Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 32

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Хохирогч Д.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч:Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Э-т холбогдох 1712001430036 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Э  нь 2017 оны 8 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  3 багийн нутаг дэвсгэр байрлах, Шуудан, харилцаа холбооны газрын хажуу талын гэрлэн дохионы замын уулзвар дээр 14-48 УНР улсын дугаартай Тоёото королла маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д “Жолооч ногоон гэрлээр зүүн гэр тийш буюу буцаж эргэхдээ уулзвар ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэргэсэлд зам тавьж өгнө.”гэсэн заалтыг зөрчсөний улмаас урд талаас чигээрээ хөдөлгөөнд оролцож явсан жолооч Ц.Цы мотоциклыг мөргөж, улмаар мотоциклийн зорчигч Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүлэгт  мэдүүлэхдээ: 

“...Өмнөх шүүх хуралдаанаас хойш 12 сарын 05-ны өдөр толгойныхоо томографикийн зургийг авахуулсан. Одоогийн байдлаар толгойныхоо баруун чамархайнд 2.8*2.3 см гэсэн голомттой эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа.  Энэ өдрөөс хойш эмчилгээ, эм тарианы мөнгө, ирж очих зардал, мөнгийг өмнөх шүүх хуралдаан дээр Д.Э өгнө, хохирол  төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан боловч энэ хооронд миний бие Д.Этэй холбоо барих гээд залгахад утсаа авахгүй, залгаад, миний мессежийг авахгүй, авсан ч хариу бичихгүй байсан учраас би гомдолтой байна. Эмч нар хугацаа заагаад өгчихдөг болохоор хугацаандаа багтаж эмчилгээгээ хийлгэх, см багасаж уу үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргадаг болохоор энэ хооронд үзүүлж харуулахад хүндрэлтэй байдаг. 9 сар, 10 сард нийгмийн даатгал төлөгдөөгүй учраас цалингийн зээл авч чадахгүй байсан учраас энэ тэндээс болон бусад газраас мөнгө олж, зээл авч биеэ бага зэрэг эмчлүүлсэн. Одоо 2 сард дахин томографикийн зураг авахуулахаар явна. Миний бие мэдрэлийн эмчийн хяналтанд бас байгаа. Ойрд хөл, гар чичрээд байна. 5-6 сарын дотор тархи толгойны гэмтэл мэдрэл тал руугаа нөлөөлдөг гэсний үндсэн дээр мэдрэлийн эмчийн хяналтанд орж, үзүүлээд явж байгаа. Тархины цахилгаан бичлэг хийлгэхэд тархины судас нарийссан, эмчилгээ хийлгэхгүй их удаашрах юм бол судас тасрах юм уу харвалт өгч болзошгүй гэж хэлсэн учраас би өдөр болгон уналт таталтын эм эмчийн заавраар ууж байгаа. Хэд хоног цаг агаар муу байгаа, мөн эм тариагаа авч чадахгүй байгаа учраас эмчилгээ сайн нөлөөлөхгүй байна. Надад учирсан гэм хорыг бүрэн дүүрэн, сайн арилж өгөхгүй байна. Энэ байдал энэ хүнтэй шууд холбоотой. Д.Э гэх хүн яагаад миний утсыг авдаггүй юм бэ, намайг дайрч, осол гаргаагүй байсан бол эмнэлэгээр 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, 4 удаа эмнэлэгт хэвтэхгүй байсан. Олон удаа эмнэлэгт хэвтэнэ гэдэг чинь хүнд юм байна. Би өөрөө бамбайн өвчтэй учраас группд байдаг. Группээрээ улсаас нийгмийн даатгалыг нэг жилээр бөглөсөн ч гэмтэл дээр очоод тархины томографикийн зургийг 80.000 төгрөгөөр авахуулж байгаа, зураг авахуулаад яваад байхаар нурууны 3, 4 дүгээр нугалам дээр гэмтэл байна гэдэг. Нуруугаа эмчлүүлье гэхээр мэдрэлийн эмч эхлээд та тархиа бүрэн эдгээсний дараа нуруугаа үзүүл, дараа нь нуруугаа эмчлүүлэхэд болно гэж хэлсэн учраас нурууныхаа зургыг авахуулъя гээд Улаанбаатар хот руу орсон. Эрүүл мэндийнхээ дэвтрийг жилээр бөглөсөн юм чинь үзүүлж болох байх гээд очсон чинь улирал улирлаар нь бөглөдөг юм билээ. Би өөрөө өмнө нь эрүүл мэндийнхээ дэвтрээр ор хоногийн мөнгөө төлөөд эмчилгээгээний зардлаа төлөөд яваад байгаа болохоор надад үлдэц мөнгө ховор байгаа юм. Би бараг  3 сарын дараа хэвтэх ч юм уу, 3  сарын дараа эмчлүүлэх ч юм уу хохиролтой асуудал надад үүсээд байгаа юм. Хоёрдугаарт би 5 хүүхэдтэй учраас тэтгэвэрт гарах нас болсон. Манай албан байгууллага ажилчныхаа ар гэр, урт хугацаагаар ажилласан жилийг харгалзан үзээд намайг хамтын сангаас 1 сарын банкны мөнгө юм уу, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг хамт олныхоо дотоод журманд захирагдаж хамт олны хурлыг хийгээд надад 11 сар, 12 сарын банкны мөнгө өгсөн учраас би банкныхаа мөнгийг хийсэн. Би Д.Э-ээс цалинтай адитгах орлогоо нэхэмжлээгүй байгаа, яагаад гэхээр  сургуулиас  намайг харж үзсэн. Нийгмийн даатгал төлөгдөхгүй болохоор үнэхээр хохиролтой юм байна. Гуравдугаарт би ломбарднаас мөнгө аваад 7 сард зээлсэн мөнгөнийхөө хүүг төлсөн. Тэгээд үлдсэн мөнгөө цалингийн зээл аваад төлөөд дуусгая гэж бодсон чинь эрүүл мэндийн улмаас хохирсон учраас ломбардныхаа хүүг төлж чадахгүй алданги тооцоод байгаа учир эрүүл мэнд хохирсон дээрээ улам хохироод хэцүү байна. Энэ талаар яагаад яриад байгаа юм бэ гэхээр Д.Э гэх хүнээс болж хохирсон учир үүнийг хэлээд байгаа юм. Осол болоогүй, ажлаа хийгээд сарынхаа цалинг аваад явж байсан бол цалингийн зээл аваад, ломбардныхаа мөнгийг хүүтэй нь хамт төлөөд алданги тооцуулахгүйгээр мөнгөө төлөөд дуусгах боломжтой байсан. Тийм учраас энэ мөнгөө би Д.Эээс нэхэмжлэх хүсэлттэй байна. Ломбардын алданги гэж 1.800.000 төгрөг, үүн дээр хохирол төлбөртэй холбоотой 3.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг би ажил хийгээгүй, ажиллаагүй болохоор зээл гаргах боломжгүй гэсэн. Эрүүл мэндээрээ хохирохоос гадна, амьдралаараа бүрэн хохирсон учраас энэ талаар хэлээд байгаа юм. Намайг эрэмдэг зэрэмдэг болгоогүй байсан бол би өөрөө ажлаа хийгээд, амьдарлаа аваад явах байсан. Би  эрүүл мэндээрээ хохирох уу, ломбардныхаа хүүг төлөх үү энэ талаараа үнэндээ хохиролтой байна. Би Д.Эээс өмнө нь 3220000 төгрөг авсан. Энэ мөнгийг өөрийн эмчилгээнд зарцуулсан. Би баримтаа Д.Э-т үзүүлдэг байгаа. Одоо ч баримт нь байна. Би одоо 12 сард эмчилгээ хийсэн мөнгөө нэхэмжилнэ гэв. 

 

* Эрүүгийн 1712001430036 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Д.Бын өгсөн:

“...Би 2017-оны  08 сарын 21-ны өдөр аймгийн эмнэлэг дээр ирж шүдээ үзүүлэхээр гарч явахад мотоциклийн такси таарсан би тэр таксигаар Ирээдүй цогцолбор сургууль руу хүргүүлэхээр явьж байгаад холбооны уулзвар дээр улаан гэрэл ассан байхад мотоциклийн жолооч зогсоод ногоон гэрэл асахад жолооч хөдлөж чигээрээ явсан. Тэгсэн зүүн гар талаас буюу хойд зүгээс нэг жижиг цагаан өнгийн авто машин их хурдтай орж ирээд хажуугаас мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан. Миний зорчиж явсан мотоциклийн жолооч зогсоох арга хэмжээ авсан, харин машины жолооч арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй. Миний дагз хагарсан, зүүн мөр хөхөрсөн, биеийн байдал муу байгаа.Б и маш их гомдолтой байгаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийх шаардлагатай энэ бүх гарсан зардал мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

* Иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ы өгсөн:

 “...Би Архангай аймгийн төвд мотоциклийн таксинд явдаг юм. 2017 оны 08-р сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаа явж байхад нэг эмэгтэй хүн гараа өргөж, Ирээдүй сургууль орох гэсэн юм гээд суусан. Тэгээд би тэр хүүхнийг суулгаад цагдаагийн газрын үүдээр зүүн тийш уруудаж холбооны уулзварын гэрлэн дохион дээр ирж ногоон гэрлээр чигээрээ уруудаж явж байхад миний зүүн гар талаас нэг саарал өнгиийн жижиг авто машин гарч ирсэн. Тухайн үед би энэ машин зам тавьж өгөхгүй нь гэж мэдээд чигээрээ өгсөж гарах гэхэд зүүн гар талаас ирж дайрсан. Би тэр машины жолоочийг зам тавьж өгөх болов уу гэж бодож байсан юм. Би тухайн үед ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явсан. Зүүн талаас ирж явсан авто машины хурдыг мэдэхгүй байна. Би тухайн үед зогсоох арга хэмжээ авсан. Би архи дарс уугаагүй байсан. Миний зүүн хөлийн шагай, баруун хөлийн өвдөг хөхөрсөн, зүүн мөр хөшиж өвдөж байгаа. Миний мотоциклийн хроп цоорсон, өвдөгний хамгаалалт далийсан, урд карланы хойд хэсэг мөн дайлсан. ... Би хропоо 25000 төгрөгөөр тагийг нь авч  сольж янзалсан, урд амаржинаа 15000 төгрөгөөр худалдан авч, сольсон. Миний мотоцикль янзалсан мөнгийг Д.Э бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... тухайн осол  болох үед Д.Бд хамгаалах малгай өмсүүлээгүй зөрчил гаргасан нь үнэн. Гэхдээ манай Архангай аймгийн хэмжээнд мотоцикль унаж хэрэглэдэг хүн бүр, мөн таксины жолооч нар зорчигчид бүгд хамгаалах малгай өмсүүлдэггүй нийтлэг зүйл байгаа. Жолооч нар өөрөө өмсдөг, харин зорчигч нарт өмсүүлдэггүй. Уг нь замын хөдөлгөөний дүрмэндээ зорчигч нарт хамгаалах малгай өмсүүлнэ гэж заасан байдаг юм байна лээ. Надад тухайн үед зорчигч өмсөх хамгаалах малгай байгаагүй. Уг асуудлаас хойш би хамгаалах малгай, каск авч явж зорчигчдод өмсүүлдэг болсон. Би тухайн үед уг автомашинийг чигээрээ ирж байхыг хараад л зогсоох арга хэмжээ авч, тоормос гишгэсэн. Тухайн үед автомашины жолооч эмэгтэй согтуу юм шиг шууд чигээрээ давхиж ирээд мөргөсөн. Ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй. Уг нь автомашины урдаас замын гэрлэн дохио, улаан гэрэл ассан байсан. тэр үед хурдаа хасалгүй шууд ирээд мөргөсөн. Би тоомос гишгэж, зогсоох арга хэмжээ аваагүй бол бараг дээгүүр гараад явчих байсан. Тоормос гишгэснэээр тэр машин миний мотоциклийн өвдөгний хамгаалалт, моторын хажуу болон урд дугуйны хажуу тал руу мөргөж зогссон. . .” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 58-59, 147-149 хуудас/

 

* Яллагдагч Д.Эийн өгсөн:     

       “...2017 оны 08 –р сарын 21-ны өдөр би өөрийн 2 нялх хүүхдийн хамтаар гадуур ажилтай явж байгаад Хас банкруу орох гээд  Хас банкны эсрэг талд байх Өргөөт зоогийн газрын гадаа машинаа тавьсан юм.Тэгээд Хас банк орчихоод эргэж ирээд машиндаа суугаад хөдөлгөөнд оролцсон би Өргөөтөөс машинаа хөдөлгөөд зах явах гэж байсан юм.Өргөөтөөс хөдлөөд уулзвар дээр ирээд улаан гэрлийг хүлээж байгаад ногоон гэрэл асахаар уулзвар нэвтэрч зүүн гар тийшээ эргээд холбооны уулзварлуу орсон тэр үед миний баруун гар талд ямар нэгэн юм харагдаагүй гэтэл гэнэт л мотоцикль гарч ирээд би тэр мотоцикльтой машины урд талаараа мөргөсөн.Тэгээд машинаа зогсоогоод машинаас буугаад хартал тэр мотоциклийн ард сууж явж байсан нэг эмэгтэй газар уначихсан толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан тэгээд би тэр үед 103 луу залгаж түргэн дуудсан.Тэр мотоциклийн жолооч ах ямар нэгэн бэртэл гэмтэл бэртэлгүй зогсож байсан сүүлд нь тэр ах бага зэрэг доглоод байх шиг харагдаж байсан.Хэсэг хугацааны дараа эмнэлэг мөн цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53дугаар хуудас/

 

 * Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Б-ний 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“... жолооч Д.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзвар ороод, өөдөөс чигээрээ яваа болон барууун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ц.Ц нь замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчөөгүй байна. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн  2017 оны 8 сарын 23-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтэнд:

 

 “...Д.Бын биед тархи доргилт, дагзанд няцарсан шарх, гэмтлүүд учиржээ.Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрий ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 3 дугаар шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана....” гэжээ. /хх-ийн 27хуудас/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн  2017 оны 8 сарын 23-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтэнд:

 

“...Ц.Цы биед тархи доргилт, баруун хөлний гуяны доод хэсэгт цус хуралт, зүүн хөлний шагайн үе орчим зөөлөн эдэд няцралт, баруун гарын дохойнд жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. “ гэжээ. /хх-ийн  41-42 дугаар хуудас/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 368 дугаартай /нэмэлт/ дүгнэлтэнд: 

 

“...Д.Бын биед тархины баруун чамархайн хэсэгт тархины эдэд цус хуралт, дунд зэргийн няцралт, доргилт, дагзанд няцарсан шарх, бүсэлхийн 4-5-р нугалмын жийргэвчийн цагиргийн урагдалт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэжээ. /хх-ийн  41 дүгээр хуудас/

 

*Архангай аймгийн Замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт: 2017 оны 8 сарын 23-ны өдөр гаргасан 69 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Жолооч Д.Э нь Монгол улсны Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “замын  хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг энэ дүрмийн 12.4 “ жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Жолооч Д.Э нь Монгол улсны Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д замын  хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг энэ дүрмийн 12.4 “ жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваад болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв. 

Тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн учир хурдыг тогтоох боломжгүй, Мустанг-5 маркийн 11-58 АРЗ улсын дугаартай мотоциклийн тормосны  мөр 4.4 метр байгаа нь Мустанг-5 маркийн 11-58 АРЗ улсын дугаартай мотоцикль зогсоох арга хэмжээ авсан байна. Зам тээврийн осол болсон гэх замын нөхцөл байдал нь асфалтан, шулуун тэгш, хуурай, уулзвар дээр, үзэгдэх орчин чөлөөтэй. Мустанг-5 маркийн 11-58 АРЗ улсын дугаартай  мотоциклийн жолооч Ц.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 В-д Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зам нь тээврийн осол гарахад шууд шалтгаанд холбоо байхгүй.  /хх-ийн 157 дугаар тал/ 

 

* Хохирогч Д.Бын компьютер, томографийн шинжилгээний хуулбар /хх-ийн 43-46 дугаар хуудас/ 

* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68 дугаар хуудас/

* Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/

* Улсын бүртгэлийн хэлтсийн 891 дугаартай албан бичиг /хх-ийн 73 дугаар хуудас/ 

* Шүүгдэгч Д.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76 дугаар хуудас/

* 14-48 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн хуудас

* Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан шинжилгээний дүнэлт /ххийн 109-110/

* Гялс төгрөг хадгаламж, зээлийн хоршооны ЗГ/0247 дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 186-190 хуудас/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын бага сургууль, цэцэрлэгийн ирээдүй цогцолборын 93 дугаартай албан бичиг/ хх-ийн 191 дугаар хуудас/

* Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 192 дугаар хуудас/ 

* Хаш –Ар ХХК аар үйлчлүүлсэн зарлагын баримт /хх-ийн хуудас 

* Гэмтэл согог үндэсний төвөөс гаргасан дүгнэлт хх-ийн дугаар хуудас/ 

* Хохирогч Д.Бын амбулатороор эмчлүүлэгсэдийн картын хуулбар /хх-ийн хуудас / 

* Хот хоорондын зорчих тасалбар /хх-ийн   хуудас/ 

* Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн     хуудас/ 

* 2017 оны 08 сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2х/, 

* Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-15х/,

* Зам тээврийн акт тогтоосон схем зураг /хх-17х/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

2017 оны 7 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын, 3-р багийн нутаг дэвсгэр байрлах Шуудан харилцаа, холбооны газрын хажуу талын гэрлэн дохионы замын уулзвар дээр  Д.Э нь замын хөдөлгөөний журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 8 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын, 3-р багийн нутаг дэвсгэр байрлах Шуудан харилцаа, холбооны газрын хажуу талын гэрлэн дохионы замын уулзвар дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Быг “...Эрдэнэдэлгэр Би 2017-оны  08 сарын 21-ны өдөр аймгийн эмнэлэг дээр ирж шүдээ үзүүлэхээр гарч явахад мотоциклийн такси таарсан би тэр таксигаар Ирээдүй цогцолбор сургууль руу хүргүүлэхээр явж байгаад холбооны уулзвар дээр улаан гэрэл ассан байхад мотоциклын жолооч зогсоод ногоон гэрэл асахад жолооч хөдлөж чигээрээ явсан тэгсэн зүүн гар талаас буюу хойд зүгээс нэг жижиг цагаан өнгийн авто машин их хурдтай орж ирээд хажуугаас мөргөсөн, тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан, гэрч Ц.Ц “...2017 оны 08-р сарын 21-ны өдөр аймаг нэгдсэн эмнэлгийн гадаа явж байхад нэг эмэгтэй хүн гараа өргөж Ирээдүй сургууль орох гэсэн юм гээд таксидсан тэгээд би тэр хүүхнийг суулгаад цагдаагийн газрын үүдээр зүүн тийш уруудаж холбооны уулдварын гэрлэн дохион дээр ирж ногоон гэрлээр чигээрээ уруудаж явж байхад миний зүүн гар талаас нэг саарал өнгиийн жижиг авто машины гарч ирсэн тухайн үед би энэ машин зам тавьж өгөхгүй нь гэж мэдээд чигээрээ өгсөж гарах гэхэд зүүн гар талаас ирж дайрсан би тэр машины жолоочийг зам тавьж өгөх болов уу гэж бодож байсан юм...”гэх мэдүүлэг, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 20-ний өдрийн 368 дугаартай дүгнэлт, тус албаны  шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 368 дугаартай /нэмэлт/ дүгнэлт Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн  2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, тус тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Эийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Б-ын хохиролд 3.255.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд түүний шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээний болон Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардалтай холбоотой 414350 төгрөгийг шүүгдэгч Д.Эээс гаргуулан хохирогч Д.Бд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс утасны цахим зээл, Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл, ломбарднаас авсан зээл, өмгөөлөгчийн бичиг хэргийн зардал зэрэг нь гэмт хэргийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй гэж үзэн мөн түүний олох байсан орлого нэхэмжилсэн 960.000 төгрөг, компьюьтер томографикийн зураг авахуулсан төлбөр 80000 төгрөг нэхэмжлилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-д шүүгдэгч Д.Э нь 3.240.000 төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжилж байгаа хохирлыг түүнээс хасч тооцож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь толгойдоо гэмтэл авч түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Уг гэмтлийн улмаас хохирогч Д.Б нь удаа дараа үзлэг, эмчилгээ  хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд өмнө нь буюу 2017 оны 10 сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаанаас өмнө авсан 3.240.000 төгрөгийг тухайн үед эмчилгээндээ зориулж авч эмчилгээгээ хийлгэсэн гэж хохирогч мэдүүлдэг бөгөөд энэ шүүх хуралдаанд 2017 оны 12 сард эмчилгээ хийлгэсэн гэж холбогдох баримтыг ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан байх тул уг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.    

 

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д.Э авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Эээс 414.350 /дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Д.Бд олгож,  түүний нэхэмжлэлээс 2.840.950 /хоёр сая найман зуун дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Эт хохирогчид учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай. 

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн зүйлд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Эт хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

9. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 П.ГАНДОЛГОР