| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0033/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Э холбогдох 171200280001 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Г.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг “И” дэлгүүрийн орчим хохирогч А.Н-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
* Эрүүгийн 171200280001 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч А.Нийн өгсөн:
"...Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар багт өөрийн найз Э.Балдоржийн хамт явж байтал “Ижий хайпермаркет”-ын хажууд нэг залуу дуудсан. Тэгээд манай найз Э.Балдоржийг заамдаад авахаар нь би яаж байна аа гээд заамдаж аваад салгасан. Тэгтэл гэнэт тэр залуу миний зүүн нүд рүү цохьсон.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний зүүн нүд хөхөрсөн. Өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тэр залуу /Г.Э/ гэнэт хүрч ирээд манай найз Э.Балдоржийг заамдаж авснаа, миний нүд рүү нэг удаа цохиод авсан. Би өөрийн биед шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,
* Гэрч Э.Бийн өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт Дархан нэхий дэлгүүрийн урд өөрийн найз А.Н-той явж байтал миний араас нэг залуу ирээд бариад авсан. Тэгээд манай найз А.Н боль гээд голоор ороод салгатал манай найзыг Г.Э нь нэг удаа нүдэнд нь цохьсон. Тэгээд манай найз А.Н цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр эрүүл байсан. Г.Э гэх залуу согтуу байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/
* Гэрч Ш.Цын өгсөн:
“... Г. Э нь даруу төлөв зантай сайн залуу байгаа юм. Архи дарс нэг их уугаад байдаггүй. Ажилд их сайн, шударга зантай, сайн эр хүн гэж би үнэлдэг. Хүнд их тусархуу, удам сайтай, хүмүүжил сайтай хүн байгаа юм. Г.Э нь дундаж амьдралтай, хөдөө мал малладаг. Өөрийн гэсэн бог, бод нийлсэн 50 гаруй тооны малтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай дүгнэлтэнд:
“...А.Н-ийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. “ гэжээ. /хх-ийн 14 дүгээр тал/
* Шүүгдэгч Г.Эийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 12 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн үед санагдаж байна. Би гэрийнхээ ойролцоо сэтгэлээр унаад ганц шил архи уугаад тасарсан байсан. Тэгтэл миний хажуугаар 2 залуу өнгөрөх шиг болсон. Тэгээд би нэг мэдэхэд тэр хоёр залуу руу орилоод байсан. Нэгийг нь би заамдаад авсан. Тэгтэл нөгөө залуу нь намайг татахаар нь би нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Би баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохьсон. Намайг тэр 2 залуу цохиж зодоогүй. Би эмчилгээний төлбөрт нь 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
* Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын лавлагаа /хх-ийн 34-35 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, “Ижий хайпермаркет” гэх дэлгүүрийн орчим Г.Э нь иргэн А.Нийн эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Э нь үйлдсэн болох нь хохирогч А.Нийн “...Тэгээд манай найз Б-ийг заамдаад авахаар нь би яаж байна аа гээд заамдаж аваад салгасан. Тэгтэл гэнэт тэр залуу миний зүүн нүд рүү цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Балдоржийн “...Тэгээд манай найз А.Н боль гээд голоор ороод салгатал манай найзыг Г.Э нь нэг удаа нүдэнд нь цохьсон ...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Н нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 6, 32 дугаар тал/ байх тул шүүгдэгч Г.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР