| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/00943/И |
| Дугаар | 181/ШШ2023/03680 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2023/03680
2023 11 21 181/ШШ2023/03680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30-р хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Х-ийн Г /РД:/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30-р хороо, 0 тоотод оршин суух Б овогт Ж-ийн О /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 0 давхарт байрлах Т ХХК /РД:/-д холбогдох
Гэрээний үүрэгт 24,161,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Иргэн Х.Г, Ж.О бид нар 2022 оны 7-р сарын 31-ний өдөр Т ХХК-ийн ахлах нягтлан бодогч н.Ичинхорлоогоос утсаар замын ажилд хэрэглэх далангийн доргиурт индүүг Налайх дүүргийн Т ХХК-ийн хашаанд 1-2 сарын хугацаагаар, сарын 14,000,000 төгрөгөөр түрээслэх хүсэлт гаргасныг хүлээн авч харилцан зөвшөөрч, мөн өдөр урьдчилгаанд сарын төлбөрийн 20% буюу 2,800,000 төгрөгийг, техникийг ажлын талбайд хүргэх тээврийн зардлын 1,000,000 төгрөг нийт 3,800,000 төгрөгийг Ж.О-гийн Хаан банкны 0 дансаар авсан. 0000 улсын дугаартай, 20тн доргиурт индүүгээ заасан газар руу хүргэн өгч, 2022 оны 08 сарын 1-ний өдрөөс эхлүүлэн өөрийн операторын хамтаар ажиллуулсан. Дараа нь 2022.8.3-ний өдөр тус компанийн ажлын оффис өрөөнд нь очин туслах нягтланг байлцуулан гэрээгээ бичгээр байгуулсан. Тэгээд 2022.9.28-ны өдрийг хүртэл техникээ өөрийн жолоочийн хамт саадгүй ажиллуулсан. Хэдийгээр төлбөр мөнгөө цаг хугацаандаа авч чадаагүй ч техникээ буцаан татах зардлаа гэрээ ёсоор өөрсдөө төлж барагдуулсан. Уг ажилласан хугацаанд бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 57 хоног жолоочийн хамт түрээслүүлсэн бөгөөд техник жолоочийн хамт ажлын талбайд хүргэгдэж ажил эхэлсэн болон буусан хугацааны хувьд талууд маргаагүй.
Тус гэрээний 3.1 дэх заалтаар 30 хоногийн 14,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд хоногийн 14,000,000 : 30 =466,666.66 төгрөг болох ба 57 хоногийн түрээсийн төлбөр 26,600,000 төгрөг болж байна. Үүнээс урьдчилгаа 2,800,000 төгрөгийг хасаад нийт аваагүй түрээсийн төлбөр 23,800,000 төгрөг болно. Үүн дээр мөн гэрээний 8.2 заалтаар алдангиа тооцож үзвэл тус компани 3.2 дахь заалтаар дараа сарын 10-ны өдөр төлөх байснаас өдийг хүртэл төлөөгүй 306 хоног болсон ба төлөөгүй үнийн дүнгийн хоног тутам 0,005% гэвэл 23,800,000 х 0,005% х 306 хоног = 361,080 төгрөг болно. Ингээд түрээсийн төлбөр 23,800,000 төгрөг, алданги 361,080 төгрөг нийт 24,161,080 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК-иас шүүхэд гаргасан татгалзал, тайлбартаа: Манай компани нь Ж.О-тэй 2022.08.03-ны өдөр 22/13 дугаартай Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгчийн түрээслэсэн доргиурт индүү нь 2022.08.02-ний өдрөөс 2022.09.27-ны өдрийг хүртэл нийт 473 мото цаг ажилласан нь техникийн ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.
Тус индүүний ажиллах 1 мото цагын үнэлгээ нь 38,888 төгрөг байх учир нийт ажилласан 473 мото цагт үржүүлж бодвол 18,394,024 төгрөгийн түрээсийн төлбөр бодогдохоор байна. Үүнээс урьдчилгаанд өгсөн 2,800,000 төгрөгийг хасвал 15,594,024 төгрөгийг Ж.О-д түрээсийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна.
Гэрээний 8.2-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,005%-иар тооцохоор тохиролцсон тул гүйцэтгээгүй үүрэг болох 15,594,024 төгрөгөөс 1 хоногийн алданги 780 төгрөг болно. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,594,024 төгрөгийг 306 хоног төлөөгүй гэж үзвэл алданги 238,680 төгрөг болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 24,161,080 төгрөгөөс 15,832,704 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,238,376 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2022.08.03-ны өдрийн 22/13 дугаар Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийг тооцсон баримт, 2125УБ зам индүүдэгчийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, Ж.О-ийн Хаанбанкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Техникийн ажлын цагын бүртгэл 2022.08.02-ноос 2022.09.30, Т ХХК-ийн Голомт банкны дансны хуулга зэргийг нотлох баримт гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24,161,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь доргиурт индүү техникийг 1 сарын 14,0 сая төгрөгөөр нийт 57 хоног түрээслэсэн гэх үндэслэлээр түрээсийн төлбөр, алданги нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, техникийг ажилласан мото цагаар тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Х.Г нь 0000УБ зам индүүдэгчийн өмчлөгч болох нь техникийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6 хуудас/
Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2-д Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ гэж заасны дагуу түрээсийн зүйл болох техникийн өмчлөгч Х.Ганзориг, түрээсийн гэрээний нэг тал болох Ж.О нарыг хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Ж.О нь Т ХХК-тай 2022 оны 08 сарын 03-ний өдөр 22/13 дугаартай Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн 00-00 УБ улсын дугаартай индүүг жолоочийн хамт түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 3-4 хуудас/
Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
3. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3.1. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу 21-25УБ улсын дугаартай, 20тн доргиурт индүүг операторын хамт 2022 оны 08 сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад байлгаж, ажиллуулсан талаар зохигч маргаагүй.
3.2. Харин талууд түрээсийн төлбөрийн хэмжээ буюу техникийг 30 хоногийн 14,0 сая төгрөгөөр, эсхүл өдөрт 12 цаг ажиллах мото цагаар тооцохоор тохиролцсон эсэх талаар маргаж байна.
Гэрээний 3.1-д Талууд техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг дараах байдлаар тохиролцов. Үүнд: төлбөр тооцоо: 30 хоногийн төлбөр 14,000,000 төгрөг, - Энэхүү үнэд И-баримтын шивэлт хийнэ. Төлбөрийг 30 хоног тутамд тооцно. Тооцоо нийлснээс хойш ажлын 10 хоногт төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж,
Мөн гэрээний 3.3-д Техник өдөрт ажиллах цаг 12 ба үүнээс өдрийн хооллолт 1 цаг байна гэж, 3.4-т Техникийн ажилласан цагын бүртгэлийг түрээслэгчийн томилсон ажилтаны цагын бүртгэлээр тогтоох бөгөөд түрээслүүлэгч нь тус бүртгэлтэй тухай бүрд нь танилцах, алдаатай бол залруулга хийхийг шаардах эрхтэй гэж талууд тохиролцжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээний 3.1-д хүснэгт байдлаар 30 хоногийн төлбөр 14,000,000 төгрөг гэж төлбөрийн хэмжээг тодорхой тохиролцжээ.
Хариуцагч тал төлбөрийг мото цагаар тооцохоор тохиролцсон гэх байдлаа гэрээний 3.3, 3.4 дэх заалтын өдөрт ажиллах цаг 12, ажилласан цагийг бүртгэлээр тогтоох-той холбон тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу гэрээний 3.3, 3.4 дэх заалтын агуулгыг талуудын эрх, үүрэг, хариуцлага, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай заалтуудтай холбон тайлбарлавал, уг заалтуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь техникийн ажилласан мото цагаар түрээсийн төлбөрийг тооцох агуулгагүй, харин техникийн аюулгүй ажиллагаа, операторын ажил, амралтыг зохицуулах зорилготой байна.
Иймд техникийн түрээсийн төлбөрийг мото цагаар тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Т ХХК-ийн техникийн ажилласан мото цагаар тооцож, түрээсийн төлбөрийг төлөх тайлбар үндэслэлгүй, Техникийн ажлын цагын бүртгэл /2022.08.02-ноос 2022.09.30/ нь түрээсийн төлбөрийг тооцоолоход нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй байна. /хавтаст хэргийн 22-68 хуудас/,
3.3. Хариуцагч Т ХХК нь гэрээний 2.4-д заасны дагуу техникийг ажлын талбайд хүрэх зардалд 1,000,000 төгрөгийг, гэрээний 3.2-д зааснаар урьдчилгаа төлбөрт 2,800,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч Ж.О-ийн Хаанбанкны дансны хуулга, Т ХХК-ийн Голомт банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7, 68 хуудас/
Гэрээний 3.1 дэх заалтын дагуу 1 хоногийн түрээсийн төлбөр 14,000,000 : 30 = 466,666.66 төгрөг тул техникийг ашигласан 2022 оны 08 сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 57 хоногийн түрээсийн төлбөр 26,600,000 төгрөг болж байна. Үүнээс урьдчилгаа 2,800,000 төгрөгийг хасахад хариуцагч Т ХХК-ийн түрээсийн төлбөр 23,800,000 төгрөгийг төлөөгүй байна.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Хариуцагч Т ХХК нь гэрээний 3.1, 3.7-д заасны дагуу түрээсийн төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор дансаар төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу Т ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул гэрээний 8.2-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,005 хувийн алданги тооцох үндэслэлтэй байна.
Алдангийг нэхэмжлэгч 306 хоногоор тооцож, /23,800,000 х 0,005% х 306 хоног/ 361,080 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт болон гэрээний 8.2 дахь заалтад тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд хариуцагч Т ХХК-иас алданги 361,080 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
5. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Т ХХК-иас түрээсийн төлбөр 23,800,000 төгрөг, алданги 361,080 төгрөг, нийт 24,161,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 333,279 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539,522 төгрөгөөс 333,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу илүү төлсөн 206,243 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т ХХК-иас 24,161,080 /хорин дөрвөн сая нэг зуун жаран нэгэн мянга наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,522 төгрөгнөөс 333,279 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын төсвийн орлогоос илүү төлсөн 206,243 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Т ХХК-иас 278,755 /хоёр зуун далан найман мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж Х.Г Ж.О нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА