| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2305000000028 |
| Дугаар | 2023/ДШМ/527 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/527
2023 5 18 2023/ДШМ/527
Б.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
хохирогч “ТАЗ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мт холбогдох 2305000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.М, 1**** оны * дугаар сарын **-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент мэргэжилтэй, ******************** замын *************************** нярав ажилтай, ам бүл **, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын **** дугаар баг, ** дугаар байрны * тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн ** дугаар байрны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: 00***********/;
Шүүгдэгч Б.М нь “ТАЗ” ХХК-ийн үйл ажиллагааны менежерээр ажиллах хугацаандаа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үйлчлүүлэгч нараас тээврийн мөнгө гэж шилжүүлсэн нийт 42.319.380 төгрөгийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5379147356 тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон захиран зарцуулж, гэрээний үндсэн дээр албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мээс 32.319.380 /гучин хоёр сая гурван зуун арван есөн мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулан хохирогч “ТАЗ” ХХК /Регистрийн дугаар: 5618819/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч “ТАЗ” ХХК-д 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийн хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан ба Б.М нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М болон түүний ар гэрийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хугацаанд хохирогч хуулийн этгээдийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирол төлбөргүй болсон ба хохирогчийн зүгээс цаашид гомдол саналгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцитай байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлаж байгаа байдал, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч хуулийн этгээдийн зүгээс гомдол саналгүй зэргээс хамаараад шүүхийн зүгээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин түүнийг хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу торгох шийтгэл оногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байгаа болно.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Мт оногдуулсан хоёр жил хорих шийтгэлийг өөрчилж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч “ТАЗ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугийн хувьд маргаагүй. Ээжээсээ, мөн ажиллаж байсан байгууллагаасаа уучлалт хүсч байна. Энэ хугацаанд олон зүйлийг бодож, гэм буруугаа ухамсарлалаа. Шүүхээс надад боломж олгож, торгуулийн ял оногдуулвал ажил хөдөлмөр эрхэлж торгох ялаа биелүүлэхээ амлаж байна” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзаж, түүнд 12.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг анхан шатны шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байна. Мөн хохирогч талаас гомдол саналгүй гэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөн торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь “ТАЗ” ХХК-ийн үйл ажиллагааны менежерээр ажиллах хугацаандаа 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үйлчлүүлэгч нараас тээврийн мөнгө гэж шилжүүлсэн нийт 42.319.380 төгрөгийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5379147356 тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон захиран зарцуулж гэрээний үндсэн дээр албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нгийн “2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай компаний ажилтан Б.М нь өөрийнхөө данс руу тээврийн зардал аваад байна гэж нягтлан Анхцэцэг, Үржинханд нар надад хэлсэн. Б.Мийг хариуцсан ахлах болох Бат-Эрдэнээс “яаж ийм юм болов, яаж мэдсэн бэ” гэхэд “хоёр харилцагч Б.М нь хувь хүний данс өгөөд байна, шилжүүлж болох юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь Бат-Эрдэнэ ахлах “шилжүүлж болохгүй, компаниас данс өгнө” гэж хэлсэн байсан. ... Би Б.Мээс яагаад компанийн мөнгө хувьдаа авсан талаар асуухад “ээж өвчтэй, энэтхэг улс руу эмчилгээнд явуулах хэрэг гараад мөнгө авсан” гэж хэлсэн. ...Б.М “би ээжийгээ Австрали улс руу эмчилгээнд 2022 оны 12 дугаар сарын 25-нд авч явах гэж байгаа, тийм болохоор намайг цагдаад битгий өгөөч, би тэнд очоод ажил хийгээд өрөө дармаар байна” гэж хэлсэн. ... Б.Мээс компаний данс руу төлөлт хийхдээ дутуу төлж өөртөө авч үлдсэн мөнгөний зөрүү ... нийт 42.319.380 төгрөг болж байгаа” /1хх 12, 16/,
гэрч Ч.Аийн “... Харилцагчдын тээврийн төлбөр төлөгдөөгүй байж захиалсан ачаагаа аваад явсан байсан. Тэгэхээр нь би тухайн харилцагчтай холбогдоод тэр өдөр задарсан, тийм арлын дугаартай машины тээврийн төлбөрөө та төлөөгүй машинаа авч явсан байна гэхэд харилцагч юу яриад байгаа юм бэ, би төлсөн шүү дээ гэж хэлсэн. Таны төлбөр компанийн данс руу тэр өдөр ороогүй байна, та төлсөн дансны хуулгаа над руу явуул гэхэд явуулсан хуулган дээрх данс нь Б.Мийн данс байсан. Тэгээд төлбөр төлөгдөөгүй харилцагчид руугаа залгаад нийт өөртөө авсан мөнгийг нь мэдсэн. ...” /1хх 26-27/,
шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн “...Би урд нь 2 удаа хувийн дансаар мөнгө аваад компаний данс руу буцааж хийж байсан болохоор түр аваад дараа нь буцаагаад хийж болох юм шиг санагдаад мөнгө авч эхэлсэн. Анх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4.142.080 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6.268.200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.055.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6.073.200 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.065.500 төгрөг авсан. Би энэ мөнгийг компанидаа мэдэгдэлгүйгээр буцааж төлнө гэж бодоод тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг байсан. Бусад мөнгийг нь би ажил ихтэй байж байгаад тэмдэглээгүй орхисон байна лээ. Би хохирлоосоо 9.000.000 төгрөг барагдуулсан байгаа, компанийн мөнгийг хувьдаа авсан нь үнэн” /1хх 46/ гэсэн мэдүүлгүүд,
2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2022/хг/10 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1хх 61-64/, ажлын байрны тодорхойлолт /1хх 67-69/, харилцагч шилжүүлсэн мэдээлэл /1хх 71/, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн б/24 дугаар захирлын тушаал /1хх 80/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 112-113/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх 114/, Б.Мийн Хаан банкны 5379147356 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 115-197/, харилцагчаас ирсэн хуулга /1хх 198/, хохирол төлсөн баримт /2хх 1, 24/, “ТАЗ” ХХК-ийн тодорхойлолт /2хх 25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Мийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Мийн “ТАЗ” ХХК-ийн үйл ажиллагааны менежерээр ажиллаж, тухайн ажлын чиг үүргийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжтэй харилцахдаа өөрийн хувийн дансаа өгч, уг дансаар 11 удаагийн үйлдлээр нийт 42.319.380 төгрөгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр “... шүүгдэгч Б.Мт оногдуулсан хоёр жилийн хорих шийтгэлийг өөрчлөн торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг тус шүүх хуралдаанд гаргасан, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоолд хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан “...торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Мийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 41 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 615.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялын хэмжээг 9.385.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР