Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0695

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаарh221/МА2017/0695 

Улаанбаатар хот

  С.Ш-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ш-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн С.Ш-т холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ийг томилсон Б/381 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ш-ийг “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх орон нутгийн өмчит “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг аймгийн Засаг дарга томилох эрхгүй учраас өөртөө олгогдоогүй эрхээ эдлэн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болж өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн С.Ш-ыг ажилд эгүүлэн томилсон Засаг даргын 2016 оны Б/381 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Засаг дарга А.Г-ны 2016 оны Б/440 дүгээр захирамж нь үндэслэлгүй гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүх “Засаг даргын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2/-т заасан “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” эрх нь орон нутгийн өмчид “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилоход хамаарахгүй, компанийн гүйцэтгэх захирлыг тухайн компанийн эрх баригч гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь “С” ХХК нь орон нутгийн өмчит компани болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө орон нутгийн өмчийн талаарх Засаг даргын бүрэн эрхийг заасан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2/-т заасан “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “хуулийн этгээдийн эрх баригч”-ийн талаар хуульчлахдаа мөн хуулийн 53 дугаар зүйлийн 3-д “шинжээчийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх ба шинжээчийн мэргэжил, албан тушаал, гарын үсэг, хэрэв хуулийн этгээд бол албан бичгийн хэвлэмэл хуудас бичин эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна”, 67 дугаар зүйлийн 1-д “...хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна”, 72 дугаар зүйлийн 1-д “хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна”, 73 дугаар зүйлийн 1-ийн 4/-т “...Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэх хуулийн заалтуудын агуулгаас үзэхэд хуулийн этгээдийн эрх баригч нь албан бичиг, хэвлэмэл хуудаст гарын үсэг зурах, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дотоод хяналт тавих, тооллого явуулах эрхтэйгээр хуульчилжээ.

Энэ нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, дотоод хяналт шалгалт тавих гүйцэтгэх захирлын бүрэн эрхтэй дүйж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2/-т заасан “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч” гэдэг нь нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал мөн. Харин шүүх компанийн эрх баригч нь Төлөөлөн удирдах зөвлөл мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй “эрх баригч” болон “эрх барих дээд байгууллага” нь эрх хэмжээ, статусын хувьд бие даасан 2 өөр субъект юм.

Иймээс Засаг даргыг өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилсон захирамжийн С.Шт холбогдох хэсгийг хүчингүй болгосонд буруутгах үндэслэлгүй төдийгүй аймгийн Засаг дарга А.Гылымханы 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамж нь үндэслэлтэй гарсан учраас энэхүү захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд С.Ш-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

                                                                                                ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөхөөр холбогдох хууль тогтоомжид заасныг зөрчиж, эгүүлэн ажилдаа томилогдсон” гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ш-аас дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...аймгийн Засаг дарга нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг буруу хэрэглэсэн. Учир нь миний авсан чөлөөний хугацаа сонгуулийн үйл ажиллагаа явагдаж дуусах хүртэл үргэлжилсэн, сонгууль дууссаны дараа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хандаж, өмнөх ажилдаа эгүүлэн томилогдсон учир хууль зөрчөөгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шаардсан ямар нэг байгууллагын шийдвэр байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг захирамжид баримталсан нь буруу” гэж маргаж байна.

Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрыг эд хөрөнгийн цогцолбороор нь төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлснээр “С” ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд болсон байна.

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ш-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаар захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших үндэслэлээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас түр чөлөөлөгдсөн С.Ш-ыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжаар үүрэгт ажилд нь буцаан томилсон байх бөгөөд мөн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр түүнийг ажилд буцаан томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчийг 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн нь хэрэгт авагдсан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ...захирал...нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн үндэслэлээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр албан тушаалаас түр чөлөөлөгдсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь хуулийн энэ заалт нь дээр дурдсан албан тушаалтнуудыг орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, мөн нэр дэвшигчээр бүртгүүлснээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхыг хуульчилсан байх тул “тус компани нь 100 хувийн орон орон нутгийн өмчит компани учраас гүйцэтгэх захирал байсан С.Ш сонгуульд нэр дэвшсэн тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар тухайн албан тушаалаас бүр чөлөөлөгдөх байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас аймгийн Засаг даргын “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилсон 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийг тус албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралд таван гишүүнээс гурав оролцсон нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох” зохицуулалтыг зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар тус компанийн захирлаар ажиллаж байгаад Сонгуулийн тухай хуулийн дагуу ажлаасаа түр чөлөөлөгдсөн С.Ш-ын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар гаргасан хүсэлтийг нь хэлэлцээд, түүнийг “Саут” ХХК-ийн захирлаар буцаан томилохыг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох”, 76.1.18-д заасан “энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал”-ыг шийдвэрлэх заалт, мөн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ийн дүрмийн 5.2-т заасан компанийн гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилохдоо үүсгэн байгуулагч нартай урьдаас зөвшилцсөн байх, 5.5-д заасан компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байхаар зохицуулсантай нийцжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. 29.3 дахь заалт нь аймгийн Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох агуулгатай байхад хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг “С” ХХК-ийн захирлын ажилд буцаан томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь буруу байна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол ...өөрөө ...хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй тул “Засаг даргыг өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилсон захирамжийн С.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгосонд буруутгах үндэслэлгүй, дээрх шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй” гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны актын улмаас үүссэн энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан “...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан...” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болон ажилтанд захиргааны чөлөө олгох болон хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахаар зохицуулсан мөн хуулийн заалтууд нь хамааралгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН