Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 654

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* нарыг оролцуулан иргэн Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдад холбогдох “Хөдөлмөрийн сайдын Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Иргэн Ц.С*******.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “О*******” хотхоны ******* тоот.

Хариуцагч: Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайд.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж 5,

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Хөдөлмөрийн сайд С.Ч******* нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 дугаар Ц.С*******г Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилж, улмаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн билээ.

Ц.С******* нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сонгдо эмнэлэгт, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт “тархины суурь ясны эмгэг сүлжээрэл, судасны цүлхэн” оноштойгоор хэвтэж эмчлүүлж байх хугацаанд Хөдөлмөрийн сайд Г.Б*******ы 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасанг эс зөвшөөрч уг захиргааны актыг хууль бус болохьг тогтоож хүчингүй болгуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хөдөлмөрийн сайдын тушаалд “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.С******* нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах,16.5.7-д” байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг үнэн зөв гаргах, тайлагнах” чиг үүргээ хангалтгүй биелүүлж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж анхан шатны баримтын бүрдэлгүй ажил үүргийг бүртгэж санхүүгийн тайланд тусган санхүүгийн тайланг иж бүрэн үнэн зөв байх зарчмыг алдагдуулж, Төсвийн шууд захирагчийн үүргийг хангалтгүй биелүүлсэн тул үүнийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Ц.С*******г Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д”...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзсаны үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах дээд насны хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэсэн заалтаар үүнийг ажлаас чөлөөлөх болсон нь үндэслэлгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “...Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас хална гэж зааснаар халсан юм шиг боловч дээрх үндэслэлээ хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн сайд Ц.С*******г ажлаас чөлөөлөхдөө хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн сайдын Б/206 тоот тушаалын 3 дахь үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг үндэслэн Ц.С*******г ажлаас чөлөөлөхдөө түүний ажлын байрны тодорхойлолт” болон ажлын чиг үүрэгт огт хамааралгүй, харин санхүүгийн албаны нягтлан бодогч нарын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ц.С******* нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн сайдын гаргасан Б/206 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны Төв Зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус Зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1721 тоот албан бичгээр “Ц.С*******гийн гаргасан гомдлыг салбар зөвлөлөөрөө хянан шийдвэрлэж түүнд   хариу   өгөхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны Төв Зөвлөлд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгасан” боловч Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар Зөвлөл хариу өгөлгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "...Гомдлыг хүлээн авах боломжгүй, Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/206 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг үндэслэн Ц.С*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөдөлмөрийн сайдын Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан холбогдох хуулийн заалтууд нь  Сайдын тушаалд заагдсан заалтууд бөгөөд эдгээр заалтуудыг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ц.С******* Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажил үүргийг биелүүлэх явцдаа Төсвийн тухай хуулийн 6.4-6.1, 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудыг зөрчсөн төдийгүй Хөдөлмөрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Д******* дугаартай” 2015 оны төсөв санхүүгийн үйл ажиллагааны зарцуулалт, үр дүнд хийсэн дотоод аудитын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Мөн тушаалд дурдсан бусад үндэслэлээр Ц.С*******г Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.С*******г Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ц.С*******г Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол улсын Хөдөлмөрийн сайдын маргаан бүхий Б/206 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ....хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтовортой байх;”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;” гэсэн хариуцагчаас хэрэгжүүлэх үүргийг зөрчиж Ц.С*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/206 дугаар тушаал дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэв.

Маргаан бүхий дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” гэснийг үндэслэсэн бөгөөд төсвийн шууд захирагчийн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь хангалттай нотлогдоогүй байхад үндэслэл муутай дүгнэлт хийж түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Тодруулбал Хөдөлмөрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод Аудитын газраас Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны төсөв санхүүгийн үйл ажиллагааны зарцуулалт, үр дүнд хийсэн дотоод аудитын тайлангаар илэрсэн зөрчлүүдээс ямар зөрчлүүд хэлтсийн даргын чиг үүрэгт хамаарах, тэдгээрээс ямар зөрчил нь Ц.С*******г ажиллаж байсан буюу 2015 оны 06 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарч байгаа, дотоод аудитын тайлангаар ямар нэг хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнээгүй байхад шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдуулан ажлаас халсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” бол ажлаас халах үндэслэл нь Улсын дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7-д заасан “..ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан үйл ажиллагааг...” биелүүлээгүй байхыг ойлгоно гэж зааснаас үзэхэд дээрх маргаан бүхий актын тухайд хуулийн энэ заалтаар нэхэмжлэгчийг ажлаас халах хангалттай  үндэслэл байсан гэж үзэхээргүй байна.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах;”, 16 дугаар зүйлийн 16.5.5 “ батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.7 “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг үнэн зөв гаргах, тайлагнах;” гэсэн зохицуулалтыг хариуцагч тушаалынхаа гол үндэслэл болгожээ.

Гэтэл нэхэмжлэгч Ц.С******* тус байгууллагын 2015 оны төсвийг төлөвлөх үйл ажиллагаанд оролцсон эсэх, байгууллагын санхүүгийн тайлан гаргах ажил түүний ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт хамаарах эсэхийг нягтлаагүй бүтэн жилийн үйл ажиллагааны дүнг хагас жил ажилласан нэхэмжлэгчид ялгамжтай хандалгүй хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчид хамааралтай хуулийн дээрх заалтыг Ц.С*******г ажлаас халах үндэслэл болгож хэрэглэсэн нь алдаатай байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан  хэдий ч энэ нь тухайн захиргааны акт хууль бус болох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар төсвийн шууд захирагчийг ажлаас халах үндэслэл болгон хэрэглэх хууль зүйн боломжгүй бөгөөд хариуцагч иргэний хөдөлмөрлөх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл байгаа нөхцөлд хөндөх бүрэн эрхээ хэтрүүлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг зөвтгөх үндэслэлгүй байна.   

Нөгөө талаар нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд эмнэлгийн хуудсаар эмчийн магадалгаатай байх хугацаанд түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална;”, 35.1.3”т “..эмчийн магадалгаагаар чөлөөтэй байгаа;” гэснийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас халах хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, эрүүл мэндийн хувьд шалтгаантай эмчлүүлж байгаа үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах хуулийн хамгаалалтыг зөрчин ажлаас халсан Хөдөлмөрийн яамны сайдын2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус удирдлага болгон Хөдөлмөрийн сайдын (хуучин нэрээр) 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/206 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Ц.С*******г урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж ажилгүй байсан хугацааны цалин 5.954.605 (Таван сая есөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун таван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С*******д олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР