 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.
3.3. Хариуцагч Д.Б нь Д.Ж-ын зөвшөөрөлгүйгээр, түүний хүсэл зоригоос гадуур, түүнээс авах ёстой байсан авлагууд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг нь төлсөн гэх үндэслэлээр автомашиныг авах хууль зүйн үндэслэлгүй.
Харин Д.Ж тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн тул нэхэмжлэгч Д.Ж-ыг өр төлбөртөө тооцон автомашиныг Д.Б-д шилжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Д.Ж-д нийт 53,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж нотлох баримтаар Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн үйлчилгээ ХХК-ийн 2023.10.18-ны өдрийн АБ/23/18 дугаар тодорхойлолт, түүний хавсралт, Д.Б-ын Хаанбанкны 0000 тоот дансны 2022.01.01-2022.11.01-ний өдрийн хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 68-69, 95-120 хуудас/
3.3.а. Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн үйлчилгээ ХХК-ийн 2023.10.18-ны өдрийн АБ/23/18 дугаар тодорхойлолт, түүний хавсралтаар Ремакс 100% брокер оффисын агент Д.Б нь 2022.03.01-нээс 2022.08.31-ны өдөр хүртэл Д.Ж-ын ХААН банкны 0000 тоот дансаар зуучлалын шимтгэл 14,371,176 төгрөг авсан гэжээ. /хавтаст хэргийн 68-69 хуудас/
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Д.Б-ын хадгаламжийн болон харилцах дансуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн тул миний ХААН банкны 0000 тоот дансыг Д.Б ашиглаж байсан гэж тайлбарласан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Б-ын Арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээг 2022.03.21-ний өдрөөс 2022.06.21-ны өдрийг хүртэл хугацаагаар битүүмжилсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.27-ны өдрийн 4-88/24467 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн, 2020.02.12-ны өдрийн 256 дугаар Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр, 2022.04.09-ны өдрийн Д.Б-ын дансыг битүүмжилсэн тогтоол, Д.Б-аас Д.Ж-д олгосон итгэмжлэл, 2022.03.21-ний өдрийн Д.Б-ын дансыг битүүмжилсэн тогтоол, ХААН банкны дансны гүйлгээ хязгаарласан талаарх албан бичиг, Д.Б-аас 2022.06.15-ны өдөр Д.Ж-д олгосон итгэмжлэл, мөнгөн шилжүүлэгийн баримт, М.Т-ын гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болгох хүсэлт, Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын данс битүүмжилсэн ажиллагааг цуцлуулах хүсэлт, 2022.06.20-ны өдрийн Д.Б-ын дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн тогтоол, 2022.08.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 152-167 хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Б-ын Арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн, Д.Б нь зуучлалын шимтгэлээ Д.Ж-ын дансаар авч байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Ж-ын Д.Б миний ХААН банкны 0 тоот дансыг ашиглаж байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй тул уг дансанд шилжүүлсэн зуучлалын шимтгэлийг Д.Ж авсан гэж үзэх боломжгүй байна.
3.3.б. Хариуцагч Д.Б нь Д.Ж-д 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэх байдлаа нотлох зорилгоор өөрийн эзэмшлийн Хаанбанкны 0000 тоот дансны 2022.01.01-2022.11.01-ний өдрийн хуулгыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч Д.Ж уг дансны тодруулсан гүйлгээг хамтран амьдрах хугацаанд гаргасан хэрэглээний зардал болон өөрийн ашигласан мөнгийг надад өгсөн мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Хариуцагч Д.Б-ын Хаанбанкны 000 тоот дансны 2022.01.01-2022.11.01-ний өдрийн хуулгын шар өнгийн тодруулагчаар тодруулсан 37 удаагийн зарлагын гүйлгээ /Д.Ж-д шилжүүлсэн гэх/-ний ихэнх гүйлгээний утга тодорхойгүй, зарим гүйлгээний утга ойлгогдохуйц боловч эдгээр гүйлгээнүүдийг тухайн үед ямар зорилгоор хийснийг тодорхойлох боломжгүй байна. /хавтаст хэргийн 95-120 хуудас/
Иймд нэхэмжлэгч Д.Ж-ыг өр төлбөртөө тооцон автомашиныг Д.Б-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Б-ын Д.Ж-с авах ёстой байсан авлагууд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг нь төлж тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон гэх тайлбар үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч Д.Ж нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар 0000 хад нэхэмжлэгч Д.Ж-ыг Lexus RX350 маркийн цагаан өнгийн, 0000 УБМ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч нарт хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар хариуцагч Д.Б-д Lexus RX350 маркийн цагаан өнгийн, 0000 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Ж-ын нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Ж-н хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан автомашины өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Д.Ж-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА