Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/532

 

           

 

2023              5             18                                         2023/ДШМ/532

Ч.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Мд холбогдох 2203000000510 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрэвгий Лхам овгийн Чингэсийн Ч.М, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй, “Сон Медикал Улаанбаатар Сентер” эмнэлэгт шүдний эмч ажилтай, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Роял Гарден” хотхоны 28-27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТЕ93012023/;

Шүүгдэгч Ч.М нь тээврийн хэрэгсэл жолоолдох жолоочийн үнэмлэх аваагүй атлаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 46 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Land Criuser 200” маркийн 72-20 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.5-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 16-97 УБО, “Toyota Prius” маркийн 28-23 УБС, “Toyota Prius” маркийн 40-56 УБН, “Toyota Harrier” маркийн 58-59 УНН, “Toyota Prius” маркийн 05-79 УНП, “Toyota Prius” маркийн 93-53 УНХ, “Nissan Qashqai” маркийн 68-19 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн явган хүний замаар явж байсан зорчигч Б.С, Э.Э нарыг тус тус мөргөж, явган зорчигч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota Prius” маркийн 16-97 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Я.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Сд 3.790.000 төгрөгийн хохирол, Г.Рд 770.000 төгрөгийн хохирол, Г.Сод 11.140.000 төгрөгийн хохирол, Г.Хд 54.918.040 төгрөгийн хохирол, Б.Дад 5.267.000 төгрөгийн хохирол, “А Д И” ХХК-д 5.788.900 төгрөгийн хохирол, ХБинд 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа энэ гэмт хэргийг жолоодох эрхгүй үедээ болон бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Ч.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Ч.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Мгаас 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шар өнгийн үдээстэй хагас түрийтэй гутал 1 хос, хар эрээн ноосон дотуур өмд, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн богино гялгар материалтай куртик зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Х.А нар нь гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирлыг нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/шцт/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Ч.М хийсэн хэрэгтээ маш ихээр харамсан гэмшиж, хохирогч нараас уучлал гуйж байна. ...Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял авсан. Би энэ ялыг багасгаж өгөөч гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Учир нь, анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Х.А нарын цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Миний хувьд маш их өрөнд орсон. Одоо давхар ажил эрхэлж байгаа. Цаашдаа ажил хийх боломжийг олгож, надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний өмгөөлөлд байгаа Ч.М зам тээврийн осолд холбогдсон үеэс өөрийн эзэмшлийн 99161701 дугаартай утаснаас ослын дуудлага өгсөн бөгөөд өөрийн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүлээн зөвшөөрч байна. Ч.М анх удаагаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Хувийн байдлын хувьд, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй залуу сэхээтэн. ...Үйлчлүүлэгчтэйгээ санал нэг байна. Шийтгэх тогтоолд жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг хүлээн зөвшөөрч байгаа, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 3 жилийн хугацаагаар оногдуулахаар заасан. Тийм учраас миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. Учир нь, миний үйлчлүүлэгч Ч.М нь шүдний эмнэлэгүүдтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилладаг. Түүнээс өөрт нь тогтсон ажил байхгүй. Тухайн хэрэг гарах үед Хан-Уул дүүрэгт байрлах эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Одоо Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ажиллах ажлын шаардлага үүссэн. Миний үйлчлүүлэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгах нь түүний ажил эрхлэх боломж, хохирогч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийг төлж барагдуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас энэ саналыг гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс хорих ял оногдуулах санал гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хүсч байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг 1.770.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт төлөхийг заасан. Уг нь дээрх төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны үеэр завсарлага авч төлсөн боловч төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд Эрүүл мэндийн даатгалын газраас дээрх хохирлыг төлсөн талаарх албан ёсны баримтыг хавсаргасан. Өмгөөлөгчийн зүгээс 2 хоногийн өмнө гомдолдоо нэмэлт тайлбар хийх хүсэлтийг өгсөн. Учир нь, ТВ9, 25 дугаар суваг телевизээр миний үйлчлүүлэгчийн гаргасан ослыг жишээ болгон олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Түүнчлэн зам тээврийн осолтой холбоотой асуудал болгонд миний үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлыг жишээ болгож байна. Иймд миний үйлчлүүлэгч Ч.Мд оногдуулсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох ялын хугацааг багасгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг бөгөөд хүндрүүлэх нөхцөл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Уг ял нь шударга ёсны зарчимд нийцэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 1.770.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед энэ мөнгийг төлсөн гэсэн боловч гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нотлох баримтын шаардлагыг хангасан баримтыг гаргаж өгсөн тул шийтгэх тогтоолын энэ хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М нь тээврийн хэрэгсэл жолоолдох жолоочийн үнэмлэх аваагүй атлаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 46 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Land Criuser 200” маркийн 72-20 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.5-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 16-97 УБО, “Toyota Prius” маркийн 28-23 УБС, “Toyota Prius” маркийн 40-56 УБН, “Toyota Harrier” маркийн 58-59 УНН, “Toyota Prius” маркийн 05-79 УНП, “Toyota Prius” маркийн 93-53 УНХ, “Nissan Qashqai” маркийн 68-19 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн явган хүний замаар явж байсан зорчигч Б.С, Э.Э нарыг тус тус мөргөж, явган зорчигч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota Prius” маркийн 16-97 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Я.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Сд 3.790.000 төгрөгийн хохирол, Г.Рд 770.000 төгрөгийн хохирол, Г.Сод 11.140.000 төгрөгийн хохирол, Г.Хд 54.918.040 төгрөгийн хохирол, Б.Дад 5.267.000 төгрөгийн хохирол, “А Д И” ХХК-д 5.788.900 төгрөгийн хохирол, ХБинд 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.С /1хх 73-74/, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б /1хх 77, 81, 4хх 8/, насанд хүрээгүй хохирогч Э.Э /1хх 101/, түүний хууль ёсны төлөөлөгч Х.А /1хх 104/, хохирогч О.Отгондагины хууль ёсны төлөөлөгч Г.Отгонзаяа /1хх 117/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С /1хх 127/, иргэний нэхэмжлэгч М.С /1хх 130, 132/, ГР /1хх 138/, Г.С /1хх 145/, Г.Х /1хх 154, 157/, Б.Д /1хх 175/, Б.Д /1хх 183/, Я.Д /1хх 189, 191/, иргэний хариуцагч Г.Х /1хх 152/,

гэрч Д.Д /1хх 198-199, 201, 212/, Ц.Б /1хх 231/, Г.Д /1хх 234-235/, Д.М /1хх 237, 2хх 5/, Ч.Б /1хх 241/, Ц.М /1хх 244, 246, 248/, Б.Д /2хх 12/,

шүүгдэгч Ч.М /3хх 109/ нарын мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 929 дүгээр /2хх 47-53/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2982 дугаар /2хх 164-189/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаар /2хх 197-199/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14394 дүгээр /3хх 58-59/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1038 дугаар /4хх 59-65/ тус тус дүгнэлтүүд,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1136 дугаар мөрдөгчийн магадлагаа /2хх 149-150/,

зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 12-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 14-25/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 26-33/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 35-36/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-42, 49-50, 55-58, 68-69/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /2хх 84-88, 95-96/, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх 238/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2хх 249/, “Арвижих Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /3хх 15/, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /3хх 24/, “Итгэлт хөрөнгө” ХХК-йн авто машин техникийн үнэлгээний тайлан /3хх 41/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /3хх 52/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан шинжлэн судлахын зэрэгцээ нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Мг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа энэ гэмт хэргийг жолоодох эрхгүй үедээ болон бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ч.М нь тээврийн хэрэгсэл жолоолдох жолоочийн үнэмлэх аваагүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийн зорчигч Я.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэр бүхий долоон иргэний нэхэмжлэгчид нийт 82.279.940 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Энэхүү үүрэг нь тухайн этгээдийн гэм буруутай, хууль бус үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас гэм хор учирсан бөгөөд уг үйлдэл (эс үйлдэхүй), хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд үүсдэг.

Шүүгдэгч Ч.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг нотлох баримтын хүрээнд төлсөн байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 1.770.000 төгрөг төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр түүнээс уг мөнгийг гаргуулан шийдвэрлэсэн үндэслэлтэй, харин тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед нотлох баримтын шаардлага хангахуйц баримтаар дээрх төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой байна.

Шүүгдэгч Ч.М “...хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг багасгах өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Х.Даваахүү “... Хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг багасгах өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” хэмээн томъёолж, харин энэ гэмт хэргийг согтуурсан, эсхүл мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тохирох заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн цагдаагийн албан тушаалтан болон тухайн үед алба хааж байсан тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор нар хэрэгт хөндлөнгөөс оролцож мөрдөн байцаалтын нууцлалыг хууль бусаар задалж хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, нотлох баримтуудыг өгснөөс болж олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүйгээр гүтгэсэн мэдээлэл өнөөдрийг хүртэл цацагдаж байгаад гомдолтой байна. ...” гэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаар уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин өмгөөлөгч Х.Даваахүү нь дээрх асуудлаар харьяалах хуулийн байгууллагад хандан шалгуулах, шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР