| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2022/03781/И |
| Дугаар | 181/ШШ2023/03640 |
| Огноо | 2023-11-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2023/03640
2023 11 17 181/ШШ2023/03640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 0-ны байранд байрлах, Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ж овогт Х-ийн Б /РД:/-т холбогдох,
Хохирол 16,798,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Э нь Гишүүнчлэлийн албаны мэргэжилтэн Б.Т-ын 2016 оны 10 дугаар сард гаргасан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, ажилдаа орох хүсэлтийг сул орон тоо байхгүй, ирэх жилийн бүтэц батлагдахаар авъя гэж шийдвэрлэсэн, энэ нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримт болох гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй тул шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Х.Б-т 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орох хүсэлтэй байгаагаа дахин өргөдөл гаргаж мэдэгдсэн боловч ... орон тооны асуудлаа эрт шийдүүлээгүй тул одоогоор бэлэн орон тоо байхгүй, орон тоо гарах үед асуудлыг хэлэлцэх ... гэх хариуг өгч ажилд нь томилоогүй байна.
Б.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрхээ сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулж 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж шийдвэр гаргуулсан байна. Гэвч хариуцагч тал болох Гүйцэтгэх захирал Х.Б нь тус шүүхийн шийдвэрт гомдол гарган 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хэвээр үлдээх үндэслэлтэй тул ... нэхэмжлэгчийг Арилжааны хэлтсийн мэргэжлтний ажилд эгүүлэн тогтоох ... шийдвэр гарсан байна.
2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөдөө аж ахуйн бирж ХХК-д гаргасан Б.Т-ын хүсэлтийн дагуу Гүйцэтгэх захирал Ж.О Арилжаа, цахим хөгжүүлэлтийн нэгжид мэргэжилтнээр томилсон.
Иймд өмнөх Гүйцэтгэх захирал болох Х.Б нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтээ гаргасан Б.Т-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас ажилгүй байх хугацааны цалин олговор болох 16,417,935 төгрөгийг Б.Т-т, мөн шүүхийн зардал болох 380,440 төгрөгийг улсын орлогод, компанийн хөрөнгөөр нийт 16,798,375 төгрөгийг барагдуулсан нь компанид бодит хохирол учруулж байгаа тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү.
Түүнчлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулах 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17/005 дугаар контрактын 6 дугаар зүйлийн 6.3. Гүйцэтгэх захирал нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Х ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Э.С-тай байгуулсан Х Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулах контрактын 2 дугаар зүйлийн 2.16. Гүйцэтгэх удирдлага нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулахгүй буюу ажилтныг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халахгүй байх үүрэг хүлээнэ. Байгууллагад хохирол учруулсан, ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож ажилд эгүүлэн томилж, байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийсэн тохиолдолд уг хохирлыг өөрийн хувийн эд хөрөнгөөр хариуцна гэснийг ундэслэн Иргэний хуулийн мөн 219 дүгээр зүйлийн 219.1,498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу хариуцагчаас хохирол 16,798,375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ХХК-д учирсан гэх хохирлыг миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Х ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд гэрээнд заасан үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байсан бөгөөд Х.Б миний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд гэрээнд болон компанийн дүрэм журамд заасны дагуу үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байсан гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.А дүгнэлтдээ: Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тооны талаар шийдвэрээ гаргадаг тохиолдолд хариуцагч Х.Б нөхөн төлбөр төлөхгүй байх боломжтой гэж үзлээ гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/55 дугаар тушаал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.05.27-ны өдрийн 0 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ий өдрийн 1177 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэр, Х ХХК-ийн 2017.04.25-ны өдрийн 17/005 дугаар гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулах контракт, Х ХХК-ийн 2018.05.22-ны өдрийн 1 гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулах контракт, зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.
Шүүхийн журмаар Х ХХК-ийн 2023.04.10-ны өдрийн 92 дугаар албан бичиг, түүний хавсралт, Х ХХК-ийн 2023.08.09-ны өдрийн 235 дугаар албан бичиг, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Б-т холбогдуулан хохирол 16,798,375 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Б-ыг Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтээ гаргасан Б.Т-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу 16,798,375 төгрөгийг төлсөн тул уг хохирлыг гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч гэм буруугүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Б нь Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар контрактийн гэрээний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан болох нь Х ХХК-ийн Х.Б-тай байгуулсан контрактын гэрээнүүд, Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.08.28-ны өдрийн 06 дугаар Х.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол, тэмдэглэл, өргөдөл зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 25-33, 160-171 хуудас/
Х.Б нь Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Б.Т-ын 2018.05.24-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа орох өргөдөл гаргасныг шийдвэрлэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчсөн, шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг ажлаас үндэслэлгүй халсантай адилтган үзэж Б.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, Х ХХК-иас 2018.06.22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,417,935 төгрөгийг гаргуулж Б.Т-т олгож, улсын тэмдэгтийн хураамжид 380,440 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар тогтоолоор тогтоогджээ. /хавтаст хэргийн 12-24 хуудас/
Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Т-ыг ажилд нь томилж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж, 16,417,935 төгрөгийг гаргуулж Б.Т-т олгожээ. /хавтаст хэргийн 11 хуудас/
2. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн 16,417,935 төгрөгийг Б.Т-т олгосон, улсын тэмдэгтийн хураамжид 380,440 төгрөг төлснийг, хариуцагч Х.Б-ын гэм буруутай үйдлийн улмаас байгууллагад учруулсан хохирол гэж үзэх эсэх талаар зохигч маргаж байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.
Иймд хариуцагч Х.Б гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.
2.1. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулсан контрактын гэрээний 3.1, 3.5, 3.12-д зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулах, хүний нөөцийн бодлого боловсруулж батлах, холбогдох хууль тогтоомж журмын дагуу ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах дуусгавар болгох, цалингийн санд багтаан ажилтнуудын цалинг тогтоох эрхтэй байна. /хх-30-31 хуудас/,
Мөн Контрактын гэрээний 2.16-д Гүйцэтгэх удирдлага нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулахгүй буюу ажилтныг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халахгүй байх үүрэг хүлээнэ. Байгууллагад хохирол учруулсан, ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож ажилд эгүүлэн томилж, байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийсэн тохиолдолд уг хохирлыг өөрийн хувийн хөрөнгөөр хариуцна гэж талууд тохиролцжээ.
2.2. Хариуцагч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь Б.Т-ын ажлын байрны орон тоог цомхотгосон байсан тул ажилд томилоогүйд гэм буруугүй гэж мэтгэлцсэн.
Шүүхийн шийдвэрт дурдсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Т-ын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус компанийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэр бүхий ажилтнуудыг түр хугацаагаар ажилд томилсны дотор Б.Т-ыг Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон, хариуцагчаас Б.Т-ын 2018.05.24-ны өдөр гаргасан өргөдөлд орон тоо гарах үед асуудлыг шийдвэрлэх талаар цохолт хийсэн боловч шийдвэрлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон байна. /хавтаст хэргийн 16 хуудас/
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Т-ын ажлын байрны орон тоог цомхотгосон байсан гэх дээрхи тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч Х.Б-ыг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан ажилтны ажлын байр байгаа эсэхийг нягтлан шалгаж, байхгүй тохиолдолд өөр ажлын байраар хангах хууль болон контрактын гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэлдээ илтэд болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.3. Иргэдийн төлөөлөгч Т.А дүгнэлтдээ Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тооны талаар шийдвэрээ гаргадаг тохиолдолд хариуцагч Х.Б нөхөн төлбөр төлөхгүй байх боломжтой гэж үйл баримтыг үндэслэх дүгнэлт гаргасан бөгөөд Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэр бүхий ажилтнуудыг түр хугацаагаар ажилд томилсны дотор Б.Т-ыг Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон, хариуцагч байгууллага жил бүрийн эхэнд зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталдаг болохыг шүүхийн шийдвэрүүдэд дүгнэсэн тул байгууллагын бүтэц орон тооноос хамааралтайгаар гүйцэтгэх захирал Х.Б нь Б.Т-ыг ажлын байраар нь хангах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч Х.Б энэ талаарх татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу хариуцагч Х.Б-ын илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад /Б.Т-т/ учирсан хохирлыг Х ХХК хариуцан арилгасан тул энэ хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Б-с шүүхийн шийдвэрээр Б.Т-ын ажилгүй байсан хугацааны цалинтай танцэх олговорт 16,417,935 төгрөг олгосон болон улсын тэмдэгтийн хураамжид 380,440 төгрөг төлүүлсэн хэмжээгээр хохирлыг арилгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн байна.
4. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-тай байгуулсан Контрактын гэрээний 6.3-д Гүйцэтгэх захирал нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн бууруугаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 6 сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Уг Контрактын гэрээний 4.1-д Гүйцэтгэх захирлын албан тушаалын сарын үндсэн цалин нь 4,750,000 төгрөг болно гэж заасан байх бөгөөд 6 сарын дундаж цалин хөлсийг тооцвол 28,500,000 төгрөг байна. Нэхэмжлэгчийн шаардсан хохирол нь хариуцагчийн гэрээнд заасан хохирол хариуцах дээд хэмжээнээс хэтрээгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Х.Б-с хохирол 16,798,375 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас хохирол 16,798,375 /арван зургаан сая долоон зуун ерэн найман мянга гурван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,064 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 241,942 /хоёр зуун дөчин нэгэн мянган есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
А.ЦЭЛМЭГ