| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0639/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 17
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Т.Солонго,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /¹0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-ийн Б-д холбогдох 1711009700186 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн ТҮК-д ачигч ажилтай, ам бүл 5 эхнэр 2-9 насны 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамж 26-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 80 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б-ийн Б /РД- ЧБ87121873/
Холбогдсон хэргийн талаар: Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуурын” 23-21-2 тоотод оршин суух хохирогч О.Батчимэгийн гэрт нэвтрэн орж бэлэн 365.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... гэрт нь ороход Дүүрэнбаяр гэрийнхээ баруун талын орон дээр согтуу унтаж байсан. Би гэрт нь ороод гутлын улавчин доогуур хийсэн мөнгийг нь аваад буцаад гарахад урд талын айлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирсэн. Намайг нэг эмэгтэй нь барьж аваад та нар хүний мөнгө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа мөнгийг мэдэж байна гэж хэлээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
хохирогч О.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17-н автобусны буудлын замын эсрэг талд байх Сод монгол ШТС дээр ажил дээрээ хоносон. Тэгэхэд манай гэрт дүү Дүүрэнбаяр архи уугаад тасраад ганцаараа унтаж байхад гэрт нь хүн орж зүүн талд байсан гудас дор байсан бэлэн 365.000 төгрөгийг аваад гарсан байсан. Энэ талаар манай хашаанд байдаг нэрийг нь мэдэхгүй эгч манай гэрийн хаалга дуугарахаар нь гараад харахад гэрээс хүн гараад явж байсан гэсэн. Түүнийг барьж авахад зугтаагаад явсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,
гэрч Ш.Сампилноровын мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 11 цаг болж байхад би гэртээ ирсэн чинь манай хашаанд түрээсээр амьдардаг Батчимэгийн Монгол гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэрийн үүдээр нь харсан чинь Дүүрэнбаяр гэх дүү нь согтуу унтаж байсан. Тэгээд гэртээ ороод байж байтал Дүүрэнбаяр орж ирээд утсаа өгөөч найз руугаа залгамаар байна миний мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Дүүрэнбаяр хэлэхдээ гудсан дор байсан мөнгө байхгүй болчихсон байна гэсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь хашааны гаднаас Дүүрнээ гээд дуудаад байхаар нь хаалга онгойлгосон чинь хамт ажилладаг гээд 2 залуу орж ирсэн. Дүүрэнбаярыг согтуу байна гэж хэлсэн. Тэгээд байж байгаад гэрээсээ гарсан чинь хашааны гадна талд Дүүрэнбаярыг дуудаад байсан залуугийн нэг нь байсан. Би тэр залууг бариад авсан чинь надтай ноцолдоод байсан. 2017 оны 10 сарын 11-ний өдөр Батчимэг, Дүүрэнбаяр 2 нөгөө залуугаа дагуулаад ороод ирсэн. Тэгсэн чинь гэрээс нь хулгай хийсэн гэх залуу би буудалд ороод мөнгөө сэгсрүүлсэн гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
гэрч О.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би барилгын шаврын ажил хийгээд ажлын хөлс 240.000 төгрөг аваад ... гэрт байсан мөнгөтэйгээ нийлүүлээд 420.000 төгрөг болсон. ... тэгээд манай гэрт 350.000 төгрөг үлдсэн. Би мөнгөө өөрийнхөө унтдаг орны гудсан доогуур хийсэн байсан. Өмнөх өдөр нь би гэртээ Баасанцэрэнг эхнэртэй нь хамт оруулж ирээд мөнгөө гудсан доороос авч өгсөн, тэгэхэд харсан юм шиг байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
гэрч Д.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... утас дуугарахаар нь авахад О.Дүүрэнбаяр яриад "миний мөнгө байхгүй байна. Бааска аваад явчихсан юм шиг байна мөнгө аваад ир" гэсэн тэгээд би яг одоо очих гэж байна хүлээж бай гэж хэлчихээд тасалсан. Тэгээд би Намсрай болон нөхрийн хамтаар такси бариад Дүүрэнбаярын гэрийн гадаа ирсэн. Тэгээд нөхөртөө яг одоо мөнгийг нь гаргаж өгчихөөд араас хүрээд ир, би гэртээ очоод байж байя гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
яллагдагч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... гэрт нь ороход Дүүрэнбаяр гэрийнхээ баруун талын орон дээр согтуу унтаж байсан. Би гэрт нь ороод гутлын улавчин доогуур хийсэн мөнгийг нь аваад буцаад гарахад урд талын айлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирсэн. Намайг нэг эмэгтэй нь барьж аваад та нар хүний мөнгө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа мөнгийг мэдэж байна гэж хэлээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Б.Бг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Батчимэг нь хавтас хэрэгтэй танилцахдаа /хх-ийн 52х/ “...хохиролоо барагдуулсан учир гомдолгүй байна.” гэсэн байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг доод хэм жээгээр нь тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овогт Б-ийн Б-г нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Н овогт Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Б.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ