| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/057/3 |
| Дугаар | 128/шш2024/0726 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/шш2024/0726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Э******* д******* и******* т*******” НҮТББ,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******,
Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 012******* дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.А*******, хариуцагч Ц.Р*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Э******* д******* и******* т*******” НҮТББ-аас, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******д холбогдуулан, “...улсын байцаагч Ц.Р*******ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 012******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан" гэх зөрчил үйлдсэн гэсэн ба дараах шинжийг агуулна. Тус зөрчил бол ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан гэсэн байх ба энэ нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байхыг ойлгохоор байна.
Гэтэл бидний гаргасан тайлбар, бодит нөхцөл нь үлэмж маргаантай юм. Учир нь уг гомдлыг гаргагч, манай байгууллагад гүйцэтгэх захирал албан тушаалтай М.Н******* нь 2023 оны 6, 8 саруудад төрийн бус байгууллагын орлогоос үндэслэлгүйгээр их хэмжээний ашгийг өөртөө цалин гэж шилжүүлэн авсан. Энэ нь нийт 9,000,000 (есөн сая) гаруй төгрөг болж байгаа бөгөөд үүнтэй холбоотой баримтыг бид зөрчил шалган шийдвэрлэж байгааг эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан. Бидний тооцоогоор М.Н******* нь 1.200.000 төгрөгийн цалинтай ба тухайн сард авах ёстой байсан цалин нь 2.400.000 төгрөг. Түүний өөртөө үндэслэлгүй шилжүүлэн авсан 9.000.000 төгрөгөөс суутган тооцвол М.Н******* нь 6.600.000 төгрөг илүү шилжүүлэн авсан болох нь тогтоогдоно. Энэ нь дариу түүний нэхээд байгаа хугацааны цалингаас их хэмжээний төгрөг юм. Чухам энэхүү мөнгөн хөрөнгийг хэрхсэн тухай тайлан мэдээллийг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд өгч байгаагүй ба ийнхүү илүү авсан цалинг оруулан тооцох эсэх асуудлаар шийдээгүй, маргаантай байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж үзэж байгаад гомдолтой байна.
Мөн М.Н******* нь гүйцэтгэх захирал албан тушаалтай гэдгийг хөдөлмөрийн цалин хөлс хугацаандаа олгогдоогүй гэх энэ асуудалд эрх бүхий албан тушаалтан зайлшгүй харгалзан үзэхээр байхад эрх бүхий албан тушаалтан н.Р******* үүнийг эс үйлдэн "хөдөлмөрийн хөлс олгоогүй л бол энэ нь зөрчил гэсэн өгүүлбэрээр хариулж" сайтар хяналгүй эс үйлдэл хийж байгаа тул гомдолтой байна. Учир нь төрийн бус байгууллагын хувьд гүйцэтгэх захирал нь төсвөө бүрдүүлж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэгч мөн банк санхүүгийн байгууллагад төрийн бус байгууллагыг төлөөлдөг эрх бүхий албан тушаалтан юм. Ийнхүү гүйцэтгэх захирлын эрх, үүргийнхээ дагуу байгууллагын үйл ажиллагаанд гарсан асуудлуудыг шийдэж цалингаа бий болгох бүхий л боломж Н*******д байгаа гэдгийг эрх бүхий албан тушаалтанд тодорхой тайлбарласан ч өмнөхтэйгөө адил нэг л хариултаар "хөдөлмөрийн хөлсийг олгоогүй байгаа нь зөрчил байдаг" гэж хариулж манай төрийн бус байгууллагад зөрчлийн хэрэг нээсэн.
Манай байгууллагын цахим данс, гүйлгээ хийх эрх, нууц үг нь М.Н*******д бүрэн байгаа. Тэрээр цалингаа өөрөө тавих, нийгмийн даатгалын тайлан, шимтгэлийг цахимаар илгээж, шилжүүлэх бүрэн боломжийг УЗ-өөс бүрдүүлсэн байдаг. Харин ч М.Н******* нь цалинг тавих эрхтэй, банкны гүйлгээ хийх эрх бүхий цорын ганц этгээд нь өөрөө юм. Одоо байгууллагын дансанд ямар хэмжээний үлдэгдэл мөнгө байгаа болон үүнээс цалин олгох, ажилтны нийгмийн даатгал төлөх үлдэгдэл байгаа эсэхийг ч мэдэх, шилжүүлэг хийх банкны дансны эрх мэдэл үүсгэн байгуулагч, УЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* надад байхгүй. Энэ талаар мөн л байцаагч н.Р*******д-д байцаалт өгөхдөө ярьсан. Хэрэв Б******* миний бие байгууллагын данс уруу ямар нэг аргаар нэвтрэх болон шилжүүлэг хийвэл энэ нь хууль зөрчсөн, ТББ-ийн дүрэмд нийцэхгүй үйлдэл болно.
Байцаагч н.Р*******ын заавал харгалзан үзэх ёстой чухал зүйл бол ажил хийсэн цалин хөлс олгоогүй гэх гомдол гаргасан М. Н******* нь өөрийн сайн дураар манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдаж хариуцан ажиллах гүйцэтгэх захирал нь болох хүсэлтийг гаргаж, УЗ-өөс дэмжлэг авч гүйцэтгэх захирал болоод 1 жил гаруй болсон явдал юм. Энэ хугацаанд цалин олгох, нийгмийн даатгалын тайлан гаргах, шимтгэл төлөх холбогдох бүх ажлууд урьдын жилүүдийн адил цахимаар ямар ч саадгүй явагдаж ирсэн. М.Н******* нь ТББ-ын санхүүжилт, үйл ажиллагаа болон хандивлагч, хамтрагчидтай хийдэг харилцаа холбоог бусдаас илүү сайн хийж чадна хэмээн өөрийн амаар ажилчдын дунд хэлж ярьдаг байсан бөгөөд УЗ-өөс энэхүү хүсэл зоригийг нь харгалзан үзээд шийдвэр гарган М.Н******* нь гүйцэтгэх захирлаар өөрийн сайн дураараа томилогдож байсан. Тус томилгоог хийсэн УЗ-ын хурал дээр "Би ТББ-ын уйл ажиллагааг тогтвортой явуулна" гэж М. Н******* нь өөрөө хэлж байсан.
Энэ үйл явдлууд бүгд гэрчтэй болсон. Гэвч одоо үүсээд байгаа нөхцөл байдалд манай байгууллага ТББ М.Н*******ын засаж залруулаагүй алдаа зөрчлөөс болж хандивлагчгүй болж, цалин тавих нь байтугай ямар ч үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, төсөвгүй нөхцөл байдал үүсгэсэн нь үйл ажиллагааг тогтворгүй, зогсонги болгосон байгаа.
Түүнчлэн гүйцэтгэх захирал болох М.Н******* нь УЗ-д 2023 оны үйл ажиллагааны тайлан тавиагүй, мөн 2024 оны төсвийг танилцуулж батлуулаагүй. Энэ нь ямар нөхцөл байдлыг үүсгээд байна гэхээр манай байгууллага 2024 онд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө огт байхгүй байгаа гэж дүгнэгдэж байна. Үүн дээр нэмээд М. Н******* нь "Э******* д******* и******* т*******” ашгийн бус ТББ-ыг хувьдаа бизнес ажиллуулдаг шиг аргаар өөртөө хэт давуу эрх олгож, байгууллагаар дамжин орсон орлогоос өөртөө өндөр хувиар цалинжсан байгаа нь байгууллагыг ямар ч санхүүгийн эрсдэл хүлээх боломж нөөцгүй болгон хохироож орхисон байна. Энэ нь ТББ-ын гүйцэтгэх захирал албан тушаалаа өөртөө ашигласан, ёс зүйн доголдолтой үйлдэл юм. Энэ хэргийг М.Н*******ын нийгмийн даатгал төлсөн баримтаас эрх бүхий албан тушаалтан харах боломжтой байгаа. Ийм байдлаар М.Н******* нь давтан байгууллагын нэрээр мөнгө завших үйлдэл гаргасан нь саяхан нэмж тодорхой болсон. Тодруулбал байгууллагын нэр нөлөөгөөр Англи хэлний сургалт явуулсан атлаа сургалтын төлбөр болох мөнгийг байгууллагын дансаар биш өөрийн хувын дансаараа авч, эргэж байгууллагын дансанд огт хийгээгүй өөртөө авсан гэх асуудал юм. Энэ явдлыг гэрчлэх хүн ч бий.
Манай ТББ нь хандивлагчдын санхүүжилтээр ихэнх төсвөө бүрдүүлж ирсэн. Харин М.Н******* манай байгууллагад удаан хугацаанд үндсэн хандивлагч байсан иргэнээс удаа дараа цалин нэмэгдүүлэхийг шаардаж олон асуудал гаргаж уг алдаануудаас болж ТББ-д байнга хандивлаж байсан санхүү бүрэн зогссон нь ТББ-ын гүйцэтгэх захирлын ажлын эрх үүргийн ялгаа заагийг алдуулж, ажил албаны үүргээ хувийн ашиг сонирхлоор эс үйлдсэнээс болсон байна. ТББ-ын хандив 0 зогсолттой болсон мөн өөрийн албан тушаалаа давуулан ашиглаж өртөө ногдуулсан цалин хөлс нь байгууллагын дансыг ямар ч эрсдэл хаах мөнгөгүй болгосон олон алдаа, зөрчил гаргасан байна. Улмаар М.Н******* чухам яагаад цалингаа авч чадахгүй болоод байгаа бодит нөхцөл байдлыг илрүүлж тогтоохгүйгээр манай байгууллагад шийтгэл ноогдуулаад байгаад гомдолтой Байна. Өөрөөр хэлбэл манай байгууллагын санхүү дүрэмд заагдсан санхүүгийн эх үүсвэрээр л бүрэлддэг. Чухам байгууллагын дансанд хандив, үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Хэрэв ийнхүү мөнгө байгаад Н******* цалингаа авч чадахгүй байгаа бол түүнд өөртөө цалин өмнө нь дур мэдэн авч байсан шигээ авах бүрэн боломж нь одоо ч байгаа. Хэрэв байгууллагын дансанд мөнгө байхгүй бол энэ ч мөн хүндэтгэн үзэх шалтгаан болно.
Гэтэл эдгээр нөхцөлийг тооцолгүйгээр прокурор, эрх бүхий албан тушаалтан энэ гомдлыг хангалттай хянаж шалгаагүйгээр барахгүй манай ТББ-д зөрчлийн торгууль төлөх шийтгэл оногдуулсанд тун их гомдолтой байна. Манай ТББ нь ашиг олдоггүй, дээрээс нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н*******ын дээр дурдсан үйлдлүүдээс болж ТББ-ын үйл ажиллагаа нь доголдон одоо бүрэн зогсчихсон байдалтай, санхүү мөнгөгүй байгааг харгалзаж үзээгүй тул манайд үүссэн бүх байдлыг холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авч тэдгээрийн үндсэн дээр харгалзан үзэж зөв шийдвэрлэж болохоор байна.
Улмаар энэхүү үндэслэлгүй захиргааны актаар манай байгууллага 5 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, мөн М.Н******* өмнө өөрт үндэслэлгүйгээр нэмж олгосон цалинг суутгалгүй, харилцан тооцоо нийлэлгүйгээр дахин нэмж цалин төлөх үүрэг үүсгэж байгаа нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Иймээс бодит нөхцөл байдал, хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийтгэл ноогдуулсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц. Р*******ын 2024 оны 05 сарын 30 ны өдрийн №012******* шийтгэх хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтандаа цалин хөлсийг нь цаг тухайд нь олгож байх үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-ын бүтцийг харвал ажилтны цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил үйлдсэн байна гэж үзэж хариуцлага тооцоод байгаа юм. Тухайн хэрэг маргаанд гомдол гаргагч өөрийнхөө байр суурийг тайлбарлаад оролцдог.
Мөн тухайн байгууллагыг хэн эзэмшээд байгаа талаар лавлагааг тухайн банкнаас нь гаргуулчих, манай зүгээс саатуулсан зүйл байхгүй, удирдах зөвлөлөөс хэн нь ч санхүү зарцуулах талаарх эрх эдэлдэггүй, өдийг хүртэл гүйцэтгэх захирал цалингаа өөртөө олгоод явж байсан. Байгууллагын банкны дансны хуулгыг нь харчих, дансанд нь мөнгө байгаа эсэхийг бид нар мэдэхгүй, байвал энэ дээр тодорхой зүйлс харагдана гэж тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харвал М.Н******* нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг цалин гэх утгатайгаар өөрийнхөө дансанд авсан үйл баримтууд байгаа. Энэ мөнгийг ямар үндэслэлээр авсныгаа тайлбарлаж байгаагүй, удирдах зөвлөлдөө танилцуулж байгаагүй. 9 сая төгрөг ямар ч үндэслэлгүйгээр байгууллагын данснаас гарснаар гомдол гаргагч компанийн үйл ажиллагаа доголдсон байхыг үгүйсгэхгүй. Бид нар дансны мэдээллийг авч харж чадахгүй байгаа учир та аваад харчих аа, өдийг хүртэл өөрийнхөө цалинг өөртөө олгоод явж байсан хүн гэнэт хууль хяналтын байгууллагад хандаад байгаа нь өөр тодорхой үндэслэлтэй байгаа байх гэсэн энэ мэдүүлгүүдийг өгсөн.
Тухайн байгууллагад М.Н*******ын учруулсан хохирол их байна. Ирээдүй, хойч үедээ, ялангуяа төлбөрийн боломжгүй хүүхдүүдэд программ хангамж, хэлний боловсролыг олгоно. Ингэснээрээ нийгмийн тэгш бус байдал тодорхой байдлаар арилж энэ хүүхдүүдийн амьдрал тодорхой хэмжээнд сайжрах байсан. Үүнд зарцуулагдах ёстой байсан мөнгийг хандив, тусламжаар л авдаг.
Америкийн нэгдсэн улсын иргэн сайн дурын үндсэн дээр 6 сая төгрөгийн хандивлаад явж байсан. Гэтэл М.Н******* нь миний цалин бага байна, миний цалинг нэмж өгнө үү, таны өгөөд байгаа 6 сая төгрөг үйл ажиллагаагаа эрхлэхэд багадаад байна, ялангуяа миний цалин бага байна тиймээс та өгч байгаа хандиваа нэмэх хэрэгтэй байна гэсэн харилцаа явсны үндсэн дээр хандив өгөгч байгууллага манай байгууллагад итгэх итгэл нь сулраад хандив өгөхөө зогсоосон. Ингэснээр ажилчдадаа цалин өгөх мөнгө байхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор М.Н******* гомдол гаргасан үйл баримт байна. Улсын байцаагч эхлээд үүрэг байна уу, хугацаанд саад учирсан байна уу, үйл баримтад хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байсан. Тухайн хуулиар зөрчил оногдуулах санкц нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх агуулгыг агуулдаг. Гэтэл байцаагч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Данс шалгаад өгөөч ээ, одоог хүртэл манай дансыг М.Н******* эзэмшиж байгаа, тиймээс шалгаж харах боломжгүй байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхээс нотлох баримт цуглуулахад дансанд үлдэгдэл байхгүй, цалин тавихад хүрэлцээгүй байсан. Уг нөхцөл байдлыг М.Н******* өөрөө бий болгосон, өөрөө, өөртөө үндэслэлгүйгээр цалин нэмсэн. Энийг зөрчил шалган шийдвэрлэхэд тайлбарлаж байсан, гэтэл энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Хэрвээ эрх бүхий албан тушаалтан бодит нөхцөл байдал, манайхаас гаргасан хүсэлтийг үндэслэж дансыг шалгасан бол хүндэтгэн үзэх шалтгаантайгаар энэхүү цалинг олгохгүй байгаа гэдэг тогтоогдоно.
Хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг харвал хүндэтгэн үзэх шалтгааныг юу гэж үзэж, яагаад хүндэтгэн үзэх шалтгаагүй гэж үзэж байгаа талаараа тайлбар өгдөггүй. Үндэслэл болгоод байгаа хуулийн тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол төлбөр мөнгө ногдуулах, хохирол гээд олгогдох байсан 4 сая 500 мянган төгрөгийг гаргуулах ийм зөрчлийн шийтгэл ногдуулах байсан. Гэтэл хариуцагч энэ бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй байна. Энэ маргаан нь цалин хөлсийг яагаад өгөөгүй биш М.Н******* нь яагаад 9 сая төгрөгийг авсан талаар яригдах ёстой. Гэтэл энэ талаар яригдаагүй. Энэ талаар иргэний хэргийн шүүхээр маргаж байгаа” гэв.
4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Н*******аас "Э******* д******* и******* т*******” ТББ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин хөлсийг олгохгүй байна гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, хуулийн хугацаанд 240600 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээн шалгаж, 012******* шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хэргийг хяналтын прокурорт шилжүүлж ажилласан.
Тус гомдолтой холбогдуулан процесс ажиллагааны дагуу гомдол гаргагч түүний өмгөөлөгч, холбогдогч түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс биечлэн авсан тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын шалгах явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно.
1.Гомдол гаргагч М.Н*******ыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус ТББ- ын Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон Удирдах зөвлөлийн тогтоол байгаа боловч ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй, албан ёсоор мэдэгдэж баталгаажуулсан зүйл байхгүй, Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэг, 43.2.10 дахь хэсгийг;
2.Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсгийг;
3. Цалин хөлсийг олгоогүй, Хөдөлмөрийн тухай хуульд залсан цалин хөлс олгох талаарх холбогдох зохицуулалтуудыг дагаж мөрдөөгүй;
4. Нийгмийн даатгалын төлөлт тасалдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь хэсэг, 43.2.7 хэсгийг;
5. Ажлаас чөлөөлөгдөх тухай хууль бус шаардлага тавьсан, ажилтны асуудлыг нэн даруй шийдвэрлэж холбогдох тушаал шийдвэрийг гардуулж өгөөгүйгээс М.Н*******ын нийгмийн байдал дордсон /Гомдол гаргах үедээ төрөх дөхсөн жирэмсэн байсан/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлж холбогдогч "Э******* д******* и******* т*******" ТББ-ын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд холбогдох шийтгэлийг оногдуулж ажилласан болно. ... М.Н*******тай холбоотой ёс зүйн асуудал болон өр авлагын асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх байх..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 012******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохирол нөхөн төлбөр 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэжээ.
2. Гомдол гаргагчаас “байгууллагын данснаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө өөртөө цалин гэж шилжүүлж авсан, цалин тавих, гүйлгээ хийх эрхтэй цор ганц этгээд нь М.Н******* өөрөө” гэж, хариуцагчаас “цалин олгоогүй нь хууль бус, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
3. Гомдол гаргагч “Э******* д******* и******* т*******” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/1 дүгээр тогтоолоор М.Н*******ыг гүйцэтгэх захирлаар томилж, ингэхдээ түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн өнөөдрийг хүртэл түүнийг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргаагүй, ажил хүлээлцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажилтан дараах үндсэн эрхтэй” гээд 42.1.3-д “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй” гээд 43.2.1-д “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх” гэж тус тус заажээ.
4. Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
5. Учир нь гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй байх бөгөөд ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан гэх боловч энэ нь цалин олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
6. Харин ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас тухайн байгууллагад хохирол учирсан гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд түүний буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тохиолдолд хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан “Э******* д******* и******* т*******” НҮТББ-ийн гомдолтой Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******д холбогдох Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р*******ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 012******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ