Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03583

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 10 181/ШШ2023/03583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Т ХХК /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 0 байрлах, М

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 0 байрлах, Э-т холбогдох,

Концессийн гэрээний үүрэгт 7,479,860,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Г.Б, С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бн, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О,  П.Т, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Т ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны одрийн ТВ-2017-008 дугаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн Барих-Шилжүүлэх(ВТ) концессын гэрээ(цаашид Концессын гэрээ гэх)-г байгуулсан. Тус гэрээг Монгол Улсын Засгийн газраас эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан.

Мөн Концессын гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ТВ2017-08-01 тоот, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ТВ2017-08-02 тоот, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ТВ2017-08-03 тоот, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ТВ2017-08-04 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд: 1. Концессын зүйлийг бүрэн барьж дуусгах хугацааг 28 cap байсныг 40 cap болгож;

2. Концессын гэрээний хөрөнгө оруулалтын хэмжээг 25,724,600,000 (хорин таван тэрбум долоон зуун хорин дөрвөн сая зургаан зуун мянга)-н төгрөг байсныг 38,778,755,032(гучин найман тэрбум долоон зуун далан найман сая долоон зуун тавин таван мянга гучин хоёр) төгрөг болгож;

3. Концессын гэрээний 2.12-т нэмэлт ажлын санхүүжилт болох 13,054,155,032 (арван гурван тэрбум тавин дөрвөн сая зуун тавин таван мянга гучин хоёр) төгрөгийг 2021 оны 02 дугаар улиралд олгох гэж нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсан.

Концессын гэрээний дагуу манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтцийн ажлыг эхлүүлж үйл ажиллагаандаа орсон боловч Монгол Улсын Засгийн газар Концессын гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтийг олголгүй гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар Концессын гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компанид их хэмжээний хохирол учирсан тул дараах тайлбар үндэслэлээр нийт 7,479,860,901.12 (долоон тэрбум дөрвөн зуун далан есөн сая найман зуун жаран мянга есөн зуун нэг төгрөг 12 мөнгө) төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Манай компани нь Концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан 40 сарын хугацаанд багтаан 2020 оны 7 дугаар сард Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төсөл (цаашид Концессын зүйл гэх)-ийг хийж дуусган Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн.

Концессын гэрээний 2.12 дугаар зүйлд зааснаар нийт санхүүжилтийн 18,007,220,000 (арван найман тэрбум долоон сая хоёр зуун хорин мянга) төгрөгийг 2020 оны 02 дугаар улиралд, 7,717,380,000 (долоон тэрбум долоон зуун арван долоон сая гурван зуун наян мянга) төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгохоор талууд анх гэрээ байгуулахад тохиролцсон.

Гэвч М-с 8,000,000,000 (найман тэрбум) төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн боловч 10,007,220,000 (арван тэрбум долоон сая хоёр зуун хорин мянган) төгрөгийг хугацаандаа манайд төлөөгүй болно. Тус 10,007,220,000 (арван тэрбум долоон сая хоёр зуун хорин мянган) төгрөг гэрээгээр заасан хугацаанд орж ирээгүй тул манай компани нь санхүүгийн хүнд байдалд орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Концессын зүйлийг барих зорилгоор Голомт банкнаас авсан 10,500,000,000 (арван тэрбум таван зуун сая) төгрөгийн зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Ингээд манай компани Голомт банкнаас авсан зээлийг хаах зорилгоор Хаан банкнаас 8,453,000,000 (найман тэрбум дорвон зуун тавин гурван сая) төгрөгийн зээл болон бусад байгууллагуудаас зээл авч Голомт банкны зээлийг хаасан. Тус зээлүүдийн хүүд манай компаниас төлсөн нийт 2,112,875,833.33 (хоёр тэрбум зуун арван хоёр сая найман зуун далан таван мянга найман зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө ) төгрөг төлсөн тул хариуцагчаас тус зээлүүдийн хүүд төлсөн 2,112,875,833.33 (хоёр тэрбум зуун арван хоёр сая найман зуун далан таван мянга найман зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Хоёдугаарт, Концессын зүйлийг барих, шилжүүлэх, хүлээн авах үйл ажиллагаанд Концессын зүйлийн захиалагч болох Эрүүл мэндийн яам болон ашиглагч байгууллага болох Нийслэлийн Хүрээ амаржих газар хамтран хяналт тавин ажиллаж байсан. Концессын зүйлийн захиалагч байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2/2006 тоот Ажлын даалгавар хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт барилгын иж бүрэн батлагдсан ажлын зураг төсөл нь 2009 онд буюу одоогоос 10 жилийн өмнө хийгдсэн нь орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцэхгүй байна. мөн Концессын гэрээний ажлын тoo хэмжээнд тусгагдаагүй боловч барилгыг зориулалтын дагуу бүрэн ашиглалтад оруулахад зайлшгүй шаардлагатай нэмэлт ажлууд гарсан ... Иймд тус нэмэлт ажлуудтай холбоотой ажлын зураг, төсвийг боловсруулж, мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулж Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ үү гэх гэсэн бөгөөд энэ хүрээнд нэмэлт ажлын төсвийг эрх бүхий байгууллагуудаар батлуулан нийт 13,054,155,032 (арван гурван тэрбум тавин дөрвөн сая нэг зуун тавин таван мянга гучин хоёр) төгрөг болж нэмэлт барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

Концессын зүйл болох Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлэг-ийн барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, талуудын тохиролцсон нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас гэрээнд заасан хугацаандаа хийхгүй байсны улмаас манай компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулах болсон. Энэ үед Улсын онцгой комисс болон захиалагч байгууллага болох Эрүүл мэндийн яамны зүгээс Коронавирус (Ковид-19) цар тахлын үед эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг манайд өгсөн.

Ингээд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх, барилгын ажлыг тасралтгүй гүйцэтгэх шаардлага үүсэн тул бид банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон иргэдээс нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 (арван гурван тэрбум тавин дөрвөн сая нэг зуун тавин таван мянга гучин хоёр) төгрөгийн зээлүүд авч тус зээлийн хүү болох нийт 4,330,861,254.39 (дөрвөн тэрбум гурван зуун гучин сая найман зуун жаран нэг мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг манай компани төлж бодит хохирол учирсан.

Гуравдугаарт, Концессын гэрээ 8.2-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-ийн алданги, холбогдох хохирол, зардлыг Концесс эзэмшигчид төлнө гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар хугацаандаа гүйцэтгээгүй хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс дараах тооцооллоор мөн нэхэмжилж байна. Иймд тус гэрээний санхүүжилт хугацаандаа орж ирээгүй, олон дахин хуваагдаж орж ирсэн учраас нийт алданги 373,563,088 (гурван зуун далан гурван сая таван зуун жаран гурван мянга наян найм) төгрөгийг нэхэмжилж байна.

Дөрөвдүгээрт, Талуудын хооронд байгуулсан Концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нийт санхүүжилт нь 38,778,755,032 төгрөг бөгөөд Концессын гэрээний 2.8-д заасны дагуу Концесс эзэмшигчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулахаар гэрээний үнийн дүнгийн 5 хувийг баталгаат хугацаа болох 3 жилийн хугацаанд барьцаалахаар заасан. Тус гэрээний үнийн дүнгийн 5 хувь 1,939,437,751.6 төгрөг байхад Монгол Улсын Засгийн газар барьцаанд нийт 2,601,498,477.25 төгрөгийг суутган авч үлдсэн байна. Өөрөөр хэлбэл Концессын гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас илүү мөнгө барьцаалсан байх тул зөрүү мөнгө болох 662,560,725 (зургаан зуун жаран хоёр сая таван зуун жаран мянга долоон зуун хорин тав) төгрөгийг хариуцагчаас мөн гаргуулах хүсэлттэй байна.

Иймд Концессын гэрээний дагуу 10,007,220,000 (арван тэрбум долоон сая хоёр зуун хорин мянган) төгрөгийн санхүүжилт хугацаандаа орж ирээгүйтэй холбогдох хүүний хохирол 2,112,875,833,33 (хоёр тэрбум зуун арван хоёр сая найман зуун далан таван мянга найман зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 төгрөгтэй холбогдох зээлийн хүүний хохирол 4,330,861,254.39 дөрвөн тэрбум гурван зуун гучин сая найман зуун жаран нэг мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг 39 мөнгө) төгрөг, алданги 373,563,088 төгрөг, баталгаат хугацааны барьцаанд 5 хувийг байршуулахдаа илүү байршуулсан 662,560,725 тогрог, нийт 7,479,860,901.12 (долоон тэрбум дөрвөн зуун далан ес сая найман зуун жаран мянга есон зуун нэг тогрог 12 мөнгө) төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Концессын гэрээний дагуу хугацаанд нь 10,007,220,000 төгрөгийг шилжүүлээгүйн улмаас учирсан гэх 2,112,875,833.3 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлгүй тухайд:

Бүгд найрамдах Хятад Ард улсад Коронавируст цар тахлын халдварт өвчин 2019 оны 9-10 сард дэлгэрч, тус өвчний тархалтын эрчимтэй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор М-с холбогдох арга хэмжээг цаг тухай бүр авч хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Их хурлаас тус урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан концессын төслөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд уг төслийн эргэн төлөлтөөс нийт 8,000,000,000 төгрөгийг тусгаж, Засгийн газраас гэрээний хугацаанд нь дээрх санхүүжилтийг олгосон. Мөн бусад санхүүжилтийг олгох талаар М бүх боломжит арга хэмжээг авч, гэрээнд тусгагдсан 2021 оны 2 дугаар улиралд багтаан төлж дуусгасан.

Иймд Концессын гэрээний 6.1, 6.1.3, 6.1.7-т заасан гэрээний нэг талын хүсэл зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдлаас шалтгаалсан тул 2,112,875,833.3 төгрөгийн хохиролыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Нэмэлт ажлын зардал болох 13,054,155,032 төгрөгийн санхүүжилтийн улмаас учирсан гэх 4,330,861,254.39 төгрөгийг төлөх үндэслэлгүй тухайд:

Уг концессын гэрээ нь Барих-шилжүүлэх төрлийн гэрээ бөгөөд Концессын тухай хуулийн 4.1.2-т тус төрлийн гэрээг концесс эзэмшигч концессын зүйлийг еерийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх" гэж заасан байдаг.

Концессын гэрээний 2020.09.11-ны нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 2.2-т 13,054,155,032 төгрөгийг 2021.06.30-ны өдрийн дотор олгохоор харилцан тохиролцож, байгуулсан тул нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан төлбөрийг шилжүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн.

Иймд нэмэлт, ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг бүрдүүлсэн Концесс эзэмшигчийн зээлийн хүү 4,330,861,254.39 төгрөгийн хохирлыг төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй.

Гурав.Концессын гэрээний 8.2-т заасны дагуу нэхэмжилсэн нийт 373,563,088.4 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй тухайд:

Монгол Улсын Их хурлаас тус урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан концессын төслөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд уг төслийн эргэн төлөлтөөс нийт 8,000,000,000 төгрөгийг тусгаж, Засгийн газраас гэрээний хугацаанд нь дээрх санхүүжилтнйг олгосон. Мөн бусад санхүүжилтийг олгох талаар Монгол Улсын Засгийн газар бух боломжит арга хэмжээг авч, гэрээнд тусгагдсан 2021 оны 2 дугаар улиралд багтаан төлж дуусгасан.

Иймд Концессын гэрээний 6.1, 6.1.3, 6.1.7-т заасан гэрээний нэг талын хусэл зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдлаас шалтгаалсан тул 373,563,088.4 тегрегийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Дөрөв. Концессын гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтэрсэн гэх 662,560,725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр концесс, төр хувийн хэвшлийн түншлэл-ийн чиг үүрэг нь 2022.01.01-ний өдрөөс эхлэн Шадар сайдын харьяа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эдийн засаг хөгжлийн яаманд шилжиж ирсэн бөгөөд тус газраас шилжүүлсэн уг төсөлтэй холбогдох материалуудыг шалгаж үзэхэд:

-Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл-ийн барилгын концессын гэрээний төлбөрийн талаарх 2021.08.02-ны өдрийн санал, дүгнэлтэд 38,752,973,825 төгрөгийн 5 хувь буюу 1,937,648,691.25 төгрөгийн барьцааг авч үлдсэн тухай тэмдэглэсэн байна.

-Худалдан авах ажиллагааны газраас 1,937,648,691.25 төгрөгийн барьцааг авсан талаар тэмдэглэл үйлдэж, 2021.03.08-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны барьцааны дансанд шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 662,560,725 төгрөгийн илүү барьцаа авч үлдсэн гэж тус дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа: Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор концессийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, гэрээний үнийг 25,724,600,000 төгрөгөөр тодорхойлж, гэрээ байгуулах эрхийг олгосон. Үүний дагуу 2017 оны 04 сарын 13-ны өдөр концессын гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал хохирол 2,112,875,833.33 төрөгийн нэхэмжлэлээ гэрээний төлбөрийг цаг тухайнд нь төлөөгүйгээс үүдсэн төлбөр гэж тайлбарладаг. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Г ХХК-аас зээл авсан, тухайн зээлийн хугацаа хэтэрсэн тул Хк ХХК-иас зээл авч төлсөн, Х ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан 8,453,000,000 төгрөгийн зээлийн хүү 2,000,000,000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Уг Концессийн гэрээ барих шилжүүлэх төрөл тул Концессийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж дуусган хүлээлгэж өгсний дараагаар төлбөрийг шилжүүлэхээр зохицуулсан. Гэрээний 2.6-д концессийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 сарын дотор концессийн зүйлийг барьж, дуусгаж, хүлээлгэж өгөхөөр тусгасан. Гэрээ байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 28 сарыг тооцвол 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болж байна. Тэгэхээр эхлээд концесс эзэмшигч өөрөө гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэлд хавсаргасан материал болон нэхэмжлэгчийн тайлбараар концессийн зүйлийг хүлээлгэж өгсөн өдөр нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгаа бөгөөд өөрөө хэлбэл концесс эзэмшигч өөрөө гэрээний үүргээ зөрчсөн. Концессийн гэрээний 2.12-т төлбөрийг хэзээ яаж, хэрхэн төлөх вэ? гэдэг хуваарийг тохирсон, тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь хүлээлгэн өгөх гэж тохирсон. Барих, шилжүүлэх төрлийн концессын гэрээ нь эхлээд хүлээлгэж өгөх тухай асуудал яригдах бөгөөд хүлээлгэн өгөх урьдчилсан нөхцөл хангагдахгүй бол Концессийн тухай хууль болон гэрээгээр бид төлбөрийн гүйцэтгэлийг хангах боломжгүй. Мөн гэрээг 2021 онд 40 сар болгож сунгасан бөгөөд ийнхүү сунгаснаар хүлээлгэж өгөх эцсийн хугацааг нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болсон. Иргэний хуулийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон тул үүргээ гүйцэтгээгүй үйлдэл болон үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Баримтгүй зүйлийг биднээс шаардаж болохгүй. Миний шалгасан 40 гаруй гэрээний 18 орчим гэрээ нь концессийн гэрээний явцад байгуулагдсан хэдий ч тухайн үүрэг гүйцэтгэх хугацаа нь хариуцагчийн төлбөр төлөх хугацаанаас өмнө дууссан. Хаан банкны 2017 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 2,000,000,000 төгрөгийн зээл бий. Тухайн гэрээнд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүрэн дуусахаар тусгасан байна. Гэрэний хугацаа сунгагдаагүй, анхны гэрээний хугацаанд концессийн зүйлийг бидэнд хүлээлгэж өгсөн бол бид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс төлбөрөө төлж эхлэх байсан. Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хаах байсан гэрээний хохирлын асуудлыг бидний 2020 онд нэхэмжлэгчид өгөх байсан төлбөртэй хамт нэхэмжлэх нь зохимжгүй. Үүнтэй ижил 18 гэрээ бий. Жишээ нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 830,000,000 төгрөгийн Юу би актив ББСБ-с эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан зээл байх бөгөөд энэ гэрээний дуусах хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 31-нд дууссан. Энэхүү төлж дуусгах байсан зүйлээ манай 2020 оны 06 дугаар сард төлөх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хольж хохирол болгон нэхэмжилж байгаа нь боломжгүй зүйл юм. Гэрээний зүйлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөхөд УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын дагуу Үндэсний аудитын хяналт орсон. Улсын комисс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авахдаа зарим ажил нь дутуу байх бөгөөд бүрэн гүйцэд хийж гүйцэтгэх чиглэлийг өгсөн. 2021 оны 04 дүгээр сард Үндэсний аудитын дүгнэлт гарсан ба Улсын комиссын тогтоосон алдаа дутагдал арилаагүй байна. Үүнийг арилгах шаардлагатай бөгөөд гүйцэтгэгч уг алдаа дутагдлыг арилгах хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй байхаар тус дүгнэлтэд дурдсан. Иймд бидний зүгээс Үндэсний аудитын дүгнэлтэд дурдагдсанаас бусад төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Энэ дүгнэлт гарсны дараагаар 113,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй орхиж бусдыг нь шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс Үндэсний аудитын дүгнэлтэд дурдсан зөрчил арилсан талаар тайлан, дүгнэлтээ ирүүлсний дараагаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Э болон З-ын зүгээс гэрээний үүргийн талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй.

Нэхэмжлэгч нийт 300,000,000 гаруй төгрөгийн алданги нэхэмжилсэн. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлснээс 2 жилийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хариуцагч тал төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн. Эхний хуваариар буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөх гэхэд гүйцэтгэгч байгууллагаас гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй учир төлбөрөө төлөх үүрэг үүсэхгүй байгаа юм. Төлбөр төлөх зохицуулалт нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсний дараах 2 жилийн дараа хүснэгтэд заасан хуваарийн дагуу төлөхөөр зохицуулсан. Мөн энэ хуваариар хэзээ төлөх нь тодорхойгүй болсон. Иймд 18,000,000,000 төгрөгөө хэзээ төлөх нь мөн тодорхойгүй. 2 удаагийн нэмэлт гэрээнд энэ төлбөрийг хэзээ төлөхөө тохироогүй учир энэ төлбөрт алданги тооцох боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийн баталгаа болгож 5 хувийг барьцаа 662,560,725 төгрөгийг илүү суутган авсан байна гэж шаардлага гаргасан байна. Тус 662,560,725 төгрөгийн 488,914,016 төгрөгийг захиалагчийн хяналтын зардалд суутгасан. Үүнийг нэхэмжлэгч байгуллагын зүгээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21/351 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. 113,376,356 төгрөгийг аудитын дүгнэлтийн дагуу дутуу хийгдсэн ажлын зардалд суутган авч үлдсэн байсан. Үүнийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-г зөрчлөө арилгасных нь дараа 113,376,356 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Санхүүжилт олгосон нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны дансны хуулганы 106 дугаар мөртөд байгаа. 25,781,205 төгрөг нь аудитын дүгнэлтээр гарсан магадгашгүй ажлын дүнг зөрүүтэй тайлагнасны улмаас тавигдсан актын төлбөрт суутгагдсан. Үүнийг Т ХХК-ийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/98 дугаартай албан бчигээр аудитын дүгнэлтийн дагуу актын дүн болох 25,781,205 төгрөгийг суутган санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгээрээ хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2017.04.13-ны өдрийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн Барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ, 2017.07.19-ний өдрийн ТВ-2017-008-01 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.05.01-ний өдрийн ТВ-2017-008-02 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.06.09-ний өдрийн ТВ-2017-008-03 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.07.01-ний өдрийн ТВ-2017-008-04 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.09.11-ний өдрийн ТВ-2017-008-05 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2019.05.09-ний өдрийн 2/2006 дугаар албан бичиг, хавсралт 8 хуудас, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2019.05.09-ний өдрийн 2/2005 дугаар албан бичиг, Т ХХК-ийн 2019.08.21-ний өдрийн 153 дугаар, 2019.09.09-ний өдрийн 171 дугаар, 2019.11.20-ны өдрийн 213 дугаар, 2019.11.20-ны өдрийн 212 дугаар, 2019.12.16-ны өдрийн 249 дугаар, 2020.02.07-ны өдрийн 26 дугаар, 2020.04.07-ны өдрийн 79 дугаар, 2020.04.16-ны өдрийн 95 дугаар, 2020.08.24-ний өдрийн 262 дугаар, 2020.09.16-ны өдрийн 289 дугаар, 2020.09.21-ний өдрийн 291 дугаар, 2020.09.21-ний өдрийн 292 дугаар, 2020.09.21-ний өдрийн 293 дугаар зэрэг албан бичигүүд, 2019.01.30-ны өдрийн 300 ортой төрөх эмнэлэг-ийн барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Т ХХК-ийн 2019.08.21-ний өдрийн 152 дугаар албан бичиг, 2017.07.17-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ 9 хуудас, Д.Ц, Ц.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрхийн улсын бүртгэлийн Ү-1018006091 дугаартай гэрчилгээ, 2019.04.10-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.05.10-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.04.10-ны өдрийн Батлан даалтын гэрээ, Ипотекийн гэрээ 21 хуудас, 2020.05.18-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.08.09-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.08.09-ний өдрийн Барьцааны гэрээ, 2019.08.14-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2019.08.14-ний өдрийн Барьцааны гэрээ, 2019.10.23-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.10.23-ны өдрийн Барьцааны гэрээ, 2019.10.04-ний өдрийн зээлийн гэрээ, 2020.04.03-ны өдийн зээлийн гэрээний нэмэлт, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТВ-2019-117 дугаар Зээлийн гэрээ, 2019.10.04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018330 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2019.10.03-ны өдрийн итгэмжлэл, 2019.10.03-ны өдрийн 10/08 дугаар Томобюлдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2020.04.05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.02.10-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.09.27-ны өдрийн зээлийн гэрээ, 2020.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ, 2020.11.10-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.09.27-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.09.06-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.12.10-ны өдрийн Зээлийн гэрээ, 2020.03.30-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.05.14-ний өдрийн Зээлийн гэрээ, 2019.09.17-ны өдрийн Зээлийн гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлтүүд 17 хуудас, 2020.11.03-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.06.30-ны өдрийн Зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2020.06.30-ны өдрийн Барьцааны гэрээ, 2019.06.29, 2021.03.01, 2021.03.25, 2019.10.02, 2021.02.03-ний өдрийн зээлийн гэрээнүүд, Т ХХК-ийн дүрэм, Т ХХК-ийн Голомтбанкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Барилгын хөгжлийн төвийн 2019.10.15-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, 20/2019 дугаар ХУД-ын 10-р хорооны 300 ортой амаржих газрын барилгын ажлын төсөв, 19/2019 дугаар ХУД-ын 10-р хорооны 300 ортой амаржих газрын барилгын ажлын төсөв, 2018.01.05, 2019.01.17-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.01.17-ны өдрийн Барьцааны гэрээ, 2018.06.15-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.04.12, 2019.04.26-ны, өдрийн зээлийн гэрээнүүд, гэрээний нэмэлт өөрчлөлтүүд 18 хуудас, Үндэсний хөгжлийн газрын 2020.05.05-ны өдрийн 01/962 дугаар, 2020.03.23-ны өдрийн 01/750 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020.03.11-ний өдрийн 86 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүл мэндийн газар Хүрээ амаржих газрын 2019.03.01-ний өдрийн 1/72 дугаар албан бичиг, ажлын даалгавар, Т ХХК-ийн Хаанбанкны дансны хуулгууд, 2018.10.06, 2019.09.12, 2021.04.02-ны өдрийн Зээлийн гэрээнүүд, Т ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Голомтбанкны дансны хуулга, Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт 36 хуудас, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2021.04.23-ны өдрийн А/57дугаар тушаал, түүний хавсралт, 2020.07.08-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, тооцооны үлдэгдэлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалтууд 26 хуудас, зээлийн гэрээний мэдээлэл, Т ХХК-ийн Голомтбанк, Хаанбанкны зээлийн дансны хуулга, Т ХХК-ийн 2019.12.16-ны өдрийн 249 дугаар албан бичиг, Томобюлдинг ХХК-ийн 2019.08.21-ний өдрийн 182 дугаар, 2019.12.06-ны өдрийн 238 дугаар, 2020.01.29-ний өдрийн 21 дугаар, 2020.02.06-ны өдрийн 25 дугаар, 2020.04.02-ны өдрийн 75 дугаар, 2020.04.13-ны өдрийн 93 дугаар, 2020.04.21-ний өдрийн 100 дугаар, 2020.10.18-ны өдрийн 189 дугаар албан бичгүүд, Монголын татварын албаны аж ахуй нэгэж, байгууллагын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Т ХХК-ийн 2021.04.30-ны өдрийн 21/70 дугаар, 2021.05.28-ны өдрийн 21/98 дугаар, 2021.06.04-ний өдрийн 21/105 дугаар, 2021.05.14-ний өдрийн 21/83 дугаар, 2021.04.26-ны өприйн 21/65 дугаар, 2021.06.30-ны өдрийн 21/125 дугаар, 2021.07.29-ний өдрийн 21/139 дугаар, 2021.08.23-ны өдрийн 21/151 дугаар, 2021.09.15-ны өдрийн 21/165 дугаар албан бичгүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021.12.30-ны өдрийн гэрээний төлбөрийн талаарх санал, дүгнэлт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022.10.03-ны өдрийн х/1044 дугаар албан бичиг, түүний хавсралт, 2023.04.03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.04.27-ны өдрийн х/322 дугаар албан бичиг, түүний хавсралт, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023.07.17-ны өдрийн А-1/3068 дугаар албан бичиг, түүний хавсралт, гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч  нарт холбогдуулан концессийн гэрээний дагуу 7,479,860,901 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч  нарыг концессын гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтийг олгоогүйн улмаас зээлүүдийн хүүнд төлсөн 2,112,875,833.33 төгрөгийн хохирол, нэмэлт ажлын зардлыг зээлээр санхүүжүүлсэний зээлийн хүү болох 4,330,861,254.39 төгрөгийн хохирол, гэрээний алданги 373,563,088 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанаас илүү мөнгө барьцаалсны зөрүү 662,560,725 төгрөг нийт 7,479,860,901,12 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Т ХХК нь М-тай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТВ-2017-008 дугаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн Барих-Шилжүүлэх(ВТ) концессын гэрээ-г байгуулж, тус гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ТВ2017-08-01 тоот, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ТВ2017-08-02 тоот, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ТВ2017-08-03 тоот, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ТВ2017-08-04 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ТВ2017-08-05 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өөрчлөлт оруулжээ. /хавтаст хэргийн 9-28 хуудас/

 

Дээрхи гэрээнүүдийн дагуу Т ХХК нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийг 40 capын хугацаанд нийт 38,778,755,032 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж, улсын комисст 2020.07.08-ны өдөр хүлээлгэн өгсөн, гэрээг М-г төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар байгуулсан, Үндэсний хөгжлийн газрын эрх, үүрэг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн талаар зохигч маргаагүй. /5-р хавтаст хэргийн 19-21 хуудас/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2. Нэхэмжлэлийн Нэгдүгээр хэсэг болох зээлүүдийн хүүнд төлсөн 2,112,875,833.33 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Концессын гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтийг олгоогүй гэх үндэслэлээр уг шаардлагыг гаргасан, хариуцагч коронавируст цар тахлын улмаас санхүүжилтийг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн, Концессын гэрээний 6.1, 6.1.3, 6.1.7-т заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

2.1. Концессын гэрээний 2.12-т 18,007,220,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар улиралд, 7,717,380,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд төлөхөөр төлбөрийн дүн, төлбөр гүйцэтгэх огноог талууд тохиролцсон байна. /1-р хх-14х/,

Хариуцагч гэрээгээр 2020 оны 2 дугаар улиралд 18,007,220,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч 2020.05.05-ны өдөр 8,000,000,000 төгрөгийг төлж, үлдэх 10,007,220,000 төгрөгийг 2021.05.20-ны өдөр 8,000,000,000 төгрөг, 2021.06.15-ны өдөр 2,007,220,000 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-14, 119 ар тал, 2-р хх-90, 92 хуудас/

 

2.2. Концессын гэрээний 2.12-т төлбөрийг 1 жилийн зайтай 2 хуваан, улирлаар төлөхөөр тохиролцсон тул эхний төлбөрийг барилгыг барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төлөх ёстой гэх хариуцагчийн тайлбар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан захиалагчийн гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүрэгт нийцэхгүй байна. Тодруулбал, эхний төлбөр төлөлт нь ажлын явцын төлбөр тул барилгыг барьж дуусган хүлээлгэн өгсний дараа төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч нар уг гэрээний санхүүжилтыг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэрээний зүйл болох 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд Монгол улсад коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоогоогүй байснаас гадна, уг барилгыг яаралтай ашиглалтад оруулахаар ажиллаж байсан тул хариуцагчийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг Хөгжлийн яам нар нь төлбөр 10,007,220,000 төгрөгийг 2020.06.30-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

 

2.3. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу Томобюлдинг ХХК нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

Талууд концессын гэрээ байгуулахдаа ажлыг банкны зээлийн санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр тохиролцож ажлын хөлсөнд банкны хүүг оруулан тооцсон болох нь Концессын гэрээний 2.13, 2.5 дахь заалт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн Концессын гэрээ 8.2-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд ...алданги, холбогдох хохирол, зардлыг Концесс эзэмшигчид төлнө гэж заажээ.

 

Хариуцагч  нар нь төлбөр 10,007,220,000 төгрөгийг 2020.06.30-ны өдрийн дотор төлөөгүйгээс ТХХК нь ХААН банктай 2020.06.30-ны өдөр №ЗГ/202045365164 тоот Зээлийн гэрээ байгуулан 8,453,000,000 төгрөгийг, жилийн 16,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, уг зээлийн 2021.05.20-ны өдрийг хүртэлх 8,000,000,000 төгрөгийн хүүнд 1,166,400,000 төгрөг, 2021.06.15-ны өдрийг хүртэлх 453,000,000 төгрөгийн хүүнд 71,347,500 төгрөгийг тус тус төлсөн болох нь ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /5-р хх-57-58, 6-хх-48 х/

 

Т ХХК-ийн дээрхи ХААН банкны зээлийн хүүнд төлсөн 1,237,747,500 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг Хөгжлийн яам нар 10,007,220,000 төгрөгийг 2020.06.30-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч Т ХХК-иас гарсан зардал буюу хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.4. Харин Т ХХК нь Ю ХХК-тай 2018, 2019 онуудад зээлийн гэрээ байгуулсан /6-р хх-48х, 1-р хх-99-113х, 4-р хх-65-74х/ байх тул хариуцагчийн дээрхи төлбөрийг төлөх үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохиролд хамааралгүй буюу уг зөрчлийн улмаас зээлийг авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Концессын гэрээний зүйлийг зээлээр санхүүжүүлж гүйцэтгэхтэй холбоотойгоор концесс олгогч буюу захиалагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, холбогдох хохирол, зардлыг концесс эзэмшигчид бүрэн төлөхөөр гэрээгээр тохиролцсон тул концесс олгогч буюу хариуцагчаас Т ХХК-д учирсан хохирол 1,237,747,500 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Нэхэмжлэлийн Нэгдүгээр хэсгийн шаардлагаас 1,237,747,500 төгрөгийг хангаж, үлдэх 875,128,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

3. Нэхэмжлэлийн Хоёрдугаарт хэсгийн нэмэлт ажлын зардлыг зээлээр санхүүжүүлсэний зээлийн хүү болох 4,330,861,254.39 төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч Т ХХК нь захиалагч байгууллагын хүсэлтээр бусдаас зээлж авч, концессын гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг жагсаалтын дагуу 2019 оноос гүйцэтгэж, нэмэлт ажлын гэрээнд зээлийн хүү болох 4,330,861,254 төгрөгийг тусгахаар амаар тохиролцож байсан гэх үндэслэлээр уг шаардлагыг гаргасан. Хариуцагч нар Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүү төлөхөөр тохиролцоогүй гэж маргаж байна.

 

3.1. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ТВ2017-08-05 тоот Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл-ийн концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэмэлт ажлын санхүүжилт 13,054,155,032 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд олгохоор тохиролцжээ. /1-р хх-28х/

 

Нэхэмжлэгч Т ХХК нь нэмэлт ажлын магадлалаар баталгаажсан дүн болох 13,054,155,032 төгрөгийн санхүүжилтийг зээлийн хүү болох 4,071,154,718 төгрөгийн хамт шийдвэрлүүлэх хүсэлтийг захиалагч байгууллагуудад гаргаж байсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл-ийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан 13,054,155,032 төгрөгийн санхүүжилтийн дүнг концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан тусгах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Т ХХК-ийн нэмэлт ажлын зардал 13,054,155,032 төгрөгийг зээлээр санхүүжүүлэхтэй холбоотойгоор зээлийн хүү болох 4,071,154,718 төгрөгийг нэмэлт ажлын зардалд тооцож, санхүүжилтэд тусгуулах асуудлыг хэлэлцсэн боловч зээлийн хүү болох 4,071,154,718 төгрөгийг хасч, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. /5-р хх-155-204х/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч Т ХХК-ийн 2020.08.24-ны өдрийн 262 дугаар албан бичгээр Засгийн газрын тогтоолын дагуу нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан төсөвт өртөг болох 13,054,155,032 төгрөгийн санхүүжилтийн дүнгээр концессын гэрээнд нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулан баталгаажуулах хүсэлтийг Үндэсний хөгжлийн газарт гаргаж, үүний дагуу талууд концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байна.

 

Концессын тухай хуулийн 4.1.2-т Барих-шилжүүлэх-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заасны дагуу концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэмэлт ажлын санхүүжилтыг ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан 13,054,155,032 төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлсөн гэх 4,071,154,718 төгрөг нь хариуцагч нарын гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэмэлт ажлыг 13,054,155,032 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон тул хариуцагч нарыг нэхэмжлэгчид зээлийн хүү болох 4,071,154,718 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэлийн Гуравдугаарт хэсгийн гэрээний алданги 373,563,088 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Концессын гэрээ 8.2-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.12-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-ийн алданги, холбогдох хохирол, зардлыг Концесс эзэмшигчид төлнө гэж заажээ.

Талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр анзын гэрээг байгуулжээ.

 

4.1. Концессын гэрээний 2.12-т 18,007,220,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар улиралд, 7,717,380,000 төгрөг болон нэмэлт ажлын зардал 13,054,155,032 төгрөгийг 2021 оны 2 дугаар улиралд төлөхөөр төлбөрийн дүн, төлбөр гүйцэтгэх огноог талууд тохиролцсон байна. /1-р хх-14х/,

Хариуцагч тал 2020.05.05-ны өдөр 8,000,000,000 төгрөг, 2021.05.20-ны өдөр 8,000,000,000 төгрөг, 2021.06.15-ны өдөр 4,000,000,000 төгрөг, 2021.07.09-ны өдөр 7,974,218,793 төгрөг, 2021.08.02-н өдөр 7,948,974,952.75 төгрөг, 2021.08.24-ны өдөр 264,062,809 төгрөгийг тус тус төлсөн байна. /1-р хх-14, 119 ар тал, 2-р хх-90, 92, 95, 97, 100 хуудас/

Концессын гэрээний 2.12-т төлбөрийг улирлаар төлөхөөр тохиролцсон байх бөгөөд төлбөрийг барилгыг барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төлөх ёстой гэж хариуцагч тайлбарлаж байна.

Концессын зүйл болох Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган улсын комисст 2020.07.08-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талууд төлбөр төлөх хугацааг гэрээгээр тохиролцсон, төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу төлбөрийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

4.2. Хариуцагч нар уг гэрээний санхүүжилтыг тодорхой хувиар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэрээний зүйл болох 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд Монгол улсад коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоогоогүй байснаас гадна, уг барилгыг яаралтай ашиглалтад оруулахаар ажиллаж байсан тул хариуцагчийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх тайлбар үндэслэлгүй юм.

4.3. Алдангийг тооцоолбол: 10,007,220,000 х 0,01% = 1,000722 х 319 хоног = 319,230,318 төгрөг, 2,007,220,000 х 0,01% = 200,722 төгрөг х 26 хоног = 2,218,722 төгрөг, 18,778,755,032 х 0,01% = 1,877,875.5 төгрөг х 9 хоног = 16,900,879.5 төгрөг, 10,804,536,239 х 0,01% = 1,080,453.6 төгрөг х 24 хоног = 25,930,886.9 төгрөг, 2,855,561,286.25 х 0,01% = 285,556.1 төгрөг х 22 хоног =6,282,232 төгрөг,

Нийт 373,563,088.4 төгрөг.

 

Иймд хариуцагчаас гэрээний алданги 373,563,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэлийн Дөрөвдүгээрт хэсгийн гүйцэтгэлийн баталгаанаас илүү мөнгө барьцаалсны зөрүү 662,560,725 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Концессын гэрээний 2.8-д баталагаат хугацаанд үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5 хувийг төлбөрөөс суутан авч барьцаалахаар заажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь гүйцэтгэлийн баталгааны барьцаа 1,939,437,751.6 төгрөг байхад нийт 2,601,498,477.25 төгрөгийг суутгасан гэх үндэслэлээр уг шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч тал илүү мөнгө суутгаагүй, 488,914,016 төгрөгийг захиалагчийн хяналтын зардалд, 113,376,356 төгрөгийг аудитын дүгнэлтийн дагуу дутуу хийгдсэн ажлын зардалд суутган авч, шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Т ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21/151 дугаар албан бичгээр ...төслийн санхүүжилтээс захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага болох Барилгын хөгжлийн төвд шилжүүлэх зохиогчийн албаны зардал болон зохиогчийн хяналтын зардал нийт 488,911,016 төгрөгийг суутгахыг Худалдан авах ажиллагааны газарт зөвшөөрчээ. /6-р хх-39х/

Мөн Т ХХК-ийн 2021.04.30-ны өдрийн 21/70 тоот, 2021.05.28-ны өдрийн 21/98 тоот, 2021.06.04-ны өдрийн 21/105 тоот албан бичгүүдээр ...Үндэсний аудитын газраас шалгасан аудитын дүгнэлтийн 3 дугаар зүйл, Хавсралт 1-т заасан дутуу ажлын төлбөр 113,376,356 төгрөгийг суутгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт зөвшөөрчээ. /6-р хх-29-32х/

Т ХХК-ийн 2021.12.24-ны өдрийн 21/227 тоот албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021.12.30-ны өдрийн ...гэрээний төлбөрийн талаарх санал, дүгнэлтийг үндэслээд Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-д 113,376,356 төгрөгийн санхүүжилтийг олгожээ. /6-р хх-10-16, 56-58х/

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүх хуралдаанд гүйцэтгэлийн баталгааны талаар тооцооллын алдаа гаргасан байсан гэх үндэслэлээр илүү мөнгө барьцаалсны зөрүү 662,560,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжээгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Т ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТВ-2017-008 дугаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төслийн Барих-Шилжүүлэх(ВТ) концессын гэрээ-ний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам нарыг тодорхойлсон бөгөөд уг гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хамааруулж, уг чиг үүргийг 2022.01.01-ний өдрөөс эхлэн Шадар сайдын харьяа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эдийн засаг хөгжлийн яаманд шилжүүлсэн байна.

Иймд дээрхи концессын гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг чиг үүргийн хүрээнд Эдийн засаг хөгжлийн яам хариуцах үндэслэлтэй байх тул Т ХХК-ийн М-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ. /1-р хх-199-201х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Э-с 1,611,310,588 /нэг тэрбум зургаан зуун арван нэгэн сая гурван зуун арван мянга таван зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,868,550,313.12 төгрөгийн болон, М-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,557,260 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас 8,214,503 /найман сая хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун гурван/ төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА