| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/00300/И |
| Дугаар | 183/ШШ2024/05218 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/05218
2024 оны 12 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/05218 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод байрлах, Н ХХК /РД:......./-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлд 26.320.108,98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч Н ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна 4.2.1-т Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн". Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам" 16.1-т "Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ". Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг" 17.1.1 дэх хэсгийн "хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 17.546.739,32 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай" хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл "Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага" 20.4-т "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульдзаасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна". 20.5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр "Дүрэм, журам батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан "Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн ер, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль. алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 17,546,739.32 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд тооцсон алданги 8,773,369.66 төгрөг нийт 26,320,108.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №000 дугаартай нэхэмжлэлийн хариуд дараах тайлбарыг хүргүүлж байгааг хүлээн авна уу. Манай компанийн гүйцэтгэх захирал Б овогтой нь 2024 оны 01 сарын 11-ний өдрөөс Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөдсөн бөгөөд одоогоор Гэжээ овогтой Должин нь гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Манай компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас үйл ажиллагаа маань түр зогсож санхүүгийн боломж тааруу байгаа тул алдангийг төлөх боломжгүй бөгөөд үндснэ төлбөр болох 17.543.736,32 төгрөгийг бид 2024 ондоо багтаан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.10-ны өдрийн Б/00 дугаар Нийгмийн даатгалын газрын даргын Л-гийн Ж-ыг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Н ХХК-ийн заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2023.03.16-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, 2023.12.04-ний өдрийн №815 дугаар Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс Худалдаа хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалт банк, капитрон банк, богд, Хас, Ариг, Кредит, Голомт, Чингис хаан, тээвэр хөгжлийн банк, төрийн банкинд хамтран ажиллах тухай мэдэгдэлүүд, 000000000 дугаартай ХХК-ийн алданги тооцсон хүснэгт, 2023.12.21-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.03.12-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ХХК-иас ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 17.546.793 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул төлбөл зохих шимтгэл 17.546.793 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 8.773.369 төгрөг, нийт 26.320.108 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь Манай компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас үйл ажиллагаа маань түр зогсож санхүүгийн боломж тааруу байгаа тул алдангийг төлөх боломжгүй бөгөөд үндсэн төлбөр 17.543.736,32 төгрөгийг 2024 ондоо багтаан төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Н ХХК нь 2021 оны 10 сараас 2023 оны 01 сарын 30-ны өдрийг дуустлах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 17.546.739 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн болох нь хэрэгт авагдсан Заавал даатгах даатгуулагчийн НДШ-ийн дэлгэрэнгүй авлагын 2021, 2022, 2023 оны бүртгэл, 2023 оны 3 сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгаа, алданги тооцсон хүснэгт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөвөөр нь тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Н ХХК дутуу төлөгдсөн шимтгэл 17.546.739 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй байх бөгөөд тухайн алдангийг төлөхгүй гэх байдлаа баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч алданги төлөхгүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагч нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүйгээс дутуу төлөгдсөн шимтгэл 17.546.739 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хуулийн дагуу тогтоосон алданги буюу төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 8.773.369 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Н ХХК-иас нийгмийн даатгалын дутуу төлөгдсөн шимтгэл 17.546.739 төгрөг, алданги 8.773.369 төгрөг, нийт 26.320.108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 269.551 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 26.320.108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 269.551 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО