Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/531

 

           

 

 

    2023               5             18                                   2023/ДШМ/531

Г.Год холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208025230232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

***************** овгийн Г.Г, ****** оны ****** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өргөгчийн оператор мэргэжилтэй, “*************” ХХК-ийн сагстай өргөгчийн оператороор ажилладаг гэх, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо **-** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00***********/;

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан;

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төв дотор Д.Дыг “зээл аваад буцаагаад өгье, түр мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 240.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Гыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт /Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан/-ыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын биечлэн эдлэх нийт 1 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Год цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдсон хэргийн тухайд миний бие хохирогч Д.Дтай харилцан тохиролцож мөнгө зээлсэн бөгөөд хохирогчийг зориудаар хууран мэхэлж, төөрөгдөл үүсгээгүй. Тухайн хүнд зээлсэн мөнгөө өгөх гэж хайгаад мөнгө олдоогүй, тохиолдлын чанартай уг гэмт хэрэгт холбогдсон. Миний хувийн байдлыг харгалзан үзэхдээ өмнө нь 1 жилийн тэнсэн харгалзах ял эдэлж байх үедээ зориудаар хууран мэхлэх гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн бөгөөд миний хохирогчийг хайн явсан тухай дурдаагүй. Миний бие өөрийн оршин суух тодорхой хаяг дээр эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. “Төвшин богд” ХХК-д өргөгчийн оператороор ажилладаг байсан. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ. Иймд надад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил тэнсэн харгалзах ялаас бүртгүүлж байсан хугацааг хасаж өгнө үү. Эсвэл Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял авсан байсан. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгож, нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд “Түвшин богд ХХК”-д оператор ажилтай. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж байдал, хохирогчид хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, сүүлд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. Хэрэв ингэж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар миний үйлчлүүлэгчийн 2 үйлдэлд оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Гын тэнсэх ялыг эдэлж байх хугацаанд бүртгүүлж байсан хяналтын хугацааны тооцоог шүүхэд гаргаж өгсөн” гэв.

            Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулгад тухайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй гэж өөрийн үйлдэл холбогдол дээр маргаж байна. Энэ талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн ярьж байсан. Учир нь, шүүгдэгч “тухайн үед надад хохирогчийг хуурах сэдэл байгаагүй, хохирогчийг хайж очсон гэдэг үйл баримтыг маань шалгаж өгсөнгүй” гэдэг. Гэтэл хохирогч “шүүгдэгч Г.Ганзоригт мөнгөө өгчихөөд тухайн газартаа 2 цагийн хугацаанд хүлээж цагдаад мэдэгдсэн. Шүүгдэгчийн гар утас руу залгасан боловч утсаа аваагүй” гэдэг. Шүүгдэгч мэдүүлэгтээ “би 3 буудлын цаадах АТМ ороход миний мөнгө орсон байсан. Би мөнгөө хохирогчид өгөлгүйгээр гэртээ харьж, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Шүүгдэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 8-ны шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч “ял нэмж нэгтгэхдээ миний бүртгүүлж байсан хугацааг эдлэх ялаас минь хасаж өгнө үү” гэсэн байна. Тэнссэн хугацааг хүчингүй болгож байгаа тохиолдолд үлдэгдэл ялыг нэмж нэгтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэр хүчингүй болгосон тохиолдолд ялыг тус тусад нь оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төв дотор Д.Дыг “зээл аваад буцаагаад өгье, түр мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 240.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Дын “...захаар ортол нэг үл таних залуу ахаа 240.000 төгрөг түр зээлээч, би зээл аваад буцаагаад өгье, өөр хүмүүсээс асуусан чинь надад итгэхгүй байна, би юу гэж худлаа ярих вэ, та надад туслаач гэхээр нь би зөвшөөрөөд шөнийн зах дотор Хаан банкны АТМ-ээс 240.000 төгрөг аваад тухайн залууд өгтөл “20-30 минутын дараа би танд буцааж өгнө” гэсэн. Тэгээд нөгөө үл таних залуу бид хоёр зах дотор байх цайны газар орж суугаад цай уугаад байж байтал нөгөө үл таних залуу “би бие засчихаад ирье” гэж хэлээд явахаар нь би “за тэг ээ, би энд цайгаа уугаад сууж байя” гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 5 минутын дараа нөгөө залуугийн араас гартал бие засах газар байхгүй, тэр хавиар хайгаад олдохгүй, алга болчихсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” /хх 14, 91/,

шүүгдэгч Г.Гын “...нэг танихгүй ахтай танилцаж, мөнгө зээлэх талаар асуухад тухайн ах надад мөнгө зээлье гэсэн юм. Тэгээд тэр ах бид хоёр Шөнийн зах руу эргэж ороод Хаан банкны АТМ-ээс надад мөнгө гаргаж өгсөн. ...цайны газарт сууж байхдаа тэр ахыг “хүлээж байгаарай, би зээлээ шалгачихаад ирье...” гэж хэлээд шөнийн зах худалдааны төв рүү орж, ... АТМ-ийг шалгаж үзэхэд зээл нь болоогүй байхаар нь Авто сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад Саппора руу явсан. Тэгээд Саппоро дээр очоод бас нэг ... АТМ орж 300.000 төгрөгийн зээлээ авчихаад явсан. ... Би шууд Саппоро руу яваад 300.000 төгрөгийн зээл авсан. Тухайн ахад хэлээд дагуулж яваагүй нь миний буруу боллоо. ...” /хх 18, 89/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-24/, Д.Дын Хаан банкны 5808055162 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 32/, “Монэкс финанс” ХХК-ийн тодорхойлолт /хх 60/, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 94/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хх 100/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гыг “залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г “... миний бие хохирогч Д.Дтай харилцан тохиролцож мөнгө зээлсэн бөгөөд хохирогчийг зориудаар хууран мэхэлж, төөрөгдөл үүсгээгүй. Тухайн хүнд зээлсэн мөнгөө өгөх гэж хайгаад мөнгө олдоогүй, тохиолдлын чанартай уг гэмт хэрэгт холбогдсон. ... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил тэнсэн харгалзах ялаас минь бүртгүүлж байсан хугацааг минь хасаж өгнө үү, эсвэл Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолыг минь тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Д.Дын “...би тухайн зоогийн газар болон шөнийн захын АТМ-ийн ойролцоо камер шүүж, нөгөө залууг хүлээж 2 цаг гаран байсан. ...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Г.Г нь хохирогч Д.Даас мөнгө авсан даруйдаа түүнийг орхин явж, улмаар хохирогч цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг олж тогтоох ажиллагаа явуулснаас үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Гын “Шөнийн зах” худалдааны төв дотор хохирогч Д.Даас “ахаа 240.000 төгрөг түр зээлээч, би зээл аваад буцаагаад өгье, өөр хүмүүсээс асуусан чинь надад итгэхгүй байна, би юу гэж худлаа ярих вэ, та надад туслаач” гэж хуурч 240.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээ болгон хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөр гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн гэмт хэрэгт нь түүнийг гэм буруутайд тооцон ял оногдуулахын зэрэгцээ өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, улмаар ялыг нэмж нэгтгэсэн үндэслэлтэй болжээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг тоолохын үр дагавар нь энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах асуудлыг шүүх шийдвэрлэх явдал бөгөөд тэнссэн шийдвэр хүчинтөгөлдөр болсноос хойш тоологдсон хугацааг хасч тооцон ялыг нэмж нэгтгэх ойлголт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон тус тус ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР