Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01173

 

“Зунбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1276 дугаар магадлалтай,

“Зунбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /цаашид НМХГ гэх/-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 66 002 328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зунбоо” ХХК нь НМХГ-ын ажилтнуудын 60 айлын 12 давхар орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэхээр 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгыг хугацаанд нь барьж хүлээлгэн өгсөн. Гэрээний анхны дүн 1 450 000 000 төгрөг байсан ч талууд 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж төсөвт өртгийн хэмжээг 1 949 488 707 төгрөг болгосныг захиалагч талын саналаар 1 741 056 584 төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч санхүүжилт хийсэн ч барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд барилгын материалын үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс шалтгаалж анх гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг, барилгын заслын ажлын мөнгөний дутуу 10 549 180 төгрөг, нийт 40 549 180 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Мөн “Монида экспресс элэватор” ХХК нь манай компаниас лифтны үнэ, суурилуулалтын хөлс нэхэмжилж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Зунбоо” ХХК-аас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг орон сууцанд суурилуулсан цахилгаан шатны үнэ, суурилуулалтын хөлс зэрэгт нийт 25 973 390 төгрөг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг нэхэмжилсэн ч хоёр талын тооцоо нийлсэн актад төсөвт өртгөөс 11 084 838 төгрөг дутуу, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар барилгын ажлыг гүйцэтгэх явцад дулаан, цахилгаан, усны төлбөрийг захиалагч өөрсдөө хариуцдаг тул цахилгаан, ус, дулааны төлбөр 18 394 920 төгрөг нь төсөвт өртөгт суусан байх ёстой. Гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөгт ус, дулаан, цахилгааны төлбөр 18 394 920 төгрөг орж байгаа. Төсөвт өртөг нь бага учраас хариуцагчийн ажилчид нэмэлтээр 100 000 000 төгрөг төлөхөөр болсон ч үүнээс 89 450 820 төгрөгийг манай дансанд шилжүүлж, 10 549 180 төгрөгийн үлдэгдэлтэй нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаас харагдана. Уг тооцоог “Зунбоо” ХХК-аас инженер Д.Цолмонсүрэн, орчуулагч Д.Мөнхцэцэг, захиалагч талаас Л.Сосорбурам тус тус хийж баталгаажуулсан. Лифтний тооцооны хувьд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад 72 000 000 төгрөг гарсан. Лифтийг 36 781 818 төгрөгөөр анх төсөвлөсөн ч хүрэлцэхгүй байсан тул оршин суугч нар мөнгө нэмж, 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар 72 000 ам.доллар болсныг захиалагч тал 72 000 000 төгрөг гэж ойлгосноос үнийн зөрүү гарсан тул 25 973 390 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ажилчдын 60 айлын орон сууц бариулах тухай 08 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “Зунбоо” ХХК-тай байгуулж, 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. НМХГ Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “40 000 орон сууц хөтөлбөрт хамрагдах тухай гэрээ”-ний дагуу дээрх орон сууцанд орох албан хаагчдаас болон Төрийн банкны орон сууцны урт хугацааны зээл, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр гэрээний үнэ 1 741 056 584 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэмэлт гэрээгээр төсөвт өртгийг 1 949 960 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн ч захиалагч талын саналаар 1 741 560 584 төгрөг болгохыг гүйцэтгэгч тал зөвшөөрсөн. “Зунбоо” ХХК-ийн санхүүжилт бүрэн хийгдсэн ч барилгын ажлыг хугацаанд нь дуусгалгүй мөнгөгүй болсон шалтгаанаар улсын комисст хүлээлгэн өгөлгүй удаж байсан тул албан хаагчид нэмэлт хөрөнгө гарган 100 000 000 гаруй төгрөгөөр санхүүжүүлж дутуу барилгыг гүйцээлгэж ашиглалтад оруулсан. Хоёр талын тооцоо нийлсэн актад маргах зүйлгүй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөгийг дээрх нэмэлт санхүүжилтээр санхүүжүүлсэн, барилгын ажлыг гүйцэтгэх явцад гарсан дулаан, цахилгаан, усны төлбөрийг манайх холбогдох газарт төлсөн, мөн барилгын заслын ажлын мөнгөний дутуу 10 549 180 төгрөг, “Зунбоо” ХХК-тай гэрээгээр байгуулсан төсөвт өртөгт лифтны үнэ болон лифт угсралтын үнэ багтсан тул лифтны үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй. “Зунбоо” ХХК-тай гэрээ байгуулаад төсвөө шилжүүлэхдээ Орон сууцны санхүүжилтийн корпорацитай давхар гэрээ байгуулж тус корпорациас 1 200 000 000 төгрөгөөр, манайх урьдчилгаанд 380 567 564 төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцсоны дагуу ажилчдаас урьдчилгаа гаргуулж, “Зунбоо” ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэлийн хэмжээгээр Орон сууцны санхүүжилтийн корпорациас 660 040 254 төгрөг хийгдсэн. Гэрээгээр тохиролцсоноор “Зунбоо” ХХК өөрсдөө гаргаж, Орон сууцны санхүүжилтийн корпорациас үлдэгдэл 600 000 000 төгрөгийг гаргаж өгөх ёстой. НМХГ-аас 160 489 200 төгрөг нэмэгдэж хийх ёстой байтал “Зунбоо” ХХК гүйцэтгэлээ гаргаж өгөхгүй удсанаас болж, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн санхүүжилт зогссон. Нэгэнт Орон сууцны санхүүжилтийн корпораци болон манайхаас санхүүжүүлчихсэн болохоор оршин суугчид “Зунбоо” ХХК-ийн 1 729 393 635 төгрөгийг иргэд өөрсдөө болон Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дансанд нь хийсэн. Нэхэмжлэгч мөнгөгүй гэх шалтгаанаар барилгаа барихгүй байсан тул байрандаа хурдан оръё гэдэг үүднээс нэмэлт санхүүжилт хийж нийт 1 818 881 818 төгрөг өгч, гэрээгээр тохиролцсон мөнгөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 21 634 018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Зунбоо” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 368 310 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгч “Зунбоо” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 520 төгрөгөөс 426 679 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 266 120 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 160 559 төгрөгийг тус тус гаргуулж, “Зунбоо” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1276 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь тус байрны оршин суугчдаас санхүүжүүлсэн нэмэлт санхүүжилт 100 000 000 төгрөгийг байгууллагаас нэмэлтээр санхүүжүүлснээр ойлгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэмэлт санхүүжилт нь НМХГ-ын оролцоо байхгүй, байр захиалагч иргэдийн хурлаар шийдвэрлэж олгосон санхүүжилт. “Зунбоо” ХХК нь барилгын гүйцэтгэл гаргаж өгөөгүйгээс шалтгаалж ОССК-ын санхүүжилт зогссон, барилгыг гүйцээж барьж ашиглалтанд оруулахгүй удааснаас шалтгаалж аргагүй байдалд орсноор оршин суугчид хуралдаж шийдвэрлэсэн. Дээрх санхүүжилтийг хийхэд “Зунбоо” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулаагүй тул санхүүжилтийн үлдэгдэлтэй байна хэмээн үзэж НМХГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. “Зунбоо” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 220 тоот Хадгаламж банкинд өгсөн “НМХГ-ын ажилтан Ц.Эрдэнэсувд нь уг орон сууцны 44.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөр 5 894 280 төгрөгийг манай компаниас хөнгөлөлт үзүүлж байгаа тул тооцоогүй болохыг тодорхойлж байна” гэсэн утгатай албан бичгээр манай байгууллагын ажилтан Ц.Эрдэнэсувдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлснийг нийт төсөвт өртгөөс хасаж, “Зунбоо” ХХК-д төлөгдсөнөөр шийдвэрлэх ёстой байтал дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг албан бичиг нь гэрч Л.Сосорбурамаас гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд илэрч гарсан хугацаа нь тооцоо нийлсэн актаас хойш тул энэ мөнгөн дүн нь тооцогдож хасагдаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн  гомдлыг хангах боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч “Зунбоо” ХХК нь хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд барилгын материалын үнийн өсөлт, ханшийн зөрүүгээс шалтгаалж учирсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг, барилгын заслын ажлын дутуу мөнгө 10 549 180 төгрөг нийт 40 549 180 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж лифтны үнийн ханшийн зөрүү  25 973 390 төгрөгийг нэмж 66 522 570 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх- 1, 2, 109-110, 172, 173/

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу ажлын үр дүн бий болсон, захиалагч буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  хөлс 1 741 056 584 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй, харин гэрээгээр тохирсон хөлснөөс 11 084 838 төгрөгийг төлөөгүй, төсөв хүрээгүйгээс оршин суугчид нэмэлт санхүүжилт 100 сая төгрөг төсөвлөснөөс 10 549 180 төгрөг дутуу эсэх, лифтний үнэ ажлын хөлсөнд багтсан эсэх талаар маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07/259 тоот албан бичиг /хх-32-34/, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талуудын тооцоо нийлсэн баримтыг /хх-139/ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчаас 21 648 018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна. Дээрх баримтуудаар хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь гүйцэтгээгүй үүргийн талаар тооцоо нийлсэн нь тогтоогджээ.

Хариуцагч нь нэмэлт санхүүжилт болох 100 000 000 төгрөгийн гэрээг “Зунбоо” ХХК болон оршин суугчид байгуулсан тул үүрэг үүсэхгүй, уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан байна. 100 000 000 төгрөгийн санхүүжилтийг оршин суугчид гаргасан байх боловч энэ нь “Зунбоо” ХХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой, уг санхүүжилтийн зориулалт, тооцоог Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хийж, оролцож байсан байх тул хариуцагч мөн гэж үзнэ.

 Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Одын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.    

             

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР           

        ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА